
Гэрэлмаагийн цогцосыг дугуйтай чемоданд хийн нэг гартаа хүүг тэврэн гарсан Биндэръяа хүүг машины арын суудалд тавиад чемоданаа тээшиндээ хийн хөдлөв. Хүн амьтан тэр бүр яваад
байдаггүй газар аль хэдийн бэлдсэн байсан нүхэндээ талийгаачийг чемодантай нь хийж булаад хотын зүг явлаа. Хүү нэг л тавьгүй уйлагнах ч эрхэм зорилгоо биелүүлсэн Биндэръяад одоо таньдаг эмч
дээрээ очиж эмнэлэгт нь хэвтээд Хүдэрээг дуудах л үлдсэн байлаа. Хотоос нилээд зайтай гарсан тул шөнө оройтосхийж ирсэн Биндэръяа гэрээрээ орж бэлдсэн зүйлсээ аваад эмнэлэгтээ очив. Үүрийн таван
жингээр утас нь тасхийтэл омогтой дуугарахад ихэд цочин тавгүйтсэн Хүдэр нойрноосоо бүрэн сэрчихэв. Утсаа аван дугаарыг нь хартал Биндэръяа байлаа. – Хайраа би төрчихлөө. Чамайг дуурайсан хүүтэй
боллоо. – Юу… хайраа надад хэлэхгүй яасан юм бэ? Би… би одоохон хэмээн сандарсан Хүдэр тэр дорхиноо л хувцаслан эмнэлэг үрүү яаран давхив. Эртнээс төлөвлөсөн бүхэн нь саадгүй бүтэж байгаад

Биндэръяа туйлын баяртай байлаа. Элэгний С вирустай хүүхдэд хөхөө хөхүүлж болохгүй гэж эмч хэлсэн. Тийм болохоор хүүгээ хөхний сүү орлуулагчаар л тэжээхээс гэж ярихад нь аав болохын түмэн баяраар бялхаж, хөл нь газар хүрэхгүй шахам нисэж явсан Хүдэр нэг их ач холбогдол өгсөнгүй хөөрхөн хүү төрүүлж өгсөнд нь л баярлан байлаа. Хүндрэлтэй төрсөн гэх шалтгаанаар эмнэлэгт арваад хоносон Биндэръяа шууд л Хүдэрийн гэрт гарч очив. Одоо түүнд Гэрэлмааг алсан гэх айдас бүрэн үгүй болсон тул ихэд тайван байж хайртай хүндээ эрхлэн хүүгээ энхрийлэн жаргалтай байлаа. Эхнэр нь төрсөн хүүтэй болсон гэх сургаар хөдөө аймагт байдаг Хүдэрийн аав, ээж хоёр бөөн баяр болон ирцюгээв. Харин хадаг сүйгээ тавин ёсолж авсан бэр нь биш огт танихгүй хүүхэн байсанд тэд ихэд дурамжхан байгаагаа
хэн хэнээс нь нуусангүй. Хүдэрийн аав Дамиран гуай хэлэх үгээ шууд илэн далангүй хэлчихдэг нэгэн тул Хүдэрт хандан – За хүү минь. Сайхан хүүтэй болсонд нь аав нь баяртай байнаа. Гэвч энэ хүүхэн миний ёсолж авсан бэр минь биш байна. Тэр охин та хоёр хамт байхдаа хичнээн жаргалтай байдаг билээ дээ. Гэтэл энэ охинч дээ. Аавынх нь санаанд нэг л буухгүй байна шүү. Яахав миний хүү хоёр дахь амьдралыг сонгосон бол одоо яая гэхэв. Гэвч миний ёсолж авсан бэр минь хаана байна. Хүний нялх балчир ганц охиныг би ээжээс нь хадаг тавин сүйлж авсан юм шүү.Чамтай ханилаад удаагүй ээж нь тэнгэрт хальж тэр охин чамаас өөр тулах түших хүнгүй орь ганцаараа үлдсэнийг битгий мартаарай. Гэрэлмаа бол миний цор ганц бэр бас охин минь. Тэр охиныг надад авчирч өгөөрэй гэж хэлээд Хүдэрийнд ганц хоноод яваад өгөв. Хоног өдрүүд урсан өнгөрсөөр хөөрхий Гэрэлмаа нас бараад дөчин есөн хоног нь болов. Энэ өдрөөс эхлэн Биндэръяагийн амьдралын тайван жаргалтай хэмнэл алдагдаж эхлэх нь тэр. Хүдэр урьдын адил ажилдаа явахаар гарсаны дараахан тайван унтаж байсан хүү нь часхийтэл орилсноо бүр чарлан ээрч эхлэхэд хүүгээ унтуулчихаад усанд орж байсан Биндэръяа яаран гарч ирээд нүдэндээ итгэсэнгүй. Нас бараад удаагүй байсан Гэрэлмаа хүүгийн дээрээс тонгойн хараад зогсож байлаа. Ихэд айснаас болоод дуугарах тэнхэлгүй болсон Биндэръяа уруу эргэж харсан Гэрэлмаа инээмсэглэн
– Миний эдэлсэнг чи ч бас… гээд сарнин алга болов. Хүүхэд байхдаа ээж дээр нь ирсэн хүмүүсийн амнаас л сүнс чөтгөрийн тухай сонсч байсан тэрээр өөрт нь ийм зүйл тохиолдсонд итгэж чадахгүй хэсэг бөндөгнөтөл чичрэн суув. – Сүнс… Гэрэлмаа чөтгөр болчихож. Одоо би яанаа. Үгүй ээ ингэж байж болохгүй. Тэрийг хөөх хэрэгтэй. Одоохон зайлуулах хэрэгтэй. Үгүй бол Хүдэр бүгдийг мэдчихэнэ хэмээн ганцаараа ярьсан Биндэръяа хүүгээ өлгийдөн хувцаслаад гарав. Гандан орж аль чадалтай мундаг гэсэн лам дээр очин өглөөний үзсэнээ ярьсан Биндэръяа нөгөө ламыг авчран ном уншуулж засал хийлгээд санаа нь амран тайвшран байлаа. Үрдээ хоргодон зуурдад гацсан эхийн сүнс тийм амар амарлидаггүйг ямар нэгэн дутуу шашны зан үйл хийлгэх тусам улам биежин хүчирхдэгийг ном уншиж засал хийсэн лам ч тэр, нүгэл үйлдэж эх үрийг хагацаасан Биндэръяа ч тэр
мэдсэнгүй. Тэр орой хүү нь нэг л тавгүй байж уйлагнах тул Хүдэр, Биндэръяа хоёр ээлжлэн тэвэрч бүүвэйлсээр шөнө дунд болгов. Өглөө эрт чухал гэрээ байгуулах тул Хүдэрийг унт гэсээр арайхийн оронд нь оруулсан Биндэръяа хүүгээ тэврэн холхисоор шөнийн дөрвөн цагт арайхийн унтуулаад харж сууж байгаад жаахан дугхийтэл хэн нэгэн үсийг нь илээд байх шиг болохоор сэрээд хартал Гэрэлмаа сууж байх нь тэр. Түүнийг харсан Биндэръяа дуугарах гээд дуугарч чадалгүй хий л нүд нь бүлтэгнэн ам нь ангалзах аж. Харин Гэрэлмаагийн сүнс түүгээр даажигнах мэт урдуур хойгуур нь бүжиглэх адил эргэлдэж байснаа уурших мэт алга болов. Ийм үзэгдэл өдөр бүр давтагдах болж давтагдах тоолон Биндэръяа айн чичирнэ. Дээрээс нь Хүдэрийн ааш зан огцом өөрчлөгдөн юм л бол архи ууж согтуу ирэх тоолондоо эхнэрээсээ хэрүүл өдөн заримдаа бүр алгадаад авдаг болов. Аргаа барсан Биндэръяа өдөр бүр гандан орж аль сайн гэсэн лам, бөө авчиран Хүдэрийг байхгүйд засал хийлгэж сүнс хөөлгөнө. Тэгэх тусам Гэрэлмаагийн сүнс улам хүчирхэгжин биежиж байлаа. Хүдэр архи уухгүй эрүүл үедээ чухам л хүн шиг байж урдын адил тэр хоёр инээж хөхрөн хүүгээ өхөөрдөн жаргалтай байна. Гэвч маргааш нь эсвэл нөгөөдөр нь Хүдэр архи ууж ирээд л агсам тавина. Зодож нүднэ. Хүн
бус араатангын авир гаргана. Энэ бүхэн Гэрэлмаагийн эдэлсэн зовлон гэдгийг Биндэръяа сайн мэдэж байлаа. Одоо Хүдэрийн аашийг засахын тулд түүнийг ховсноос гаргах ганц л арга Биндэръяад үлдсэн байлаа. Хүдэр ухаантай хүн арай надаас салчихгүй байлгүй. Тэгээд ч хайртай Гэрэлмаа нь одоо байхгүй. Бас би хүүг нь төрүүлсэн хэмээн бодсоор ээжийнхээ хийж өгсөн боодолтойг уйлан байж задлав. Одоо Хүдэрт хийсэн домын хүч суларч тэрээр амьдралыг өөрийн нүдээр харах болов… … Нэг л өглөө унтаад сэрэхдээ Хүдэр хажуудаа нойрсох Биндэръяаг хараад ихэд гайхав. Хайрт Гэрэлмаа нь хаачсан болоод Биндэръяа түүний оронд түүнтэй цуг унтаж байдаг билээ. Гэтэл… гэтэл нүднийх үзүүрт хүүхдийн орон дээр нярай хүүхэд. Тэрбээр зүүдлээд сэрсэн мэт ухаан бодол нь бүрэг бараг байх тул ихэд гайхав. Тиймээ тэр зүүдэлж байсан. Гэрэлмаагаа зодож байна гэж зүүдэлсэн. Хайртай хань нь хаашаа ч юм алга болчихсон. Тэгээд Биндэръяатай суусан. Биндэръяа түүнд хүүхэд төрүүлж өгсөн. Гэтэл энэ бүхэн зүүд биш байсан гэж үү. Эсвэл би одоо хүртэл зүүдлээд байна уу гэж өөртөө хэлсэн Хүдэр өөрийгөө чимхтэл өвдөж байна. Тэрээр гайхахын ихээр гайхаж байлаа. Гэрэлмаа хаашаа явсан, Биндэръяатай хэзээ учир ургуулж хэзээ гэрлэсэн, тэд хэзээ хүүхэдтэй болсон гээд түүнд мэдэх юм юу ч байсангүй. Баахан хэвтэж байснаа гэнэт зүүгээр хатгуулах мэт үсрэн боссон тэрээр гал тогооны өрөөнд гүйж орон гурилын
элдүүр аваад өөрийгөө хүчтэй цохиж орхив. Өвдөж байна. Хана мөргөж үзлээ. Толгой нь тэсэхийн аргагүй аймшигтай өвдөж байна. Нөхрийгөө гэнэт ухасхийн босоход ихэд цочин сэрсэн Биндэръяа түүнийг өөрийгөө ийнхүү зодохыг хараад гайхсандаа нүдээ томруулан харж байлаа. “Сонин юм даа. Ховсноос гарахдаа ховсонд байсан амьдралаа бараг мэддэггүй гэж ээж хэлж байсан. Арай галзуурчихаж байгаа юм биш байгаа даа” гэж бодсон Биндэръяа гэнэт бодлоосоо айн аймсан хашгирав. Биндэръяагийн аймсан орилох дуунаар ихэд цочсон Хүдэр цочсондоо ухасхийн хаалга мөргөн унаад толгойгоо хагалчихав. Тэрийг харсан Биндэръяа айж уйлахад ихэд санаа нь зовсон Хүдэр түүнийг ирж аргадав. – Чшш. Чимээгүй. Чамайг уйлахаар хүүхэд нь сэрчихэнэ шүү дээ битгий уйл. Тэрээр Биндэръяаг миний хайр гэж хэлэх гээд хэлж чадсангүй. Гэрэлмаад дэндүү хайртай болохоор энэ үг хоолойг нь давахгүй байлаа. Гэсэн ч өөртэй нь дэндүү адилхан хөөрхөн хүүг нь төрүүлээд өгчихсөн байгаа эмэгтэйг гомдоож чадахгүйгээ сайн мэдэж байлаа. Тиймээ хүү нь дэндүү хөөрхөн, энхрийхэн бүр хараад ханашгүй амьдралынх нь ганц баяр баясгалан байлаа. -Ч… чи өөрөө өөрийгөө зодоод байгаа биз дээ. Тэгээд би чамайг галзуурчихаж гэж бодлоо. – Үгүй дээ би зүгээр л муухай зүүд зүүдлээд. Тэгээд өөрийгөө сэрсэн эсэхээ шалгах гээд л… – Тэнэг амьтан… тэр хоёр хөгжилтэй инээлдэн Биндэръяа Хүдэрийн толгойг боож өгөөд хоёул
сууж цайлаад Хүдэр ажилдаа явав. Биндэръяа жаргалтай байлаа. Ховсын хүчээр Хүдэрийг өөртөө барьж байсанч тэр түүнд дурлачихаж гэж бодохоор л баяр баясгалан ундрах мэт цаанаасаа оргилон байв. Одоо Хүдэр дахиж дахижархи уухгүй. Намайг дахиж зовоохгүй. Би түүнд хайртай. Тэрч надад хайртай болсон. Бид жаргалтай жаргалтай амьдарна гэж бодохоор л өөрийн эрхгүй баярлаж баярлажбайлаа. Харин Хүдэр ажилдаа явах замын турш өөрт тохиолдоод байгаа амьдралын оньсогоо тайлах гээд чадсангүй. Хүдэрийг явсаны дараахан гэнэт хэн нэгэн дуулаад байх шиг болоход гайхсан

Биндэръяа чимээ чагнан хэсэг суув. Нэг тийм гэгэлгэн бүүвэйн дуу хүүхдийн өрөөнөөс гарах шиг болоход толгойтой үс нь босох шиг болсон тэрээр сэм сэмхэн гишгэлэн орвол хүү нь сэрүүн байх агаад хэн нэгэн хажууд нь байгаа аятай аан уун хэмээн хэвтэх аж. Элдэв юм харагдаагүйд зориг орсон тэрээр гүйж очин хүүгээ аваад энгэртээ тэврэн гарахаар эргэтэл – Биндэръяа чамд алдсан бүхнээ би эргүүлэн авнаа гэх Гэрэлмаагийн дуу тодоос тод гарав…