Home Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “7-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “7-р хэсэг”

30 second read
0
2
2,015

Тэгтэл хаалганы хажуу талын намхан шүүгээн дээр тавьсан ваартай цэцэгний хажууд эмэгтэй хүний гялгар хар өнгийн гар цүнх байгаа нь нүдэнд нь туслаа. Цэнгэл цүнхийг аваад амыг нь нээн харвал

түрийвч, гар утас харагдав. Гэнэт толгойд нь “Үүнийг нь аваад арилаад өгье. Дараа та нартай тооцоо бодноо” хэмээх бодол харван оров. Тэгээд сэмхэн эргээд гарч, хашаа даван гүйсээр нилээд холдоод

модны ёроолд суун олзоо задаллаа. “Бурхан минь юу вэ” хэмээн Цэнгэл баярласандаа хашгирч түрийвчийг шов хийтэл үнсээд авав. Амыг нь нээсэн түрийвч дотор доллар, төгрөгийн хэдэн том том

дэвсгэртүүд банкны картын хамт багсайн харагдаж байв. Цэнгэл өмнө нь доллар гэдэг энэ мөнгийг гартаа барьж үзэх нь байтугай барааг нь ойроос харж үзээгүй байв. Баярласандаа салгалсан гараараа долларын

дэвсгэртийг барьж нүдэндээ ойртуулан үзэж, эргүүлж тойруулан харав. Цэнгэл амьдралдаа хэзээ ч ийм их мөнгөтэй байж үзсэнгүй. Дээрээс нь цүнхэн дотор байсан жижигхэн хөөрхөн хэтэвчин дотор

шигтгээ нь нүд гялбуулан цацарсан бөгж, хос ээмэг, бас бусын зүйлүүд байлаа. Баярласандаа багтрах шахсан Цэнгэл хүн харчих вий хэмээн сандарч, олзоо хамж аваад гүйн одлоо. Өглөөний сайхан цэнгэг агаарт ханаталаа гүйж, биеийн чилээ гарган сэргэсэн Тэнгис гүйсээр гэр лүүгээ орж ирлээ. Энэрэл босчихсон өглөөний цайгаа бэлдэж байв. Бүгд цай уухаар ширээ тойрон суусны дараа Очмаа, -Жагар явъя гэнээ гэхэд Тэнгис, Энэрэл хоёр асуусан харцаар ширтэв. Тэнгис, -Өө тийм үү гээд дуугүй болов. Жагар, -Тийм ээ би юмаа бэлдсэн. Та нарт их баярлалаа. Бие ч гайгүй боллоо. Их баярлалаа гээд дуугүй болон тонгойн сууж байв. Тэнгисийн хоёр хүүхэд сортосхийн, -Өө өвөө явах гэж байгаа юм уу. Та битгий яв л даа. Өвөөтэйгээ баймаар байна хэмээн шуугилдан Жагарыг тойрон гүйлдэв. Жагар явах боллоо.

Жижиг цүнхтэй хувцасаа барин Тэнгисийг даган гарлаа. Түүнийг үдэн гаргахаар гадаа довжоон дээр гарч зогссон бэр, ач нараа үнсээд Очмаагийн өмнө очиж зогслоо. Үг хэлэх гээд, -Баярлалаа Очмаа минь гэхээс өөрөөр дуугарч чадсангүй эргэв. Тэнгисийн машины арын суудалд орж суусан Жагарыг эргэн харахад тэд довжоон дээрээ зогссон хэвээр хоёр ач нь гар даллах нь харагдав. Жагарын цээжин дотор нэг юм уначих шиг л санагдан хов хоосон оргиод явчихав. Гэртээ эргэж орсон Очмаа буйдан дээрээ суулаа. Олоон жилийн өмнө Жагар түүнийг орхиод явсан үе санагдахад мартах гэж бушуухан босоод Энэрэлд туслан аяга тавгаа угааж эхэллээ. Нэг, хоёр хоног гэртээ үзэгдээгүй алга болсон Цэнгэл нэг л их баяртай, сэтгэл хангалуун хүн гэртээ орж иржээ. -Чи зөв харсан юм байгаа биз дээ хэмээн чарлан асуух Цэцэгээгийн өөдөөс харан суух Цэнгэл, -За ээж гуай, байтлаа намайг сохор, дүлий гэж хэлэх гээд байна уу. Харах харахдаа энэ муу хоёр цийлгэрээрээ харж, энэ хоёр дэлдэнгээрээ сонслоо гэхэд Цэцэгээ, -Хачин юм даа. Хуучин эхнэр, хүүхдээ олоод уулзсан байж дээ. Анх надтай танилцаж байхдаа эрүүл, согтуудаа уйлаад яриад байдаг байсан хүү нь тэр байх нь. Үгүй ер, тэр муу Жагар тэгж байгаад их эд байх нээ. Яаж яваад олоод уулзчихсан юм бол гэхэд нь Цэнгэл, -Яах юу

байдаг юм. Хэвтэж байсан эмнэлгийнх нь эмч тэр хуучин эхнэрийнх нь бэр гэнээ базарваань. Тэгээд л уулзчихгүй юу гэв. Цэцгээ, -Ёстой муу өгөр хогийг би ална даа. Тэр муу хуучин эхнэр, хүүхэд рүүгээ гүйнэ гэнээ. Цэцэгээ хүүхнийг тийм ч амар чадахгүй байх шүү тэд гээд балцгар гараа зангидан сууснаа, -Одоо яах вэ гэв. Цэнгэл, -Би яаж мэддэг юм. Тэр мууг чинь би олоод өглөө. Өнөөдөртөө тэрний чинь талаар бодох чадал алга гээд гарахдаа Цэцэгээгийн өмнөх ширээн дээр хорин мянган төгрөг чулуудчихаад одов. Цэцэгээ баярлан шүүрч авсан боловч, -Юу вэ. Чи энэ мөнгийг хаанаас олов гэж хашгирсаар үлдэв. Халаасандаа их мөнгөтэй Цэнгэлд хорвоог тэр чигээр нь атгачихсан шиг санагдана. Замын хажууд гар өргөн зогсоход нь түүнийг авах машин алгаа. “Түй муу мөнгөнд дургүй новшнууд. Цэнгэл хүүг мэдэхгүй л байна даа та нар. Хохь нь” хэмээн бодож зогсоход нэг “нар нар” хийсэн дуутай, навсгар хар машин хажууд нь шороо бужигнуулан зогсов. Машины цонхоор урт ургасан сэгсгэр хар үстэй, эрүү малгай духдуулсан сахалтай хар хүн толгойгоо цухуйлган, -За дүү хаашаа явах вэ хэмээн асуув. Цэнгэл, -Хаашаа ч явсан яах вэ гээд машинд ихэмсэгээр суулаа. Тэд давхисаар түм түжигнэж, бум бужиганасан захын гадаа ирж зогслоо. Цэнгэл, -Хэдэн төгрөг болов хэмээн асуухад жолооч, -Таван мянган төгрөг гэхэд нь Цэнгэл

жолоочийн өөдөөс мөнгө гарган чулуудаад, -Май баярлаж амьдраарай гэж хэлээд эргэхэд нь жолооч, -Өө муу яадаг хулгайч вэ гэхэд нь Цэнгэл, -Юу гэнээ гэж эргээд машины цонхоор гялсхийтэл гараа оруулаад жолоочийн шанаа руу нь дэлсчихэв. Тэгтэл жолооч хаалгаа өшиглөн гарч ирээд Цэнгэлтэй зууралдан зодолдлоо. Хэр баргийн хүнийг зодчихдог Цэнгэл тэр хүнийг дийлэх янз алга. Нармай руугаа дэлсүүлсэн Цэнгэл сүүлдээ гараа өргөн, -Болъё ахаа болъё гээд холдон зогсов. Нөгөө хүн нүүрэнд нь тулж ирээд, -Муу чацархай минь хэрээ мэдэхгүй байж битгий хүнд томорч бай гээд машиндаа суун давхиж одлоо. Зодуулсан Цэнгэлийг хүмүүс гайхан харна. Цэнгэл, -Юугаа хараад байгаа новшнууд вэ. Зайлцгаа хэмээн хашгираад гуйван холдов. Тэнгис гэртээ эргэж ирэхэд ээж, эхнэр хоёр нь сандарчихсан сууж байлаа. -Юу болоо вэ хэмээн асуухад нь Энэрэл, -Ээжийн нөгөө жижиг хар цүнх нь алга болчихжээ. Яанаа хэмээн хариулав. Тэнгис гайхан, -Та нар сайн хайсан юм байгаа биз дээ. Гэрт энд, тэнд тавьчихаад олохгүй байна уу гэхэд нь Энэрэл, -Сайн хайсан. Хаана ч алга гэв. Тэнгис, -Дотор нь юу байсан юм бэ гэхэд Очмаа, -Үгүй юу л даа. Дотор нь түрийвч, ээмэг, бөгж, мөнгөний картууд гээд ойрын зуурын юмнууд байсан юм аа. Тэр мөнгө энэ тэр яах вэ. Түрийвчин дотор ээж, аавын минь нандин зураг байсан юм. Тэр л хайран байна

гэв. Тэнгис, -Хэн авдаг билээ гэснээ нэгийг санасан байртай ээж, эхнэр хоёр луугаа асуусан байртай ширтэхэд, Энэрэл, -Арай тэгмээргүй юм аа гээд дуугүй болов. Тэнгис, -Ямар сонин юм бэ. Би уг нь….. гээд үгээ гүйцээлгүй мөн л дуугүй болов. Очмаа юу ч хэлсэнгүй. Цэцэгээ авгай аахилан алхсаар найз хүүхэн Алтаагийндаа ирлээ. Ажлаа тараад дөнгөж орж ирээд байсан Алтаа түүнийг хараад, -Хүүе ээ, ямар сонин хүүхэн бэ. Ойрд уулзсангүй. За миний найз ямар хэргээр явна хэмээн асуув. Аягатай хар цай оочлон ууж суусан Цэцэгээ, -Алтаа минь сонин юм болоод байна. Чи нөгөө манай тэнэг харыг мэднэ дээ гэхэд Алтаа тас тасхийн инээж, -Танай тэр хар юмыг мэдэхгүй хэн байдаг юм. Энэ хавийн нохой нь ч андахгүй байх гэснээ. Нээрээ бие нь гайгүй юу. Та хэд чинь нэг хэрэг төвөгт ороод байгаа дуулдсан гэхэд Цэцэгээ, -Хн. Тэр чинь гайгүй байтугай Цэнгэл бид хоёрыг хэрэгт хийх шахчихаад одоо хуучин эхнэр, хүүхэд дээрээ очоод хэвтчихэж хэмээв. Алтаагийн нүд нь томрон, -Пөөх, жинхэнэ сонин гэдэг чинь энэ байна даа. Тэгээд үхээгүйгээр барахгүй чамайг минь хаяад өөр эхнэртэй гээд цааш үргэлжлүүлэх гэхэд нь цухалдсан Цэцэгээ үгийг нь тас дайран, -За яршиг даа. Би одоо тэр мууд яг хаягдаж харагдаач гэв. Алтаа, -Ингэхэд чи энэ тухай яаж мэдээ вэ гэхэд нь Цэцэгээ, -Манай Цэнгэл хаа очиж намайг дууриасан овсгоотой юм. Тэгээд л мэдээд ирэхгүй юу. За тэр яаж мэдсэн нь яах вэ. Тэр эхнэр, хүүхэд нь тамтаггүй баян амьтад юм байхаа гэхэд нь Алтаа, -Тийм байхаа. Жагар энэ олон жил болоход

яавч чиний хормойноос салахгүй шинжтэй, Цэнгэл та хоёрын харцаар хөдлөсөн унхиагүй хар юм байсан хүн. Тийм баян эхнэр, хүүхдээ олчихоод л чамайг хаяад алга болсон байна шүү дээ гэхэд багтарталаа уурласан Цэцэгээ, -Чи яагаад намайг тавлаад байгаа юм бэ. Би ядуудаа яачихаа вэ хэмээн хацраа бүлхэлзүүлэн амьсгаадав. Алтаа, -За, за миний найз тайвшир. Гэхдээ Цэнгэл та хоёр Жагарыг арай хэтрүүлж байсан шүү. Надад даанч тийм хар юм заяасангүй. Хөгширсөн хойноо өөрийгөө тэжээх гээд шал угааж явна. Залуудаа ч шал угаах байтугай хиртэй гар хүргэмгүй өндгөн цагаан хүүхэн муусайн эрчүүдийг өмнөө сөхрүүлж, алийг нь алдуулж явлаа хэмээн яриад шанхны үсээ илбэн санаа алдав. Тэгтэл Цэцэгээ, -За чи бид хоёр

ингэх яах вэ. Ямар бие биенийгээ мэдэхгүй биш гээд. Жагарыг яаж тэр муу хүүхнээс нь салгаж авчирах вэ. Найз нь одоо хөгширөөд юун ажил хийх вэ. Насаараа хийж үзээгүй юм чинь. Жагар байхдаа хоол, ундаар тасалдаггүй байсан. Одоо би өнгөрөөд байна. Цэнгэл намайг тэжээх нь байтугай өөрөө надаар тэжээлгэдэг хүн. Залуу цагтсан бол энэ муу харчууд өөрсдөө гүйлдэж ирээд л аль байдгаа барьдаг байсан. Одоо над руу ирдэг ганц нэг хар юм нь үмхийн төдий идэх юм, муу хогийн “найрка”-наас өөр юм авчирах чадалгүй гуйлагчингууд байх юм. Зарим нь бүр үнэ хөлсгүй жаргах санаатай. Би ч уг нь залуудаа

сурсан ганц эрдэм, чадлаа одоо ч алдаагүй л дээ гэхэд Алтаа, -Би чамд тусалъя. Гэхдээ чи найзыгаа шагнах юм байгаа биз дээ. Чи бид хоёр залуудаа энэ зэргийн салж, сарниад удсан хүмүүсийг байтугай, эвийн цавуугаар наасан юм шиг хүмүүсийг хүртэл бужигнуулаад янз бүр л болгодог байсан биз дээ гээд хи хи хэмээн инээхэд Цэцэгээгийн нүүр туяаран Алтаа руу дөхөн суулаа………..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…