Нүүр Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “1-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “1-р хэсэг”

1 секунд уншина
0
0
1,055

Зайлаарай муу өвгөн минь гэх заналтай дуунаар бондгосхийн цочсон Жагар элэгдсэн муу хүрмээ хэдрээд гэрээс яаран гарлаа. Гадаа өвлийн хүйтэн жавар тачигнан, гашуун утаа хоолой хорсгоно. Ядаж байхад

нимгэн муу хувцастайг хэлэх үү хэсэг зогсоод л эрүү ам нь хавжигнан чичирж эхэллээ. Даарахын эрхэнд эргээд ормоор байвч зэрлэг харцтай, бахим чийрэг биетэй Цэнгэлээс сүнсээ зайлтал айх тул орж

чадсангүй. Хаашаа очиж дулаацах билээ гэж бодовч хашаанаас гараад явчихаж чадсангүй. Хэрвээ гараад явчихвал “Чи муу яасан овоо зайлдаг өвгөн бэ” гээд зодуулахын шалтаг болно. Ингээд яаж ч

чадахгүй зогссоор, дэмий л дороо дэвслэн, хацар нүүрээ үрж дулаацахыг хичээнэ. Бүүр тэсэхээ байгаад хөлдөхийн даваан дээр муу нурж унах шахсан шавар байшингийн хаалгыг зүрхгүйхэн татан орж

үүдэнд зогсов. Ямар сайхан юм бэ гэмээр өөдөөс нь халуу дүүгэж, баруун чих нь часхийн хорсов. Гэр дотор архины эсгэлэн үнэрийн хамт нялуун муухай үнэр сэнхийнэ. Чимээ гарахгүй байхыг бодоход

ашгүй Цэнгэл унтчихсан бололтой. Баярласан Жагар, эхнэрийнхээ хамт амьдардаг жижиг өрөөний хаалгыг сэмхэн татан орлоо. Гэрлийг нь унтраасан жижиг тасалгааны нэг ханыг тэр чигт нь эзэлсэн өргөн модон орон дээр уул овоо шиг зүйл нэвсийн харагдах нь Цэцэгээ авгай хөнжилдөө шурган ороод унтаж байгаа нь тэр ажээ. Жагар хувцасаа тайлаад орондоо оръё гэж бодсон боловч тамхи татмаар санагдаад шүдэнзээ дуу гаргахгүй хавирахыг хичээн тамхиа асаагаад цонхны дэргэд суулаа. Хорвоо дэлхий дуг нойрондоо дугжрах үүр шөнийн

заагаар Жагарын дулаан хөнжил сэвхийн сөхөгдөж, хажуугаас нь ёврох хатуу гарын нудралтаар амтат нойрноосоо арай ядан сэрэв. -Босоочээ чи. Галаа түл.Түлээ бэлдэж тавьсан юм уу. Тэгээд хурдан явдаг юмандаа яв. Өнөөдөр цаад Цэнгэл чинь гэрээс гарахгүй гэсэн. Юм авчирч өгөхгүй бол орилж хашигчаад гай болно. За бос бос хэмээх Цэцэгээ авгайн хахир дуунаар Жагар халуун хэвтэрээсээ дуртай, дургүй өндийв. Хорвоогийн шар нар, бор өдрүүдийг яалтай билээ. Битгий өглөө болоосой гэж бодовч, хар нүд хамхив уу үгүй юу үүр цайчихсан нөгөө л барагдаж дуусдаггүй зовлонт өдрүүд эхэлдэгээрээ

эхлэнэ. Гал асааж, цай чанаж тавьчихаад Жагар гэрээс гарлаа. Гадаа үүрийн бүдэг цагаан гэгээ тусавч их хотын өглөө хэдийн эхэлжээ. Нимгэн хувцастай Жагар үүрийн жиндүү жаварт хайрагдан дулаан гэрт хорогдовч явахаас өөр аргагүй тул хашааны хаалгаар гарч бээцэгнэн алхав. Ийш тийш сүлжилдэх машин, тэрэг бараг хамар шүргэх шахан яаран давхилдана. Алсыг харах байтугай хөл доорх газар харагдахгүй шахуу утаа манан татаж, олны хөлд мөлийсөн замын гулгаанд халтирах шахан явсаар Жагар хотын төв рүү орж ирлээ. За нөгөө хэд харагдахгүй байх чинь. Би түрүүлж иржээ дээ янз нь. Тэгвэл ч овоо хэдэн юм олох байх шүү гэж өөрийгөө урамшуулан бодоод танил байрныхаа хогийн бункерийн хаалга руу дөхлөө. Очоод хэн ч байхгүй байхад баярлан хог онгичин хэдэн ундааны хуванцар

сав шуудайлж эхлээд байтал нь мөрнөөс нь хэн нэгэн хүчирхэг гар угз татан эргүүлээд газар шургаж унатал нь түлхчихэв. Босох гэж мөстөж гөлийсөн газар дээр хэд сарвагнан тийчлээд арай ядан өндийн харвал дээрээс нь нэг том хар юм нүүр лүү нь нэвсийн тулж ирэв. Айсандаа хоолой нь хатаж, нүдэнд нь нулимс бүрэлзэн амаа хий дэмий л ангалзуулахад тас хийн нүүрнээс нь гал бутрах шиг боллоо. Нэг мэдэхэд нүүрийг нь нэг бүлээн гар илээд байх шиг болоход нь нүдээ нээн хараад ч юу болж байгааг эхэндээ ойлгосонгүй. Гэтэл нэг сэгсгэр хар нохой нүүрийг нь долоож байлаа. Жов чи яадаг хог вэ, амьд хүн идэх нь үү чи гэж арай ядан дуугараад өндийн сууж эргэн тойрноо

харлаа. Сая юу болоод өнгөрвөө хэмээн бодож нүүрээ илэхэд нэг бондгор юм гарт нь баригдаж, нялцайхад нь гараа үзвэл цус болжээ. Гэнэт толгой дээр нь архирах шиг дуу гарахад нь харвал уранхай ноосон малгай хэлтгий тавьсан, үс сахал нь сэгсийсэн тас хар царайтай, дарвайсан том амтай, үүдэн шүдгүй, асар том биетэй хүн дээрээс нь тонгойн харж байхад нь Жагар айсандаа хөшиж орхив. Тэрээр, -За муу хулгайч минь. Чи ахиад үүгээр үзэгдээд үзээрэй. Энэ бол одоо миний газар. Ахиад ирвэл ална шүү гэлээ. Жагар мөлхөн холдов. Ард нь бахтай инээх сонсогдоно. “За одоо яадаг билээ. Ингээд хоосон сав ганзагалах гэж. Юм олж очихгүй бол Цэнгэлд алуулна. Дээрээс нь Цэцэгээ хоосон ирлээ гээд гэрийнхээ босгыг алхуулахгүй. Уг

нь хөлдөж үхчихгүй, хүнд алуулчихгүй байж байгаад хаврын нүүрийг үзчих юмсан. Тэгвэл ч учир байна даа” хэмээн бодож юм олдож магадгүй гэж бодсон газруудаараа эргэлдлээ. Гэвч бүх газруудад эзэд нь ирчихсэн олз, омгоо шуудайлан бужигнаж түүнийг хөөгөөд ойртуулсангүй. Нэгэнт өөрийн эзэмшил газраа алдчихсан тул ойрдоо хэцүүдэнэ гэсэн үг дээ. Толгойгоо унжуулан урамгүйхэн гэлдэрч явсан түүний хажуунаас хүн дуудах шиг болов. Харахад нь том хар машины цонхоор даллаж байна. Яваад очвол нэг эмэгтэй түүнийг өрөвдсөн харцаар ширтэн гартаа барьсан зүйлээ сарвайн, – Май та үүнийг авдаа гэлээ. Жагар нүдэндээ итгэсэнгүй. Эмэгтэйн гарт нэг хоосон ундааны савны зэрэгцээ арван мянган төгрөгийн дэвсгэрт туяарч байлаа.

Жагар баярласандаа үг хэлж чадалгүй дэмий л хамар дороо гүвтнэн байтал машин шурхийн холдов. Санаандгүй олдсон энэ их олзоо яахаа мэдэхгүй атган хэсэг мэлрэн зогссон Жагар сэхээ аван хүн харчаагүй байгаа гэж ийш тийш хялалзаад тайвширч бушуухан холдлоо. Тэгээд Жагар шулсан яс гуйж авдаг хүнсний зах руугаа очиход бетонон шалан дээр овоо шимтэй хэдэн яс байсныг шуудайлан аваад гэрийн зүг гэлдэрлээ. Түүнд үүн шиг жаргалтай өдөр байгаагүй мэт санагдана. Өглөө тиймэрхүү эхэлсэн ч гэсэн их олзтой сайхан өдөр байна гэж

бодохоос хөл нь хөнгөрнө. Өдөр бүхэн ийм байгаасай. Баярласандаа болоод өвлийн хүйтэн жаврыг ч анзааралгүй алхаж, урьд нь барагдаж дуусахгүй мэт санагддаг байсан нөгөө урт зам нэг л мэдэхэд дуусч, тэр гудамжныхаа эхэнд ороод иржээ. За Ааяа хөгшин гэртээ байгаа байх. Ганц юм аваад хурдан харъя гэж бодов. Ундааны хуванцар саванд хийсэн найрка хэмээх архи 2000 төгрөг. Талх, гоймон гээд ойр зуурын

юм аваад хариулт 5000 төгрөгөө гартаа тас атган алхахад алганаас нь халуу төөнөх шиг санагдана. Явсаар хашааныхаа үүдэнд ирээд үүнийгээ хаанаа нуудаг билээ гэсэн бодол гэнэт зовоов. Өмнө нь нэг удаа жаахан мөнгөө гутлынхаа ханзархайд чихээд баригдаагүй үлдсэн нь санаанд орж түүн лүүгээ хийчихлээ…….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *