Нүүр Бурхан шашин Доржзодва буюу Очир огтлогч судар

Доржзодва буюу Очир огтлогч судар

0 секунд уншина
0
0
136

Төгс гэгээрэгч болон гэгээрэлд замнагч бүхэнд мөргөмү.

Би ийнхүү сонссон юм. Тэр цагт Бурхан багш Шравасти хотод Ялгуугч хан хүүгийн цэцэрлэгт Анатха Пиндадын номын хүрээлэнд(1) хоёр мянга таван зуун дээд сахилтан хуврагууд болон тоо тоомшгүй бодисатва нарын хамт заларч байлаа…

Тэр цагт Эрхэм хүндэт Субуди суудлаас босч, дээд хувцсаа нэгэн эгэмдээ тохоод, баруун өвдгөөр бохирч, алга юугаа хавсран Бурхан багшид ийн өчив:

“Төгс ялагч, Түүнчлэн ажрагч, Дайснаа дарагч, Нойрноос сэрэгч та бодь сэтгэлт, агуу сэтгэлтэн шавь нартаа тус өглөгийн дээдийг соёрхогч билээ. Бурхан багш аа, бодь сэтгэлтний хөлгөнд орогчид хэрхэн замнаж, бүтээж, сэтгэвэл зохих вэ?”

Ийн асуулт өчихөд Бурхан багш эрхэм хүндэт Субудид зарлиг болруун:

“Субуди, сайн буянт. Төгс гэгээрэгч бээр гэгээрэлд замнагсадад тус өглөгийн дээдийг соёрхоно. Тиймээс үлэмж сайнаар сонс, үнэн сэтгэлээсээ хүлээн ав. Хэрхэн замнах, бүтээх сэтгэх учрыг би вээр номлосугай….

Бодь сэтгэлтний хөлгөнд үнэхээр орвол хамаг амьтан, тухайлбал өндгөөс төрөгч, хэвлээс төрөгч, чийг дулаанаас төрөгч, хувилан төрөгч, дүрс ба дүрст бус, ухамсарт ба ухамсарт буй, ухамсар үгүй ч бус амьтан гэх нэрийтгэлд хамрах тэдгээр бүх зүйл төрөлтнийг төгс амирлангуй хутагт хүргэсүгэй. Цаглашгүй олон амьтныг амирлангуй хутагт хүргэвч нэгээхэн ч амьтан амирлангуй хутагт хүрээгүй гэж сэтгэгтүн. Яагаад гэвэл, Субуди, бодь сэтгэлтэн бээр “амьтан” гэх төсөөлөл, “сүнс” гэх төсөөлөл, “бодьгал” гэх төсөөлөлд(2) баригдвал түүнийг бодь сэтгэлтэн гэж хэлэхгүй.

Субуди, Бодь сэтгэлтэн бээр бодит юмст оршилгүйгээр өглөг өгөх учиртай… Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүүн, оногдохуун юунд ч оршилгүйгээр өглөг өгөгтүн…. Ямарваа тэмдэг загварт эс оршихуй тэр нь бодь сэтгэлтний өглөг хайр бөлгөө. Юунд ч эс оршихуйн тийм өглөг буяныг хэмжих аргагүй. Түүнийг хэмжих нь огторгуйг хэмжих шиг бэрх… Бурхныг ч бэлгэ тэмдэггүйн чанарт үзэгтүн. Хэдий чинээ түүнд бэлгэ тэмдгийг онооно, төдийн чинээ хуурмаг. Хэдий чинээ бэлгэ тэмдгээс хагацна, төдий чинээ үнэнд ойртоно…

Субудди, ирээдүйд адаг таван зуун жилийн цаг үед(3) ариун сургаал үлэмж сүйрэлд учрах тэр цагт элбэрэл журамт, эрдэм билигт бодь сэтгэлтнүүд мэндэлнэ. Тэд ганц бурханд ерөөл буян үйлдэх бус, түг түмэн тоо тоомшгүй бурханд өргөл тахил өргөж, адис буян хүртэнэ… Энэ ариун судрын үгс дор уярал бишрэл өр зүрхнээс нь ундрах тэдгээр сайн хувьтныг Түүнчлэн ажрагч тольдном… Тэд “би” гэдэг, “амьтан” гэдэг “сүнс” гэдэг, “бодьгал” гэдэг төсөөлөлд үл автана. Тэд юмс үзэгдэл буй гэдэг, үгүй гэдэг төсөөлөлд үл автана. Тэд юмс үзэгдэл буй гэдэг, үгүй гэдэг төсөөлөлд үл автах шигээ төсөөлөл үгүйд ч үл автана.

Хэрвээ бодь сэтгэлтнүүд юмс үзэгдэл буй гэдэг төсөөллөөр хандвал тэр нь эзэн гэдэг, амьтан гэдэг, сүнс гэдэг, бодьгал гэдэг баримтлал болно. Хэрвээ юмс үзэгдэл үгүй гэдэг төсөөллөөр хандвал тэр нь мөн эзэн л гэдэг, амьтан гэдэг, сүнс гэдэг, бодьгал гэдэг баримтлал болно. Бодь сэтгэлтэн бээр юмсыг буруу үл баримтлах шигээ юмс үгүйг ч үл баримтална. Тйим учир төгс гэгээрэгчид буюу энэ сургаалыг эндүүрлийн мөрнийг гатлах сал онгоц мэт ойлгогчид юмс үзэгдлийн буйг алгассан атлаа атал буй бусыг ч өгүүлэх юун.

Хэн нэгэн гурван мянган их ертөнцийг долоон зүйл эрдэнэсээр дүүргэж, өглөг буянд зориулснаас хэн нэгэн энэ судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж, бусдад үнэн утгаар нь зааж чадвал өмнөхөөс тоолж хэмжишгүй олон дахин үлэмж буяныг хураана. Учир нь дээдийн дээд гэгээрэл үүнээс л үүсэх тул ялж төгссөн бурхад ч түүнээс л мэндлэх бөлгөө…

Урсгалд орогч, харин ирэгч, харилтгүй одогч, дайсныг дарагч(4), төгс гэгээрэгч хэн ч бай би урсгалд оров, би харин ирэх түвшинд хүрэв, би харилтгүй түвшинд хүрэв, би дайсныг дарагч болов, би төгс гэгээрэв гэсэн төсөөлөлд автвал тэр бүхэн би гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодьгал гэгч баримтлал болно…. Тийм учир бодь сэтгэлтнүүд юунд ч оршилгүйгээр сэтгэгтүн. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүүн, оногдохуун юунд ч оршилгүй сэтгэгтүн…

Энэ судрын нэр бол билгийн чинадад хүрэхүй. Билгийн чинадад хүрэхүй тэр нь үгүй тул билгийн чинадад хүрэх хэмээнэ…

Хэн нэгэн Ганга мөрний дусал хумхийн тоогоор амь биеэ буянд золиословч, хэн нэгэн энэ судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж, бусдад үнэн утгаар нь заавал тэр түүнээс тоолшгүй, хэмжишгүй олон дахин буян хураана.”

Тийн айлдахад эрхэм хүндэт Субуди номын сүр сүлдэнд бишрэн хайлж, урсах нулимсаа арчаад өчсөн нь

“Хамаг бурхдын айлдсан энэ судар үлэмж гайхамшиг ажээ… Би ухаан орсон цагаас ийм гайхамшгийг сонссонгүй. Энэ сударт үнэн ухаарлаар нэвтрэгч хэн бүхэн үлэмжийн хувь золтон билээ… Би вээр энэ судрыг дээдлэн бишрэвч надад тийм хувь зол алга. Адаг таван зууны цөвүүн цагт л энэ судрыг хүлээн авч, уншиж ухаарч, дэлгэрүүлэгч тэд л үзэмж хувь ерөөл төгөлдөр буюу. Учир нь тэд би гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодгаль гэгч төсөөлөлд үл баригдах билээ… Төгс гэгээрэл гэдэг нь төсөөлөл бүхнээс ангижирсныг л хэлэх ажээ.”

Тийн өчихүйеэ Бурхан багш зарлиг болоруун:

“Субуди, тэр түүнчлэн бөлгөө. Энэ судрын утга санаанаас эмээж цочилгүй, эндүүрч хөөрөлгүй хүлээн авагч хэн бүхэн үлэмжийн хувь золтой. Чинад хязгаарт хүрэх энэ номыг эдүгээ Түүнчлэн ажрагч бээр номлосон, цаглашгүй хэмжээлшгүй олон гэгээрэгсэд ч номлох бөлгөө.

Субуди, Бурхан багш хүлцэнгүйн чинад хязгаарт хүрсэн гэдэг нь тийм хязгаараас ангижирсан гэсэн үг. Тухайлбал, Калингагийн хаан миний үе мөчийг огтчих тэр цагт(5) надад би гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодьгал гэгч хуран мэдэл байгаагүй. Надад тийм хуран мэдэл байгаагүй шиг, хуран эс мэдэхүй ч байгаагүй. Хэрэв тэр цагт надад би гэгч хуран мэдэл төрсөн бол өширхөл хорслын хуран мэдэл төрөх ажгуу. Субуди, би вээр зөн билгээр тольдном. Улирч одсон тэр нэгэн цагт, таван зуун төрлийн тэртээ Хүлцэнгүй өгүүлэгч нэртэй даяанч байхад минь надад тийм хуран мэдэл төрөөгүй тул бодь сэтгэлт, агуу сэтгэлтэн бээр хуран мэдэл бүхнээс ангижирч, дээдийн дээд гэгээрлийг сэтгэгтүн…

Юунд ч оршилгүйгээр сэтгэгтүн. Аливаа оршихуй тэр нь эс оршихуйн учир тэр бөлгөө. Тиймээс л төгс гэгээрэгч бээр “Юунд ч оршилгүй өглөг хайраа түгээ” хэмээн номлоюу… Төгс гэгээрэгчид үнэмлэхүй үнэнийг түүнчлэн үзүүлэх тул буруу номлох нь үгүй… Гэгээрлийн тэр сургаал замналд үнэн ч үгүй, худал ч үгүй.

Үлгэрлэвээс, харах нүдтэй атлаа хав харанхуйд суугаа хүн юуг ч үзэхгүй. Ахуйд хүлээстэй байдлаар өглөг буяныг сэтгэгч тийм бөлгөө. Гэгээ ургах аваас харах нүдтэй л бол хачин сониныг үзнэ. Ахуйн хүлээснээс ангид өглөг буяныг сэтгэгч тийм бөлгөө. Субуди, энэ судар сэтгэшгүй, зүйрлэшгүй ажгуу. Үүнээс үүдэх үр боловсрол санаа саванд багташгүй, зөвхөн гэгээрсэн суу билэгтэн л тольдоно.

Хэн нэгэн Ганга мөрний хумхийн тоогоор амь биеэ өглөө, өдөр, орой гурван удаа буянд зориулж, тийм байдлаар түг түм, гольд наяд олон галавт биеэ зольсноос, хэн нэгэн энэ судрыг сонсоод, эс орхивоос л түүнээс тоолшгүй хэмжээлшгүй олон дахин их буяныг хураана…

Энэ судрыг их хөлгөнд орогч, дээд замд дэвшигчдийн тусын тулд Түүнчлэн ажрагч бээр номлоюу…Үүнийг хүлээн авагчид миний бодь хутгийг мөрөндөө үүрч, гартаа барьсан болно. Учир нь, дорд зүйлд бишрэгчид энэ судрыг хүлээн авах хувьгүй…

Хүлээн авч, уншиж ухаарах хувьтан ч зовох болуужин, Юу гэвэл урьд төрлөөс уламжилсан тамын зовлонд унагах тэр нүгэл нь энэ насанд нэрвээд, урьд төрлийн нүгэл, хойт төрлийн там бүгд хоосрон арилж, гэгээрлийн хутгийг олъюу. Суббуди би бээр зөн билгээр тольдном. Урьд тоолшгүй галвын тэртээ Дивангар бурхнаас6 ч эртийн эрт наян дөрвөн түг түм гольд наяд бурхад залрах цагт би вээр ямагт баясган хүндэлж, дээдлэн тахиж, буруу гажууг нэгээхэн ч эс хийсэн. Гэвч тэр буян хожмын адаг таван зуун жилийн балар үед энэ судрыг хүлээн авч, уншиж, ухаарах буяны зууны нэг хувьд ч дөхөж очихгүй, мянга, түг түмний нэг хувьд ч дөхөж очихгүй, хэмжиж зүйрлэх аргагүй бөлгөө… Тийм буяны хир хэмжээг өгүүлэхэд нялхас ухаан самуурч, сэтгэл хямрах болно…

Үнэн ч үгүй, худал ч үгүй. Тийм болохоор Төгс гэгээрэгч бээр оршихуй юмс бүгд бурхны ном гэж айлдъюу. Оршихуй юмс гэдэг нь тэр бүгд эс оршихуйт учир тийн өгүүлнэ… Хэн нэгэн ”Хамаг юмс эзэн үгүй, хамаг юмс хоосон чанартай” хэмээн сүслэн бишрэгч түүнийг Төгс гэгээрэгч бээр агуу бодь сэтгэлтэн хэмээн нэрийднэм…

Субуди, Ганга мөрний хумхий тоогоор Ганга мөрөн бий болбол, тэр бүх мөрний хумхийн тоогоор ертөнцийн орон бий болоход тэнд оршигч хэдий тоот төрөлхтөн тус бүрийн сэтгэлийн урсгалыг би тольдох бөлгөө. Учир нь сэтгэлийн урсгал гэгдэх тэр нь эс оршихуйт тул Төгс гэгээрэгч бээр түүнийг сэтгэлийн урсгал хэмээмүй. Учир юун гэвэл, өнгөрсөн цагийн сэтгэл нь тусагдахуун үгүй, ирээдүй цагийн сэтгэл нь тусагдахуун үгүй, одоо цагийн сэтгэл ч тусагдах зүйлгүй хоосон бөлгөө…

Бурхны оршихуй ч хоосон чанарт…Амьтны оршихуй ч хоосон чанарт…Адилгүй ба адил алин төгс гэгээрлийн хутаг тэр нь би үгүй, амьтан үгүй, сүнс үгүй, бодьгал үгүйн чанар дор адил буюу. Би гэгч баримтлалыг Төгс гэгээрэгч бээр үл баримтлах, түүнийг эгэл балчир ухаантнууд л баримтална.

Хэн нэгэн намайг дүрс болгон үзэж, дуу болгон баривал төөрөгдөлд орсон тэд намайг таниж чадахгүй. Гэгээн бурхан бээр хоосон чанар, хамгийг ивээгч бээр үнэмлэхүй дүрт. Үнэмлэхүй хоосон чанарыг таниагүй бол намайг яахин таних…

Субуди, их хөлгөний замд орогч бодь сэтгэлтэн аливаа юмсыг эвдэх буюу үгүйсгэгч гэж ойлгож болохгүй. Их хөлгөний замд орогсод юуг ч эвдэхгүй, юуг ч үгүйсгэхгүй… Энэ судрын эзэн үгүй, бодьгал үгүйн утга санааг хүлцэн ухаарахаас илүү буян үгүй…

Төгс гэгээрэгч бээр хаанаас ч ирэхгүй, хаашаа ч буцахгүй. Тиймд түүнийг Түүнчлэн ажрагч, Дайсныг дарагч, Төгс гэгээрэгч Бурхан хэмээмүй…

Гурван мянган их мянган ертөнцийг хумхийн тоосонд задлан буталваас тэр хумхийн чуулбар өдий хир их буй. Тийм хумхийн чуулбар үнэндээ эс оршихуйт тул Төгс гэгээрэгч бээр түүнийг хумхийн чуулбар хэмээмүй. Тийм гурван мянган их мянган ертөнцийн орон эс оршихуйт тул Төгс гэгээрэгч бээр түүнийг гурван мянган их мянган ертөнцийн орон хэмээмүй…тэр бүхнийг бүхэлчилж (бүдүүвчилж) баримтлах нь нэр томъѐо төдий, тэр нь балчир ухаантны баримтлал бөлгөө…

Субуди, Төгс гэгээрэгчийг би гэх, амьтан гэх, сүнс гэх, бодьгал гэх үзлийг номлосон гэвэл, тэр тийм бус. Хэрэв төгс гэгээрэгч бээр би хэмээн үзэхүйг номлосон аваас тэр нь тийн үзэхүй үгүйн учир номлосон хэрэг…

Их хөлгөнд орогч бодь сэтгэлтэн энэ мэтчилэн юмс үзэгдлийг ойлгогтун, үзэгтүн, бишрэгтүн. Юунд ч оршилгүй, авталгүй сэтгэгтүн.

Од, бүрэлзээн, зул Илбэ, шүүдэр, хөөс, Зүүд, гялбаа, үүл мэт Хуран үүсэгч үзэгдэл бүхнийг Тийн үзэгтүн.”

Бурхан багшийг ийнхүү сургаал айлдахад эрхэм хүндэт Субуди болон сахил санваартан, бодь сэтгэлтэн олон шавь нар тэргүүлэн тэнгэр, хүмүүн, асури, гандирсын ертөнц даяар даган баясч, Бурхан багшийн сургаалыг бишрэн магтвай.

Очир огтлогч судрын зүрхэн тарни:

Намо багавади бразня барамида еэ. Ум нада дида, илиши илиши, милиши милиши, бинаян бинаян. Намо багавади брадям бради, ириди ириди, мириди мириди, шүриди шүриди, үшүри үшүри, бүюүеэ бүюүеэ сууха

Load More Related Articles
Load More By admin
Load More In Бурхан шашин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *