Нүүр Өгүүллэг “НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “6-р хэсэг”

“НУЛИМС ЗҮРХНИЙ ХИР УГААДАГ” өгүүллэг “6-р хэсэг”

11 секунд уншина
0
0
427

Эгшиглэн Дагва хоёр хэн хэнийгээ гэрэвшсэн хүүхэд мэт хэдэн хором харахдаа нилээдгүйг битүүхэн ойлголцоод авсаныг хөндлөнгийн хүн бол огтхон ч анзааралгүй өнгөрөхөөр байлаа . Эгшиглэн Дагвын

омголтож хагарсан уруул,харлаж бүрсийн хөхөлбий саарал туяа суусан нүүр, толийтол гельдэж самнасан боловч толгойны ойтог хавиар нь гель хүрээгүй бололтой хэсэгхэн газрын ширэлдэж

даахирсан үс ,бөлцийж сэлхэрсэн нүднийх нь гал муутай харц, нүднийх нь сормуусанд наалдаж хатсан хэсэгхэн нуух, уулзалтанд явахаараа өмсдөг судалтай хар хослол,тосолж арчаагүй хар ботинкны

нь алдуурч чирэгдсэн үдээсийг зэрвэсхэн нүдээр бүртгэж хараад -Иш энэ маань ядарч гүйцэж ээ намайг байхгүй бол яаж амьдарна даа гэж бодоод санаа алдахдаа нөгөө арслан бар шиг эрэлхэж дэлж дэвэн

зодож нүдэн хөөж тууж байсан Дагвыг оргүй мартсан байлаа… Эгшиглэнгийн үл мэдэг борлосон нь өөрт нь бүрч илүү зохисон царай ,урт сормуусны цаанаас энэрэл хайрын гэрэл цэлс цэлсхийтэл хаялах

нүглийн сүүдэргүй тунгалагхан хар нүднийх нь харцанд тунарсан зүрх сэтгэл ховсдон нялхруулах өнөөх л мартахын аргагүй танил дотно мишээл, хайрын шидээр хүрсэн газраа мансуурууланхан төөнөдөг байсан цэвэрхэн хүрээлж будсан бадман улаан уруул, дал мөрийг нь бүрхэн асгарах задгай тавьсан намилзсан хар үс, гоолиг сайхан нуруу туруу бие галбирыг нь бүрчиг тодруулсан дэгжин саарал цувны цаанаас ихэд түлхэн товойх хөх,тэгш чийрэг хөлдөө жийсэн өндөр өсгийтэй цагаан шаахай , эцэст нь Эгшиглэнгийн зүгээс салхин аясаар үе үе сэнхийх саяхан л түүний дураараа өмчлөн мансууран цэнгэдэг байсан унаган биеийн нь энхрий ялдам, танил дотно үнэр зэргийг буй биеийнхээ эд эсээрээ мэдрэн зогсохдоо анх учирч байсан шиг бүлээхэн сэрэл бүх биеийг нь эрвэгнүүлэн тарах шиг санагдахад чухам л Бурханы шагнал гэлтэй дөрвөлжин бурам шиг ийм сайхан хүний хайрыг дааж чадалгүй өчүүхэн зан гаргаж тэр сайхан сэтгэлрүү нь тоох ч үгүй ус цацан хөөж явуулсан хүн шүүдээ би. Яаж тэгж чадав аа Бурхан минь гэж дотроо дуу алдан -Энэ маань царай зүс ороод өнгө засчихаж -Дагва минь дээ Дагва минь Эгшиглэн чамтай чамгүй сайхан амьдарч чадна гэдгийг хараа биздээ нэг мөсөн алдаагүй дээрээ эр хүний 13 мэхээ гаргаж байгаад яаж ийгээд эргүүлж авахыг бод хийж чадсан юм чинь гаргасан алдаагаа засах л болждээ бэргээд яахав

өчүүхэн улаан нүүр өмрөх юу ч биш болж дээ гэж дотоод хүн нь ч юмуу, амьдралаа хайрлах зөн нь ч юмуу нэг юм байдгаараа хашгирч байлаа. Дагвад хэдхэн хоногийн өмнө л миний юм манай юм хэмээн гал тогоондоо тавьсан ус буцалгагч шиг л дуртай цагтаа залгаж хэрэглээд хэрэгцээгүй үедээ салгаж орхидог байсан байдаг л нэг эд хогшил шигээ бодож харьцаж явсан Эгшиглэн одоо ямар хол, ямар сүрдэм санагдаад байгаагийн учрыг олохгүй гайхаж байлаа. Дагва хэлэх үгээ олж ядан хэсэг зуур тулгамдаж зогссоноо -Сайн уу Эгшиглээн гэхдээ дуу нь сааралтаад тун ч олхиогүй дугарах шиг санагдав. Урдных шигээ хэдхэн хоног салахдаа байдгаараа саначихсан гүйж ирээд бэлхүүсээр нь чанга тэврэн эргэлдэж амьсгалыг нь давчдуулан өөртөө шахаж сахалаараа хатган шунаглан шунаглан үнсдэг шигээ үнссэн бол бүхнийг мартаад хүзүүнээс нь тэврэн уйлахад бэлэн явсан Эгшиглэн гомдох шиг санагдан -Сайн сайн уу гээд ямар нэгэн хаалт сааданд тулсан мэт урдаас нь гоморхонгуй харлаа… -Ээжээ ээжээ гэж дэгдэж ирсэн бага хүү нь хаалганы түгжээ мултлах хоорондоо аавыгаа харж -Ааваа ааваа ээ гялай миний аав ирчихэж хэмээн орилсоор хашааны хаалгаа дэлгэж хаячихаад гүйж ирэн

Дагвын хүзүүнээс зүүгдэн шигдэхэд Дагва хүүгийнхээ энхэр багын үнэр ханхалсан сэвлэгийг нь үнэрлэхдээ самсаа нь шархиран нүднийх нь алга нулимсаар дүүрээд ирэв. Хүү нь баяр хөөр болон аавдаа наалдаж -Ааваа та одоо архи уухгүй тиймээ -Ааваа та одоо ээжийг зодохгүй тиймээ өвөөгийнд байх ч сайхан л даа гэхдээ би гэртээ л харьмаар байна гэж дээр дээрээс нь давхцуулан шулганасанаа ээжрүүгээ зүтгэхэд Дагва дөхүүлж өгвөл хүү нь аав ээж хоёрынхоо хүзүүгээр тэврэн ойртуулаад -Одоо бүгдээрээ гэртээ харина тиймээ гэхэд Дагва Эгшиглэн хоёр харц солилцсоноо зэрэг санаа алдлаа. Дагва хүүгээ тэврэн хадмынхаа хаалгаар орохдоо Эгшиглэн тэр хоёрын хооронд боссон нүдэнд эс харагдах ханыг аваад хаячихсан мэт сэтгэл хөнгөрсөнийг анзаарлаа. Гэвч тэр охиныг нь ямар болгоод явуулсанаа яаж мартахавдээ… Битүү хатуухан нэг нэгнээ анасан түгшүүртэй уур амьсгалыг аавыгаа санаж гүйцсэн 3 хөөрхөн үрийнх харьцаа ямар их зөөллөж буйг Дагва талархан мэдэрч байлаа. Хадам ээж нь дуугаа хурааж гал тогоотойгоо ноцолдоод таг чиг. Харин хадам аав нь юу болоогүй мэт ажил төрөл, ногоо цагаа ярин ажиггүй суух нь Эгшиглэн тэр хоёрын тухай юу ч мэдээгүй юмуу гэлтэй харагдана. Хэсэг сууснаа хоолойгоо засан хөгшинрүүгээ хяламхийж -Наад хүүдээ хар шөл хийж өг хий харгаж уналаа гэснээ гараад явчихав. Дагва нитгэлтэж ботгирсон хар шөлнөөс хэд халбагадаад л хамаг биеийнх нь хар хөрс цутгахад урд нь энэ айлд ууж идэж байгаагүй юм шиг учиргүй ичиж

байн байн нүүрээ шувтран өмдөндөө арчихыг хараад Эгшиглэн алчуур авч өгөөд тэсгэлгүй өрөвдөж суулаа ээж нь -Ишш хүү минь ингэтэлээ хаана юу хийж байдаг байнаа гэж шогширно. Аажуухан орж ирсэн өвгөн -Алив хөгшөөн эртэдийн далд хийсэн ганц юмаа гаргаад ир гэхэд самган нь түүнрүү гайхангуй харж авдрынхаа булангаас гаргаж ирсэн “Соёмбо” хэмээх сархаднаас бага гарын мөнгөн хундагаар мэлтэлзүүлэн хийж Дагвад барилаа. Дагва хадам аавруугаа айж сүрдсэн харцаар харж хундагатайг аваад шүлсээ гүдхийтэл залгисан авч сэржим өргөөд буцаавал -Балгачихаа миний хүү гэх нь огтхон ч тоглосон шинжгүй байлаа. Дагва хичнээн уумаар санагдаж байсан ч хэдхээн хоногийн өмнө энэ архинаас л болж зодож нүдэн хөөж явуулсан эхнэр хүүхдээ гэртээ аваачихаар гуйх санаатай явж байж гавъяа байгуулчихсан аятай архийг нь уугаар сууж байна гэдэг бол байж болшгүй асуудал гэдгийг сайн мэдэрч байв. Хундагатай архи барин чилтлээ зогссон Дагвад -За хүү минь би чамд архи битгий

уу гэж хэлсэн чи миний үгэнд орсонгүй одоо чамд 2 л сонголт бий нэг бол наадхиа уу, эсвэл гаргаад хага цохичихоод ир . Хэрвээ наадхий хага цохивол чи дахиж хэзээч амсаж болохгүй болно чиний найз нөхөд ууж идээд наадаж наргиад дуулж хуурдаад л дур зоргоороо цэнгэж явна харин чи эрхээ хасуулчихсан амьтан шиг л сууж байна гэсэн үг -Эсвэл наадхиа уу, уулаа гээд би чамайг буруутгахгүй, загнахгүй, эхнэр хүүхдийг чинь явуулахгүй гэж хорихгүй чиний босгосон амьдралыг би нураах эрх байхгүй гэснээ хэсэг дуугүй суусны эцэст -Хүү минь чи наад архин дотроо юу байгаа гэж бодож байна. Амьгүй зүгээр л нэг ус гэж бодож байна уу? Тэгвэл яагаад архи уусан хүн янз янзын болж бүтэхгүй ааш авир гаргаад байна аан? За тэгвэл наад дотор чинь нэг юм байнаа даа Архийг зарим хүмүүс яагаад шингэн чөтгөр гэж нэрлээд байдаг гэж бодож байна Хэрвээ бид харж чаддагсан бол наад дотор чинь үй түмэн бичил биетэй амьтан байгаа бас наадхийн чинь үнэр амтанд татагдаж өч төчнөөн хий амьтан цугладаг, тэд архитай хамт хүний биед орж байгаа шүүдээ. Тэд чинь л архи уусан хүнээр бодох ёсгүйг бодуулж хийх ёсгүйг хийлгээд байгаа юм шүүдээ. Зарим нь бүр хүний дотор ороод гарахаа байчихдаг тийм хүмүүс архи уухгүй байж чадахаа больчихдог. Дотроо орсон амьтанд буугаад өгчихөөр тэд түүгээр дуртай юмаа хийлгэх нь аргагүй шүүдээ. Тийм болохоор архичин гэж бидний нэрлэдэг хүмүүс яаж амьдрах вэ

гэж биш, яаж архи олж уух вэ гэж л боддог болчихдог юм шүүдээ хүү минь гэчихээд хадам аав нь гаансаа хөхөөд суучихав. Түрүүхэн л уучихмаар санагдан шүлсийг нь асгаруулж хамрыг нь цоргиж сэнгэнэж байсан мөнгөн аягатай мэлтэлзсэн тунгалаг шингэнрүүгээ харвал үй түмэн арвалзсан муухай амьтад нэг нэгэнтэйгээ уралдаж үсчин зүтгэж Дагвын амруу оронгуут судсан дундуур нь арвалзан тарж тархи мэдрэл бие цогцосыг нь тасчин сүлбэж, хайр найргүй эвдэн түйвээж, эзлэн түрэмгийлэхээр хүүхэлдээн киноны мангас шиг

үй түмэн амьтан араа шүдээ ярзайлган бөөн бөөнөөрөө аяганы амсар шилний ам өөд авирч буй мэт харагдахаар дотор нь арзайн эвгүйцэж өөрийг нь идэхээс өмнө , Эгшиглэнг нь, 3 хөөрхөн үрийг нь идэхээс урьтаж тонилгосугай хэмээн шийдмэг бодож нэг гараараа шилтэй архины хүзүүнээс бат атгаж нөгөө гараараа аягатай архиа цалгиулахгүйг хичээсээр үүдрүү чиглэлээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *