Нүүр Өгүүллэг “ҮР” өгүүллэг төгсгөлийн “2-р хэсэг”

“ҮР” өгүүллэг төгсгөлийн “2-р хэсэг”

24 секунд уншина
0
0
581

Тулганыхаа өмнө сууж, тогоон дээр цай үйх Өөжин эмгэн, өрвөлзөн асах гал руугаа сармай аргал атган хийгээд Дарам руу эгцлэн харав. -Дарам чи ийм юм гуйж яаж чадав. Ганц охиныг минь үхсэний дараа

үлдсэн ганц үрийг нь золбин гөлөгнөөс дор санаж надруу авчирж хаясан. Энэ олон жил болоход чи ганц удаа охинтойгоо уулзах гэж ирсэн билүү. Гэхдээ би та нарт гомддоггүй ээ. Үрээс минь үлдсэн энэ

амьтныг хээр аваачиж хаяад нохой шувууны хоол болгочихоогүй эцэгт чинь би баярлаж явдаг. Ямар ч л байсан надад авчирж өгснөөр энэ муу охин өдий зэрэгтэй хүн боллоо. Хөгшин эмгэн, улаан нялзрай

хүүхэд хоёр яаж байх нь чамд падгүй байсан, тэр чигээрээ л дуусъя. Одоо Дарам чи яв. Ахиж битгий энүүгээр үзэгдээрэй гэлээ. Дарам, -Хээцэс гэхээс өөр үг хэлж чадсангүй гарав. Аргаа үүрээд аргал түүж

явсан Өөжин эмгэний өмнөөс гэнэт үзэшгүй муухай, навсайсан саарал юм орилон гарч ирэв. Харахад хүн гэхэд хүн биш, амьтан гэхэд амьтан биш юм эмгэний нүдэнд бүрэлзэн үзэгдэж, айсандаа муу аргаа

шидчихээд гэрээ чиглэн гүймэр аядав. Азаар нөгөө зүйл араас нь хөөгөөгүй бололтой эмгэн ямар ч байсан гэрийнхээ босгыг алхаж чадлаа. Зүрх нь учиргүй дэлсэн, амаар нь гарчих шахан оволзоно. Эмээгийнхээ сандран явах бараанаар гэр лүүгээ гүйж ирсэн Дарь, -Эмээ та зүгээр үү гэхэд нь, – Эмээ нь зүгээрээ гэж арайхийн хэлсэн Өөжин орон дээрээ буруу харан хэвтэхдээ -Хандыг дуудаарай хэмээн арай ядан хэлэв. Хашир догь Доной өвгөн, хот айлын хэдэн залуусыг дагуулан Өөжин эмгэний аргал түүж байсан газар луу очив. Аргаа хаясан газрынх нь цаахна байх хадны ёроолд нэг хүний палигар мөрний зэрэгцээ адууны мөр, шинэхэн хомоол үзэгдэнэ. Насаараа ан гөрөөнд явсан Доной өвгөн хамт явсан хүмүүсээ гэр лүү нь буцаагаад

Зоригтыг найз Батынх нь хамт дагуулан мөр мөшгин одлоо. Морины мөр урд зүг рүү чиглэн, хад бут бүхий хөтөлийг даван одсон нь Доной өвгөний хурц хараанаас мултарсангүй саяхан би үүгээр яваад өнгөрлөө гэсэн шиг тов тод харагдаж байв. Тэд мөрийг даган нилээн явлаа. Зарим газар хаашаа явахаа мэдэхгүй тээнгэлзсэн үү гэлтэй наашаа цаашаа, хойшоо урагшаа мурилзан, ээдэрсэн утас шиг орооцолдон байснаа баруун урд зүг рүү явжээ. Энэ нь Доной өвгөнд нэгийг хэлэх шиг сэжигтэй санагдсан тул мөр харахаа орхиод тэд чигээрээ давхисаар нар жаргахын алдад ногоон Жамбалын уяан дээр бууцгаалаа. Уяан дээр байгаа хоёр морины нэг нь нилээн давхиж ирсэн бололтой усан хулгана болтлоо хөлөрчихсөн, гуяных нь хөх мах татагнан чичирч байв. Доной өвгөн морины мөрийг хараад Зоригт руу учиртай дохиод буулаа. Хонины хашааны хойгуур чандмалан

барьсан гурван гэрийн зүгээс агсамнан орилох дуу сонсогдоно. Нохой хорио гэж хэд дуудсаны дараа дунд хирийн насны намхан махлаг бүсгүй гарч ирлээ. Мэнд усаа мэдэлцэн, Доной өвгөн гэрийн эздийг байгаа эсэхийг асуухад бүсгүй, – Байгаа гэхдээ…. гээд түгдрэв. Тэгтэл гэр дотор юм пижигнэх дуулдаад гэрийн үүдээр Дарам гуйван гарч ирлээ. -Ээ ингэж явахаар би үхчихгүй яаваа. Та нар надад тийм л хайртай байсан юм бол. Тэр үед надаас асуухгүй яасан юм бэ. Одоо намайг ямар болчихоод байгааг хар. Өөрсдийгөө хар. Үр үндэсгүй хувхай мод шиг өгөрөх гэж байгаагаа мэдэж байна уу та нар. Би явлаа. Би үхнэ. Яадгийн би үхнэ хэмээн хашхирах Дарамын араас аав, ээж хоёр нь бас эхнэр нь бололтой хүүхэн гурав царгууцалдан байв. -Туслаач та минь гэх дуунаар тэд ухасхийн очиж Дарамыг элбэн барьж суулган, архийг нь гаргах санаатай дээрээс нь ус цутгав. Нилээн ноцолдсоны эцэст Дарам бага зэрэг тайвшран амандаа дуулах, уйлахын завсраар гонгинон найгалзан сууж байв. Сая л тэд хоорондоо мэндэлж үг солихтой болцгоов. Цагтаа цалгиж явсан “ногоон” Жамбал хөгширч, шар нүүр нь улам ногоон шар болоод үрчийсэн, улцан нүдтэй өвгөн болжээ. Тулай өвчинд баригдсан хөлийнх нь хууч сэдрэхээрээ явах нь бүү хэл зогсоход ч хэцүү болдог байна. Одоо юун морин дэл дээр хийсч явах, хурганы бэлчээрээс холдож чадахаа

байжээ. Доной, -За, Дарам хүү хаагуур яваад ирээ вэ хэмээн асуухад, улцан нүдээ жийтайлган ширтсэн Жамбал, – Энэ бид хоёр хаагуур явдаг юм. Хэдэн адуугаа эргэх далимаараа хар ус гударч яваад л ирж хэмээн хохилзон дуугарав. “Тэгнээ тэр, энэ ч халгаахгүй нь шив дээ. Мэдэж байсан байх нь” гэж бодсон Доной, – За Жамбал минь бидний ирсэн учрыг чи гадарлаж байгаа байх. Чи бид хоёр нэг нутаг усны, бүр нэг довны бараг л өвөртөө унтах нь холгүй цуг тоглож өссөн улс. Нэг нэгнээсээ юу нуух вэ. Өөжин эмгэн хээр явж байгаад айж цочоод сүйд боллоо. Бид учрыг олохоор явсаар замын үзүүр биднийг танайд авчирлаа гэхэд ногоон Жамбал хамраараа утаа гаргаж байна уу даа гэлтэй хуухиран амьсгалж, нүүр нь чинэрээд, – Доной, чи энэ үгээрээ юу хэлэх гээд байна. Би юу мэдэх ёстой юм. Тэр чавганцыг айлгаж

ичээсэн чөтгөр манайд үүрлэсэн гэж хэлэх нь үү. Нэртэй, зүстэй удмын ариун голомтоо чам шиг юмны шүлсээр бузарлуулахгүй шүү. Хирээ мэдэж яриараарай гэхэд Доной, – Жамбал чи аяд. Хүн хэлээрээ гэдэг. Гэхдээ юмны учир аяндаа олдох байлгүй дээ. Тэнд нэг хүний алтан амь сүйдчихээгүй өнгөрсөн байгаасай гэж би залбирч сууна. Бид ингээд явъя гэхэд Жамбал царай нь хувиран, -За Доной минь бид ямар муудаж, сайдаж сураагүй биш. Би энэ хүүг согтуу ирснээс болоод уурандаа чамтай жаахан эвгүй ярьчихлаа. Хоол хош бэлдүүлье. Идээд явна биз дээ гэхэд Доной, – Үгүй дээ, бид ингээд хөдөлье. Чи Дарамыг эрүүл болохоор нь өөртэй нь сайн ярина биз. Бид удахгүй эргээд уулзаж магадгүй юм гээд гарлаа. Тэднийг гэртээ эргэн ирэхэд хэдийн шөнө дөл болжээ. Өөжин эмгэн шөнөжин халууран дэмийрэв. Дарь охин жижигхэн бор гараараа эмээгийнхээ буурал үсийг илбэн нүүрнийх нь хөлсийг арчин сууна. Эмгэний хөлийг атган барьж дулаалцуулж суусан Ханд “Эвий дээ эмээгээсээ хойш энэ муу охин яана даа” гэж бодсоноо “Би чинь юу болоод муу ёрлоод унав аа. Гайгүй өнгөрөөсэй бурхан минь” гэж бодон Дариас нуун нулимсаа арчив. Хот айлынхан нь Өөжин эмгэний гэрээр орж гаран хөлхөлдөж, эмгэний биеийг гайгүй болоосой гэж залбиран, Дарийг өрөвдөж хоол, унд идүүлэх гэж чармайцгаан тэр шөнө хүүхэд, хөгшидгүй цурамхийлгүй хоноцгоов. Хөөрхий Дарь охин эмээгээ ширтэн нүдэнд нь нулимс

мэлтэгнэн, хоол унд ч ууж идсэнгүй. Хүмүүс дуугаа хураацгаан эмгэнийг ажиж нэг л тавгүй байцгаахад Дарь охины зүрх ёгхийн өвдөх шиг болж, -Эмээ маань зүгээр болно тиймээ гээд уйлчихав. Авгай хүүхнүүд сандран, -Миний дүү тэгж болдоггүй юм. Эмээ нь мөдхөн зүгээр болноо хэмээн аргадан байв. Шөнөжин сандаргасан Өөжин эмгэн үүр цайхын алдад овоо гайгүй болж сэргэн босч суугаад аяга бүлээн цай оочлон уув. Дарь охин эмээгээ сэрсэнд баярлан өвдгийг нь дэрлээд, -Эмээ та одоо зүгээр тийм ээ. Та хаашаа ч явахгүй, охинтойгоо дандаа л хамт байна биз дээ хэмээн шулагнав. Ханд, -Миний охин эмээгээ ядраачихна гэхэд Дарь дуртай дургүй холдов. Эмгэн туниа муутай нүдээр гэр доторх хүмүүсийг тойруулан хараад, -Юу болов доо бурхан минь. Та хэд минь унтаж амрахгүй хэцүүдэж байгаа байх даа. Явж унтацгаа гээд буруу харан хэвтэв. “Галзуу” Думаа Хандын чихэнд, -Яанаа Ханд эгчээ, настай хүн бие нь муудаад бурхан болохынхоо өмнө ингэж сэргэдэг гэсэн. Тэр нь болж байгаа юм биш байгаа гээд уйлагнан шивнэхэд Ханд сандран, -Муу ёр. Юу ярьж байгаа юм чи. Дуугай бай хэмээн бүдүүн гуянаас нь чимхсэн боловч өөрөө ч бас дотроо айж, байн байн тонгойн, эмгэний нүүрийг ажиглан байлаа…. Өглөөний нарны анхны цацраг гялбалзан тусаж, тоононы цамхагийг илбэн доошлоход Өөжин эмгэн өндийн бослоо. -Хөгшин би, та нарыг дэмий зүйлээс болоод айлгачихлаа. Хүүхдүүд минь одоо санаа зоволтгүй. Муу өөдөсхөн охины минь заяа намайг муу юмнаас

тойруулах шиг боллоо хэмээн ярихдаа бүүр цовоо болчихсон байв. Хот айлынхан баярлалдан, авгай хүүхнүүд шуг шугхийн уйлалдаж, нулимсаа арчина. Голын эрэг дээр цахилдаг сүлжин тоглож суусан Дарь охины дэргэд нэгэн хүн хоолой засах шиг болоход нь охин харвал эртээд гэрт нь ирээд явсан хүн мөн байлаа. Дунд зэргийн нуруутай, шаравтар царайтай тэр хүн өргөн халхгар хүрэн дээл өмсөж, толгой дээрээ цагаан эсгий тоорцог тавьжээ. “Танайд ирээд явсан ах чиний төрсөн аав юм гэнэ лээ гэж найз охиноо хэлэхэд битгий худлаа хэл надад аав, ээж байхгүй, эмээгээс өөр хэн ч байхгүй” гэж хэлж байсан нь Дарь охинд санагдахад тэр хүнийг сонирхон ширтэв. Өнөө хүн дэргэд нь ирж суугаад өврөө уудлан жижиг боодолтой зүйл гарган өмнөө тавилаа. Боодлыг задлахад үзэм, чавга, мөсөн чихэр байхгүй юм тэр дотор алгаа. Өмнө нь ийм их амттан харж үзээгүй Дарь охин гайхан харж, шүлсээ залгив. Тэр хүн инээмсэглээд, атга дүүрэнг түүний өөдөөс сарвайн, -Май миний дүү. Үгүй ээ миний дүү ч гэж дээ. Миний охин үүнийг ав гэлээ. Дарь эргэлзэн гайхаад бяцхан алгаа дэлгэн тосов. Алган дээр нь асгаран буух тэр амттан үнэхээрийн сайхан харагдахад охин идэхсэн гэж яарч, амандаа хэсэг үзэм хийгээд бувар бувар хийн зажлахад хөөрхөн ам нь шөмбөлзөнө. Нөгөө хүн, -Би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Чи ийм том болсон охин. Сайн ойлгож аваарай гэхэд Дарь, -За хэмээн толгой

дохиж, “Энэ хүн их сайн ах юм аа. Надад ийм гоё амттан өглөө” гэж бодоод инээмсэглэн сууж байв. -Намайг Дарам гэдэг. Чи өмнө нь намайг харсан даа. Би ирж эмээтэй чинь уулзсан гэхэд Дарь мөн л толгой дохив. -Чи дандаа энд ирж тоглодог уу гэхэд , -Би эмээдээ тусалж дуусаад, тэгээд энд ирж тоглодог. Өнгө өнгийн чулуутай, цэцэгтэй гоё газар байгаа биз ахаа хэмээн цайлганаар шулагнав. -Чи юу идэх дуртай вэ. Амттай боов, чавга, мөсөн чихэр гээд алинд нь дуртай вэ гэхэд, -Ахаа би үзэм, мөсөн чихэр идэх дуртай. Даанч эмээ бид хоёрт байхгүй л дээ гэлээ. -Би чамайг тоглож байхад чинь чам дээр ирж байнаа. Тэгээд гоё үзэм, чавга бас мөсөн чихэр авчирж өгч байя, за юу гэхэд Дарь, -За хэмэээн зөвшөөрөв. Гартаа боодолтой зүйлээ барьсан Дарь эмээдээ өгөхөөр гэр лүү гээ гүйлээ. “Ямар сайн ах вэ. Эмээ маань их баярлана даа” гэж бодсоор гэртээ оров. -Эмээ, эмээ. Эртээд манайд ирсэн ах сая намайг тоглож байхад надтай уулзаад. Надад ийм их гоё амттан өгсөн. Эмээ би таньд өгөхөөр аваад ирлээ хэмээн догдлон хашгирахад Өөжин эмгэний нүд томрон, -Өө тийм үү. Миний охин гэрээсээ битгий хол яв. Таньж мэдэхгүй хүмүүстэй хамаагүй битгий уулзаж бай, юм авч бас болохгүй шүү гэхээс өөр юм дуугарсангүй. Үүнээс хойш Дарам, Дарь охин дээр хэд хэдэн удаа ирлээ. Ирэх бүрийдээ гоё, гоё амттан авчирана. Дарь хөөрөн баярлаж, Өөжин эмгэн нэг л санаа зовинонгуй болж, уймран, тогтож сууж

чадахгүй гэрт гадаанаа холхих болов. Ханд нэг удаа Өөжин эмгэнийд орж ирэхэд эмгэн, -Ханд минь, Дарам энүүгээр эргэлдээд байх боллоо. Охинд минь янз бүрийн л юм авчирж өгөөд байгаа бололтой. Эртүүдийн явдалаас хойш надтай уулзаагүй, гадуур л охинтой минь уулзаад байна гэхэд Ханд, -Юу гэх вэ дээ Өөжин гуай минь. Бид нар бас ажиглаад л байгаа. Таныг сүйд хийх шахсан хүн бол энэ Дарам мөн. Энэ охиныг танаас салгаж авахын тулд арга бүхнээ барж байна даа энэ хүн. Бид нарыг байгаа болохоор улайм цайм яаж ч чадахгүй байна. Манай хот айл хүн бүл муутай байсан бол охиныг тань булааж аваад явахдаа сийхгүй улс. Даанч айгаад л яаж ч чадахгүй байна. Азаар манай хот айлд яаж овоо хэдэн залуу байдаг юм. Үгүй бол ч өнгөрсөөн. Харин хүүхдийн сэтгэлийг урвуулж л магадгүй. Одоо яах вэ эмээ минь гэж ярилцан суулаа. Өөжин эмгэн Дарь охиныг гэрээс аль болох гаргахгүйг хичээвч хүүхэд л болсон хойно ойр хавиараа тоглож гүйнэ. Тэр дундаас өөрийнхөө байнга тоглодог голын эргийн сайран дээр очих маш дуртай. Байсхийгээд л тийшээ очиж тоглоно. Нэг удаа Дарь тоглоод сууж байтал Дарам мөн л ирлээ. Ирээд охинд томоос том мөсөн чихэр өгч, охин чихрээ Дарамаар хагалуулаад идэж суутал Дарам, -Дариа охин минь би бол чиний аав гэдгийг чи мэдэж байгаа биз дээ. Би чиний төрсөн аав чинь. Тэгээд л чамтай уулзахаар ирдэг гэхэд Дарь нүдээ тормойлгон чагнаж байв. -Охин минь аавд нь чамаас

өөр хүүхэд байхгүй. Чи миний хүүхэд болооч, үгүй ээ манай гэрт надтай хамт амьдраач. Би чамайг аваад явъя гэхэд Дарь, -Өөжин эмээ бид хоёрыг уу. Яагаад, бид хоёрт гэр байгаа шүү дээ гэхэд Дарам, -Үгүй ээ. Чамайг л аваад явъя. Өөжин эмээ чинь явахгүй байх гэхэд Дарь ухасхийн босоод, атгандаа байсан мөсөн чихрийг Дарам руу шидэж, -Та ямар муухай хүн бэ. Би юу гэж таны хүүхэд болж байдаг юм. Би эмээгээсээ хэзээ ч салахгүй за. Би эмээдээ хайртай. Та яв. Ахиж битгий ирээрэй хэмээгээд эргэн гүйх гэхэд нь Дарам охиныг шүүрэн авлаа. “Яадаг юм. Энийг аваад гэр лүү гээ давхичихъя. Эцэг хүн төрсөн охиноо аваад яваа л биз. Энэ муусайн юмнуудад ямаар хамаа байна. Царай алдсаар залхаж гүйцлээ” гэсэн бодол Дарамын тархинд харван орж, мориндоо мордон охиныг эмээлийнхээ урдуур чарлуулан суулгаад давхичихлаа. Дарам, Дарь хоёрыг ажиглан гэрийнхээ үүдэнд сууж байсан Зоригт, -Хүүе та минь ээ. Дарам, охиныг шүүрээд зугтчихлаа хэмээн хашгираад уяатай байсан моринд мордон араас нь хөөв. Доной өвгөний чонын үргээлгэнд унадаг халтар морь хүзүүгээ сунгаад хоёр чихээ дэлэндээ наан хурдлав. Хүн хашгирах чимээнээр Дарам эргэн харахад араас нь нэг морьтон хөөж, хот айлын гаднаас ахин хоёр, гурван морьтон хөдөлж байгаа харагдлаа. Дарам “Юуны тулд түмний эх хонгор морио унасан билээ. Та нар шиг гахай нүцгэн, нохой явган юмнуудын хонины морь биш дээ. Намайг гүйцнэ гэж гонж” гэсэн бардам бодолдоо хөтлөгдөн явна. Гэвч Дарам эндүүрчээ.

Газрын үлий, бартаа саадыг чадамгай даван ан хөөн хурдалдаг халтар морь нилээн дөхөөд иржээ. Бачимдсан Дарам морио ташуурдан хурдлавч бут сөөг, хад асгатай хөтөл дээгүүр хонгор морь хүзүүгээ гүрдийлгэн давхиж явснаа хальт гишгээд уначихав. Хүнтэйгээ морьтойгоо газрын уруу хөлбөрөн одлоо. Араас нь өсгий даран хөөж, хариугүй гүйцэдгийн даваан дээр явсан Зоригт мориноосоо харайн бууж, гүйн очлоо. Хонгор морь хөлөө хугалсан бололтой босч чадахгүй, өрөвдөлтэй үүрсэв. Дарам өрөөсөн хөл нь дөрөөнөөсөө салж чадаагүй, мориныхоо доор тал бие нь дараастай үхсэн амьд нь мэдэгдэхгүй гулдайн хэвтэж байв. Дарь охин нилээн хол шидэгдчихсэн доошоо харан хэвтэнэ. Зоригт, Дарь охиныг болгоомжтой эргүүлэн харлаа. Хөөрхөн нүүр нь улаан халз болон шалбарч гар нь эвгүй мурийжээ. Зоригт, охиныг болгоомжтой тэврээд мориндоо мордлоо. Араас нь ирсэн хүмүүс хонгор морины доороос Дарамыг гаргаж авч байгаа харагдана. Их таван ханат гэрийн баруун талын орон дээр хажуулдан хэвтсэн Жамбал дэргэд нь толгойгоо унжуулан суух Дарам хүү рүү гээ нүднийхээ булангаар муухай хараад, -Тэнэг хог. Тийм санаа тархинд чинь яаж төрдөг байнаа. Хүний аминд хүрчихээд дээлээ толгой дээгүүрээ нөмрөх чинь дутаа юу. Өөрөө ч бас үхэх шахаад өрөөл татанхай боллоо. Багш лам юу гэж айлдлаа. Төөрүүлсэн үрээ гэртээ авчирах юм бол үрийн заяа тэгширч, хүүхэд

тогтох юм байнаа гэсэн. Би чамд, тэр Дарь охиныг л яаж ийгээд босгоо давуулаад авах хэрэгтэй байна. Дөнгөж долоохон настай охин хүүхдийг аргалах арга олдоно. Өөжин эмгэний хөлд сууж байгаад охиныг чихэр, боовоор хуураад ч болов өөртөө дасга гэж хэлсэн болохоос тэнэглэж муйхарлаж яваад хүн ал гэж хэлээгүй. Ээж бид хоёр чинь насаараа чиний төлөө л гэж бодож явсаар дуусаж байна. Алдаж оносон зүйл байдаг л байх. Гэхдээ чи бидэнд гомдоод яах вэ. Чи бол удмыг минь залгах ганц үр минь. Энэ голомтыг зэврүүлээд дуусгах эсэх нь чи биднээс л хамаараад байна. Хүүхэд тогтохгүй байна гээд сүүлийн эхнэрийг чинь төрхөмд нь буцаая гэж би бодсон боловч чи салахгүй шинжтэй зууралдаад байсан. Тэгээд ч чиний хадам эцэг Балдан чинь Өөжин эмгэн шиг гарын дор амьтан биш. Сүйд хийхдээ ядахгүй хүн. Харин чамайг хэвтэрт ороод өрөөл, татуу болохоор чинь Долгор өөрөө хаяад явчихлаа. Тэр хүүхнийг тэгнэ гэж бид яаж мэдэх вэ. Хүний эрээн дотроо гэж үнэн үг юм. Би даанч гэрээс гарч чадахаа байлаа. Эх чинь дэмий л хормойгоо өшигчихөөс цаашгүй. Одоо яах вэ гэж үглэв. Дуугүйхэн сонсож суусан Дарам гэнэт ширээн дээрээ нудрагаараа падхийлгэн цохиход цочсон Жамбал гайхан харав. Дарам, – Та дандаа удам судар, үндэс угсаа тасарлаа гээд л өдөр шөнөгүй үглэх юм. Тэр гайхуулаад байгаа удам судрыг чинь би таслахгүй гэж бодож явсаар эцсийн эцэст хүн алахдаа тулаад, өөрөө ч ийм байдалд орлоо. Та намайг хайрладаг, ганц хүү минь гэж ярьдаг.

Гэтэл хайрлаж байгаа чинь энэ үү. Та хоёр надад тийм л хайртай юм бол үр ачаа ч гэсэн хайрлаж өсгөж аваад одоо хөгширсөн хойноо гарын үзүүрт зарах ачтай жаргаж суух чинь яасан юм. Тэгээд ч үр хойчоо хайрлан өсгөж байж тэр удам судар чинь үргэлжилдэг юм мэдэв үү хэмээн хашгираад гэрээс хазагнан гарав. Холын тэртээд зэрэглээ мяралзаж, ноднин жилийн борог өвсний хажуугаас шинэхэн ногооны үзүүр бурзайн цухуйжээ. Олон сар хэвтэрт байж гэрийн мухар сахисан түүнд ингэж гадаа зогсоод ирж буй урин цагийн сайхан цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах шиг таатай юм үгүй ажээ. Хэдэн сар босч чадахгүй хэвтэхдээ Дарам их ч зүйлийг эргэцүүлэн боджээ. Гэмгүй мөрөөрөө амьдарч явсан Өөжин эмгэн өөрийнх нь хүүхдийг өсгөх гэж хөгшин биенээсээ гарамгүй их чадал, тэвчээр гарган явахад нь айлгаж үхүүлчихээд охиноо авчихъя гэж бодож явснаа санахаас нүүр нь улайх шиг болно. Уг нь ямар ч аргаар хамаагүй охиныг авна гэж элдвийн юм бодсон. Гэхдээ эхлээд зориглоогүй. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж үнэн үг юм даа. Тэр өдөр бас л дурандаад сууж байхдаа өвөртөө байсан хатуу хар архинаас ганц нэг балгаж суусан. Тэгтэл Өөжин эмгэн гараад ирсэн. Тэгээд л би орилж, гууглаад гүйсэн. Харин дараа нь тэнэгийн харгайгаар өөрийнхөө охин үрийг алахаа шахлаа. Эхлээд тэр хүүхдийг авчирж аавын амыг хаая л гэж бодож явснаас биш тэр охинд тэгтлээ дасна гэж

бодоогүй. Аргагүй л өөрийн мах цусны тасархай юм болохоор уулзах тусам дасаад хэцүү байдаг юм билээ. Авч зугтааж яваад гэмтээчихсэн. Харин гар нь хугарсанаас бусдаар гайгүй гэж сонсогдсон хөөрхий. Охин үхчихсэн бол яанаа гэж бодохоос дотор нь жихүүцэв. Хэд хоногийн дараа Дарам эцэг, эхийн хамт Өөжин эмгэнийд ирлээ. Шийр алаг сайхан хар морь хөллөсөн, модон мөөртэй тэргэн дээр эсгий, гудас давхарлан дэвсэж эцэг, эхээ суулгаад Дарам тэргээ жолооджээ. “Ногоон” Жамбал тэр жил охиныг эмгэнд авчирч өгснөөсөө хойш үүгээр үзэгдээгүй билээ. Хот айлынхан тэднийг эвэртэй туулай үзсэн юм шиг л харж, зэвүүрхэн ширтэнэ. “Хорвоо гэж таашгүй юм даа. Нэгэн цагт хүний дэлгэсэн алган дээр л багтах өчүүхэн жижигхэн амьтан байхдаа утсан чинээ улаан амь нь энэ хүмүүст хорхойн аминаас ч дор үзэгдсэн хөөрхий охиныг голж хаясан хүмүүс нь өөрсдөө гуйгаад ирж байдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө үргэлж сайн сайхнаараа, өтөлж өвгөрөхгүй юм шиг, өвдөж зовохгүй юм шиг санаж, өөрсдөөсөө бусдыг хайрлахгүй явсан байхдаа. Одоо өрөөл татуу, хөгшин хөвөө, өвчин хуучинд баригдсан энэ гурван хүн ядрахын цагт мах цусны тасархай энэ охиныг аргагүй л бараадахын хүслэнд автаж байна даа. Яаж Өөжин эмгэн, Дарь охин хоёрын нүүрийг харж чадаж байнаа. Өөрсдөө ч ичиж л байгаа байх даа“ гэх бодол хүн бүрийн нүдэнд тодорч байлаа. Жамбал охиныг хараад “Хэн ийм юм болно гэж санах билээ. Анх эхийн хэвлийгээс гүйцэд

төлжөөгүй, дутуу хагас юм унахад нь би хожим ингэж өсөж том болно гэж бодох нь байтугай, амьд хэд хононо гэдэгт нь ч итгээгүй. Энэ охиныг үгүй хийчих шахаж явахад минь, миний үр үндсийг үлдээх гэж энэ халуун амь соёолон ургах гэж тэмцэж байсан байх нь шүү дээ” гэж бодоход хөшүүн хөлдүү зүрх нь уяран гэсч байх шиг санагдана. Ногооны униар татсан хөндийгөөр буцаж явахдаа Дарам “Би эцэг хүн шүү. Ард минь хөхрөн хоцрох уулсын энгэрт орших тэр аягын чинээ бор гэрт, миний цус судсаар нь урсах охин үр минь өдрөөс өдөрт цэцэглэн өсөж байгаа” гэж бодоход тал хөндийгөөр нэг сэтгэлээ уужиртал хашгирмаар санагдана. Дарам дал мөрөө оволзуулан нялх хүүхэд шиг л уйлж явлаа. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *