Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨГ ТАВИЛАН”өгүүллэг “1-р хэсэг”

“ТӨӨРӨГ ТАВИЛАН”өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,166

Анхны шохоорхол, анхны дурлал, анхны хайр гэдэг ямар сайхан гэгээхэн бөгөөд хүмүүний зүрх сэтгэлд үүрд тийм л ариун гэгээнээрээ

хадгалагдан үлддэг нь нарт хорвоогийн нэгэн гайхамшиг буюу. Энэхэн орчлонд хүн гэх алдрыг зүүж ирсэн хэн бүхэн амьдралын их далайд хөл тавин орохдоо эсрэг хүйстнээ басхүү зарим нэг нь ижил хүйстнээ

ч шохоорхон дурлаж, догдлол гэх амттай, айдастай зүйлийг мэдрээд, азтай нэгнийх нь дурлал ариун хайр болж хувиран амьдрал болон үргэлжилж, азгүй зарим нэг нь бүтэлгүй дурлалын өрөөсөн талд

ганцаар шаналан хоцордог билээ. Хайрлаж дурлаж үзсэн хүн бүхний зүрхэнд хэзээ ч мартагддаггүй нэг л хүн оршиж, мартсан хэмээн өөртөө итгүүлж явсаар бүүр хол хугацаа өнгөрсөн хойно бүрэнхий

шөнийн зүүдэнд хаа нэг айлчлан ирж дурсагдсаар л байдаг нь сонион… Анхны хайраар учирч бие биенээ үнэнчээр хайрлан амьдралаа холбосон аав ээж хоёрынхоо тавин насны босгон дээр хэнз

үр нь болж ирсэн Нандин охин аз заяагаар энэ хорвоод хүн болж мэндэлжээ. Хөөрхий муу эх нь насны бөгсөнд гайхамшгаар олдсон үрээ яаж ийж байгаад төрүүлнэ гэж зүтгэсээр, хийсвэр хагалгааны өвдөлтийг шүд зуун даваад бүрэн ухаан ороогүй хэвтэхдээ “Охин төрлөө” гэх эмчийн үгийг бүдэг бадаг сонсоод дуугарах ч тэнхэлгүй сул нулимсаа асган хэвтэж билээ. Сувд бүсгүй хар багаасаа хайрлаж явсан залуутайгаа үерхэж явсаар дэр нэгтгэснээс хойш охин үртэй болохсон гэдэг эм хүний нууцхан хүсэл тээсээр явсан авч хүсэхэд хясал гэгчээр хоёр сайхан хүү заяагаад гурав дахь жирэмслэлт нь охин байсан боловч амьгүй төрж нэг хэсэгтээ л гүн хямралд оржээ. Үүнээс хойш дахин жирэмсэлсэнгүй явсаар дөчин насыг давж, охинтой болох хүсэл нь ч аажмаар замхран биелэшгүй мөрөөдөл мэт санагдах болж. Гэтэл харин дөчин есөн нас хүрэх жилээ хэвлийд нь шинэ хүн бүрэлдэж байгааг мэдэн гайхаж цочирдохын сацуу бөөн баяр болж, хожуу төрөлт аминд хүрч мэднэ хэмээн эмч нар, нөхөр нь ч ятгахыг үл тоон Нандин охиноо тээж төрүүлжээ. Нөхөр Мягмар ч охин үрээ хараад эр хүний ховор нулимсаа харамгүй урсгаж, хайрт ханийнхаа зориг тэвчээрийг бахархан биширч байсансан… Хоёр идэхгүй, хоосон хонохгүй эгэл жирийн энэ л айлд алгын чинээ шинэ хүн нэмэгдэж Нандин хэмээх алдрыг зүүсэн цагаас хойш өнгөтэй өөдтэй, амттай шимттэй гэсэн бүхнийг өмнөө өрүүлэн зооглож, газарт ганц тавиулалгүй гар гар дамжин заларсаар зургаан нас хүрэв. Охиноо төрүүлснээс хойш бие хаа нь өвдөж эхэлсэн ч Сувд хэнд ч хэлэлгүй

нууцаар эм тан ууж явсаар зургаан жил өнгөрч том хүүгээ өрх тусгаарлан айл болгох гэж шүд зуун гүрийж зүтгэсээр нэг л өдөр ухаан алдан унаж Мягмар гурван хүүхэдтэйгээ уйлж дуулан эхнэрээ үүрч дүүрсээр эмнэлэг домнолгоор өчнөөн явж Сувдын бие овоо дээрдэж ухаан орсон ч дахин босч явж чадахааргүй хэвтэрийн хүн болжээ. Том ах нь тусдаа гарч, бага ах нь хотруу их сургуульд яваад, аав нь ганцаараа шөнө дүл болтол махийтал ажиллан ээжийнх нь эм тариа, ахынх нь сургалтын төлбөрийг залгуулах тул Нандин охин өдөржин хэвтэх ээжийгээ сахин өнжих болов. Том ах Хүрэл нь долоо хоногтоо хоёр гурван удаа эргэж ирдэг байсан ч ажилд орсноос хойш ирэх нь цөөрч сардаа ямартай ч хоёр удаа ирж цалингаасаа илүүчилсэн хэдэн төгрөгөө өгөөд явдаг байв. “Миний хүү одоо өөрийн гэсэн гэр бүлтэй, тусдаа амьдралтай болсон хүн шүү дээ. Эхнэр хүүхэддээ л цалингаа зарцуулж бай, аав ээж нь яах вэ яаж ийгээд болно” хэмээн ээж нь үглэвч ядарч турсан аав, өвчтэй ээж, бүлтгэр жаахан охин дүүгээ харсаар байж туслахгүй өнгөрнө гэдэг санаанд багтамгүй мэт бодогдоно. Хаа очиж Хүрэлийн эхнэр Үржинбадам нь ааль зан сайтай, хадмууддаа элэгтэй, тусархуу бүсгүй боловч өөрөө саяхан төрсөн

нярай хүүхэдтэй, гэр ч хол тул тэр бүр ирж чаддаггүй байв. Нэг ирэхээрээ хадмынхаа гэрийг цэмцийтэл угааж цэвэрлэн Сувд, Нандин хоёрыг ус цасанд оруулж өгөөд, хоол ундны зүйлсийг нь хэрчиж уутлан хөргөгчинд нь хийн бэлдэж өгөөд явна. Нандин охин том ахынхаа эхнэрийг хүүхдээ тэвэрсээр орж ирэхэд бөөн баяр хөөр болж Үржээг гэр орон цэвэрлэх хооронд дүүгээ тэврэн саатуулж тусалдаг байв. Нандин дотроо “Том болоод Үржээ эгч шигээ мундаг ажилсаг, сайхан зантай, хадмуудыгаа өөрийн аав ээж шиг асардаг бүсгүй болно доо” хэмээн бяцхан оюундаа тунгаадаг байлаа. Эрх танхилхан өссөн Нандин охин ээжийгээ жил гаруй асраад ухаан сууж хэрсүүжжээ. Хайртай ээжийнхээ ялгадасыг цэвэрлэж, хэвтсээр байгаад цоорсон сүүж нурууг нь арчиж угаахдаа ганц ч удаа сэжиглэж дургүйцсэн удаагүй. Гэм нь ямар ч найз нөхөдгүй, гэрээс ч барагтай гарахгүй байсаар үг дуу цөөтэй, бүрэг даруу нэгэн болов. Бага ах нь зуны амралтаараа ирсэн боловч аавдаа туслан ажиллаад гэртээ бараг л байхгүй байсаар намар болж сургуульдаа буцлаа. Нандин ч бүр хүний мөрөөсөл болж, гудманд шаагилдан тоглох хүүхдүүдтэй гарч тогломоор санагдаж хорхойсно. “Миний охин гарч тогловол тоглоо, ээж нь яах ч үгүй” гэж хөөрхий ижий нь байнга хэлдэг ч “Хажууд нь байнга нэг хүн сахиж байх хэрэгтэй, хэзээ ч хамаагүй ухаан алдах, таталт өгөх аюултай” гэж сануулсан эмчийн үг бодогдоод ээжээсээ холдохоос айн, жорлон орохдоо ч гэрлүүгээ яаран ээждээ санаа зовох тул юун гадаа гарч тоглох манатай, дэмий л хүүхдүүдийн хөгжилтэй орилолдон шуугихыг гэр дотроосоо сонсож суудаг билээ… Хүрэл,

Үржинбадам хоёр аав ээжүүдийнхээ авч өгсөн хашаа байшинг зарах гэж жил шахам хөөцөлдсөөр ашгүй нэг зарж Мягмарынд нүүж ирээд Нандингийн нар гарах нь тэрээ. Хүрэл ээлжийнхээ амралтаар аавынхаа хашаанд дүнхийсэн том байшин барьж аав, ээж, дүү гуравтайгаа бүгд орж зургуулаа аж төрөх болов. Ингэж нэг хань бараа, нөмөр нөөлөгтэй болсон Мягмарынхан том жижиггүй л сэтгэл тэнийж, Мягмар арагшаа зоволгүй санаа амар ажиллан, Нандин ахынхаа хүүтэй өдөржин шавайгаа ханатал тоглож, Сувд ч сайн бэрийнхээ тордлогонд өнгө зүс нэмэн инээж хэвтэх болжээ. Энэ жил найм хүрч байгаа Нандин сургуульд орохоор болж есөн сарын нэгнийг хүлээн зуны урт өдрүүдийг барж ядан байлаа. Мягмар ганц хайртай охиноо сургууль соёлд нь бэлдэн чадах ядахаараа хичээлийн хэрэглэл, хувцас хунар цуглуулсаар. Нандин охины хоног тоолон байж хүсэн хүлээсэн өдөр ирж шинэхэн дүрэмт хувцас, гялалзсан хар ботинк өмсөн, цагаан туузаар үсээ гоёж ээж, бэр эгч хоёртоо үнсүүлээд аав, ах хоёртойгоо хөтлөлцөн сургуулийн зүг явлаа… Үеийн олон хүүхдүүдтэй хамт нэг ангид сууж, багшийн заасан үсэг, тоог хичээнгүйлэн сураад завсарлагааны цагаар шуугилдан үймүүлэх хүүхдүүдийг ажиглан инээж суух үнэхээр сайхан. Гэртээ харингуут ээж, эгч хоёртоо сургуулийн сонин сайхныг нэгд нэггүй амаа чилтэл ярина. Үг дуу цөөтэй, гунигтайхан харцтай байсан охин нь сургуульд орсноос хойш нүд нь гялалзан сэргэж, дуу шуу орж эргээд эрх танхилхан охин болсонд Сувд баярлаад ханахгүй байв. Хичээлдээ явахаар бэлдэж нүүр амаа угаачихаад Үржээ эгчээрээ үсээ самнуулан

суух нялх жаахан охиноо хараад “Ганц удаа ч болов охиныхоо үсийг самнаад, гараас нь хөтөлж сургуульд нь хүргэж өгөхсөн” гэх бодол төрж өндийж ч чадахгүй болсон биеэ голон гуниглавч азаар заяасан амин хайртай охин үр нь “Хайртай шүү ээжээ” гээд гүйж ирэн үнсүүлэхэд гуниг гутрал нь хийсэн оддог байлаа… Аав, хүү, бэр гурав эрвийх дэрвийхээрээ тордсоор байсан ч Сувдын бие жил ирэх тусам муудсаар л байв. Гэвч Нандинд энэ тухай хэн ч хэлсэнгүй. Нандин ч сургуульдаа явсаар найзуудтай ч болж, зуны амралтаараа гудманд тоглож гүйгээд ээжийнх нь царай улам л цонхийж, улам л тураад байгааг ер анзаарсангүй. Мягмар ч цаг наргүй ажилласаар турж эцэн ёнхийсон хар өвгөн болжээ. Бага хүү Хонгорыг их сургуулиа төгсөхөд аавын санаа амарч, том хүү Хүрэл ч овоо цалин авдаг болж ар гэрээ мөнгөөр дутаахгүй авч явах тул одоо л нэг амрах цаг болж хэмээн тэтгэвэртээ гарч ханийгаа асран суух болов. Хүрэлийнх дахин ам бүл нэмж Үржинбадам нялх хүүхдээ харахын сацуу хадам аав ээжийгээ ч асарч тойлон, тэр том байшинг үргэлж цэвэр цэмцгэр, дулаахан байлгах нь гайхамшигтай. Мягмар, Сувд хоёр ч бэрээ хайрлан хүндэлж ганц удаа ам мурийхгүй эвтэй найртай амьдарна. Сайхны хажуугаар саар гэгчээр өвчин гэж хар гай л энэ жаргалтай гэр бүлд хар сүүдрээ тусгасаар, өдөр ирэх тусам улам хүчээ аван гэр гийгүүлэгчийн хүч тамирыг сорж гэрэл гэгээг нь бүдгэрүүлсээр байлаа… Хонгор хүү сургуулиа төгсөөд нутагтаа ирсэнгүй, хотод ажилд оров. Мягмар, Сувд хоёр хаа очиж хоёр хүүгээ сайн хүн болгож өсгөсний хүчинд аль аль нь эрдэм номтой, ажилсаг болж хаана ч газардахааргүй мэргэжил эзэмшжээ. Хонгор сургуулиа онц дүүргэж нэгэн компанид урилгаар орж ажилласаар хоёр жилийн нүүр үзэж тушаал дэвшсээр овоо хөлөө олов. Хаа нэг амралтаараа гэртээ очиж хэд хонодог байлаа. Эр хүн л юм гэсэндээ хотын хөөрхөн бүсгүйд сэтгэл алдарч эргүүлдэж гүйсээр үерхэж, тун удалгүй түрээсийн байрандаа хамт амьдрах болжээ. Хайртай бүсгүй нь чинээлэг айлын

эрх танхи охин учир хөөрхий Хонгор түүнийг юмаар дутаахгүй гэж хирэндээ л мэрийж, хажуугаар нь өөрийн гэсэн орон байртай болчих санаатай мөнгөө хураасаар завгүй гүйнэ. Сувдын бие нилээн дордож хэл яриа нь ч ээдрээд хүн ойлгоход бэрх болсон тэр зун Хонгор шинэ бэр дагуулж ирэн аав ээждээ танилцуулав. Унаган хотын ганган цагаан хүүхэн тормолзсоор орж ирээд хадам ээждээ үнсүүлэхдээ хэвтэрт удсан хүний эвгүй үнэр танарт дотор нь муухайран огих шахаж ам хамраа даран ярвайхыг бүгд хараад Мягмар өвгөн шинэ бэрээсээ санаа зовон бүлтэлзэж суухад, том бэр Үржинбадамын уур нь хүрч, Нандин охин л ганцаар юу ч анзаарахгүй гоё эгчийн өмссөн

зүүсэнг гайхаж зогслоо. Хонгорын эхнэр Минжээ хадмындаа ирээд хоёр ч хонолгүй хот руу буцмаар байна гэж маяглан нөхрийгөө шалсаар байгаад зөвшөөрүүлэв. Гэр бүлтэйгээ ганц сар ч болтугай хамт байж ээжийгээ хэд хоног асрахсан гэж бодсоор ирсэн Хонгор ааштай эхнэрийнхээ үгнээс зөрж чадсангүй сэтгэл нь хоргодон хоргодсоор буцлаа. Бага хүүгээ нулимстай нүдээр хайрлан ширтэж хоёр хацар дээр нь удаан гэгч нь үнэрлээд хоцорсон тэр шөнөө Сувд тэнгэрт халин одов оо…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *