Нүүр Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “9-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “9-р хэсэг”

24 секунд уншина
0
0
1,085

Очмаа гэрлүүгээ харьж явлаа. “Би Жагарыг өнгөрсөн хугацаанд их зовлон үзжээ гэж бодоод өрөвдөж явлаа. Гэтэл тэр хүн огт өөрчлөгдөөгүй байжээ” хэмээн бодсоор явав. Орой гэрт нь зуслангийн

сахиул залуу орж ирлээ. Сахиул, -Би хэд хоногийн өмнө орой танай гадаа хүн зогсож байхыг харсан юм л даа. Тэгээд ажиглаад байтал яваад өгсөн юм. Тэгтэл ээжийн минь бие муу гэж би дуудагдаж яваад

өнөөдөр ирлээ. Тэгээд нөгөө явдал санагдаад танайд ирлээ л дээ гэв. Тэнгис, -Тэр чинь, айл эрж явсан хүн юм болов уу гэхэд сахиул, -Харин ээ хө. Би түрүүн ирээд хашаа, байшингийн чинь эргэн тойрноор явж

үзлээ. Нэг нилээд хэд хоносон байрын сэжигтэй мөр харлаа даа. Бараг арилах дөхөж. Хашаа тойроод л яваад байсан байна. Хашаанд чинь орж ирж. Хайрга ихтэй болохоор хашаан дотор мөр харж болохгүй

байна гэхэд Очмаа, Тэнгис, Энэрэл гурав сэртэсхийн, -Яанаа ямар сонин юм бэ. Манайхнаас хашаа тойрч явсан хүн байхгүй биз дээ. Юун мөр байдаг билээ. Тэр хүн бас юун хүн болоо гэцгээн шуугилдав.

Тэгтэл сахиул, -Та нар хяналтын камераа шалгаж үзсэн үү гэхэд, -Үгүй, үгүй гэцгээн бужигнав. Сахиул толгой сэгсрэн, -Та нар мөн гэнэн улс юм аа. Бэлэн камер ажиллаж байхад нэг удаа шалгаад үзчихгүй гэв. Тэнгис бичлэгээ шалгасаар. Дэлгэц дээр дүрс жирэлзэн урсаж, өдөр шөнө ээлжлэн, нэг харанхуй, нэг гэрэлтэй болж онц сонирохмоор зүйлгүй нэгэн хэвийн байдал л харагдаж байв. Онц юм харагдахгүй байсанд харж зогсож байсан Очмаа, Энэрэл хоёрын сонирхол буураад, -Болъё, болъё уйтгартай юм. Явж унтацгаая гэцгээсээр эргэв. Тэгтэл сахиул, -Хүүе байзаарай энэ юу вэ хэмээн хашгирав. Тэд эргэн гүйлдэж очив. Харанхуйд нэг хүн хашааных нь гадаа байшин руу нь хараад

зогсож байгаа нь шөнийн дуранд тов тод сааралтан харагдаж байв. Тэнгисийг тойрч зогсогсод энд, тэнд дуу алдан, -Энэ хэн бэ ямар аймаар юм бэ гэх Энэрэлийн дуу сонсогдов. Тэд бичлэгийг үргэлжлүүлэн үзлээ. Шөнө цонх руу нь хараад зогсож байсан хүн өглөө эрт гэрт нь ороод гарахыг харцгаав. Гартаа Очмаагийн нөгөө алга болсон хар цүнхийг бариад байшингийн булан ороон хашаа даваад мод руу гүйж байв. Бүгд айсандаа амьсгаа даран хөшчихжээ. Тэгтэл нам гүмийг эвдэн, -Ёооё ямар аймаар юм бэ. Энэ юун хүн бэ. Яг аймшгийн кино шиг гэхэд бүгдийнх нь нуруу арзалзан хүйт даав. Энэрэл, -Бид нар тэр цүнхийг Жагар гуайг авчихлаа л гэж бодоод байсан. Өөр хүн авсан байна шүү дээ гэхэд Тэнгис, -Өглөө цагдаа дуудаж шалгуулсан нь дээр байхаа. Цаашдын аюулгүй байдлаа бодсон ч гэсэн. Тийм үү гэхэд бүгд дэмжиж, тэд унтахаар явцгаалаа. Тэр шөнө тэднийхэн нэг л эвгүйцэн айж хоноцгоов. Цэнгэл нэг мэдэхэд таг бүдэг харанхуй газар сэргэв. Өндийн хартал траншейнд хэвтэж байв. Өмхий үнэртсэн бүгчим газарт эргэн тойронд нь хүмүүс гулдайн хэвтжээ. Эхлээд архи нь сайн гараагүй нүдэнд нь үхсэн хүмүүс шиг харагдсан тул цочсондоо ухасхийн толгойгоороо төмөр хоолой янхийтэл мөргөчихөөд ёолон тонгойв. Тэгтэл, -Ямар мал нь унтуулахгүй гиншээд байна аа гэх дуу гарав. Тэр хэзээ энэ газар орж ирснээ

санасангүй. Тэгээд эндээс гаръя гэж бодоод босох гэтэл, -Хайраа хаачих нь вэ гэх дультраа дуу сонсогдоод нэг сарвайсан гар түүнийг хүзүүдэн чангаав. Тэгтэл Цэнгэл сайтар харвал нэг сэгсийсэн хар хүүхэн мээсийтэл инээн, нүцгэн биен дээгүүрээ нөмөрсөн зүйлээ нэг гараараа сөхөн түүнийг өвөртөө оруулахаар чангааж байв. Цэнгэл, хүн л юм болохоор ой нь гутан “түй” хэмээн нулимаад цааш нь түлхтэл өнөөх нь улам зүтгэн дайрвал нүүр лүү нь дэлсчихэв. Нөгөө хүүхэн нүүрээ дараад орилон чарлаж, бүх хүмүүсийг сэрээж орхив. Ингээд л Цэнгэл траншейнээс хөөгдөн гарлаа. Гадаа үүр цайжээ. Тэгээд гэр лүүгээ явахаар алхлаа. Халаасандаа сохор зоосгүй хүн яах вэ дээ. Гүрдийтлээ алхаад байлаа. Хэд хоног тасралтгүй уусан архиндаа дотор нь муухай болон огиудас хүрч байн байн зогсож, суун амарсаар гэр лүүгээ нилээн дөхөв. Тэгж явтал хажуугаар нь өнгөрч явсан Цагдаагийн

машин эргэн ирэхийг тэр анзаарсангүй. Гэнэт мөрнөөс нь нэг гар бариад авахад нь, -Яаж байнаа гээд эргэтэл нөгөө хүн яах ийхийн зуургүй Цэнгэлийн гарыг нь мушгиад машины арын суудал руу чихчихэв. Нэг түнш байгууллагаараа орчихоод гарч явсан Очмааг хэн нэгэн нь нэрээр нь дуудах сонсогдоход нь эргээд харахад харуулын эрээн хувцас өмссөн Жагар зогсож байв. “Тэнгис, тэр өдөр Жагарыг хот руу оруулж өгөөд ирэхдээ би аавыг ажилд оруулаад, байр олж өгчихөөд ирлээ гэж ярьж байсан. Энд оруулжээ дээ” гэж бодлоо. Тэр хоёр юм ярих гэхэд нэг л эвлэж өгөхгүй байсанд Очмаа явахаар эргэтэл Жагар, -Очмаа, та хэд сайн уу. Би хүүхдүүдээ их санадаг болоод байна аа гэхэд Очмаа, -Сайн байгаа гэв. Жагар, -Чи миний ажлын байраар ороод гарахгүй юу. Умгар л даа гэхдээ цэвэрхэн хэмээн

бувтнав. Очмаа түр бодолхийлээд, -Тэгье л дээ гэлээ. Жагарын харуулын байр хааш хаашаа бараг алдхан гэмээр жижигхэн хэмжээтэй боловч дотроо овоо цэвэрхэн тохилог ажээ. Жагар, Очмааг орж ирсэнд нь баярлан суулгах газраа олж ядав. Очмаа, -Зүгээр ээ энд суучихъя гээд бяцхан ширээний хажуу дахь сандал дээр суулаа. Жагар түүнд цай аягалан өгөв. Тэгтэл Жагар, -Би уг нь тэр Цэнгэлийг намайг олоод очсоныг мэдсэн л дээ. Харин Тэнгис та хоёрт хэлж чадаагүй юм аа. Тэгээд бушуухан явъя. Тэгэхгүй бол надаас болж та нарт муу юм болох вий дээ гэж айж байсан юм. Тэгээд л явсан гээд цааш ярих гэтэл Очмаа, -Би бүгдийг мэдсээн Жагараа. Тэнгис надад чиний тухай бүгдийг ярьсан гэлээ. Тэгээд ч би тэр Цэнгэл гэж хүнд гомдолгүй гэж цагдаад хэлсэн. Ахиад тэгж бидэнд төвөг удахгүй байлгүй дээ гэхэд

Жагар, -Чи Цэцэгээг мэднэ дээ. Мэднэ ч гэж дээ. Чамтай очиж уулзсан гэсэн. Чи Цэцэгээд битгий муу юм бодоорой. Бас л зовсон хүн гээд дуугүй болов. Очмаа, -Яалаа гэж дээ Жагар минь би ойлгож байна. Тэр бас л эмэгтэй хүн. Хажуудах эр нөхөр нь орхиод явах ямар байдгийг би мэднээ. Гэхдээ ахиж ийм бараан дурсамж яримааргүй байна гээд дуугүй болов. Жагар, халааснаасаа нэгэн зүйлийг гаргаад Очмаагийн зүг сарвайлаа. Очмаа гайхан нүд нь томроод, -Үгүй энэ чинь юу вэ гэж дуу алдав. Хүүгийнх нь нялхдаа өмсдөг байсан бяцхан бойтог, зэс хонх зүүлттэй тэр чигээрээ Жагарын алган дээр байж байлаа. Очмаа бойтогийг аваад нүүрэндээ наахад хүүгийнх нь нялхын үнэр анхилах шиг болов. Уяран мэлтгэнэсэн Очмаа, -Жагар минь чи үүнийг хаанаас

гаргаад ирэвээ. Би алга болгосон гэж бодоод их харамсдаг байж билээ гэхэд Жагар, -Би та хоёрыг орхиод явахдаа үүнийг авчихсан юм. Эхлээд нэг их юм бодоогүй. Гэхдээ надад хожим юугаар ч сольшгүй ганц нандин эрдэнэ минь болсон доо. Тэгээд л энэ олон жил би үүнийг хүүгээ санахаараа гаргаж харж явлаа гээд Очмаагийн гарыг бойтогны хамт зориг муутайхан атгаад өөрийн мэдэлгүй духан дээр нь үнсчихэв. Очмаа түүний өөдөөс гайхан хараад бушуухан гараад явчихлаа. Жагарын өрөөнөөс Очмааг гарч явааг хараад буланд зогсож байсан Цэцэгээ авгай “Тэгнэ байхаа та муу хоёр. Миний хүү энэ хоёроос болж шоронд орох шахлаа. Чамд би үзүүлээд өгнөө” гээд Жагартай уулзахаар шогшив. Очмааг гараад явсны дараа яахаа мэдэхгүй нэг хэсэг гөлрөн суусан Жагар ажилтайгаа санан босохоор

өндийв. Саяхан гарт нь атгаастай байсан Очмаагийн жижигхэн гарын бүлээн илч алганд нь халуу оргиулж, өрөөгөөр нь нэг анхилам сайхан үнэр сүрчиглэнэ. Жагарын сэтгэл дотор дарсан байсан бул хар чулуу тэр сайхан бүлээн илчинд хайлан алга болчих шиг санагдаж, сэтгэлд нь гэрэл гийх шиг болов. Жагар амьдралдаа олон бүсгүйн гар барьж үзсэн. Гэхдээ халуун залуу насных нь хань, ганц үрийнх нь эх Очмаагийн гар шиг ийм дотно, сэтгэл цалгиулсан гарыг өмнө нь барьж үзээгүй шиг санагдана. Баярласандаа залуу хүү шиг дэвхцэн гүйж, өрөөгөөр нэг хашгирмаар санагдав. Үнэндээ Жагар Очмаад л жинхэнэ халуун янагийн сэтгэлээ өгснөө салсныхаа дараа дампуурч явахдаа ойлгосон билээ. Тэр Очмаагаас салаад нэг хүүхэнтэй суусан нэртэй байсан боловч удалгүй бас л салаад нэг хэсэг ээж, аавындаа амьдарч байжээ. Тэгээд эхнэр, хүүхэд дээрээ эргэж очмоор санагдан явах гэтэл ар гэрийнхэн нь “Чи нэгэнт салж сарничихаад одоо явах гээд байхдаа яадаг юм бэ. Тэр хүүхэн чинь чиний араас ирэхгүй байхыг бодоход өдийд нэг юмтай болоо биз. Тэгээд ч чи эргэж очоод таарах ч үгүй. Чам шиг сайхан залууд эхнэр олдохгүй гэж юу байсан юм. Нэг гайгүй хүүхэн олоод бушуу суу. Бас нэг гуяа ганзагласан хоосон юмтай суучихав. Ажилтай төрөлтэй, байр оронтой хүүхэн олдоно биз” гэцгээжээ. Тэгж ярихдаа тэд ганц хүүг нь юман чинээнд

тоосонгүй. Тэгээд Жагар нээрэн тийм ч юмуу гэж бодоод больчихжээ. Гэвч бас л тэссэнгүй хэдэн жилийн дараа Очмаа дээр буцаад оччих санаатай битүү сураг ажиг тавьсан боловч Очмааг олсонгүй. Очмаа хүүхэдээ дагуулаад хот руу нүүчихсэн байв. Ингээд л өнгөрч. Тэр, өөрийнхөө мунхагаар эхнэр хүүхдээсээ салж явахад нь бүр нэрмээс болоод дордуулчихсан гэр бүлийнхэндээ гомдлоо гээд яахав дээ. Сүүлдээ эцэг, эх нь нас бараад, ах дүү нар нь тус тусдаа амьдралтай болоод түүнийг зөнд нь хаяжээ. Анх таарахгүй бол сал, сал гэж байсан хүмүүс яг амьдралгүй болоод завхраад ирэхээр нь түлхчихсэнд гомдсон Жагар ах дүү нар дээрээ очихоо ч больжээ. Гэнэт өрөөнийх нь хаалга онгойход Очмааг буцаад ороод ирж байгаа юм болов уу гэж бодоод горьдон харахад Цэцэгээ зогсож байв. Жагар мэл гайхлаа. Гудамжнаас ухаангүй олдоод эмнэлэгт хүргүүлсэнээсээ хойш Цэцэгээтэй уулзаагүй уджээ. Цэцэгээ, -Жагар минь гээд түүнийг тэврэн авах гэхэд Жагар гарыг нь түлхэн холдов. Цэцэгээ хорссон нүдээр цэхийвч худлаа инээн, -Чамд их санаа зовж байлаа. Хэл сураггүй алга болчих юм. Бие чинь сайн уу гэлээ. Жагар, -Бие сайн. Чи өөрөө сайн биз дээ гэлээ. Цэцэгээ доош тонгойн учиргүй хэнгэнэн уйлснаа, -Би чиний араас санаа зовж суугааг мэдэхгүй таг алга болсон доо чи. Гэртээ эргээд очих юм байгаа биз дээ гэхэд Жагар, -Миний хойноос ямархуу байдалтай санаа зовсоныг чинь би мэднээ. Гэхдээ одоо энэ

талаар яриад яах вэ. Би эргэж очихгүй. Чи амьдралаа бод гэв. Гэнэт Цэцэгээ, сая уйлж суусан хүн мөн үү гэмээр нүүр нь хувирч үс нь сэгсийн, нүд нь галзуу хүнийх шиг аймаар эргэлдэн ухасхийн босч ирээд, -Чи муу, баян хүүхний хормой эргүүлээд намайг хаяна гэнээ. Тэгээд бас ажилтай, байртай их болчихсон байх шив дээ чи. Тэгнэ байхаа. Чам шиг муу юмыг тэр хүүхэн чинь тоохгүй за. Чи муу надаар тогловол яадгийг чамд үзүүлнээ гээд хашхиран дайрав. Жагарын нүүр нүдийг самардан урах гэж балцгар хуруунуудаа арвайлган, нүүрээ мэнчийлгэн орилон байв. Жагар, -Цэцэгээ тайвшир, энэ чинь албан газар. Чи ингэж болохгүй. Дараа нь хоёулаа яръя гэхэд Цэцэгээ, -Яадаг юм. Сонсох дуртай нь сонсож л байг. Чи муу намайг хаячихаад ичих ч

үгүй, бас тэгээд гангалчихаад энд баян хүүхэнтэй маасагнаж сууна гэнээ. Нүдний булайг чинь дэлгээд өгнөө. Ингээд баяжаарай чи. Ингээд баян хүүхэнтэйгээ суугаарай чи гээд хашхиран цамнаж байснаа муу жижиг өрөөнийх нь цонхыг яйртал хага цохичихов. Энэ чимээнээр хүмүүс гүйлдэн ирлээ. Галзуурсан заан шиг тонгочих Цэцэгээ авгайг хоёр залуу чирэн авч гарлаа. Жагар гэнэт зүрхээр нь ёгхийтэл хатгахыг мэдрээд толгой нь эргэхэд найгалзан ширээ түшин тонгойв………

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *