
… Бүх итгэл найдвар алдагдахад Учрал яахаа мэдэхгүй шаналж явлаа. Яаж мөнгө олох билээ. Ээжийгээ аврах хэрэгтэй. Ерөөлтөөс гуйх уу. Эсвэл нөгөө Санчирын ээж… бодох ч юм биш. Бөөн бөөн бодол
тархинд нь хөвөрнө. Утсаа дуугарахыг Учрал эхлээд мэдсэнгүй. Утас нь ойр ойрхон дуугарч байв. Авч харвал найз Янлин нь залгаж байв. – Байна уу? – Хаана явна найзаа. – Найз нь аавын ажил дээр – Яах гэж
очсон юм бэ? – Мөнгө гуйх гээд. Ээжийн бие муудаад гэснээ Учрал уйлчихав. – Найз нь яваад очъё. Янлин утсаа тасалсан тул Учрал ойролцоох хоолны газарт ороод сууж байлаа. Дахин утас нь
дуугарахад авч харвал Ерөөлт ярьж байв. – Байна уу? – Миний хөөрхөн хаана явна вэ? – Ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэх гээд. – Аа тэг тэг. Ажил хамаагүй ээ. Хэрэгтэй юм байвал надад хэлээрэй. – Би оройхон яваад
очноо. – Хөөрхөнтэйгөө эртээдийн уулзсан буудалд уулзах уу? – Өөрөө мэд. Мөнгө олж ээжийнхээ амийг аврахаас өөрийг бодоогүй Учрал хайнгат хэлээд утсаа тасалчихав. Ерөөлт түүнд хэрэг болох ганц

найдвартай хүн байлаа. Аль болохоор Санчирыг бодохгүйг хичээх аж. Төдөлгүй сэтгэл нь хөдөлснөөс нүүр нь улайсан Янлин гүйн орж ирэв. Учрал Янлин хоёр арван жилийн нэг ангийг хамт төгссөн амь нэгтэй найзууд. Янлин асрах газар өссөн өөрт нь халуун дотно ханддаг Замиланд их хайртай. Замиланг шоронд олон жилийг өнгөрөөхөд Янлин Учралд ганц хань бараа болж байсан үнэнч хүн. Хоёр найз тэврэлдэн уулзав. – Аав чинь мөнгө өгөхгүй байгаа биз дээ. Шал дэмий ирсэн юм бишүү. Янлин өөрийгөө Учралын ганц найз гэж боддог тул тэдний амьдралд шууд оролцдог цор ганц хүн. – Би аавыгаа өрөвдөөд. Аав уйлаад үлдсэн. Харин Юмчмаа авгай дургүй хүргээд… – Тэр ч тэгж
таарна. Нөгөө баян залуу Санчир яасан? – Шууд салсан. Одоо дахиж уулзахгүй гэсэн Учралын царай тэр дорхиноо гунигт живж уулзалтын талаар хоолой зангируулан яриад – Тэр авгай намайг зүгээр хогийн ургамал гэсэн гэв. – Ёстой өөдгүй авгай байжээ. Санчир яасан бол. – Мэдээж ганц хүүгээ тэр авгай яавал гэж дээ. – Тийм л дээ. Одоо хоёулаа яаж мөнгө олох вэ? – Мэдэхгүй гээд Учрал дахиад уйлав. Учрал Янлинд л зовлон жаргалаа ярьдаг. Түүний дэргэд л нулимсаа үзүүлж уйлдаг аж. – Битгий уйл явцгаая. Янлин Учралын гараас угзчин ихэд шийдмэг хэлэхэд Учрал гайхан харж – Хаачих гэж байгаа юм бэ? Гэв. – Тээгч эх болох хэрэгтэй. – Юу яриад байгаа юм бэ? Би биш шүү. Ээжийн донор болно. Хэдийд нь жирэмсэлж хэдийд нь донор болох билээ. – Хэн
чамайг тээгч эх бол гэсэн юм. – Тэгээд хэн гэж… – Би. Би тээгч эх болж Замилан эгчдээ мөнгө олж өгнө. Ярьж тохироод эхлээд мөнгийг нь авчихъя. Янлин ихэд шийдэмгий хэлээд шууд очоод мөнгө авчих юм шиг догдлов. – Ээ мэдэхгүй. Юу л болох бол доо. – Мөнгө хэрэгтэй байхад битгий хар энергитэй юм яриад бай. Учралаа – За л даа тэгээд тэр хүмүүс мөнгө өгдөг л байх даа. – Өгөлгүй яадаг юм бэ? Хүүхдээ тээлгэж байгаа юм чинь. Үр хүүхэдтэй болох гэж байгаа улс чинь өгөлгүй яадаг юм бэ? Явцгаая. Янлингийн мөнгө олох гэсэн сайхан сэтгэлд баярласан Учрал түүнтэй хөтлөлцөн гүйсээр таксинд суув. Тэр хоёр шууд явсаар Багшийн дээд орж буугаад заасан хаягийн дагуу очиж байшингийн орцоор ороход тэдний үе насны дөрвөн охин нэг зүйлийг ихэд аминчлан шивнэлдсээр гарч яваатай таарав. – Иймэрхүү байдлаар мөнгө олоод байвал зүгээр юмуу? – Харин тийм. Хэдэн ч хүүхэд гаргаад өгсөн яах вэ? Хи хи. Охид хоорондоо жиг жуг хийхийг сонссон Учрал эргэн харж зогсоход Янлин гараас нь угзчин – Алив яваачээ гэж шамдуулснаар түүнд хөтлөгдөн дээш явах цахилгаан шатанд орцгоов. – Энэ байна.хонхыг нь дар. Янлин яачихав гэмээр зандчин шамдуулах аж. Хонх дармагц хүлээж байсан аятай хаалга онгойж намхан пагдгар махлаг бор царайтай залуу инээмсэглэн зогсч байв. – Сайн байна уу? Би утсаар холбогдсон хүн байна. – Өө за сайн
байна уу? Тийм ч боловуу гэж санаж байлаа. Эрхэм хатагтай нар дотогшоо морилцгоо. Ихэд найрсаг хүлээн авсан залуу гар сунган дотогш заахад хоёр бүсгүй дотогшоо орцгоов. Үнэтэй хивс дэвссэн уужим том тасалгаанд биеэ барьсан хар даашинзтай өндөрдүү хүүхэн зөөлөн сандалд урт шулуун хөлөө ачиж суусан байх агаад ув улаан өнгөөр хумсаа будсан урт хуруундаа нарийн тамхи ихэд донжтой хавчин барьж сорон утааг нь дээш цагираглуулан үлээнэ. Цагаан царайг нь улам чимэх мэт урт хар сормуус дэрвэгнэнэ. Өтгөн хар үсээ ар дагзандаа гоёмсгоор овоолон хавчсан нь ихэд зохисон харагдана. Учрал энэ хүүхнийг хараад яагаад ч юм бэ Санчирын ээжийг бодож хамаг бие нь дагжин чичрэв. Хүүхэн тэднийг урт сормууст алаг нүдээр
хүйтэн байдалтай харна. Ийм хүн хүүхэдтэй болоод ер хэрэг байна уу даа. Хүүхдээ жаргалтай байлгаж чаддаг байгаа даа гэх бодол төрөхөд Учрал гарахаар шийдэж Янлингийн гараас чангахан атгасан ч Янлин тоосонгүй. – Сайн байна уу та. Хүүхэн утаагаа улам томоор цагираглуулан үлээгээд – Сайхаан гэж уртаар тоомжиргүй мэндлэхэд нөхөр нь тэдний өмнө тавагтай чихэр авчирч тавив. – Чихэр идэцгээ. – Баярлалаа. Янлин ихэд уриалгахан хэлээд чихрээс авч амандаа хийнгээ Учралын хажуугаас зөөлөн нудрав. Түүний нэг зүтгэхээрээ заавал түүндээ хүрдэг занг мэддэг Учрал яаж ч чадалгүй чихрээс авч амандаа хийв. – Тэгээд та хоёрын хэн чинь тээгч эх болох юм бэ? – Би. Би хорин настай, бие эрүүл. Ухаан бүрэн Янлингийн амнаас урсан гарах үг бүрийг сонсч Учралын нүд томров. “Энэ одоо хэдийдээ ийм мэргэн цэцэн үгтэй болчихдог байнаа” хүүхэн нүдээ эргэлдүүлэн Янлинг баахан шинжээд хамгийн сүүлд шүдийг нь татаж анх удаа зөөлөн сэтгэл ханамжтай инээвхийлэв. – Боломжийн юм. Гэрээгээ хийчих. Бөмбөгөө гэхэд намхан пагдгар залуу толгой дохиод пүрштэй юм шиг нахилзсаар босч нөгөө өрөө үрүү орж хамтран ажиллах гэрээ гэсэн сүржин хаягтай хэдэн хуудас цаас барин ирээд ширээн дээр тавив. – Намайг Бужгар гэдэг. Энэ хүн миний нөхөр Бөмбөг. Би зүрхний өвчний улмаас хүүхэд гаргах боломжгүй болсон тэгээд л. Хүүхэн үгээ таслан хэлээд тэднийг харахад хүүхний нүднээс нэг дусал нулимс урсан доошлоход Учрал ихэд өрөвдөв. – За гэрээгээ хийчих үү
миний дүү. – За тэгье ахаа. Би танайд амьдрах уу? Үрийг тань тээж байгаа болохоор. Хүүхэн энэ удаа дотор цэлмэтэл сайхан инээмсэглэж – Бид чамд итгэж байна. Чи их шударга охин гэдэг чинь анзаарагдаж байна. Чи тэгээд нөхөргүй юм байна. Жирэмсэн хүн юу хийж болох вэ? Юу хийж болохгүй вэ гэдгээ сайн ойлгоорой. Гэрээгээ нэг зуун сая төгрөгөөр хийчих. Хаан банкны данс байгаа биз дээ. Дансаар шилжүүлнэ. Эхлээд үрийн суулгацаа суулгана. Тэгээд шилжүүлнэ за юу гэж татгалзахын аргагүй хэлэхэд Янлин толгой дохихоос өөр аргагүй болж гэрээнд гарын үсэг зураад явахаар босоцгоов. – Уучлаарай. Би Янлингийн найз. Тэгэхээр нэг юм асуух гэсэн юмаа. Түрүүн бид хоёртой хэдэн охид зөрсөн юм. Тэд бас тээгч эх болсон юм
шиг санагдаад. Бидний хажуугаар яриад өнгөрсөн яриаг нь сонссон юм. Учралын яриаг хүүхэн ихэд анхааралтай сонсоод толгой дохиж – Зөв зөв. Чи айхтар хүүхэн юм. Тэдний нэг бидэнтэй гэрээ байгуулсан. Гэхдээ хувийн байдлаас нь шалтгаалаад би гэрээгээ та нарын өмнөхөн цуцалсан. Тэр охид хувийн сахилга бат их муутай, тамхи татаж, архи ууж байна. Энэ нь бидэнд таалагдаагүй гэж хэлээд Учралыг цоргитол ширтэв. – Эгчээ. Та хурдхан суулгацаа тавьж болох уу? Эгч минь хүндээр өвдөөд мөнгөний хэрэг гараад байгаа юм. – Болноо. Чамаас шалтгаална. Чи хэдий чинээ биеэ бэлдэнэ би төдий чинээ хурдан мөнгө шилжүүлнэ. Хамгийн гол нь хэн хэнээ хуурахгүй байх. бас хувийн зохион байгуулалт сайтай байх. хүүхэн ихэд ноцтой хэлээд Учралыг ширэв татсан нь чи дахиад манай хаалгаар шагайх ч
хэрэггүй шүү гэсэн сануулга мэт санагдав. – Би маргааш ярих уу эгчээ. – Тэг л дээ Янлин. Яриарай. Тэднийхээс Янлин бөөн баяр болон харин Учрал бодолд автан гарав. – Энэ айл надад таалагдсангүй. Учралыг ихэд бодлогшрон хэлэхэд Янлин гараас нь атгаад – Чамд таалагдаагүй нь ямар хамаатай юм бэ? Миний хүүхэд биш төрөнгүүт эцэг эх нь авчих юм чинь. Бид мөнгөө аваад л болоо гэхэд Учралд хэлэх үг олдсонгүй. – Чи хаана амьдарч байгаа юм бэ? – Нөгөө нийтийн байрандаа – Одоо тэнд байгаад хэрэггүй – Харин тэгье. Би танайд нүүж очъё. Би жирэмсэн болно. Харин чи донор болно. Би Замилан эгчдээ ганц тус болох юмсан гэж бодоод байдаг юм. Одоо жинхэнээсээ тус болохоос. Янлины хэлсэн үг Учралыг догдлуулж хоёул тэврэлдэн хэсэг зогсов. Гэсэн ч өнөө орой мөнгө олох ёстойгоо бодон Учрал уртаар сүүрс алдав. Тэрээр Янлингаас хөндийрч зогсоод – Хоёулаа одоо танайх уруу очоод чиний юмыг авчих уу? – Тэгье. Хүнд бодол толгой дээрээс нь бөхийтөл дарж өөрийн эрхгүй уйлмаар санагдавч Учрал шүд зуун тэсч байлаа. Уйллаа гээд мөнгө олох ч биш дээ. Янлинг өөрийн гэсэн юмаа аваад нүүгээд ирэхэд Замилан ихэд баярлажээ. – Иш миний охин хүрээд ирсэн үү? Ээ ашгүй дээ. Цаад муу Учрал чинь бүр ганцаардаад – Харин тийм. Таныг маргааш эмнэлэгт хэвтүүлээд Учрал донор болж

би та хоёрыгоо асарна. Ингээд та минь эрүүл болж элэг бүтэн болоод гурвуулаа сайхан амьдарна дээ. – Иш хүүхдүүд минь дээ миний хоёр охин бие биедээ түшиг болж явбал өөр хүсэх вэ дээ гэсэн Замилан түүний духан дээр үнэрлээд охидууд минь өрөнд орчихвий дээ гэж зовинон бодов. – Та санаа зоволтгүй ээ. Учрал Эрдэнэ ахтай уулзах гээд явсан. Аав охин хоёрын ярианд та бид хоёр оролцоод яах вэ. Янлингийн энэ үг Замиланг тайвширхад хүргэв. Яадаг юм бэ? Юмчмаатай нийлж миний хамаг юмыг байхгүй болгосон новшийн амьтан гэж шүд зуун бодоход жигтэйхэн их гомдол зүрхэнд нь үерлэж нүдээр нь нулимс дүүрээд ирэв…