Нүүр Сонин хачин COVID-19 бүртгэгдээгүй 13 орон

COVID-19 бүртгэгдээгүй 13 орон

6 секунд уншина
0
0
435

Коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн эсвэл дотроо тархсан нь бүртгэгдсэн 221 улс орон байгаа бол нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 13 бий.

1.АМЕРИКИЙН САМОА

Өмнөд Номхон далайд байрлах АНУ-ын харьяа нутаг дэвсгэр. Үндсэн таван арлаас тогтох тус орон коронавирусийн дэгдэлт дэлхий даяар зарлагдах үеэс эхлэн хоёр сарын турш өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлажээ.

2.КИРИБАТИ

Тус орны хувьд эрүүл мэндийн тогтолцоо сул байдгийн дээр тамхидалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг аж. Хүн амынх нь 57 хувь нь тамхи татдаг Кирибатид коронавируст халдвар тархвал маш олон хүн хүндээр өвчлөх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулаад байна.

3.КҮҮК АРЛУУД

Шинэ Зеландын харьяаны муж улс хэмээн тодорхойлогддог Күүк арлууд(15 жижиг арлуудаас тогтоно)нь халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд анх Шинэ Зеландаас бусад бүх нислэгээ цуцалсан. Харин гуравдугаар сарын 26-нд онц байдал зарлаж, хөл хорио тогтоон, Шинэ Зеландаас ирэх болон буцах нислэгийг хүртэл хаасан юм.

4.МИКРОНЕЗ

Микронезийн холбооны улс нь хоёрдугаар сарын гурванд халдвар тархсан орнуудад зорчихыг хориглосон тогтоол гаргаж байв. Харин сарын дараа Хятадад нэгдүгээр сараас хойш байсан болон халдвар тархсан орнуудад сүүлийн 14 хоногт аялсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хатуу хоригложээ.

5.НАУРУ

Дэлхийн хамгийн жижиг арал улс,хүн ам нь 10,822, хамгийн жижиг бүгд найрамдах улс Науругийн иргэд халдвар орж ирэхээс маш их айж буй. Учир нь тус улсад халдвар тархвал маш олон хүний амь эрстэх аюултай бөгөөд гаднаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа аж.Эрүүл мэндийн систем нь тун ядмаг, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хүнд хэлбэрийн өвчтөн заавал гадаад орныг зорьдог байна.

6.НИУЭ

Шинэ Зеландын харьяа муж улс болох Ниуэ нь бусад орнуудтай хийх нислэгээ бүрэн хориглосон бөгөөд Шинэ Зеландаас ирэх тусламжийн онгоцнуудыг хүлээж авч байгаа аж. Хэрэв Ниуэд халдварын тохиолдол илэрвэл заавал гадаад руу буюу Шинэ Зеланд руу явуулах шаардлага гарах тул аль болох тархаахгүй байхаар хичээж байна.

7.ПАЛАУ

Хоёрдугаар сарын 1-29 ны хооронд шат дараатай арга хэмжээ авч гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарласан Палау улсын ерөнхийлөгч Томми Ременгесо маш зоригтой шийдвэр гаргасан. Тэрээр аялал жуулчлалаа тэр чигт нь зогсоож, 340 гаруй арал дээр тархан суурьшсан 20 мянган орчим хүнийхээ амийг эдийн засгаас дээгүүр тавьсан бөгөөд үүнийхээ хүчинд халдварыг дотроо алдаагүй байна.

8.СЕНТ ЭЛЕНА

Өмнөд Атлантын далай дахь Их Британи улсын харьяа нутаг Сент Элена арлын хамгийн ойр эх газар нь Африк тив юм. Африк тивд гуравдугаар сарын 5-нд анхны халдварын тохиолдол илэрсэн бөгөөд үүнээс 7 хоногийн дотор Сент Элена арал Африк тивээс ирэх нислэг, усан онгоцнуудыг хоригложээ.

9.ТОКЕЛАУ

Шинэ Зеланд улсын харьяа, гурван хэсэг арлаас тогтох уг нутаг дэвсгэр нь гуравдугаар сарын 19-нд гаднаас ирэх бүх хөдөлгөөнийг хориглосон. Гэхдээ дотооддоо аялах нь нээлттэй ба хүнс, бараа тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа аж. Дэлхийн бусад өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүдээс хамгийн жижиг боловч өөрийгөө 100 хувь нарны эрчим хүчээр хангадаг цорын ганц орон юм.

10.ТОНГА

Гуравдугаар сарын 29-нд онц байдал зарлаж бүхий л аялал жуулчлалаа зогсоосон Тонгагийн вант улс өөрийн иргэдээ авчрах эсвэл хандивын зүйлсийг авчрах үед л онгоцнуудыг нэвтрүүлж байгаа аж. Харин дотоодын хөл хориогоо сулруулсан бөгөөд дотор 40, гадаа 80 аас ихгүй хүн цугларахыг зөвшөөрсөн байна.

11.ТУВАЛУ

Гуравдугаар сарын 26-нд онц байдал зарласан Тувалу улсад ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж буй. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалаа хязгаарласан ч тус улсын эдийн засагт төдийлөн өөрчлөлт гараагүй. Учир нь Тувалу нь цөөн хэдхэн арлаас тогтдогоос гадна жуулчид харьцангуй бага ирдэг.

12.ТУРКМЕНИСТАН

Туркменистан нь Төв Азид Иран, Узбекистан, Казахстан, Афганистан улсуудтай хил залгаа оршдог. Тэдгээр орнуудад коронавирусийн халдвар аль хэдийн тархсан ба ялангуяа Иранд голомтлон тархаад буй. Туркменистан улс хоёрдугаар сарын эхээр Хятадаас шууд болон шууд бусаар ирэх бүх нислэгийг хаасан бөгөөд одоог хүртэл нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь судлаачдын эргэлзээг төрүүлж буй. Мөн тус улсад бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй тул зөвхөн Засгийн газраас нь гаргасан баталгаагүй мэдээллийг дэлхий дахин авч байна.

13.УМАРД СОЛОНГОС

Туркменистанаас 5 дахин их хүн амтай Умард Солонгос нь цар тахлын улмаас хамгийн түрүүнд хилээ хаасан улс юм. Нэгдүгээр сарын 24-нд хилээ хаасан Умард Солонгос гаднаас нэвтэрсэн иргэдийг 1-2 сарын турш тусгаарлаж буй. Гэхдээ мөн л халдварын голомт болох Хятад улстай хил залгадаг оронд коронавирус илрээгүй байгаа нь гайхал төрүүлж буй. АНУ-ын аналист судалгааны баг Умард Солонгост аль хэдийн халдвар тархсан гэж үзэж байгаа ч Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд тогтмол няцаасаар байна. Тоталитар дэглэмтэй уг оронд чөлөөт мэдээлэл хомс тул иргэд нь ялгаагүй нэг талын мэдээллийг авдаг байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *