Home Өгүүллэг “ҮР” өгүүллэг “1-р хэсэг”

“ҮР” өгүүллэг “1-р хэсэг”

3 second read
0
0
2,214

Өөжин эмгэний ганц охин Цэсэн төрөхийн хүндрэлээс болоод насан өөд боллоо. Ганц охиноо ингээд эндчихнэ гэж бодоогүй эмгэнд газар цөмөрчих шиг л санагдав. Гэвч үхсэний хойноос үхэж болдоггүйгээс

хойш Өөжин эмгэн үнээгээ саахаар зэлэн дээрээ ирлээ. Өнгөрсөн хавар ганц хүрэгч үнээнийх нь төл хүрэн халзан гунж тугаллаж эмгэн магнайгаа хагартал баярлажээ. Жилийн жилд л ганц үнээ сааж суусан

эмгэн энэ жил хоёр үнээ саах нь байна шүү дээ. Тогоо нэрж ч болох нь гэж бодохоос хөөрч, муу өвгөн минь байсан бол хичнээн их баярлах болдоо гэж бодон нулимс унагав. Охин маань хөл хүнд удахгүй

нярайлана. Зээгээ айлчлан ирэхэд нь сүү, тарагаар дутаах вий гэж санаа зовохгүй боллоо гэж бодсон эмгэн, За байз тугалын хашаагаа томсгох юмсан, ганц тугал болоод байдаг байсан хоёр тугал арай

багтахгүй. Өвгөнөөс хойш муу бүрхээр тогоогоо нийлүүлээгүй олон жил болсон юмсан. Бүрхээр маань бөөрөөрөө ханзарч ангайсан харагдаад байна лээ. Дархан Сүхэд өгч янзлуулъя байз гэх зэрэг

элдвийн бодолд автаж, ажил ундарч эхлэв. Ийнхүү хөөрцөглөж явсан Өөжин эмгэний жаргал даанч хомсхон байж. Нэг л өглөө “охин чинь эндчихжээ” гэх аймшигт үгийг “балтгар” Нямаа ирж халгаж ядан дуулгажээ. Улаанаараа эргэлдэн цовчих голын үерт боогдон Өөжин эмгэн охиноо нутаглуулахад очиж чадсангүй. Энэ явдалаас хойш муу умгар гэр нь улам ч хар болчихсон юм шиг. Гарсан ч орсон ч уймран гансарч, хаашаа ч хамаагүй явчихмаар санагдавч ээлжлэн орж ирж хань бараа болохыг хичээх, хот айлын авгай хүүхнүүд, айл саахалтынхныхаа сэтгэлийг бодоод Өөжин эмгэн бүсээ чанга бүслэн өөрийгөө барихыг хичээнэ. Тэгээд ч муу охин минь намайгаа ийм

уруу, дорой байхыг харсан бол элэг нь эмтрэх байсан байхдаа гэж бодоод гэр бараагаа янзлан, аргал түлшээ түүх зэрэг өдөр тутмын ажлаа хийж яваа нь энээ. Хүрэгч үнээнийхээ зөөлөн том хөхийг шувтран суухдаа Өөжин эмгэнд тэртээх жилүүдийн явдал санагдана. Цэсэн охин нь жаахан байхдаа үнээ сааж байгаа ээжийнхээ дэргэд ирж зогсоход нь Өөжин амаа ангайж бай гээд үнээнийхээ хөхийг өргөн Цэсэнгийн нүүр лүү саан зүггүйтэхэд сархийн цацагдсан сүү аманд нь ороод нүүрэн дээгүүр нь цацран тусахад сөөвгөр хэдэн үс нь нарны туяанд гялтганасан охин нь нүдээ онийлгон жаргалтайяа ход ходхийн инээж баярлан байдаг нь санаанд нь ороход сааль сүүнд нэвтэрсэн энгэр дээгүүр нь том том нулимс бөмбөрөн дуслав. Гэнэт морин төвөргөөн сонсогдон, үнээн зэлэн дээрх хот айлын авгай хүүхнүүд шуугилдаад явчихлаа. Унасан морины хар хурдаар давхин

ирж Өөжин эмгэнийг хүрэгч үнээтэй нь дайрчих шахсан морьтоныг эмгэн хараа муутай нүдээрээ таньж ядан харвал талийгч охиных нь хадам “ногоон” Жамбал царай нь улаан зээрд болчихсон, мориныхоо хоёр талаар уначих шахан гуйвлана. Жамбал, – За Өөжин эмгэн, ганц охиныхоо толгойг залгичихаад хэндээ гудруулах гээд үнээний дэлэн шувтраад сууж байгаа өгөр чавганц вэ чи. Голомт залгах хүүгийн минь тооныг харлуулчихаад явсан чиний тэр охины дутуу зулбасгыг эхнэр бид хоёр өсгөж тэжээж чадахгүй. Миний хүү залуу хүн амьдралаа бодсон нь дээр гэж бодоод эртхэн дээр нь би энийг чинь аваад ирлээ. Май чавганц минь гээд өврөөсөө хөх даалимбанд боодолтой нэгэн зүйлийг гаргаж ирээд эмгэний өвөр лүү шидчихэв. Эмгэн элээ минь гэж дуу алдаад нөгөө зүйлийг бариад авав. Боодолын сул буланг татан нээхэд жижигхэн үрчгэр улаан нүүр харагдаж, ам нь

ангалзан байв. Эмгэн ээ хөөрхий хэмээн бувтнаж, чичигэнэсэн гараараа хүүхдийг элгэндээ тэвэрлээ. Жамбалыг мориныхоо амыг татан эргэх гэхэд эмгэний хажууд гүйн ирсэн “галзуу” Думаа газраас үхрийн баас шүүрэн авч ногоон Жамбалыг нүүр нүдгүй шидлэн, -Өөдгүй муу хог. Голдоо нүхтэй мангас минь чи эх, үрийн зовлонгоор жаргал хийж тавлана гэнээ. Энэ чинь чиний ч хүүгийн хүүхэд. Чи муугаа үзэж үхээд хойд насандаа хонин гүрвэл болж төрөөд улаан наранд шарагдаж үхээрэй хэмээн хашхиран дайрахад “ногоон” Жамбал, -Галзуу авгай минь чи юу гэнээ. Хүн рүү шүлсээ үсчүүлбэл яадгийг үзүүлээд өгье л дөө чамд хэмээн морио давиран дайрах гэхэд нь айл хотны хүүхнүүд дуу дуугаа авалцан хашгиралдан шавсан тул “ногоон” Жамбал мориныхоо амыг эргүүлэн давхин зайлав. Ханын

толгойд өлгөөтэй жижигхэн нэхий уутан дотроос хүүхэд уйлах сулхан дуу гарахад Өөжин эмгэн болгоомжтой задлаж хуурайлан, эвэр угжтай сүүгээрээ угжин бүүвэйлэн унтуулав. Охиныг ногоон Жамбал анх авчирж өгсөн өдөр эмгэн харалган нүдээ цавчлан, нулимсаа дуслуулан байж оёсон нэхий уут нь одоо охинд багадах тийшээ ханджээ. Гахайн үс шиг хэдхэн сөрөвгөр үстэй ирсэн охины сэвлэг харлан ургаж, үрчгэр улаан байсан нүүр нь овоо бондойжээ. Эхийн хэвлийд гүйцэд торниогүйгээс, анх ирэхдээ амьдын төдий, бяцхан улаан хорхой шиг атиралдан байсан энэ амьтан нарны бүлээн илч, нэхий уутны дулаан, Өөжин эмгэний уйгагүй асрал, хайраар өдрөөс өдөрт бойжин торниж, бяцхан бие нь амьд үлдэхийн төлөө тэмцэн байгаа нь энээ. Нар ханын толгой даган эргэцэхэд Өөжин эмгэн бас даган эрэгцэнэ. Өвдгөөр нь хатгуулж босох, суухдаа ч хэцүү байсан эмгэн хүүхэд шиг л шаламгай болж, охиноо алдахдаа уймран дэнсэлж байсан сэтгэл нь нэгэн бяцхан амийн төлөө хатамжиж, ядрал, зүдрэлээ ч мартжээ. Нар шингэмэгц, охиныг ханын толгойноос авч, хаяа хатавчаа сайтар хааж, дулаалан гэртээ гал түлнэ. Хэтэрхий

халуудуулчих вий гэж бас зовиноно. Өдрийг ийнхүү амсхийх завгүй баравч шөнийн бор хоногт нүдний хор гаргасан төдий болоод унтаж чадахгүй сэрвэлзэн дэргэдээ тавьсан нялхын аманд байн байн чихээ нааж үзэн амьсгалж байхад нь баярлан даарчих вий гэж бодохдоо шөнөжин гал өрдөн түлнэ. Өглөө нар ургав уу үгүй юу ханын толгой тоолон, нарны гэрэл дагуулан нэхий уутанд мануйцлан хийсэн нялхаа өлгөнө. Бүрхэг юм уу бороотой өдөр эмгэн сандран зовинож, дээлийнхээ энгэрийг яран өөдсөн нялхаа өвөртөө дулаацуулан өнжинө. Ийнхүү өдөр хоног хэрхэн өнгөрч байгааг ч анзааралгүй зүтгэх эмгэн шургачин уначихгүй байгаа нь цагтаа тулахаар хүнээс ямар их хүч чадал, сэтгэлийн тэнхээ гардагийг харуулах нь гайхалтай. Өөжин эмгэн бодлогшрон, За байз өнөөдөр чинь шинийн хэдэн билээ

гэж хэдэн үрчгэр хуруугаа даран тоолж үзэхэд ногоон Жамбал охиныг авчирч өгснөөс хойш яг хоёр сар болжээ. Өө зөнөг толгой, охиндоо нэр өгөхсөн гэж бодсон ч мартчихсан яваад байж. Эмээ нь чамайгаа хүн болгохсон гэхээс өөрийг бодолгүй явжээ. За байз нэг арга бодноо хэмээн эгээ л том хүнтэй ярьж байгаа юм шиг чанга чанга ярив. Энэ үед эсгий үүд нь сөхөгдөн айлын авгай Ханд орж ирлээ. -За та хоёр чинь чанга чанга яриад бүүр хууч хөөрөөд эхэлчихсэн үү. Манай нялх дажгүй юу. Өглөөнөөс хойш орж ирэхсэн гэж бодоод одоо л нэг зав гарлаа гэж ярьсаар эмгэний модон орны хөл дээр суулаа. Өөжин эмгэн, – Хандаа хө, Чи минь Зоригт хүүгээ Шагж ламынх руу давхиулана байгаа. Хөгшин би энэ нялхтайгаа орооцолдоод гэрээс гарч чаддаггүй. Охинд минь нэр хайрла гэж гуйхсан гэхэд Ханд, -Тэгэлгүй яахав дээ Өөжин эмээ минь би бас энэ тухай бодоод л байсан юм. Одоохон Зоригтыг мордуулъя. Энүүхэн гүвээ даваад очоод ирэх юм чинь юу байхав гэлээ. Өөжин эмгэн хөөрцөглөн сандарч муу бор авдараа уудлан самбай хадаг, нэг булан шар цай гаргаж ирээд -За охин минь үүнийг багш ламд өргөөд, нэр гуйлгаад ир. Хөгшин намайг өөрөө очиж чадаагүйг минь өршөө гээд, хичээнгүйлэн гуйж байна гэдгийг минь дамжуулаарай гэлээ. Ийнхүү бяцхан охин тэр оройноо л Дарь хэмээх сайхан нэртэй болжээ. Охиноо нэр авсаны баяр болгон

Өөжин эмгэн маргааш нь хот айлынхандаа ааруул хурууд, бяцхан мөсөн чихэрийг хүн болгонд хувь болгон тарааж хэрхэндээ хөөр хөгжөөн болцгоов. Үүнээс хэдэн сарын дараа зуны эхэн сард охин нь нэг ой хүрч, дөнгөж хөлд орж буй Дарь охин тэр хот айлын хүний тоог нэгээр нэмэн, Өөжин эмгэний утаат бор гэрт ахиад л охин үрийн зөөлөн дуу шулагнах болов. Нар хур тэгш, зуншлага сайтай жилийн сайхан өнгийг харуулсан их уст голын хөндийгөөр адуу мал багшран, саахалт айлуудын гэр мөөгөн толгой шиг цайран бөмбийж, бороонд угаагдсан сайрын чулуу бөртийх ч тоосгүй гялалзсан сайхан зун болж байлаа. Эрээн цэцэг алгалсан, хивс шиг зөөлөн торгон ногоон нугын зүлгэн дээр хазаарыг нь амгайвчилсан өндөр хээр морь сүүлээ шарван зогсож, шүүслэг ногоог шир ширхийлгэн амтархан хазлана. Мориныхоо цулбуурыг өвдгөн завсраа хавчуулан, зүлгэн дээр завилан суугаад, гартаа нэг нүдний сунадаг дуран тааруулан барьж ямар нэгэн

зүйлийг ширтэн байгаа хар хүн дурангаа тавиад түрийнээсээ гаансаа сугалан тамхилаж эхлэв. Тамхиа амтархан сорох бүр навтгардуу хамрынх нь өргөн самсаанаас үе үе утаа савсана. Тамхилж дуусаад зүлгэн дээр дээш харан хэвтлээ. “Их том болжээ. Эхийнхээ хөхийг ч амлаж чадаагүй тэр улаан цурав амьтныг ингээд хүн болчихно гэж хэн санахав дээ. Ёстой л хүн болох хувьтай хүүхэд байжээ. Тэгэхэд энхрийлэн хайрлаж, хиртэй гар хүргэж, тоостой газар тавихгүй байхад л зулайгаа гишгэн төрсөн хоёр хүүхэд маань хоёулаа л ойндоо

ч хүрч чадалгүй эндчихлээ. За байж очих уу болих уу. Өөжин эмгэн үнс цацаад хөөх биз. Тэглээ гээд яах билээ. Аргагүй л миний үйл лай. Би эх, эцгээ буруутгахын арга байхгүй. Намайг сайн сайхан яваасай, эртнээс улбаатай нэртэй зүстэй удмын хэлхээг таслахгүй гэсэндээ л тийм юм хийхэд хүрсэн байх. Цэсэнгээс хойш авсан эхнэр маань надад халамжтай, би ч түүндээ хайртай. Даанч хүүхэд тогтохгүй юм” гэж бодсон Дарам шийдэмгий бослоо……..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…