Нүүр Өгүүллэг “НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “10-р хэсэг”

“НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “10-р хэсэг”

10 секунд уншина
0
0
434

Хамгийн хэцүү байж болох нэгэн том даваагаа давсан Эгшиглэн Дагва хоёр хүүгээ тэврэн хэсэг амарч сууснаа аавынхаа заавраар уул хангайнхаа эзэд болоод тэр газар оршин буй бүхий л төрөлтөнүүдээс

хонгорхон үрээ болгоохыг хичээнгүйлэн гуйж даатган онгон тахилгат дагшин овоог нь нар зөв гороолон сунаж мөргөжээ. Ядарч зүдрэхийн туйлд хүрч хамаг бие нь мод шиг хөшсөний дээр хувилгаантанд

ороолгуулсан шарх нь баалж хөндүүрлэн хөдлөхөд бэрхтэй байсан Дагвад хадам аавын нь сануулж бэлдүүлсэн өвдгөвч тохойвч хувцас хэрэглэл ямар их тус болсоныг гайхаж барамгүй байлаа. Бусад үед бол

аль хэзээний буугаад өгчих байсан Дагвад хүүгээ гэсэн сэтгэл нь хязгааргүй их эрч хүч нэмж чадах ёсгүйг нь чадуулж байсан нь гайхалтай . Өгсөхөөсөө уруудах нь мэдээж хамаагүй амар байсан ч

хамаг юм нь хөшиж хөндүүрлэн өвдөж байсан Дагвад ямар байсан нь ойлгомжтой . Аавынхаа заавраар архинаас бусад хүч тамир оруулах боломжтой бүхнийг хэрэглэж байсандаа арай ч сөхөрчихөлгүй яваад

байсан ч сүүлдээ ойр ойрхон амраад , амарч суухаараа босож чадахаа байсан нь түүний бензин үнэхээр шавхагдан дуусаж буйн шинж байлаа. Одоо түүний дотоод хүч чадалд л найдахаас аргагүй болжээ. Эгшиглэн Дагвыг хүүхэд мэт аргадан -Миний хайр чаднаа хоёулаа хөөрхөн үрстэйгээ урьдных шигээ сайхан амьдарна… -Чи минь хүүгээ аварч чадна .Миний хань мундаг шүү за одоо босчих . Очих газар ойртож байна гэхчлэн аргадах зоригжуулахыг хослуулан ихээ явуулсан боловч хувилгаантны хажуугийн автобусны буудал дээр яадгаа алдан сулбайгаад уначихав. Хүүхэд үүрсэн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй харшиж ядарсан царайтай гөлийсөн нөхөр, түүнийг түшсэн гоолигхон нуруутай бүсгүй тэднийг арга барагдангуй харж зогсох буурал сахалтай ханхар хөх өвгөн, дэргэдхэн нь зогсох хар жиптэй хэдэн хүнийг буудал дээр автобус хүлээн нааш цааш холхих хүмүүс гайхан харж байлаа. Нар уулын цаагуур орохоор тонгойх

тусам Эгшиглэн яарч агдан Дагвыг босгохыг оролдож уйлан хайлан хамаг л байдаг арга мэхээ хэрэглэвч унтаа сэрүүн нь ч мэдэгдэхгүй Дагва хөдөлсөнгүй. Өвгөн хүргэнээ харж харж шийдмэг очсоноо гал буутал алгадаад -Чи чинь ямар лойчихсон эр хүний сүг вэ. Чамаас болж наад хүүхэд чинь үхэж байна !! Чи наад хүүхдээ ал ал!!! Би охиноо хоёр зээтэйгээ аваад харилаа харин чи битгий араас нь ирээрэй! Иймхэн юм давчихаж чадахгүй сүг бидэнд хэрэггүй ээ гэж үг бүрээ нухацтай тод зуунги хэлснээ -Алив явий гэж Эгшиглэнгийн гараас атгаад авлаа. Гэнэт нойрноос сэрсэн мэт давхийн, өндийхийг оролдох хань, аав хоёрынхоо алийг нь дагахаа мэдэхгүй бүлтэлзэх хөөрхий бүсгүй тун ч өрөвдөлтэй харагдана. Эдний үйлдлийг машин дотроос нэгэд нэгэнгүй харж суусан ээж нь маажигнан дөхөж -Хөгшөөн хө тайван тайван хүү одоо босож байна гэснээ -Миний охин Дагвыгаа дэмнээд босго -Миний хүү одоо хажууд нь ирчихлээ юухан байхав хэдхэн алхаад орчих гээд нүүрээрээ бурзайсан хөлсөө шудрав. Өвгөний алганы амт хатуу үг хоёрт цочирдсон Дагва шүд зуун зүтгэсээр байгаад ямартай ч нар жаргахаас өмнө нөгөө айлынхаа байрны хаалгаар давж чадлаа. Хувилгаантан их л сэтгэл хангалуун байгаа бололтой урин зөөлөн харцаар шагнаж угтсан боловч мөнөөх ташуураа шүүрэхдээ харц нь бас л догширсон харагдав. Танил бүдүүн гөрмөл ташуураа чанга атган дөхөхөд Дагва бушуухан хүүгээ урдаа авч нүдээ тас анин доошоо навтайлаа. Хувилгаантан -Зайл чи хэмээн заналтай хашгиран Дагва Эгшиглэн хоёрыг нэг нэг ороолгосоноо ямар

нэгэн юм хөөж буй бололтой ташуураараа шап шуп гэтэл агаар исгэрүүлэн ороолгосоор хаалгаар гартал хүү нь унтаж байгаад хар дарж зүүдлэн сэрэх мэт гэнэт л -Ааваа ээжээ гэж хашгиран аав ээж хоёрынхоо хүзүүгээр тэврэн енгэнэтэл уйллаа. -Миний хөө гээд хүүгийнхээ хоёр талаас нулимс асгаруулан тэврээд авсан Дагва Эгшиглэн хоёрын зүрх цээжиндээ багтаж ядан савлана. Гэнэтийн их хөл алдсан баяр хөөртөө болоод Эгшиглэн Дагвын гар сулраад явчихсаныг анзаарсангүй. Ээжийнхээ хүзүүгээр чанга тэврэн наалдаж сая нойрноос сэрсэн мэт орчин тойрноо гайхан харж байсан хүү нь -Ээжээ аав яачихсийн гэхэд нь Эгшиглэн Дагвыг анхааран харвал нүд нь хялайгаад амнаас нь цагаан хөөс сахран гулдайгаад уначихсан байлаа. Хань хүү хоёрынхоо алиныг нь тэврэхээ мэдэхээ байж түр зуур үүлгэртсэн Эгшиглэнгийн гараас ээж нь зээгээ салган авлаа. Хүүгээн арайхийж сэргээж автал ханиа зөрүүлээд алддаг байж гэсэн бараан бодол Эгшиглэнг яах ийхийн зуургүй мангас адил залгихад хөөрхий бүсгүй голынхоо дуугаар орилон ханиа тэврээд авлаа. Ямар нэгэн аймшигтай юмтай ноцолдсон аятай аахилж уухилан орж ирсэн хувилгаантан Эгшиглэнг өрөвдөнгүй харснаа -Холд хэмээхэд энэ хүн л аргалж магадгүй гэж нот итгэсэндээ тэрбээр нулимсаа арчаад

бушуухан зай тавьж өгөв. Мөнөөх нь Дагвыг хээвнэг хэд ташуурдсанаа -Одоо болно бос чи гэтэл Дагва салганан өндийгөөд ирэв. Тэнд байсан хүмүүсийн бишрэл дүүрэн харцыг харахад тэдэнд ямархан их үнэ цэнэтэй зүйл өгснөө хэлүүлэлтгүй харж болохоор байв. Гэм хоргүй эрх танхи хонгорхон үрээ энх тунх, амар мэндээр тэврэхдээ тэд аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч багтаж ядсан баяр хөөрөөр бялхан уйлж нэг инээж нэг бие биенээ тэвэрч элгэмсэн нялхарч ханахгүй байлаа. Дагвын нулимсаар хичнээн их хир гадагшласныг хэлж мэдэхгүй ээ ямартаа ч үнэн сэтгэлийн нулимс гэгч гадагшлан урсахынхаа хирээр зүрх сэтгэлийг нь ариусган угааж, хоосорсон орон зайг нь ухаарал гэгээрлийн гэрэл гялбаагаар дүүргэж байдаг аж. Гэвч түүний сэтгэл зүрхний дайдад нээгдээгүй үлдсэн тэр их орон зайд юу эсийг хадгалан ариусган угаах учрал тохиолоо хүлээж буйг урьдаас угтан таахын аргагүй ээ… Хэд хоног тэвдүүлсэн бага хүү нь тэднийг улам ойртуулснаар Дагва Эгшиглэн 2 нэг нэгнээ урднаасаа илүү ойлгож илүү хүндэлж хайрлах болгосон нь тун таатай. Сүүлийн үед нам гүмхэн амьдралыг нь донсолгон цалгиулаад өнгөрсөн санаанд багтамгүй үйл явдалууд тэр хоёрт өөр цаг үед бол авсаар ч ойлгож үтээрмээргүй ухаарал сэхээрлийг харамгүй өгсөн нь тэдний нүдийг нээж амьдралыг цоо шинээр харах боломж олгожээ. Өөрийгөө болоод байна болгоод зохицуулаад байна хэмээн бодож явсан

Эгшиглэн амьдрал хэмээгч нь ямар нарийн механизмтай байдгийг зах зухаас нь ухааруулсан ханьдаа, аавдаа, хувь заяандаа,Бурхан тэнгэрт, түүнтэй ерөөлөөр учирсан бүхэнд, түүнд тусалсан бүхэнд талархаж ханахгүй байлаа. Тэр хоёрын хувьд амьдрал өмнөхөөсөө хамаагүй илүү утга учиртай үнэ цэнэтэй болсныг алхам тутамдаа мэдрэх ямар сайхан байсан гээ. Хүүгээ аврахын төлөө ямар их тэвчээр хатуужил гарган таарсан зовлон зүдгүүр саад бэрхшээл бүхнийг шүд зуун давахыг нь нүд чихээрээ төдийгүй сэтгэл зүрх буй биеийнхээ эд эс бүхнээр мэдэрч байсан болохоор Эгшиглэн ханиа хайрлан энхрийлж ханахгүй байсан нь аргагүй ээ. Энэ хэд хоногт үзэж мэдэрсэн бүхэн нь үлгэр домог мэт санагдаж сэтгэлийнхээ 2 туйлруу хэтэрхий их өнгийсөндөө сульдаж ядарсан ч зорьсон зорилгодоо хүрсэний урам , эгэл амьдралаас мэдэрсэн аз жаргалдаа мансууран алдах Дагвын амьдралыг харах өнцөг тун их өөрчлөгджээ. Гудамжинд таарах гуйлгачидад Эгшиглэнг хэдэн төгрөг өгөхөд муухай харж -Заяа

байхгүй арчаагүй хар шаарнууд хэмээн хямсалзаж -Бушуу явъя гэж угзчидаг байсан хүн чинь хэдэн төгрөг байвал өгөх гээд өвөр түрийгээ ухаад зогсчихдог болсныг Эгшиглэн их гайхаж байлаа. Үе үе таарах пад хар царайтай шүд ам нь унаж онгойгоод пөөнийсөн хар хувцасны тамтаг эгэлдрэглэчихээд хэд хэдээрээ хог ухаж зогсох, эсвэл аль нэг өнцөг булан бараадан ганц юм дундаа тавьчихсан дуу нь өндөрлөн болоочгүй нэг нэгэндээ гайхуулангуй -Чам шиг юмны хажууд тэгж ингэж жаалж, тийм ийм мундаг амьтан явлаа хэмээн нус шүлсээ үсчүүлэн агсрах тэднийг хараад авсаар ч хүнд заяахгүй алт шиг

сайхан хадмууд байгаагүй бол , итгэл хайраа харамгүй өгч эргээд түүнийг түшээд явчих ховорхон сайн хань азаар таараагүй бол би ийм болчихсон байхаа ядахгүй амьтан шүүдээ гэж бодохоор Эгшиглэн нь дээд тэнгэрээс бууж ирсэн Бурханы бүрэлбаа мэт санагдан сэтгэл зүрхийг нь нэг л зөөлөн уярал бишрэлийн аялгуу дүүргэн бялхаад нялхарч хэнзрэхгүй явахын аргагүй болдогийг өөрөөс нь өөр мэдэх хүн үгүй билээ л…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *