Нүүр Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “4-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “4-р хэсэг”

4 секунд уншина
0
0
1,450

-Аав нь хаачаа вэ? Байхгүй байгаа юм уу гэж хүүхдүүдээсээ асуухад Мишээл: -Аав ажил дээгүүрээ нэг орчхоод удахгүй ирнэ гэсэн. – Аан нээрээ нэг юм авна гэж байсан л даа. Би мартчихаж. Заазаа ээж нь

одоохон хоолоо бэлдээдэхье. Аав нь ч ирнэ биз гэсээр галын өрөөнд оров. Би ч хойноос нь дагаж ороод ногоо арилгаж өгөв. Зулаа эгч амралтын өдрийн амтат хоолоо хийгээд гаргах гэж байтал хонх

дуугарч, хоёр хүүхэд ааваа, ааваа гэж гүйлдэв. – Заа тэгнээ тээр доороос л миний ханийн хоолны үнэр хамар цоргисон юм гэж алиалсаар орж ирэв. Зулаа эгч бид хоёр инээлдэж ширээгээ засав. Бид хооллож дуусахад Зулаа эгч: – Ханиа, ханиа чи том өрөөндөө сууж бай! Хар

гэхээр хараарай гэхэд ах: -За яасан та хоёр илбэ үзүүлэх нь үү гэсээр зочны өрөөрүү оров. Зулаа эгч манай өрөөд орж ирээд : – Миний дүү хувцсаа өмсөөд ахдаа харуулчих. Ах чинь сонголт сайтай гэхэд нь –

Яахын бэ би ичээд байна. – Заа зүгээр дээ, цаадах чинь чамайг шоолохгүй дээ гээд гарахаар нь би урмыг бодож хувцаслаад санаа зовсоор очвол Зулаа эгч “ За нүдээ нээгээрэй” гээд ихэд хөгжилтэйгөөр

алга ташсанд ах нүдээ нээж: – Хөөх миний дүү чинь Монгол мисс бүсгүй болчхож, сайхан харагдаж байна. Гял цал биш. Тэгсэн мөртлөө донжтой. Зулаа эгч нь ийм л мундаг гэж эхнэрээ магтав. Зулаа эгчийн ихэмсэг оршихуйн цаана хүүхэд шиг гэнэн цайлган зан нуугдаж байдаг. Хөөрч баясаж нөхөртөө эрхэлж туньж байгаа нь өхөөрмөөр харагддаг. Маргааш өглөө нь Зулаа эгч манай сургууль руу хамт явж бүртгүүлчхээд, хамт байж байгаад үдийн цайгаар гэрт хүргэж өгөхөөр болов. Би ч бас эгчийн ажил дээр очихыг хүсч байлаа. Тэгээд маш өндөр шил толь болсон том байшингийн шилэн хаалгаар орж, толин өргүүрээр явж арван нэгэн давхарт буув. Нэгэн цэлгэр тасалгаанд олон компьютерүүдийн ард гоё дэгжин охид суух агаад эгчийг ороход бүгд

“сайхан амарсан уу? Зулаа эгчээ” гэж бараг нэгэн дуугаар мэндэлцгээв. “Сайхан амарлаа. Та нар минь сайхан амарцгаав уу?” гэж эгч хариу мэндлээд шууд явсаар нэгэн хүрэн хаалгыг нээж оров. Тэр олон гоё охидын өнгө өнгөөр будсан урт хумстай савхан цагаан хуруунууд түр зогсож, дээш доош дэрвэлзэх урт сормуустай олон нүд намайг дагуулж харсаар үлдэв. Эгчийн тансаг өрөөний сандал дээр сууж, эргэн тойрныг ажиглавал ширээн дээрх нөхөр, хоёр хүүхэдтэйгээ авахуулсан зураг нүдэнд тусав. Зулаа эгчийг гайхан бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Миний бодоход дутуу дундгүй, санаа зовох зүйлгүй сайн хань, хоёр хөөрхөн хүүхэдтэй аз жаргалтай гэр бүл юм. Энэ айлд аль болох чадах чинээгээрээ тус хүргэж байх юмсан гэж бодож суув. Өдрийн цайгаар эгчтэй хамт цайны газарт нь

хооллочхоод харих замдаа Зулаа эгч Тэмүүлэнгийн цэцэрлэг, Мишээлийн сургуулийг зааж өгөв. Цэцэрлэг нь байрных нь эсрэг талд байдаг юм байна. Эгч лифтэнд буух, суух гэрийн хаалга түгжих зэргийг зааж өгөөд дүүгээ 17:00 цагт авч чадах уу? Гэж асуув. Чаднаа гэхэд ангийг нь хэлж өгөөд ажилдаа явав. Удалгүй орчинтойгоо нилээд танилцаж амжив. Өглөө эгч намайг сургууль дээр буулгачихна. Өдөр тараад гэртээ ирж, орой дүүгээ авчихдаг болсондоо урамтай байлаа. Хичээлийн эхний өдөр оюутнууд бие биенээ бишүүрхэн харцгааж, зарим нь хэзээний танил бололтой хоёр, гурваараа, хэсэг бусагаараа нийлж ярилцацгаана. Дараа дараачийн өдрүүдэд хичээл энд тэнд лекц маягаар ордог нь арван жилийнхээс огт өөр байв. Анхааралтай сонсож тэмдэглэн авч, номоо ашиглаж, бие даан сурах хэрэгтэй бололтой. Манай анги 20 орчим хүүхэдтэй, 5 нь эрэгтэй бусад нь охид. Миний дэргэд Цацрал гэдэг хээгүй маягийн охин суув. Тэр үсээ годойтол ардаа боочхоод пүүз, жинсэн өмд, хэлхэгэр хар цамцтай, цэвэрхэн шар царайтай охин байв. Цацрал Францад аав ээжтэйгээ байж байгаад ирсэн. Их эелдэг боловсон зантай. Хүнийг огт ялгалгүй харьцана. Бидний арын суудалд шар, улаан үстэй, Нүүр амаа жүжигчид шиг будсан нилээд нүүрэмгий, дэгжин 3 охин эр, эм нь мэдэгдэхгүй 2 гулжгар, туранхай банди нар

сууцгаана. Лекц тэдэнд огт сонин биш. Шивнэлдэж хөхрөлдөөд л өнгөрнө. Хэн нэгнийг өөлж, шоолж тэрэндээ өөрсдөө хөгжиж, хичээлгүй үед нэг их муухай, адтай инээлдэж бие биенээ дөгөөнө. Тэднээс тамхины үнэр салахгүй. Ийнхүү миний оюутны амьдрал үргэлжилсээр… Цацрал их ухаантай охин. Хөөрхөн зантай. Хичээл тараад сургуулийн цайны газар хооллочхоод номын санд сууж байгаад харьдаг гэсэн. Номоос толгой өндийлгөх дургүй. Тэгтэл хоёр, гурав хоногоос нөгөө салдаггүй 5 намайг янз бүрийн үгээр чихэнд сонсогдохоор хэлэлцэж, шоолж хөхрөлдөөд байх болов. Би ч нэг их тоолгүй явсаар байлаа. Тэд нар янз бүрийн өнгөтэй гурван машинаар хичээлдээ ирээд тарангуут машины хаалга тап тап гэж хаагдаад л одоцгооно. Нэг өдөр ах ирж намайг авахыг тэд харчхаж. Маргааш нь нөгөө хэд ард жиг жуг гээд л… “-Энэ хөдөөний даанч брэнд өмсөөд гайхуулаад байсан юм аа… Хөгшин баян эртэй учир ургуулсан байх? Урт үс, хөөрхөн царайгаараа л уургалчихсан гэж би хэлээ биз дээ!

Хөдөөний охид гэмгүй царайлчхаад айхтар шдээ” гэж нэг гулжгар нь хэлэв. “-Заазаа чиний зөв байх би мөрийгөө алдчихлаа. Ээнээ мянгат малчны охин байх гээд байсан. Хахаха Айнка юу гэлээ? Арай л эвгүй юм хэлсэн шүү” гэлцээд инээлдэцгээв. Миний дотор эвгүй болж ичиж, зовсондоо нүүрээ хийх газаргүй ширээгээ дэрлээд хэвтчихэв. Харин тэдний яриаг сонсоод Цацралын царай хачин болж: – Та нар ямар аймаар муухай юм ярьдаг юм бэ? Ямар бүдүүлэг юм бэ? Адилхан оюутан байж нэгнийгээ тэгж муухай хэлж болдог юм уу? Та нар хичээл хийх гэж ирсэн юм уу? Хүн доромжлох гэж ирсэн юм уу? Би та нарыг огт ойлгохгүй байна гэхэд нөгөө хэд таг дуугүй болов. Улаан үстэй охин: – Чи л хичээлээ хийгээд дуугүй байчих тэгэх үү? гэв. Цэнхэр үстэй чихэндээ ээмэгтэй гулжгар нь: – Өө, энэ шодон гэзэгт чинь овоо сургааль айлдчих уу, яав, аан гэхэд нөгөөдүүл жиг жуг хийн инээлдэхэд багш: – Хичээлд суух дургүй нь гарч болно гэж хашхирав. Тэдний хэлсэн хачин муухай үгнүүд нь зүүгээр шивэх шиг болж, ичиж зовоод, бүүр хэцүүдэж байтал Цацрал намайг аргадаж: – Найз минь, тэднийг бүү тоо. Эд нар өнөөгийн нийгэмд шинээр гарч ирж буй хорт ургамлууд, тэдний эцэг эх нь мөнгө, мөнгө гэж явсаар хүүхдийнхээ хүмүүжлийг орхигдуулж, мөнгөтэй бол бүгдийг болгочихно гэж боддог аав ээжийнхээ үргэлжлэл болон гарч ирж байгаа нь энэ. Эд нар эцэг эхийнхээ олж ирсэн мөнгийг үрнэ үү гэхээс өсгөж чадахгүй. Хоосон толгойдоо эрдэм хийхийн оронд диплом гэдэг

цаасыг мөнгөөр авах санаатай байдаг нь илт байна. Муу үгээр хэлбэл тэнэгүүд. Манай улсад орчин үед нэг ийм эмзэг давхарга нэмэгдчихсэн байна билээ. Чи бол тэднээс огт өөр. Тэдний тохуурхаж, элдэв үгээр булахыг бүү тоо. Муу, муухай үг муу хүнээс л гардаг юм. Тэр яриаг нь ухаантай хүмүүс жигшиж, тэр муу муухай үгээрээ өөрсдийгөө таниулдаг юм. Миний найз над руу хардаа. Одоо наад муу муухай үгнүүдийг сэтгэлээсээ гаргаад хаячих. Эд нараас бусад нь чамайг өөрөөр хардаг гэдэгт чи итгэ за юу гэж хэлсэн юм. Үнэнд нийцэж байсан болохоор найзынхаа үгэнд тайвширч, дахин ингэж үгэн суманд оногдохгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурах хэрэгтэй гэж бодлоо. Гэртээ хариад энэ асуудлыг аль болох мэдэгдэхгүй гэж бодож байтал нэг өдөр Зулаа эгч: – Заа миний дүү ангийнхантайгаа дасаж байна уу гэхэд – Тийм ээ гэж сулхан хэлээд нүдэнд минь нулимс дүүрээд ирэв. Зулаа эгч хэзээний анзаарч: – Яасан бэ? Дүү минь. Чи ойрд сулхан харагдаад байгаа юм. Бие чинь зүгээр үү? Гэрийнхэн чинь

сайн биз дээ гэж сандрав. – Зүгээрээ гээд би өөрийн эрхгүй хүүхэд шиг болсон явдлыг хэлж орхив. Эгч дуугүй сонсож байснаа, яг л Цацралын хэлснийг хэлж, “-Цаадуул чинь чамд атаархаад хэлж байгаа юм. Битгий тоо” гэж аргадав. Би ч өөрийнхөө арчаагүйг гайхаж “сайхан эгчийнхээ сэтгэлийг зовоож, бүх юмаар хангаад байхад бүүр эрхэлж уйлж, унжих нь л дутаж гэнэ” гэж бодон өөрийгөө зэмлэв. Дахиад юу ч болж байсан хэлэхгүй юм шүү гэж шийдлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *