Нүүр Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “3-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “3-р хэсэг”

9 секунд уншина
0
0
675

Жагар ухаан орлоо. Эхлээд цав цагаан зүйл нүдэнд нь тулан харагдахад юу билээ гэж бодлоо. Хаана байгаа, юу хийж байгаагаа ойлгосонгүй. Толгой нь өвдөж, хамаг бие нь хөшчихсөн юм шиг

санагдав. Эргэн тойрноо сайтар харах гэхэд нүд нь бүрэлзээд харж болохгүй байв. Тэгээд хэсэг эргэлзэж, хүчлэн бодсоны эцэст яс янгинам хүйтэнд харанхуй шөнө цасан дээр хэвтэж байснаа саналаа. Тийм

тийм өглөө болчихож, би чинь үхээгүй байх нь гэж бодтол, -Жагар гуай, Бие нь яаж байна гэх дуу сонсогдоход үг хэлэх гэтэл хэл нь зууралдаад хөдөлсөнгүй, -Та тайван байгаарай. Одоо айлтгүй. Бие тань

гайгүй болноо гэх дуу ахиад л сонсогдов. Цаана нь хүмүүс ярилцах дуулдана. Хэсэг хугацааны дараа нүд бүрэлзэх нь гайгүй болж орчин тойрны зүйлс тодрон харагдав. Орных нь дэргэд түүнийг тойрон

эргэлдэх эмч, сувилагч нарыг Жагар гайхан харлаа. Хамгийн гайхалтай нь өөрийнх нь залуу цагийн төрх өөдөөс нь орны толгойн дээр гараа тавиад өөрийг нь ширтэн харж байв. “Үгүй энэ чинь юу

билээ. Би чинь солиороод байгаа юм болов уу. Аль эсвэл нөгөө ертөнц гэдэгт нь оччихоод өөрийгөө хараад байна уу гэж бодлоо. Яах аргаггүй л би залуу даа ийм байсан даа” гэж бодов. Нөгөө залуу цааш эргээд гараад явчихлаа. Тэнгис өрөөнөөс гараад “Ээжээ Жагар гуай, үгүй ээ аав ухаан орчихлоо. Та хурдан хүрээд ир” хэмээн ээжийгээ дуудчихаад буцаад орлоо. Түүнийг өрөөнд ороход, -Эмчээ би үнэхээр амьд байгаа юм уу гэх Жагарын дуу сонсогдов. -Тиймээ та амьд. Одоо санаа зоволтгүй. Бүх юм ард хоцорсон. Харин та хөлдөж осгосон учраас

одоохондоо босч явж чадахгүй. Дээрээс нь та ужиг хатгаатай удаан явсан байна. Уушиг эмчлэх шаардлагатай болсон. Бид таныг ухаангүй байхад шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн гэж хэлэхийг сонссон Жагар, -Эмчээ. Би яаж энд ирсэн юм бол гээд цааш асуух гэтэл, -Жагар гуай, энийг яривал их урт яриа болно. Та аврагдсан. Одоо таны дэргэд зогсож байгаа энэ залуу ээжийнхээ хамт таныг сахиж байгаа. Тэгэхлээр одоо та тайван л хэвт гээд гараад явлаа. Жагар тэр залууг ахиад л гайхан харна. “Ямар сонин юм бэ. Ээжийнхээ хамт намайг сахиж байгаа гэнэ үү. Надтай ямар адилхан юм бэ. Арай… гэж бодсоноо. Үгүй ээ. Тийм юм гэж байх уу даа” хэмээн бодтол өрөөний хаалга нээгдэн хүн орж ирлээ. Нөгөө залуу, -Өө ээж та ирчихсэн үү хэмээн угтан бослоо. Жагарын орны өмнө тавь орчим насны эмэгтэй ирж зогслоо. Хар үсээ шуун боосон, толиотой сайхан царай, шанааг нь даган унжсан гогцоо хар үс, нэг л танил гүн давхраатай, том алаг нүдний харцыг хараад Жагарын зүрх лүгхийтэл дэлсэн, Очмаа гэх үг өөрийн эрхгүй аман дээр нь гарч ирэхтэй зэрэгцэн том хар машины цонхны завсраар өөр лүү нь мөнгө сарвайх эмэгтэйн царай зурсхийн орж ирэв. Эмэгтэй, -Тийм ээ, би Очмаа байна гэлээ. Жагарын самсаа шархиран, зүрх нь учиргүй дэлсэн Очмаагийн дэргэд зогсох залуу руу харлаа. Жагарын уруул өмөлзөж, үг хэлэх гээд чадахгүй байв. Очмаа, -Тэнгис мөн гэлээ. Жагар, -Хүү минь хэмээн арай ядан дуугарав. Тэнгис

дуугарсангүй. Аавыгаа хаяад явснаас хойш Тэнгис аавдаа хичнээн гомдовч нэг хэсэг их санаж, бэтгэрч байснаа одоо бүүр түүр санадаг. Дараа нь яваандаа больжээ. Гудамжных нь хүүхдүүд “Аав чинь хаашаа явсан юм бэ” гэж асуухад хэлэх үг олддоггүй байв. Тэр ээжтэйгээ өссөн. Ээжээрээ бүх дэлхийг төсөөлж ирсэн. Аавын хайрыг мэдрээгүй өссөн түүнд одоо энэ хүнийг “ааваа гэж дуудах уу, Жагар гуай гэж дуудах уу” гэж бодоход аль алийг нь хэлэхэд хэл нь эвлэж өгөхгүй шиг санагдаж байв. Жагар, -Хүү минь, би та хоёрын нүүрийг харах эрхгүй хүн. Гэхдээ чамайг ийм сайхан залуу болсныг хараад маш их баярлаж байна. Очмаа минь та хоёрыгоо би зовоож явсаан. Жинхэнэ сайхан амьдарлаараа тоглож, хаяж гээснээ хожим ойлгож, хар толгойгоо шааж явахдаа би та хоёрыгоо маш их санадаг байсаан.

Миний хамгийн жаргалтай амьдрал хүү, та хоёртойгоо өнгөрүүлсэн тэр цаг хугацаа. Даанч би жаргалтай амьдралаа, та хоёрыгоо хайрлаж чадаагүй. Ёстой л жаргалтай газар хүн тогтдоггүй гэгчээр тэнэглэж явсаан би. Та хоёр минь намайг уучлаарай гэв. Жагарын хацрыг даган нулимс урсана. “Гучин жилийн дараа ингэж уулзана гэж санасангүй. Хүү минь ямар том болоо вэ. Анх би эхнэр хүүхдээсээ салахдаа өөр илүү сайхан амьдралтай болно доо гэж бодож явсан. Гэтэл би хад мөргөсөн. Энэ тэнэг толгойгоо хагартал хад мөргөсөн. Юун сайхан амьдрал. Олон ч хүүхэн солилоо. Олон ч удаа салж нийллээ. Тэгээд эцэст нь Цэцгээтэй учирсан. Үйлийн үр байсан юм байлгүй. Салж чадаагүй. Бараг арван жил болж байна. Сүүлдээ би хөгширөөд ахиад

амьдрал сольж тэнэж явах чадалгүй, хүсэл ч үгүй болсон. Одоо нэг тогтож амьдрая гэж бодсон. Ажил хийхгүй, бэлэн хөрөнгөтэй хүүхэнтэй сууна гэж бодож явсан би чи нь Цэцгээг хэдэн дагавар хүүхэдтэй нь тэжээх гэж сүүлдээ хог хүртэл түүлээ. Цэнгэл, Цэцгээ хоёрын атганд нэг мөсөн орсон доо. Залуудаа арслан бар шиг явахдаа хөгширсөн хойноо хүний гарын шүүс болж, боолоос дор амьдрана гэдгээ төсөөлөө ч үгүй явж. Ээ дээ тэнэг байж дээ би“ хэмээх бодол тархинд нь эргэлдэнэ. Очмаа орных нь хажууд сандал дээр суулаа. Тэнгис ээжийнхээ мөрөн дээр гараа тавиад Жагарыг ширтэн зогсоно. Очмаа, -Одоо чи тайван бай даа. Бие чинь муу байгаа. Би ч бас энэ

олон жилийн дараа ингэж уулзана гэж санасангүй. Гудамжинд таарсан хүн чи мөн байсан. Тэгээд чамайг ямар ч байсан энэ хотод байгаа юм байна гэдгийг чинь мэдсэн. Хүүдээ ч хэлсэн. Тэгтэл нэг өдөр чамайг эмнэлэгт байна гэдгийг сонсоод ирсэн. Бэр маань энд ажилладаг юм. Тэр өдөр гудамжинд чамтай таарахад бэр, хүү хоёр маань цуг явж байсан юм. Тэгээд л чамайг дараа нь таньж. Тэгээгүй бол чамайг энд ингээд хэвтэж байгааг бид мэдэхгүй байх байлаа гэлээ. Жагар, Тэнгис рүү хараад, -Хүү минь аав нь чамайг үнсэж болох уу хэмээн зориг муутай асуулаа. Тэнгис тээнэгэлзэн зогсов. “Намайг хаяад явсан муу аавыг том болохоороо гудамжинд таараад зодноо” гэж бодож явсан үе түүнд бий. Заримдаа аавтайгаа уулзаж байна. Аав

нь чамайг маш их санасан гээд ирж байна. Аав нь их сайхан хүн. Түүнийг дагуулаад гоё, гоё газруудаар явж байна ч гэж төсөөлдөг байлаа. Сүүлдээ том болоод аавтайгаа хэзээ нэгэн цагт уулзвал би яах бол. Яаж уулзах бол гэж бодох болжээ. Гэтэл одоо аавтайгаа уулзлаа. Аав нь үрчийсэн нүүртэй, ядарсан эр болжээ. Айлын хүүхдүүд шиг аавдаа үнсүүлэхсэн. Аавынхаа машинд суугаад явахсан гэж бодож явсан бага нас нь нэгэнт өнгөрчээ. Тэнгис огцом эргээд өрөөнөөс гараад явчихав. Очмаа, -Чи Тэнгисийг ойлгож байгаа биз дээ. Чамд гомдох нь аргагүй гэхэд Жагар гунигтай толгой дохилоо. “Одоо миний

бие гайгүй болсон юм чинь Очмаа, Тэнгис хоёр намайг орхиод явах байхдаа” гэсэн бодол Жагарыг айлгана. Гэвч тэд явсангүй Жагарыг өдөр шөнөгүй ээлжлэн сахиж, хоол унд, хэрэгтэй юмыг нь авчирж өгч, асарсаар байлаа. Эмнэлэг дээр цагдаа ирж, Жагартай уулзан мэдүүлэг авлаа. Өөрийг нь ухаан алдсан байхад үхэж гэж бодоод гудамжинд гаргаж хаясанд нь Цэцэгээ, Цэнгэл хоёрт Жагар дотроо гомдовч

цагдаад “Би энэ хүмүүст гомдолгүй” гэсэн мэдүүлэг өглөө. Нэг сарын дараа Жагар эмнэлэгээс гарлаа. “Таны бие сайн боллоо. Та маргааш эмнэлгээс гарна шүү дээ” гэсэн эмчийн үг Жагарын тархин дундуур татаад авах шиг болов. Эдгэрчээ гэдэг үг сайхан сонсогдовч, гараад хаачих билээ гэсэн бодол Жагарыг айлгав. Гараад өнөөх л амьдрал. Зүрх нь базлах шиг болно……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *