Нүүр Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “5-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “5-р хэсэг”

22 секунд уншина
0
0
1,082

Хүүхдүүд пижигнэн гүйлдэх чимээнээр Цэнгэл сэрлээ. “Сайхан унтаж байхад сэрээчих юм аа” хэмээн ундууцан бодоод толгой дээгүүрээ хөнжил нөмрөн хэвтсэн боловч эргээд унтах янз алгаа. -Ээжээ, ээжээ

би цай уумаар байна гэх дуунаар, -Одоохон охин минь, ээж нь одоохон цайгаа чаналаа гэх сонсогдоно. Ахиад, л -Ээжээ би бие засмаар байна. -Зурагтаа асаагаад хүүхэлдэйгээ үзэх юм сан гэх зэрэг хүүхдүүдийн

тасралтгүй шулагнаан сонсогдон нойр нь бүр сэргэчихэв. Нойроо харамлан унтууцсан Цэнгэл, -Хөөе Туяа, наад хүүхдүүдээ дуугай болгооч. Яасан их чимээтэй юм бэ. Хар үүрээр босоод л орилолдчих юм

гэхэд, Туяа, -Миний хүүхдүүд чимээгүй. Цэнгэл ахыгаа унтуулахгүй байна. Цайгаа уучихаад эмээ, өвөөгийнх рүүгээ ор за юу гэх сонсогдоод, орны өмнүүр унжуулсан хөшгийг сөхөн Туяа түүний

дээрээс тонгойн уруул дээр нь шовхийтэл үнсэв. -Хайраа, сайхан амарсан уу. Би цай чаначихлаа. Босоод цай уу. Тэгээд хайр нь хоёр хүүхдээ аав, ээжийнд оруулж орхичихоод ажилдаа явлаа.Миний хайр

жоохон унтаж байгаад явахгүй юу даа гэв. Цэнгэл хөнжлөөс үсэрхэг цээжээ гарган суниагаад, -За, за бослоо. Хүнгүй гэрт би юу хийж байдаг юм. Явлаа. Чамтай нэг сайхан байя гэж бодоод ирэхээр чиний хоёр хүүхэд тайван унтуулахгүй юм аа. Намайг ирэхээр наад хоёр хүүхдээ аав, ээждээ оруулаад өгчихөд яадаг юм. Жаргах замын садаа зүгээр. Дараа ахиж ирэхгүй ээ. Хүүхдийн цэцэрлэгт хүүхэн тэврээд хэвтэж байгаа юм шиг шаналгаатай юм гэхэд, Туяа, -Миний хайр битгий уурлал даа. Энэ хоёр маань нялх юмны учир ойлгохгүй шүү дээ гэхэд, -Мөн ойлгохгүй байж харагдана даа. Би эд нар шиг дөрвөн настай байхдаа. Орчлонгийн бүх юмны учрыг олчихсон байсан юм мэдэв үү гээд наг наг хийн инээмэр аядав. Инээхэд нь овоо

тайвширсан Туяа, -За би хоёр хүүхдээ аавынд оруулж өгчихөөд ирье хэмээн гарлаа. Цэнгэл, Туяаг орж ирэхэд орноос сугараагүй л байв. -Наашаа хүрээд ир хэмээн Туяаг дуудахад нь, -Хайраа би ажлаасаа хоцорлоо. Орой болъё тэгэх үү гэхэд, -За, за боль чи. Тэгээд л нэг их сайд, дарга хийдэг хүн аятай. Хар өглөөгүүр ажил, ажил гээд л гүйгээд байдаг юм. Нэг муу цайны газрын угаагч байж. Ер нь гарчихаач тэр ажлаасаа. Чамайг ингээд байвал би тэр чигээрээ алга болоод өгнө шүү гэхэд, Туяа, -Хайраа битгий уурлалдаа гээд ойртон ирлээ. Цэцэгээ авгай шүүгээ саваа онгичин, сав суулгаа нааш цааш шидлэн сууж байв. Цэнгэл орж ирээд, -Идэх юм байна уу гэхэд, Цэцэгээ, -Юу байдаг юм. Өчигдөр хийсэн хоолны үлдэгдэлийг өнөө өглөө халаагаад идчихээ биз дээ гэв. Цэнгэл уурлан, -Энэ гэрт бүр улаан хоолойны цаагуур давуулах

юм байхаа байжээ гээд нөгөө муу Жагар новш эмнэлэгээсээ гарах болоогүй юм байхдаа гэхэд, Цэцэгээ, -Харин болоогүй юм байхдаа. Уг нь ингэж удаж байхад гарах дөхсөн баймаар л юм гэв. Цэнгэл, -Тэр муу үлбийсэн новш чинь эмнэлгээс гараад тэр чигээрээ зайлчихгүй байгаа даа гэхэд, Цэцэгээ, -Хн, тэр хаашаа зайлдаг юм. Зайлах газар байсан бол өдийд зайлах хугацаа зөндөө л байсан хэмээн шилбэлзэхэд Цэнгэл, -Хаха, та бас өөрт чинь хайртайдаа Жагарыг зайлаагүй гэх гээд байна уу. Миний голд нь ортол айлгасны хүчинд тэр муу холдож чадаагүй байхаа хэмээн инээв. Жагар,Тэнгис, Очмаа гурав эмнэлгийн байрнаас гарч ирлээ. Шатны өмнө авирч тавьсан машины дэргэд очиж зогсоод Тэнгис, Жагарын ойр зуурын хэрэгцээний юмыг нь

хийсэн жижиг цүнхийг гарт нь бариулахад Жагарын нүд харанхуйлаад явчихав. “За та ингээд, харь. Бид явлаа гэж хэлэх гэж байгаа юм байх даа” гэж бодохоос хоолой нь зангиран яахаа мэдэхгүй зогсов. Тэнгис машины хаалгыг дэлгэн ээжийгээ урд суудалд суулгаад, арын хаалгыг онгойлгон Жагарыг сугадаад -За, суудаа гэв. Жагар, суу гэсэнд нь баярлан учраа олохгүй сандран өндөр том машины гишгүүрийг олж ядан сандчихад нь Тэнгис түүний тахимаар гараа оруулан тэврээд хүүхэд шиг сэвхийтэл өргөөд суулгачихав. Хүүгийнхээ элгэнд хоромхон зуур тэврүүлсэн Жагарт хүүгийнх нь халуун дулаан илч, сайхан үнэр нь шингэчих санагдахад самсаа нь шархиран, цалгилж байсан сэтгэл нь сад тавин нулимс нь бөмбөрөв. Тэднийг ийнхүү машиндаа суун явахад эмнэлгийн байшингийн

булангаас нэгэн хүйтэн харц тэднийг хялайн харж байлаа. Тэнгис аав, ээж хоёрыгоо ингээд машиндаа хоёуланг нь цуг суулгачихаад явах өдөр ирнэ гэж тэр урьд нь бодох нь байтугай төсөөлөх ч үгүй явжээ. Хар багад нь холдон одсон аав нь түүний хувьд үхсэнээс өөрцгүй байж ирсэн билээ. Одоо тэгтэл гурвуулаа ингээд нэг машинд цуг суугаад явж байдаг. “Сонин юм даа. Амьдрал баялаг. Алс ирээдүйд юу болохыг мэдэхгүй хүний амьдрал хачин сонин учир явдалаар дүүрэн байдаг бололтой” гэж бодсон Тэнгис ээж рүүгээ сэм харлаа. Очмаа мөн л бодол болсон аястай явна. Тэнгис ээждээ маш их хайртай. Хүүхэд болгон л ээждээ хайртай байдаг байх. Гэхдээ Тэнгис ээждээ бүр юутай ч зүйрлэшгүй их хайртай юм шиг багадаа санагддаг байсан нь одоо ч

хэвээрээ. Жижигхэн биетэй ээж нь түүнийг нуруундаа үүрээд сургуульд нь хүргэж өгдөг байсан нь санагдав. Өглөө хоёулаа эртлэн босоод автобуснд сууна. Ээж нь автобуснаас буугаад Тэнгисийг сургууль руу нь үүрээд явна. Дөнгөж нэгдүгээр ангид ороод удаагүй ч Тэнгис ээжийнхээ турьгүй, жижигхэн нуруунд томдоно. Гэвч тэр ээжийнхээ шилэн хүзүүнд нүүрээ наагаад дотно сайхан үнэрт нь мансууран явдаг байлаа. Заримдаа зүүрмэглэж байгаад, гулсаад унах шахна. Сүүлдээ удалгүй сургууль руугаа явахдаа түүртэхээ байж, ээждээ үүрүүлэлгүй, гараас нь хөтлөөд явдаг болсон оо санав. Ийнхүү Тэнгис ээж, аав хоёрынхоо тухай бодсоор явтал хотын төвөөс гарч гэр хороолол руу орж ирлээ. Хүн, машины урсгал, их хотын хөл

хөдөлгөөнийг ширтэн явсан Жагар, сууж яваа машин нь танил зам руу нь орж ирэхэд гэнэт түгшиж эхлэв. Энэ замаар Жаргал өглөө, оройгүй гутлынхаа улыг элтэл мөн ч олон жил явлаа даа. Хаяа нэг таньдаг хүн явж байгаа нь харагдав. Түүхий эдийн Базараа төмөр чингэлгийнхээ хаалгыг дэлгэчихсэн, том жингийнхээ өмнө зогсоод нэг хүнтэй гар хуруугаа гозолзуулан юм ярьж байгаа харагдав. Энд Жагар мөн ч их юм авчирж тушаасан даа. Ундааны сав, төмөр гээд л энд авдаг зүсэн зүйлийн юм бүрийг цуглууж авчирж тушаагаад, хэдэн бор төгрөгөө халааслан явдаг нь санагдав. “Намайг энд авчирж өгч байгаа хэрэг байх нээ. Тэгэхгүй ч гээд яах билээ. Намайг энэ хүмүүс сайхан эмчлүүлж, эдгээлээ. Хоололж, ундалж, сайхан хувцас авч өглөө. Үүнээс өөр яах билээ. Би энэ хүмүүсийн нүүрийг харах эрхгүй

байтлаа ингэж сайхан асруулчихаад, дээрээс нь бас намайг аваад явах болов уу гэж горьдож байдаг мөн тэнэг хүн ээ. Цэнгэл, Цэцэгээ хоёр намайг яаж угтах бол. Би түрүүн үхчихгүй яав аа. Ахиж тэгж зовсноос үхсэн минь дээр. Одоо энэ хавьд буугаад хаа нэг тийшээ явъя” гэж бодлоо. Тэгтэл үнэхээр Жагарын таамгалсан үнэн болж, Тэнгис замын хажуу руу гарч машинаа зогсоолоо. Жагар буухаар өндийв. Тэгтэл Тэнгис, -За та хоёр, түр сууж бай. Би энэ дэлгүүрээс цэвэр ус аваадхая. Та хоёрын ам цангаж байгаа байлгүй гээд буулаа. Жагар эргэлзэн буцаад суув. Очмаа эргэж хараад, -Жагараа чиний бие гайгүй юу. Царай чинь нэг л таагүй харагдаад байх юм гэлээ. Жагар, -Би зүгээрээ гээд цааш нь юм ярьж чадсангүй. Тэнгис ирж машинаа асаагаад зам

руу орлоо. Машин Цэцэгээгийн гэр байдаг гудамж руу эргэдэг хэсэг рүү дөхөж ирэхэд Жагарын зүрх оволзон, найдвар нь тасрав. “За ингээд ирдэг байжээ. Гэрийн үүдэнд хүргэлгүй гудамжинд буулгачих гэж гуйя байз” гэж бодоод ам нээх гэтэл машин нөгөө гудамжний булан руу эргэж оролгүй замаараа шулуухан явсаар өнгөрөв. Учраа олохгүй түгшин байсан Жагар түүний танил гудамж тэртээ ард хоцроход дотор нь уужран амьсгаа авлаа. “Намайг өөр тийшээ аваад явж байгаа юм байна” гэж бодоод баярлав. Энэрэл хоёр хүүхэдтэйгээ зуслангийн байшиндаа бужигнан байлаа. Хүүхдүүд нь, -Ээж та яагаад ийм гоё ширээ засаад байгаа юм бэ. Манайд баяр болох гэж байгаа юмуу. Ёстой

гоё. Баяр болно доо. Баяр болно доо хэмээн хүүхдүүд нь шуугилдан баясцгаав. Энэрэл, -Манайд одоо зочин ирнэ. Миний хүүхдүүд томоотой байгаарай за юу гэхэд хоёр хүүхэд нь, -Хэн ирэх гэж байгаа юм бэ ээжээ гэцгээв. Энэрэл, -Аав чинь та нарт хэлнээ хүлээж бай гэлээ. Машин явсаар гэр хорооллоос гарч, хөндий өгсөн одсон дардан замаар давхисаар ойн хаяанд модон дунд орших, дотроо хоёр давхар байшинтай, сараалжин төмөр хашааны үүдэнд ирж зогслоо. Тэнгис, аав ээжийгээ машинаас түшин буулгаад хашаа руу ороход өмнөөс нь Энэрэл, хоёр хүүхдээ дагуулан гүйлдэж ирэв. -За, та хэд маань хүрээд ирэв үү. Жагар гуай таны бие гайгүй биз дээ гэцгээсээр байшин руу орцгоолоо. Бүгд ширээ тойрон суугаад хоол унд идэн шуугилдана.

Жагарт энэ бүхэн зүүд шиг санагдав. Хуучин эхнэр, хүү, бэр тэгээд дээр нь хоёр ач. Саяхан гон бие гозон толгой хайхрах хүнгүй айлын хаяанд зовж явсан тэр, ийм сайхан ширээний ард хүндлүүлэн сууж байна гэдэг. Арай зүүдлээгүй байгаа гээд өөрийгөө чимхэж хүртэл үзэв. Тэнгисийн хоёр хүүхэд түүнийг гайхан харна. Аав нь энэ хүн та нарын өвөө гэж хэлсэн шүү дээ. Урьд нь өвөөтэй байж үзээгүй хоёр хүүхдэд тун сонин байв. Өвөөдөө үнсүүл гэж аавыгаа хэлэхэд очоод үнсүүлэхэд хусаад удаагүй ч сөрвийн цухуйсан сахлынх нь үзүүр хатгаад гижиг нь хүрэв. Энэ хүн хөгшин мөртлөө аавтай нь их адилхан юм. Ингэж бодоцгоосон хүүхдүүд тэр өвөөгийн хажуугаар эргэлдэнэ. Хувцасанд нь хүрч үзнэ. Өвдөгийг нь түшин нүүр лүү нь харж үзнэ. Өвөө гэдэг

хүн ийм байдаг байх нээ гэсэн сониуч харцаар харцгаана. Хоол идэж дуусаад Тэнгис, Энэрэл хоёр ширээгээ цэвэрлээд аяга тавгаа угаана гэцгээсээр хоёр хүүхдээ дагуулан галын өрөө лүү явж, Жагар, Очмаа хоёрыг үлдээлээ. Жагар юу хэлэхээ мэдэхгүй дэмий л салаавчлан атгасан хоёр гарынхаа хурууг нэг суллан нэг чангалан сууж байв. Тэгтэл Очмаа ам нээн, -Жагар аа, чамд хэлэлгүй шууд наашаа дагуулаад ирсэн биднийг уучлаарай. Чамд таагүй санагдаж байж магадгүй. Гэхдээ бид чамайг гэр бүлтэйгээ танилцуулъя гэж бодсон. Тэгээд ч бид чамайг эмнэлэгт хэвтэж байх хооронд амьдарлыг чинь бага сага гадарласаан. Биднээс тусламж хүсэх юм байвал санаа

зоволтгүй хэлээрэй бид туслана гэлээ. Жагар, -Би юу хэлэх вэ дээ Очмаа минь. Миний амьдрал, амьдрал ч гэж дээ. Намайг ямар болсон байгааг чи харж байгаа. Би өнөөдөр энд ирж, та нартайгаа ингэж сайхан цуг суусан даа маш их баяртай байна. Надад туслаач гэх нь байтугай, би та нарын нүүрийг харах эргүй хүн. Надад буцаад очих амьдрал байхгүй. Эргээд тэр айлд очвол би үхсэнээс өөрцгүй болно гээд хоолой нь чичрэн таг болов. Очмаа, – Бид чамайг ийм байдалтай яаж явуулах вэ дээ. Тэнгис, Энэрэл хоёр чамайг бүрэн эдгэтэл энд байлгамаар байна. Өөрөөс чинь асуугаарай гэсэн. Манай гэр уг нь хотын төв рүү байдаг. Бид утаанаас зугтаад сүүлийн хэдэн жил энэ зусландаа л өвөлжиж байгаа. Энд агаар, ус сайхан, нам тайван газар. Чи өөрөө зөвшөөрвөл энд хэсэгтэй байхгүй юу даа гэлээ. Ингэж хэлсэнд нь Жагар хязгааргүй их баярлав. Харанхуйлан байсан дотор нь цэлмэлээ. Ийнхүү Жагар хуучин эхнэр, хүүхдүүдтэйгээ хэсэг хугацаанд хамт амьдрах боллоо. Бие муутай хүн орж гарахад амар гээд түүнд доод давхрын наран талын өрөөг тохижуулан өглөө. Хаврын урь орж, цас ханзран хайлж эхлэв. Хүүхдийн зулай шиг торгон зөөлөн дэлбээтэй хөх яргуй цухуйлаа. Жагар сайхан цэнгэг агаараар амьсгалан ач нараа дагуулан моддын хоорондуур зугаалана.

Түүнд диваажинд ирсэн юм шиг л санагдаж байлаа. Нэг орой Жагар унтахаар хэвтэхийн өмнө гэрлээ унтраагаад цонхны хөшиг хаахаар очихдоо санаандгүй гадгаш хартал нэг л танил дүрс сарны гэрэлд тод харагдав. Юун хүн байдаг билээ гэж бодоод сайтар харахад сараалжин хашааны цаана байшин руу харан зогсох Цэнгэлийн дүр тодоос тод харагдав……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *