Home Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “4-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “4-р хэсэг”

18 second read
0
0
1,812

Дүүргийн Цагдаагийн газрын том шилэн хаалгыг ууртайяа татан гарсан Цэнгэл наранд гялбасан нүдээ онийлгон довжоон дээр түр зогссоноо явж одлоо. “Эндээс бушуу холдоё. Гайтай хар юмнаас болж

аавын хаалга татахаа шахлаа. Хичнээн ч удаан энд уяатай нохой шиг байв. Энэ муу хөгийн царайлсан байцаагч эв нь л олдвол намайг торны цаана суулгачих санаатай байна шүү. Тэгнэ байхаа та нар.

Цэнгэл хүүг тийм ч амар чадахгүй байлгүй. За муу Жагар чамайг даа. Хөгшин төгцөг чинь үхэх бол мөрөөрөө үхэхгүй гай болох нь. Цэнгэл хүүд гай болбол яадгийг чамд би үзүүлнээ гайгүй” хэмээн занав. Бор

өнгийн ноосон малгай чих рүүгээ даран углаж, үрчийсэн хар хүрэм өмссөн Цэнгэл өсгий нь гадна тал руугаа майжийн элэгдсэн гутлаа пир пирхийлгэн чирэн алхахад үдээс нь суларсан гутлынх нь хэл

аахилж яваа нохойны хэл аятай далбага далбага хийн унжигнана. Цайны газрын үүдээр өнгөрөхөд сайхан хоолны үнэр ханхлан өчигдөр оройноос хойш хоол идээгүй өлөн ходоод нь хоржигнон дуугарахад

эгдүүцсэндээ “түй” хэмээн нулимлаа. Цааш алхах гэхэд хоосон ходоод нь хоолонд хоргодон хөл нь ургаш алхах дургүй тушигдсан юм шиг хөдөлж ядна. Уг нь ч нэг сайхан хоол идчихвэл ч сэргээд л явчихна даа. Тэгсэн байхад ч Цэнгэл хүүгийн хөлд торох амьтан байхгүй л болно доо хэмээн бодоод юу ч үгүй хоосон гэдгийг мэдсээр байж хэдэн халаасаа ээжлэн ухаж үзлээ. Мөнгө алгаа. “Угаасаа юу ч байхгүй юм чинь” гэж бодоод хэндээ ч уурласан юм бүү мэд хөлд нь таарсан тамхины хайрцагийг тэртээ хол үсэртэл өшиглөв. Цайны газраас хоёр хүүхдээ дагуулсан эхнэр, нөхөр хоёр сая хоол идээд цадсан бололтой хацар нүүр нь ягааран инээлдэн гарч ирэхэд Цэнгэл “ Түй муусайн

баячууд. Хагарч үхээсэй. Хүн өлсөж үхэх гэж явахад юун баясгалантай юм. Болдог бол бүгдийг нь хорхой шиг гишигчих юмсан” гэж бодов. Хүүхдээ хөтлөөд жаргалтай алхдаг ийм хүмүүст тэр үнэн голоосоо дургүй. Яагаад гэвэл түүнд ийм жаргалтай амьдрал байсангүй. Байх ч үгүй биз гэж бодохоос хорсоно. Мариалаг лагс биендээ уранхай эрээн халаад хайш яйш угласан Цэцэгээ авгай пийшингийнхээ урд гиеүрэн сууж байв. “Яая даа байз. Түлэх юмгүй болчихлоо” гэж бодоод босч ширээнийхээ ард суулаа. Урт ургасан хумстай гараараа ширээнийхээ тавцанг зурахад багир хир даасан ширээн дээгүүр эрчилсэн зураас гарна. “За байз гадагшаа гардаг юм билүү. Алтаа гэртээ байгаа болов

уу. Өдийд ажил нь тараад гэртээ ирчихсэн байх ёстой доо. Тэр ч манийгаа бодвол ажил хийдэг том хүн. Хэдэн төгрөг байж л байгаа. Даанч цагтаа адилхан байснаа мэдэхгүй одоо бас нарийндаа хатчихаад байгаа юм. Хүн ер нь жоохон өөдөө гарахаараа хуучнаа мартчихдаг юм биш үү. Алтаа бид хоёр саяхан л хоёулаа нийлчихсэн “хэн намайг авах бол” гэж бодоод гудамжинд зогсож байсан даа. Одоо л ийм болчихоод байгаа болохоос биш гэж бодсоноо бас ч болоогүй шүү хө. Намайг гээд ирдэг хүн байдаг л юм” гэж бодоод жуумалзан инээмсэглэв. Гэтэл, бодлыг нь таасан юм шиг хаалга нь онгойн зузаан хүрээтэй нүдний шил зүүсэн, халцархай булган малгайтай, урт хүрэмтэй өвгөжөөр хүн орж ирлээ. Цэцэгээ, -Өө, Доржоо хэмээн дуу

алдаад хөл болоод явчихав. Цэцгээ сандал дээрээсээ янцаглан босоод нуруугаа халбигнуулан алхахдаа үүдний хажууд өлгөөтэй том толинд биеэ халти хараад Доржийн дэргэд очиж зогсов. Нөгөө хүн, -За Цэцгээ хүүхэн сайн байна уу. Юу хийж байна даа гээд ташаанаас нь базаад авав. Цэцэгээ, -Сайн, сайн хэмээн онигордуу нүдтэй бэлцгэр нүүрээ маасагнуулан инээж, -Дорж чи, намайг яаж санаав. Манай үүдээр багтахгүй юм шиг л ойрд үзэгдэхгүй байсан хэмээн аальгүйтэн инээлээ. Дорж, -Үгүй, чи мөн галтай хүүхэн шүү. Цангинатал инээдэг чинь хэвээрээ байх юм аа гэхэд баярласан Цэцэгээ улам чанга хангинуулан инээж, -За чи намайг цаашлуулах яах вэ. Чи өөрөө яаж

нэг юм манайх руу ирэв дээ хэмээн инээв. Дорж, -Авгай, хөдөө явсан. Тэгээд л би араар нь гараад наашаа чавхадчихлаа. Танай хар юм байгаа юу хэмээн асуухад Цэцгээ, -Байхгүй ээ гэлээ. Дорж, -За танай тэр хар юм байсан байгаагүй нь ялгаагүй. Чи минь ямар тэр зэргийн хар юманд толгойгоо мэдүүлэх биш гэхэд хөөрсөн Цэцэгээ, -Тэр ч тиймээ. Чи намайг мэдэх хойно. Дураараа жаргана шүү дээ гэхэд Дорж түүнийг тэврэн авах гэхэд Цэцэгээ, -Чи байз, хэмээн гар луу нь хялалзав. Дорж, -Өө тийм л дээ гээд өврөөсөө нэг шил архи, тамхи, хиам гарган ширээн дээр тавилаа. Цэцгээ авчирсан юмыг нь хараагүй дүр үзүүлэн Доржийн гараас хөтлөн жижиг өрөө рүү гээ дагуулан орлоо. Гадаа хаалга дуугарах чимээнээр Цэцэгээ өрөөнөөсөө гарч ирлээ. Цэнгэл иржээ. “Ашгүй цагдаагаас нэг юм мултраад ирж дээ” гэж

бодсон Цэцэгээ, -За гараад ирсэн үү хэмээн асуухад, өлсөж, ядарсандаа уурласан Цэнгэл хариу хэлэлгүй, -За ээж гуай, наад өрөөндөө юу хийгээд бүгээд байгаа юм бэ. Бас нэг хар юм авчирчихсан заваараад байж байна уу гэхэд Цэцэгээ, -Үгүй, үгүй. Дорж ирээд жаахан ярьж суулаа гэхэд Цэнгэл, -За би таныг ямар мэдэхгүй биш. Намайг нялх хүүхэд гэж боддог юм уу хаашаа юм. Алив цаадахаа гаргаад ир хэмээн ширээний ард суулаа. Хувцасаа өмсөж амжсан Дорж өрөөнөөс гарч ирэв. Цэнгэл муухай хялайн хараад, -За Дорж гуай, энүүгээр яагаад л эргэлдээд байна хэмээн шүдээ хавиран асуув. Дорж урт эрүүтэй, өл халзан толгойгоо бөнжигнүүлэн, -Цэнгэлээ, чи ямар ахыгаа мэдэхгүй биш. Ах нь гэм хоргүй хүн. Ингээд явлаа гээд гарах гэтэл нь Цэнгэл,

-Ийшээ суу хэмээн муухай орилов. Аргагүйдсэн Дорж ширээний ард суулаа. Цэнгэл шилтэй архийг өөрийн юм шиг задлан гурван хундганд хийгээд, -Май уу хэмээн Дорж, Цэцэгээ хоёрт өглөө. Тэр гурав энэ тэрийг ярилцан ууж суутал, шилтэй архи нь дуусах тийшээ хандав. Түрүүнээс хойш Дорж руу муухай, муухай харан суусан Цэнгэл гэнэт ухасхийн Доржийн нүүрэнд нүүрээ тулган, -За Дорж гуай, ахиад архи авахгүй юм уу гэхэд сүнсээ зайлтал айсан Дорж өврөө уудлан таван мянган төгрөг гаргаж ирээд, -Май ахад нь энэ л байна хэмээн салганан сарвайхад нь Цэнгэл, -Үнэн биз. Цаанаа юм нуугаад үлдээсэн юм биш биз дээ. Тэгсэн байх юм бол наад гялаан толгойг чинь хага

цохино шүү гэхэд Дорж сандран, -Үгүй, үгүй үзсэн ч болно. Байгаа нь энэ гэхэд Цэнгэл хаха хэмээн тачиганаталаа инээв. Дорж амаа ангайн харна. Цэнгэл мөнгийг нь авч халаасандаа хийгээд, түрүүний талх, хиамыг ганцаараа идсэндээ хэхрүүлэн гарч одлоо. Гэдэс нь цадсан Цэнгэл гадаа гараад “Хаашаа очдог юм билээ гэж бодов”. Түүнд одоо мөнгө байна. Түүний хаяа шөнийн бор хоногт очиж хоног төөрүүлдэг Туяанаа хүүхнийх энүүхэн урд гудамжинд байдаг. Тэр хүүхэн нөхөр нь нас бараад хоёр хүүхэдтэйгээ байдаг бэлэвсэн эмэгтэй ажээ. Цэнгэл “Ер нь тэднийд очдог хэрэг” гэж бодоод явлаа. Жагар эмнэлгээс гарахад бэлэн болжээ. Бэлэн болох ч юу байх вэ. Анх ухаангүй ирэхдээ өмсөж ирсэн хувцсыг нь Очмаа, Тэнгис хоёр авч гараад оронд нь цоо

шинэ хувцаснууд авчиржээ. Тэдгээрийг нь Жагар салганасан гараараа барьж үзээд нүдэндээ итгээгүй байртай тэр хоёрын өмнөөс харав. Очмаа, -Өмс, өмс. Хувцасаа тайван өмсөөрэй. Бид хоёр гадаа байж байя гээд хүүгээ дагуулан гарлаа. Жагар ууттай хувцаснуудыг бүгдийг нь гаргаад орон дээрээ тавилаа. Маш зөөлөн гоё ноосон цамц, даавуун өмд, үстэй дотортой гутал, тэлээ, дотуур хувцас, хүрэм гээд бүрэн хувцаслахад нэг ч дутуу зүйлгүй бүгд сайн чанартайн зэрэгцээ бүгд л залуудаа түүний өмсөх дуртай байсан хувцаснуудтай нь ижилдүү байлаа. Жагар тэдгээр хувцаснуудад нүүрээ наан хэсэг уйллаа. Хувцаслах гэхэд нэг л зүрх хүрэхгүй байв. Тэр өөрийн ноорхой, хуучин хувцаснууддаа дасчээ. “Гарах хэрэгтэй шүү дээ. Хүн хүлээлгэж байгаа”

гэж бодоод хувцасаа өмсөж дууслаа. Тэгээд үүд рүү аажуухан алхлаа. Хөлдөж гэмтсэн хөлийнх нь хуруунууд явахад нь хөндүүрлэдэг хэвээр л байлаа. “Удахгүй бүрмөсөн эдгэх байлгүй дээ. Хоёр хөлөө бүр угаар нь тайруулчихаагүй нь яамай” хэмээн үл мэдэг миегнэн явахдаа Жагар бодлоо. Тэр, өрөөний хаалгыг зүрх гарган татаж онгойлгоод гарлаа. Сандал дээр суугаад юм ярилцаж байсан Очмаа, Тэнгис хоёр Жагарыг сонирхон ширтэнэ. Очмаа, -Хүүе энэ чинь чи мөн үү гээд гараас нь хөтлөн хананы том толины өмнө аваачаад, -За өөрийгөө хар гэлээ. Жагар эхлээд өөрийгөө таньсангүй. Толинд өндөр туранхай биетэй, тохитой байрын хижээл насны хүн харагдана. Нүүр нь үрчлээтэй, бууралтсан үстэй ч одоо түүнийг хэн ч хөгшин өвгөн гэж харахааргүй болжээ. Нуруулаг биенд нь хувцас нь их сайхан зохиж, яг

таарчээ. Эмнэлэгт удаан хэвтсэнээс нүүр нь цайран, төрөлхийн шаравтар өнгө нь тодорч, өнгөлөг болжээ. Би чинь ийм хүн бил үү гэж бодсон Жагарын хоолой зангираад бас л уйлчихав. Жагарыг сонирхон харж байсан Тэнгисийн нүдэнд аавынх нь хуучин төрх тодрон гарч ирэв. -Явцгаая даа хэмээн Тэнгисийг босоход Жагар “Намайг хааш нь авч явах гэж байгаа юм бол. Эсвэл….” гэж бодон хоолой нь зангирлаа……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…