Нүүр Өгүүллэг “ХУЛАН” өгүүллэг “7-р хэсэг”

“ХУЛАН” өгүүллэг “7-р хэсэг”

1 секунд уншина
0
0
569

…Амьдрал хатуу нүүрээ харуулвал ямар ч хайр энэрэлгүйгээр бүх зовлонг ар,араас нь угсруулж,заавал туулах ёстой мэт аашлах юм. Үнэндээ миний амьдралд надад амьсгаа авахад ч бэрх цаг үе тэр л

хугацаанд тохиолдож байлаа. Нарийн бичиг хүүхнээсээ болж долоо,найман сая төгрөг салхинд хийсгэж, дээрээс нь тэр хүүхэн миний нэрээр өч,төчнөөн хүмүүсээс мөнгө залилж,хаашаа ч юм ор

сураггүй алга болсоноор эцэс сүүлд би цагдаад дуудагдах дээрээ тулсан. Дэндүү шударга бус мэт санагдахгүй байна гэж үү? Гэхдээ ямагт үнэн ялдаг хойно намайг буруугүй,харин ч хохирогч гэдгийг нь

ойлгож, баталж өгсөн шүүх, цагдаагийхандаа би одоог хүртэл баярлаж явна даа. Удсан ч үгүй би ажлаасаа өөрийн хүсэлтээр өргөдөл өгч халагдлаа. Надад үнэндээ нүүр хийх газар олдоогүй тул тухайн үед

“Яаж юу ч болоогүй юм шиг ажлаа тайван хийгээд суух билээ” гэж бодоод ажлаасаа гарч, бид хоёрын хэн хэн нь ажил ч үгүй,мөнгө ч үгүй хоосон хонох дээрээ тулсан юмдаг. Харин нэг удаа надад маш том

аз тохиож,мэргэжлээрээ өндөр цалинтай,нэг удаа орсон бол тэндээ тогтвор суурьшилтай ажиллах боломжтой ажлын санал ирэхэд нь би ч бөөн баяр болсон хэдий ч Идэртээ итгээд, тэр минь надаас илүү ажиллаж чадах байх, айл гэрийн ноён нуруу нь юм чинь одоо тэр ажил хийж эхнэр хүүхдээ тэжээх ёстой,харин би айлын эхнэр хүний хувьд гэр орон,үр хүүхдээ авч явах нь зөв гэсэн бодол минь нэг л өдөр салхинд хийсэх мэт замхран алга болсон юм. Өөрт байсан эцсийн бүх мөнгөө шавхаад түүндээ шинэ хувцас,хунар хослол авч өгөөд ажилд нь баяртайгаар үдэж өгсөн боловч дөнгөж гуравхан хоноод л ажлаасаа гарчихсан. Дэндүү их итгэл хүлээлгэсэн найдварын галыг минь юу ч бодолгүй замхруулж орхисонд нь маш их гомдож, үүнээс хойш Идэрээс салахын хүслэн болж хувирсан юм. Түүний оронд би орох гэсэн боловч аль хэдийн өөр хүн авчихсан байсан болохоор надад ахиад ямар ч боломж олдсонгүй. Хоёул ажилгүй учир гурван хүүхдээ

яаж тэжээх билээ, хоногийн хоолны мөнгө,тог цахилгаан СӨХ-ийн мөнгө гээд асуудлууд ар,араасаа ургаж гарсан тул бид хоёр хоёулаа барилга дээр ажиллахаар шийдэж, ажилд ч орлоо.Хэдий барилгын ажил хүнд бэрх байсан ч хоёулаа ажилтай болчихсон, дээрээс нь өглөө хамт ажилдаа явж,орой хамт ирэх нь миний хувьд үнэхээр жаргалтай санагдаж байсан юм. Угаас надад хар,бор ажил таалагддаг тул эхэндээ хэцүү санагдаж байсан ч сүүлрүүгээ хийгээд сурчихсан учир бушуухан л ажилруугаа явахын хүслэн болчихсон.Ер нь хүн дуртай зүйлээ олох юм бол хүнд,хэцүү байсан ч хийхийг хүсэн,тэмүүлдэг байх. Хэсэгхэн зуур ч гэсэн тэр үед надад жаргалтай байсан. Гэвч хүн сурсан арга барилаа тавьж чаддаггүй гэдэг шиг Идэр барилгын ажлаа гурван сар хэртэй хийгээд, намайг барилгын залуучуудтай хардан хэрэлдсэнээ, далимд нь ажлаасаа гарч буцаад архиа уугаад эхэлчихсэн юмдаа. Тэр цагаас хойш миний тэсвэр алдаж Идэрээс салах шалтаг хайн, ” Яаж салах вэ?”гэдэг л толгойн өвчин болчихсон байлаа. Даанч ямар нэгэн шалтгаан гарч ирэхгүй, би хүүхдүүдээ тэжээхийн тулд

барилга дээр үргэлжлүүлэн ажилж, Идэр гуай ч архиа уусаар өдөр хоногууд өнгөрсөөр байв. Тэгтэл нэгэн өдөр, Идэр нэгэн орой согтуу ирэхэд нь би нөгөө л хэлдэгээ хэлж хэрүүл үүсгэн маргалдахад өмнө намайг доромжилж, хэрэлдэхээс биш гар хүрч үзээгүй хүн чинь тэр орой намайг улаан галзуу юм боож унагаагаад надруу харсан харц нь үнэхээр аймшигтай, хэрцгий санагдсан. Ингээд л хүсээд байсан сайхан шалтгаан нь гарч ирэн, би хоёр хүүгийнхээ хувцас хунар бүх юмыг угааж индүүдэж тавьчихаад цөөн хэдэн хувцасаа цүнхлээд гэрээсээ явсан юм. Том охиноо би Хэнтий рүү аав, ээж рүүгээ явуулчихсан байсан үе. Аав,ээж маань намайг “Идэрээс салахгүй бол бид гал дээр

гарсан ганц зээ охиноо аваад нутаг руугаа нүүлээ” гэхэд нь тухайн үед Идэрт үнэхээр итгэж,найвдар хүлээлгэсэн байсан учир би ээж,аавыгаа ” Яв яв, одоо тэр хүн өөрчлөгдсөн. Би өөрөө амьдралаа мэдье”гэж хэлээд явуулчихсан байсан ч тэр хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тиймээс би тэгж хэлсэндээ маш их харамсдаг. Хоёр хүүгээ аваад явъя гэлээ ч аав,ээж минь байхгүй учир хонох ч газаргүй хоосон надтай явбал зүдрэнэ гэж бодоод үлдээчихсэн юм. Барилга дээрээ үргэлжлүүлэн ажилсаар, мөнгөтэй үедээ саунд юмуу 24 цагийн KFC-д хонож, мөнгө төгрөггүй үедээ орцонд хонож хоног төөрүүлдэг хэцүү үе надад олон байсан. Гэхдээ би орой болгон гэрийнхээ орцны гадаа ирж, хоёр хүүгээ байна уу үгүй юу, үймүүлж буй эсэхийг нь харан, цонхруугаа

хоёр,гурван цаг ширтэж байгаад л явдаг байлаа… Хэн нэгэн намайг ямар тэнэг шийдвэр гаргадаг юм гэж магадгүй. Гэхдээ амьдрал гэдэг чинь санасны зоргоор болдоггүй, тэвчиж тэссэн нь илүү хохирдог юм шиг санагдсан учраас энэ харанхуй амьдралаас нарны эрт, насны залууд зугтах нь зүйтэй гэсэн бодолтойгоор энэ замыг сонгосон юм шүү… Намайг хайж Идэр цагдаад хүртэл мэдэгдчихсэн, ажлын газраар зөндөө хайгаад явсан сураг дуулдахад би ч тоосонгүй.Нэгэн орой би сурсан зангаараа цонхныхоо доор ирэн, ширтээд сууж байтал Идэртэй халз туллаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *