Нүүр Сонин хачин Д.Сарангэрэл: Ирэх 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна

Д.Сарангэрэл: Ирэх 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна

2 секунд уншина
0
0
133

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2021.01.20/ хуралдлаа.

Хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээлэл сонсох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Хуралдааны эхэнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2020 онд хийсэн ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл танилцууллаа.

Тус хороо 2020 онд 5 зорилт бүхий 58 арга хэмжээг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж, 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Ажлын үр дүнд 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундамж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 23 хувиар, PM2.5 тоосонцор 15 хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Нийт санхүүжилтийн 80 хувийг утаа буюу агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсныг сайд мэдээлэлдээ тэмдэглэв.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд, Г.Дамдинням, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан 77.3 тэрбум төгрөгөөр 24 арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх санхүүгийн задаргааг авч танилцах хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ 2021 онд утаа, агаарын бохирдлыг бууруулахад үсрэнгүй ахиц гаргах ямар ажил төлөвлөж ажиллах талаар тодруулав.

Мөн агаарын бохирдол буурсан гэж байгаа ч Улаанбаатарыг алсаас харахад саарал утаан дунд байгаа талаар хэллээ. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл ирэх 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна. Цаашид үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд “Нэг жилд агаарын бохирдолд 77.3 тэрбум төгрөг зарцуулах нь бага мөнгө биш. Гол нь энэ мөнгөөр үр дүнтэй ажил төлөвлөж, хиймээр байна. Өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Ямар ажил тусгахаа ярилцаад, шийдээд явахгүй бол энд бид суух ямар хэрэг байна вэ. Дэд хорооны хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөөгөө дахиж батлаад явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл гишүүний энэхүү саналыг хүлээж авч байгаагаа хэлэв.

Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлыг бууруулах ногоон хөгжлийн зорилго эн тэргүүнд байх ёстойг тэмдэглээд хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үр дүнтэй ажил хийх талаар саналаа хэлж, 2021 онд ямар ажлыг, хэчнээн төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх талаар тодруулан, хариулт авлаа.

Асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй, оновчтой ажил төлөвлөж, хийх талаар саналаа хэлж байв.

Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: Ikon.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *