Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “8-р хэсэг”

“МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
756

…Ганбат эхлээд эмнэлэгүүдээр явж Гэрэлмааг хайв. Эх нялхасын эрүүл мэндийн төвд жил гаруйн өмнө төрсөн Гэрэлмаа гэгч эмэгтэйн материалыг шүүж үзэхэд Гэрэлмаа мөн байлаа. 4,2 кг хүү төрүүлсэн

байлаа. Дараа нь Гэрэлмаатай холбоотой гэх бүх газраар хайж үзсэн ч ямар ч сураг гарахгүй байв. Цагдаагийн газруудаар сураг тавьсан ч түүний тухай ямар нэгэн зүйл гарахгүй л байлаа. Харин Төв аймгийн

цагдаагийн газраас ирсэн мэдээлэл түүний сонирхлыг гойд татав. Энэ нь малчин Дандийн гадаа урсаж ирсэн чемодантай цогцос байлаа. Хэн болох нь тогтоогдоогүй тус цогцос нь гучаас гучин тав орчим

насны эмэгтэйн цогцос байсан бөгөөд төрөөд удаагүй болох нь тогтоогдсон аж. Намрын халуунд хөөнгөтөн илжирсэн байсан тус цогцосыг таних хүн байсангүй. Тухайн үедээ орон даяар эрэн

сурвалжилсан боловч ойр дотны хүн гарч ирээгүй тул арга буюу эрлийг зогсоон төрөөс оршуулсан аж. Энэ тухай мэдээлэл авсан Ганбат малчин Дандийтай уулзан болсон явдлын талаар тодруулахад нас

тогтож яваа малчин эр толгой дээрээ наманчилах нь холгүй залбиран ийн ярив. – Манайх ноднин жил Төв аймгийн Элстэйд нутаглаж байсан юм. Тэр шөнө жигтэйхэн ширүүн бороо асгарсан шөнө байсан. Хэдэн малаа арайхийн хотлуулчаад унтах гээд хэвттэл нохой байдгаараа архиран хуцаад шөнө бараг унтуулсангүй. Хөдөөгийн айлын амьдрал хойно үүр дөнгөж цайвуу үгүй юу бүгд босон эхнэр үнээ саахаар гарсан хойно бие засахаар гартал нохой маань хураалттай түлээний тийш хуцаж дайраад болох биш. Гайхаад очтол нэг том чемодан байна. Урд шөнийн борооны үерээр л урсаад ирж дээ гэж бодоод ойрттол нэг тийм нэвширсэн муухай үнэр гараад байх юм. Тэгээд хажуу гэрийн Самданг дуудаад хоёулаа нээж үзтэл ээ бүү үзэгд нас барсан эмэгтэйн муудчихсан цогцос байсан. Одоо ч бодохоор

аймаар байдаг юм. Бушуухан цагдаа дуудаад хүлээлгэж өгсөн. Дахиж тэр нутаг уруу зүглээгүй дээ гэж ярив. Энэ хэрэг Ганбатын сонирхлыг гойд татсан тул тус хэргийн хавтаст хэрэгтэй танилцаад Хүдэртэй ярин ямартай ч цагдаагийн эрэн сурвалжлах албанд өргөдөл бичээд өгчих гэж хэлээд хот уруу буцав. Харин цогцос олдсон талаар Хүдэрт юу ч хэлсэнгүй. Сар гаруйн хугацаанд шаардлагатай бүх арга хэмжээг авсан эмнэлэгийнхэн Буд гуайг энэнээс илүү эмчилгээ авахгүй гээд эмнэлэгээс гаргах болсон тул Биндэръяа гэртээ очно гэхээс жигтэйхэн айж байлаа. Учир нь ээжийг нь ийм болгосон Гэрэлмаагийн сүнс тэр гэрт байгаа гэж бодохоос аймаар байлаа. Буд гуайн бие эрс сайжирсан ч ярьж хөдөлж чадахгүй болсон байв. Хүдэр хүүгээ ихэд санаж байсан ч ард нь ийм байдалтай байгаа тул хөдөө явж хүүгээ авчирч чадаагүй

л байлаа. Одоо харин хадам ээж нь эмнэлэгээс гарсан тул хүүгээ авчрах талаар бодож байв. Эмнэлэгт байх хугацаанд Биндэръяа гэртээ нэг ч удаа ирээгүй бөгөөд Хүдэр л ирж очин хувцас хунар, хоол цай бусад шаардлагатай зүйлсийг зөөж байлаа. Дамиран гуай нэг удаа утсаар ярин тэдний байдалтай танилцах далимдаа хүү Төрболдынх нь нэрийг хувилгаан багштан өөрчил гэсэн тул одоо Мөнгөншагай гэж дууддаг болсон тухай хэлжээ. Тэрээр хүүгээ ихэд санаж байсан ч иймэрхүү байдалтай байх эхнэр хадам хоёроо орхиод явж түвдсэнгүй. Гэртээ ирээд хадам нь тэр, Биндэръяа ч тэр нэг тайван бус байх болов. Хадам нь үе үе хадам нь нэг зүгт хараад гөлөрчихөнө. Тэгээд ямар нэгэн зүйлээс айгаад байгаа бололтой ам нь ангалзан нүд нь гялалзана. Харин Биндэръяа нэг л дуу муутай уравгар байх болов. Энэ бүгдийг Хүдэр ээжийнх нь биеийн байдалтай холбон бодох ч үе үе хувилгаан багшийн хэлсэн сүнс сүүдэр бас санаанд нь орно. Гэрэлмааг олж өгөөч хэмээн эрэн сурвалжлах хэлтэст өргөдөл өгсөн тул тийшээ сураг тавивч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй л байлаа. Ганбат ч бас таг чиг байв. Сүүлийн хэдэн сар Биндэръяатай огт ойртоогүй Хүдэр гэнэт нэгэн шөнө түүнийг ихэд хүсэн тачаадах тул ээжийнхээ өрөөнд унтаж буй Биндэръяаг очиж хартал ээж охин хоёр хоёул

унтаж байх тул сэмхэн очиж Биндэръяаг тэвэрч өргөн гарав. Биндэръяа жигтэйхэн турж хөнгөрсөн байлаа. Өөрийг нь огт тоохоо больсон нөхөр нь гэнэт л ийн эр эмийн цэнгэлд урин дуудсанд Биндэръяа гайхсан ч ихэд баяртай байлаа. Шөнөжин жаргаж хоносон хоёр үүрээр нам унтаж байтал Биндэръяагийн хөлнөөс хэн нэгэн татах шиг болохуйяа гэнэт цочин сэрсэн тэрээр өнөөх гэх айдаст автан сэм харвал хөх торгон дээлтэй Гэрэлмаа урьд байгаагүй үзэсгэлэнтэйгээр туяаран инээмсэглэн сууж байлаа. Тэгсэнээ тэрээр Хүдэрийн духан дээр нь үнсээд Биндэръяагийн хэвлийг илсэнээ сарнин алга болов. Хувилгаан багштан хэлсэн ёсоороо хөөрхий бүсгүйн сүнсийг амирлуулж Хүдэрт хүүхэд нь илгээсэн нь тэр аж. Одоо Биндэръяагийн нуруунаас нэг их хүнд ачаа аваад хаячихсан аятай хамаг бие нь хөнгөрөн тэрээр яагаад ч юм баяртайгаар инээвхийлэн босч дуу аялан өглөөний цайгаа бэлдэв. Дуу аялан өглөөний цай бэлдэх эхнэрээ харсан Хүдэр гэнэт түүнийг жигтэйхэн өрөвдөх шиг болов. Би энэ хүнийг ч бас зовоож байгаа юм байна даа. Зайлуул ганцхан шөнийн энхрийлэлд ингэж баярлах ч гэж дээ хэмээн дотроо бодож байлаа. Охиныхоо баяртай царайг харсан Буд гуай ч

дотроо баярлаж байгаа бололтой нүд нь гэрэлтэх аж. Ширээ тойрон өглөөний цайгаа ууж суусан Биндэръяа хүүгээ санаад байна гэхэд Хүдэрч бас хүүгээ ихэд санаж байсан тул – Хоёулаа ерөөсөө ээжийг аваад хөдөө явъя. Өнөөдөр би очиж ирэх долоо хоногийн ажлаа зохицуулаад ирье. Тэгээд гурвуулаа явъя. Ээжид ч тэр цэвэр агаар эм л гэсэн үг гэхэд Биндэръяа ч ихэд баяртай байлаа. Цайлж дуусаад ажлын хувцсаа өмсөхөөр боссон Хүдэр Биндэръяад хоргодоод ч байх шиг гэрээсээ гармааргүй ч юм шиг нэг бол Биндэръяатай дахиж хэзээ ч уулзахгүй юм шиг сонин совин төрөхөд сурсан зангаараа зүүн мөрөн дээгүүрээ давуулан сэмхэн гурав нулимаад эхнэрээ үнсээд гарав. Машинаа асаан хөдлөх гэтэл утас нь түгшүүртэйеэ хангинахад утсаа автал – Амрыг эрье. Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Батгэрэл ярьж байна. Та манай ажил дээр хүрээд ирээч гэсэн тул тэрээр Гэрэлмаагийн сураг гарсан байж магадгүй гэж баярлан тийш давхив. Ахмад Батгэрэлийг асуусаар өрөөнд нь ороход компьютерын ард юм шивж суусан өндөр цагаан залуу – Өөрөө хэн билээ гэж асуув. – Би Хүдэр гэж хүн байнаа. Өө за ороод ир. Наанаа суу гэх нь нэг л хатуу мэт Хүдэрт санагдана – За та ямар хэргээр дуудагдаж ирсэнээ мэдэж байна уу? – Харин сайн мэдэхгүй л байна. – Та иргэн Гэрэлмааг таних уу – Танинаа. – За та гараад гадаа танхимд хүлээж бай. Дуудахаар орж ирээрэй гэсэн тул Хүдэр гадаа нь гараад хэсэг суув. Гэрэлмаа олдож гэсэн бодол түүний толгойд эргэлдэж байлаа. Удаан хүлээлгэсний

эцэст бараг ажил тарах цагаар Хүдэрийг дуудсан Батгэрэл түүнээс мэдүүлэг авч эхлэв. – Ургийн овог, овог, нэр, төрсөн он сар өдөр, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байгаа эсэхийг асууж дууссанаа сая үндсэн ажилдаа оров бололтой – Та иргэн Гэрэлмааг яаж таньдаг билээ – Тэр миний эхнэр байсымаа – Байсымаа гэдэг нь… – Тэр надаас салчихсан гээд Хүдэр өөрт тохиолдсон зүйлсээ эхнээс нь ярихад – За тийм байдаг байж. Иргэн Гэрэлмаагийн цогцос олдсон. Шүүх эмнэлэгийн шинжилгээгээр түүнийг төрөөд удаагүй байхдаа хордож нас барсан гэдэг нь тогтоогдсон. Тэрээр 4,2 кг эрүүл саруул хүү төрүүлсэн байна. Одоо энэ хүүхэд хаана байна гэхэд энэ талаар ямарч мэдээлэлгүй байсан Хүдэрийн дотор палхийн зүрх нь салганаж эхлэв. – Би… би мэдэхгүй шүү дээ. Түүнийг нас барсан ч гэж мэдээгүй. – Та сая ярихдаа өнгөрсөн амьдралынхаа талаар санахгүй байгаа гэж ярилаа. Та арай Гэрэлмааг хөнөөчихсөн юм биш биз. Тэгээд сэтгэл зүйн цочролд ороод ч юмуу өнгөрсөн амьдралаа санахгүй байгаа юм биш биз. Энэ талаар та бодож үзсэн үү. – Үгүй би бодохдоо Гэрэлмааг хүнтэй суугаад явсан гэж бодсон. – Гэрэлмаа таниас өөр ямарч хүнтэй гэрлээгүй нь тогтоогдсон. Та өөрөө эхлээд хүнтэй суусан юм бишүү. Тэгээд Гэрэлмаа ямар нэгэн байдлаар та хоёрт саад болоод байсан тул хөнөөсөн юм бишүү. Ахмад Батгэрэлийн дуу нэг холдон нэг ойртон

сонсдож байлаа. – Үгүй… үгүй би түүнд хайртай байсан гэхээс өөр зүйл Хүдэр хэлж чадсангүй. – Та түүнийг зодож бэлгийн болон гэр бүлийн дарамт үзүүлдэг байсан байна шүү дээ. Гэрэлмаа зургаан сартай жирэмсэн байхдаа зодуурын улмаас цус алдан эмнэлэгт хэвтэж байсан байна. Энэ талаар та бас л мэдэхгүй юу? – Үгүй би биш. Биш гэж үглэхээс өөрийг Хүдэр хэлж чадсангүй. Таныг иргэн Гэрэлмааг болон түүний төрүүлсэн хүү нарын амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татан баривчилж байна. Та хуулийн дагуу өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй. Энд таны хэлсэн болгон таны эсрэг мэдүүлэг болно гэдгийг сануулъя гэсэн Батгэрэл хуулийн дагуу түүний эрх үүргийг уншиж өгөөд ачлагын машин дуудан биед нь байгаа эд зүйлсийг хурааж нэг бүрчлэн бүртгэж аваад гавлан суулгав. – Би эхнэртэйгээ ядаж ярьж болохуу гэхэд нь бид таны гэр бүлд мэдэгдэнээ гэснээр Хүдэр ийнхүү хайртай бүсгүй түүнээс төрсөн хүү хоёрын амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдон баривчлагдав. Хүдэрийг ирэхгүй удах тусам Биндэръяагийн санаа нь зовинон цонхны өмнүүр холхих аж. Өнөөдөр ажлаа зохицуулаад ирнэ. Маргааш гурвуулаа хөдөө явна гээд гарсан нөхөр нь ямарч хэл чимээгүй утас нь ч холбогдохгүй шөнө ч ирж хоноогүй тул ажил уруу нь утасдвал Хүдэр захирал өчигдөр ажилдаа ирээгүй гэсэнд бүр түгшүүр төрөх аж. Цаг арван дөрвөн цагийг заах үес утас нь дуугарсанд сандран авбал – Эрүүгийн цагдаагийн газраас ахмад Батгэрэл ярьж байна. Биндэръяа мөн үү

гэсэнд зүрхээр нь часхийтэл хатгуулсан Биндэръяа – Тиймээ мөн байна. – Таны нөхөр Хүдэр хүн амины гэмт хэргийн учир баривчлагдаад байна – Юу… яасан гэнээ. Яахаараа миний нөхөр… – Та ирээд уулзаарай гээд утас тасрав. Ээжийгээ ганцааранг нь үлдээгээд гарч чадахгүй байсан тул Биндэръяа тэр өдөртөө очиж чадсангүй. Асрагч хайн зар өгсөн тул хэн нэгэн утасдахыг хүлээсээр өдрийг барав. Ашгүй маргааш нь асрагч хийх хүсэлтэй эмэгтэй залгасан тул баярлан хүлээж авав. Ашгүй олдоо л нэг нөхөртэйгөө учраа олон амьдрал сайхан болохнуу гэтэл ийм юм тохиолдох ч гэж дээ гэж бодохоос багтран байлаа. Эрүүгийн цагдаагийн газар очин ахмад Батгэрэлтэй уулзсан Биндэръяа олигтой мэдээлэл олж авч чадсангүй. Та нөхрийнхөө хувцсыг сольж болно. Хорихын дансанд нь мөнгө хийж болно. Бас өмгөөлөгч хөлслөөрэй гэхээс өөрийг байцаагч нь хэлсэнгүй ээ. Биндэръяа өдөр бүр цагдаа дээр ирж нөхөртэйгөө уулзуулж өгөөч гэж байцаагчийг гуйх ч прокурор уулзалтыг зөвшөөрөхгүй байна гэхээс өөр хариу сонсохгүй байлаа. Өмгөөлөгч авсан ч нэг л сайн

өмгөөлж чадахгүй байгаа мэт түүнд санагдана. Өдөр хоногууд урсан өнгөрсөөр. Тэр нэгэн шөнийн учралаар Биндэръяа жирэмсэн болсон байснаа мэдэв. Түүнд ёстой л тэнгэр хол газар хатуу гэгч болж байлаа. Хүдэр хоригдоод даруй гурван сар болсон тул Биндэръяа хадам аавдаа хэл дуулган тэр хөгшнийг хүлээж байлаа. Харин ганц баярлууштай зүйл болж байгаа нь ямарч эмчилгээгүй гээд эмнэлэгээс гаргасан ээж нь хөл дээрээ боссон явдал байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *