
Би уул нь жирийн үед гэрээсээ ажил орох замдаа мэдээ сонсоод, кофейгоо ууж амждаг байлаа. Гэтэл коронавирус тархсан энэ үед зам үнэхээр хоосорсон байна. Мэдээгээ ч дуустал сонсож чадсангүй, кофейгоо ч дуустал ууж чадсангүй хүрээд ирлээ……

Манай эмнэлэг гурван салбартай бөгөөд коронавирус тархаж хөл хорио заралсан энэ үед зөвхөн миний ажилдаг салбар дээр коронавирусийн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг үзэх шийдвэр гарлаа. Тэгээд надаас -Чи ажиллаж чадах уу? гэж асууж байна.
Би олон юм бодсонгүй – Чадна гээд зөвшөөрлөө. Гэтэл зарим эмч нар маань өндөр нас, эрүүл мэндийн шалтгаан мөн хөхүүл хүүхэдтэй гээд ажиллаж чадахгүй гэсэн юм санж. Ингээд энэ нийгэмд ажиллаж чадахгүй гэж хэлж, ажиллахгүй байж болдогыг ойлгов.
За тэгээд нэгэнт зөвшөөрсөн учраас Нealth Department-ээс тусгай мэрэгжлийн эмч нар ирж өвчтэй хүнтэй харьцах,үзлэг хийх зааварчлагаа, халдвар авахаас сэргийлэх тусгай өмсгөл өмсөх дадлага хийж, маск болон нүдний шил хэрэглэх дадлага хоёр сувилагчийн хамт хийв. Маскийг зүүгээд л болно гэж бодож байсан чинь буруу болж таарав. маскийг зөв зүүж байгаа болон гүйцэд тусгаарлаж чадаж байгааг тусгай арозол шүршиж шалгадаг юм байна.
Халдвар тархахгүй байгааг баталгаажуулаж 2-3 удаа давтаж үзүүлээд ажиллах зөвшөөрөл авлаа. Мөн хувцас, маск, нүдний шилний размерийг тогтоож өгсөн юм. Халуун цэгт ажилласан анхний өдөр.Өглөө ажилдаа иртэл надад үзүүлэх 10 хүн байна. Бүгдээрээ халуурсан, ханиасан, цээжээр нь өвдсөн, амьсгал давчидсан гэсэн ерөнхий шинж тэмдэгтэй хүмүүс байлаа.
За тэгээд хамгаалах хувцасаа өмсөөд (Манай 2 сувилагч аль эрт өмссөн байлаа) эхний өвчтөнөө үзэж билээ. Миний үзсэн 10 хүнээс 3 нь корона вирусийн халдвар авсан байх магдлал өндөр байсан тул хамар, амны хөндийгөөс арчдас авч шинжилгээнд явуулав. Мөн зохих эмчилгээ зааварчлагааг өгч шинжилгээний хариу гартал гэртээ хөл хорионд байхийг зөвлөж гэрт нь явууллаа.
Үүнээс гадна Нealth Department-ийн хүмүүстэй утсаар холбогдож сэжигтэй өвчтөнийг цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй билээ.Шинжилгээний хариу хүлээж байх үед биеийн байдал хүндэрвэл надтай утсаар холбогдох ёстой. Би энэ үед өвчтөнийг аль эмнэлэгт хэвтүүлэх,өөр бусад өвчтөнтэй хавьтуулахгүй байх арга хэмжээг утсаар ярьж зохицуулах үүрэгтэй. Эхний шинжилгээ өгсөн 3 хүнээс коронавирус илэрсэнгүй… Заримдаа өөрийгөө болон гэр бүлээ ингэж эрсдэлд оруулах хэрэг байв уу? гэж эргэлзэх мөч олон байлаа.
Тийм ч учраас хамгаалах хувцасаа зааварын дагуу зөв өмсөх, гараа маш сайн угаах,маск, нүдний шилээ зөв тааруулж зүүх гэх мэт өөртөө хяналт тавьж ажиллаж байна даа. За тэгээд халуун цэгт ажиллаад 7 хоног боллоо.

Шинжилгээ авсан хүмүүсээс коронавирус илэрсэнгүй…Гэвч энэ олон өвчтөнийг үзээд ялган оншлохдоо эмч хүний хувьд, хувь хүний хувьд өндөр хариуцлага хүлээж байгаагаа ойлгож бүх мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байна. Ажлаа тараад машиндаа суусан хойноо энэ бүхэн удаан битгий үргэлжлээсэй гэж бодох юм даа…Эцэст нь хэлхэд надад үзүүлдэг миний өвчтөнүүд элдэв асуудал гарвал надтай холбогдоорой. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
“Монголд КОВИД-19-ийн тохиолдол илэрсэн учир хэд хэдэн зүйлийг анхааруулах нь зөв гэж бодлоо. Залуучууд анзааргагүй байдлаасаа үүдэж, энгийн зүйлд алдаа гаргах магадлалтай. Хүүхэд, хөгшдөө анхаарч халамжилж, дархлааг нь дэмжээрэй.
- Хүн хоорондын зайг сайн барь. Тэр нь 1.5-2 метр байх хэрэгтэй. Олон хүн цугларсан газраар явахгүй байхыг хичээгээрэй.
- Гарын ариун цэврийг сахих нь хамгийн чухал сэргийлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Гараа 2 цаг тутамд савандаж, сайтар хөөсрүүлэн угаа. Аливаа гадны биетэд хүрсэн бол тэр даруй гараа угааж, үгүй бол ариутгах нь чухал.
- Доорх тохиолдлуудад гартаа бээлий өмсөх, эсвэл салфеткаар жийрэглэж хүрээрэй.
Лифтний товчлуур болон хаалганы бариулд хүрэхдээ
Дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа
Таксины суудал, бариулд хүрэх үед.
- Дэлгүүрээс авсан бүтээгдэхүүний гадаргууг савантай, халуун усаар арчиж цэвэрлээд хөргөгчиндөө хийгээрэй.
- Гадуур өмсөж явсан хувцас, гутал малгай зэргийг аль болох үүдний хэсэгт үлдээж бусад хувцастайгаа холихгүй байхыг хичээгээрэй. Ялангуяа гутлаа тусад нь гялгар уутанд хийж тавьбал бүр сайн.
- Зүүж явсан нүдний шил, гар утас, машины түлхүүр зэргийг орж ирээд спиртийн уусмалаар арчиж цэвэрлэж тавиур дээр тавьж заншаарай.
- Гадагш гарсан л бол гэртээ орсон даруйдаа хүүхдүүдээ тэврэх, үнсэх зэргээс зайлсхийгээрэй. Мөн үсээр вирус дамжих магадлал өндөр учир гаднаас орж ирүүт шууд усанд орох.
- Цагаан хэрэгсэл, дэрний уутыг 7 хоног бүр угаах хэрэгтэй. Америк болон олон оронд хийсэн судалгаагаар гутлын ул, үс, арьс, гар, хамрын хөндийд вирусын үржил хамгийн их олдсон.
- Халуун хоол, цай, ясны шөл, аарц, чацаргана, лемонтой усыг сайн уугаарай. Мөн хоол цайгаа аль болох халуунаар нь идээрэй.
- Гаднаас орж ирүүт хамрын хөндийг бүлээн усаар угааж, хоолойгоо содтой эсвэл жамц давстай усаар зайлж хэвшээрэй.
- Жолооч бүр машины бариул, хаалга, шалавчийг 65 хувиас дээш агууламжтай спиртээр арчих эсвэл шүршиж ариутгаарай.
- Маскийг 2 цагаас илүү зүүхгүй, олон хүнтэй газраар явсан бол шууд солих хэрэгтэй. Бас 65 хувийн спиртээр гадна дотногүй шүршээд 5-10 минутын дараа дахин нэг удаа зүүж болно.
Маскаа сайн зүүгээд, гараа сайн ариутгаад дээрх санамжийг өдөр тутамдаа дадал болгоод дор бүрнээ хичээгээрэй. Ингэж байж л бид дотны хүмүүсээ хамгаалж, өвчнөөс сэргийлж чадна шүү!” гэлээ.
Эмч Э. Ууганбаяр