Нүүр Өгүүллэг “ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг төгсгөлийн “20-р хэсэг”

“ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг төгсгөлийн “20-р хэсэг”

0 секунд уншина
0
0
874

Урангоогийн араас гарч гүймээр, Балжмааг аргадаж учрыг олмоор… Яахаа мэдэхгүй ацан шалаанд орсон Төгсөө дэмий л бээлийгээ урагдтал базлан зулгааж хэсэг зогссоноо өрөө рүүгээ орон уйлсаар

суугаа Балжмааг тайтгаруулж нурууг нь илэн суув. Худал хэлээд ч болтугай Төгсөөтэй л хамт байхыг хүссэн Балжмаа Төгсөөг хажууд нь ирж суунгуут мөрийг нь дэрлэж хэсэг гиншээд сүүлдээ худал уйлсаар

нулимс нь ч гарахаа байхад ороолтоороо нүдээ арчаад Төгсөө рүү царайчлан харж “Багшаа би танд хайртай ш дээ, танаас олсон хүүхдээ би авхуулж хэзээ ч чадахгүй, намайг ойлго л доо” гэлээ. Хамаг

нүднийх нь будаг урсан халтартаж үс нь сэгсийн хүн цочмоор болсон охин өрөвдөлтэй царайлан өөдөөс нь харахад Төгсөө юу гэж хэлэхээ мэдэхгүй сэгсийсэн шар үсийг нь илэн байснаа “За одоо тайвшир, би

үнэндээ тулгамдаад яахаа ч мэдэхээ байчихлаа. Хоёулаа сайн бодож байж шийдсэн нь дээр байх. Маргааш нөгөөдрөөс уулзаж сайн ярилцая, одоо чамайг гэрт чинь хүргээд өгье за” гэж хэлээд босч

гадуур хүрмээ өмсөв. Юутай ч Төгсөөг итгүүлж чадсандаа баярласан Балжмаа тайвширч хувцас хунараа өмсөн, цүнхнээсээ толио гаргаж нүүр амныхаа урссан будгийг янзлан зогсох хооронд Төгсөө дотроо Урангоог л бодож харуусан, ямар нүүрээрээ уулзаж, юу гэж хэлнээ хэмээн шаналсаар байлаа. Түрүүхэн л уйлж унжиж байсан нөгөө охин шал өөр болчихсон баясгалантайгаар “Явах уу хонгороо” хэмээн сугадан авахад Төгсөө гүн бодлоосоо салж хоёул заалнаас гаран цоожлонгуут Төгсөө “Хүн харчихна шүү дээ” гэж учирлан Балжмаагийн сугадсан гарыг эвтэйхэн тавиулаад гадагш гарахаар алхцгаав. Хүсэн хүлээсэн хүнийхээ хамт машинд нь суучихаад гэр лүүгээ хүргүүлж яваадаа итгэж ядан баярлах Балжмаа ам хамхилгүй чалчин суухад Урангоог л бодон шаналсаар яваа Төгсөө утгагүй яриаг нь чихний хажуугаар өнгөрүүлж байлаа. Урангоо гүйсэн чигтээ зам дээр гарангуут таксинд суун гэр лүүгээ явав. “Би жирэмсэн” гэдэг үг одоо ч чихэнд нь сонсогдож зүрхийг нь хэн нэгэн урт савраараа хатгах шиг л болон нулимс нь цийлэгнэнэ. Төгсөө өмнө нь олон бүсгүйтэй орооцолдож явсныг мэдсэн, тэр бүхнийг нь уучлах сэтгэл өөрт нь байгаа ч гэлээ, яг над шиг л Төгсөөд дурлаж бие сэтгэлээ өгчихөөд хүүхдийг нь тээгээд хаягдана шүү дээ гэж бодохоор тэр охиныг өрөвдөж байлаа. Ингээд л Төгсөөг бүр мөсөн алдчих гэж байгаа мэт бодогдон айвч, Төгсөө өөрийг нь гээд ирсэн ч тэр хөөрхий бие давхар бүсгүйн нулимсаар би жаргаж чадна гэж үү хэмээн гуниглав. Урангоо

өөрөө төрсөн цагаасаа аав гэж мэдэхгүй өсөөд ухаан оруут ээжийгээ алдаж өнчин өрөөсөн өсөхийн зовлонг өөрийн биеэр туулж ирсэн учир ирээдүйд төрөх тэр бяцхан зүрхийг шархлуулж эцэгийг нь булаахыг хүссэнгүй. Төгсөөд би хичнээн хайртай ч тэр хүн өөрийн хийсэн зүйлийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой, би сэтгэлээ татаж Төгсөөг орхисон нь дээр юм байна, Төгсөө тайван тогтвортой харилцааг хүсэж байна гэсэн, тэр нь одоо л гарч ирлээ хэмээн бодоод сэтгэл шулуудан гэртээ орлоо… Шинэ хүн гэртээ ирээд Самдангийнхан бөөн баяр хөөр, инээд цалгилан халуун дулаан уур амьсгалтай байв. Урангоо гэртээ оруут гунигт автсан сэтгэлээ чангалан инээмсэглэж Солонго эгчийгээ тэврэн үнсээд, үнэгчлэн унтах бяцхан хүүгийн зулайг үнэрлэн хайрласан харцаар ширтэн зогсоход мартахыг хичээж ядан байсан “Би жирэмсэн” гэх үг дахиад л чихэнд нь сонстож дүрлэгэр алаг хоёр нүд нь нулимсаар дүүрээд ирлээ. “Хүүе миний хөөрхөн дүү чинь ямар ч уяхан юм бэ дээ, дүүгээ хараад уйлчихвуу?” гэсээр Солонго ирж нулимсыг нь арчихад Урангоо улам бүр огшиж уйлах гээд байсан тул биеэ арайхийн бариад худал инээж ариун

цэврийн өрөө зүглэв. Хаалгаа түгжиж аваад суултуур дээр суун асгартал урсах нулимсаа сул тавин урсгалаа. “Хоёрхон хоногийн өмнө хорвоо дэлхий ямар сайхан санагдаж, дурлалдаа мансууран жаргаж байлаа даа, өнөөдөр хэрэггүй л тийшээ очиж тэр яриаг хэрэггүй л сонслоо. Зүгээр л юу ч мэдээгүй өнгөрсөн бол арай дээр байх байсан ч юм билүү” гэж бодон харамсан уйлсаар байв. Хармаанд байсан утас нь гэнэт хангинахад бондгосхийн цочиж гарынхаа араар нулимсаа шудраад утсаа авч харвал Төгсөө залгаж байхаар нь авсангүй, дууг нь хаагаад босч толинд өөрийгөө хараад ахиад л нулимс нь асгарч гарлаа. “Урангоо гарах болж байна уу? Давсаг хагарлаа” гэх Хүслэнгийн дуугаар сандран хоолойгоо засч төв болгон “За одоохон” гэж хэлээд крант нээн хүйтэн усаар нүүрээ хальт шавшсан болоод хаалгаа онгойлгов. Хавчигнан орж ирсэн Хүслэн суултуур дээр суунгуут бие засан тавираад нүүрээ угаасаар л байсан Урангоод хандаж “Нийгмийн багшид туслана гээд байсан ямар хурдан хүрээд ирээв хө” гээд босч усаа татаад хажууд нь ирэн “Наад нүүр чинь цоорлоо, ямар удаан угаадаг юм бэ, алив найз нь гараа угаая” гээд хөгжилтэй инээв. Урангоо алчуур аван нүүрээ арчингаа “Багш харин дараа болъё, харь харь гээд ээ” гэж худал хэлээд гарлаа. Төгсөө Балжмааг хүргэж өгөөд гэрт нь оруулах гэж баахан худлаа амлалт өгч байж арай гэж салаад Урангоо руу залгатал утсаа авсангүй. Ахин хэд хэд залгаад хариу байсангүйд цөхрөн толгойгоо шааж хэсэг зогсоод

машинаа асаан хөдлөв. Урангоогийн байрны гадаа шууд давхиж очоод дахин залгатал авахгүй л байсанд мессеж бичээд цонх руу нь харан хүлээлээ. Урангоо хоолоо идсэн болчихоод өрөөндөө орон хэвтэж байтал утас нь дахиад л дуугарав. Угаасаа Төгсөө гэж мэдэж байсан тул харсан ч үгүй. Дон дон хэмээн дуугарч мессеж ирэхэд утсаа шүүрч аван уншив. “Урангоо гараад ирээч тэгэх үү? Хоёулаа ярилцах хэрэгтэй байна. Гуйя” гэсэн мессежийг уншаад үсрэн босч цонх руу очоод хөшигний завсраар харвал Төгсөө цонхных нь дор дээшээ харан зогсох харагдлаа. Зүрх нь түг түг цохилон дотроо эргэлзээд яахаа мэдэхгүй орон дээрээ сууж байтал Хүслэн орж ирснээ “Бас яагаад гөлөрчихөө вэ, чи өнөөдөр нэг л сонин байна шүү, найздаа ярих юм байхгүй юу” гээд хажууд нь суув. “Юу ч болоогүй ээ, хичээл бодоод л” гэж ахиад л залж орхиод “Найз нь дэлгүүр ороод ирье” гээд босоход Хүслэн “Юу авах гэж байгаан? Хамт гарах уу?” гээд даган босонгуут Урангоо сандран “Яахын, яахын, найз нь удахгүй, чи дүүг авч аниад тусал” гээд хариу хүлээлгүй годхийн гарч одов. Төгсөө байж ядан нааш цааш холхиж байтал ашгүй Урангоо гарч ирэхийг хараад баярлан

урдаас нь гүйж очоод “Гарч ирсэнд баярлалаа Урангоо, миний машинд суугаад ярилцая, чи даарчихна” гээд гараас нь хөтлөн машин луу явахад Урангоо үгүй гэж хэлж чадсангүй дуугай л даган алхсаар машинд нь орж суулаа. ~Чи түрүүний Балжмаа бид хоёрын яриаг бүгдийг нь сонсчихсон уу? ~Балжмаа гэнээ? Аан манай нөгөө ангийн Балжмаа байсан юмуу? ~Урангоо, би яахаа мэдэхгүй хэцүү байдалд орчихлоо. Би Балжмаатай аль эрт нэг удаа унтсан нь үнээн. Бид хоёр ямар ч хайр сэтгэлийн холбоогүй. Одоо харин би чамаас өөр хэнийг ч харахаа больсон. Чи намайг ойлгооч дээ… ~Би таныг ойлгоод яах юм бэ? Та надад сайн байлаа ч тэр одоо ямар хамаатай юм? Цаана чинь бүхэл бүтэн нэг шинэ хүн бүрэлдчихээд байгаа юм бишүү? Та хариуцлагаа үүрэх ёстой. ~Тиймээ би хариуцлагаа үүрэх ёстой. Гэхдээ би тэгээд сэтгэлгүй хүнтэй гэрлээд насаараа чамайг санаж шаналах гэж үү? ~Тэгээд? Тэгэхгүй гээд яана гэж? Өөрийнхөө үрийг авхуулна гэх гээгүй биз дээ? Би лав хэн нэгний амийг таслан байж жаргаж чадахгүй.. ~Үгүй дээ, юу гэж дээ. Ямартай ч Балжмаатай ярилцаж байгаад нэг шийдэлд хүрэх л байх. Гэхдээ би чамайг орхиж чадахгүй ээ. Чи ч гэсэн намайг битгий орхи л доо тэгэх үү? ~Балжмаа хүүхдээ гаргавал та хажууд нь байх ёстой! Би хүний жаргал булаахгүй гэдгээ хэлээд байгаа юм бишүү? Хоёулаа ямар нэг их удаан үерхээд

дасчихсан хосууд байгаа биш. Харин ч ингээд эртхэн биенээсээ холдсон нь дээр. Та одоо ирээдүйд төрөх үр хүүхдээ л бод. Би энийг л таниас гуйя… Урангоо ийн хатуухан хэлээд машинаас буун гүйсээр орцондоо оруут хана налан суугаад уйлж, машинд үлдсэн Төгсөө ч зүрх сэтгэл нь тэсэхийн аргагүй өвдөн нулимс дуслуулав. Гэгээн хайрын балыг дөнгөж амсаад л хагацсан дурлалт хос хоёр талд шаналан байхад худал үгээрээ бүхнийг бусниулж орхисон Балжмаа найзуудтайгаа уулзан архидаж их л баяр хөөртэй байлаа… Долоо хоног уруу царайлсан Урангоо сургуулийн коридороор уйтгартай алхсаар охидын ариун цэврийн өрөө ортол өнөөх гайхал Балжмаа нэг найзынхаа хамт толинд харан нүүр амаа будаж байв. Балжмааг харангуут сэтгэл нь ахиад л сэмэрсэн Урангоо гэдсийг нь томорчуу гэж хартал угын махлаг Балжмаад мэдэгдэх юм алга. Урангоо бие засчихаад гарч ирэн нөгөө хоёрын хажууд зогсоод гараа угааж байтал Балжмаа хажуудах найздаа хандан “Ёоо биений юм ирчихсэн давсагаар хатгаад үхлээ, нээрээ хэрэглэл байгаа юу” гэх нь тэр. Найз нь цүнхнээсээ ариун цэврийн хэрэглэл гаргаж өгөхөд Балжмаа өнөөхийг

нь аваад нойлын өрөө рүү орлоо. Урангоо эхэндээ анзаарсан ч үгүй гараа угааж дуусаад хатааж зогсохдоо гэнэт саяын болсон явдлыг ухаарч “Жирэмсэн хүний биений юм яахаараа ирдэг билээ!” гэх бодол төрөв. “Балжмаа худлаа хэлсэн юм гэж үү” хэмээн бодож гараа албаар удаан хатааж байтал нойлоос гарч ирсэн Балжмаа бандаганан өмдөө татсаар найзынхаа хажууд очоод их л аяархан шивнэх шахуу “Нөгөөдөх чинь нээрээ миний хэлсэнд бүр үнэмшчихсэн байна лээ хихи. Одоо ч хэдэн сар аргалж дотносож байгаад зулбачихсан гээд хэлчихнээ яадын” гээд агдаганан инээлээ. Балжмаа хэдийн шивнэж хэлсэн ч бүгдийг сонсож чадсан Урангоо зүрх нь хурдан цохилсоор гарч шууд заал руу явлаа… . Төгөлдөр, Төгсөө хоёрын ээж Долгор үсчингийн газар үсээ янзлуулж сууна. Өнөөдөр мартын найман бөгөөд бага хүү Төгөлдөр нь найз охиноо гэртээ авчирч аав ээжтэйгээ танилцуулна гэсэн тул Долгор амьхандаа гоёж суугаа нь энэ. Үсээ янзлуулчихаад дэлгүүр орон чихэр жимс цуглуулаад гэртээ ирвэл нөхөр нь төрөл бүрийн амттай хоол, зууш бэлдээд ширээн дээрээ өрж байв. “Өө ашгүй миний хань мундаг ш дээ, За хүүхдүүд ирэх цаг боллоо, энэ чихэр жимсийг таваглачих” гэж өгөөд өрөө рүүгээ орон хувцасаа сольж том хүүгийнхээ бэлэглэсэн гоёмсог даашинзыг өмслөө. Тун удалгүй хаалганы хонх дуугарч Төгөлдөр, Хүслэн хоёр цэцгийн баглаа, бэлэг сэлт барисаар орж ирлээ. Бага бэр болох охинтойгоо танилцаж хөөрхөн сайхныг нь магтан шагширч сууцгаатал дахин хаалганы хонх дуугарав. Аав нь өндийн “Том хүү

ирж байгаа байх” гээд очиж хаалга тайлвал Төгсөө нэг хөөрхөн охин хөтөлсөөр орж ирлээ. “Хүүе ханиа өнөөдөр чинь хоёр бэртэйгээ хоёулантай нь танилцах нь” гэсээр том өрөөнд орж ирсэн нөхрөө хараад эхнэр нь “Айн? Төгсөө бас уу?” гээд баярласандаа ухасхийн босов. Төгөлдөр, Хүслэн хоёр ч бие биенээ нудран Төгсөөг ямар бүсгүй дагуулж ирснийг сонирхон босцгоотол инээд алдан орж ирсэн Төгсөөгийн араас ичингүйрэн тормолзсоор Урангоо ороод ирвээ… Хүслэн, Төгөлдөр хоёр бүр шоконд орсондоо хоёул хоёулаа нүд нь бүлтрэх шахав. Урангоо ирээдүйн хадам аав, ээжтэйгээ танилцан үнсүүлээд Төгөлдөр, Хүслэн хоёр дээр гэмшингүй инээн ирэхэд нөгөө хоёр аав, ээжийнхээ хажууд нэг их юм ярьж чадсангүй. Төгөлдөр “Чи ч ёстой гэнэтийн бэлэг барьж чадлаа даа” гээд инээхэд Хүслэн харин үггүй харцаараа найзыгаа загнаад авав. Бүгд ширээ тойрон сууцгааж хоолоо идэцгээн ярьж хөөрч инээлдэн шуугилдаж нэгэн сайхан үдэш өнгөрлөө. Хайртай залуусаараа гэртээ хүргүүлэн ирсэн хоёр найз өрөөндөө оронгуут хэрэгтэн Урангоо байцаагч Хүслэнд тайлангаа тавьж дуусаад хоёул орондоо орж хэвтэв. Яг арван жилийн өмнө асрах

газрын орон дээр тэврэлдэн хэвтээд уйлж байсан хоёр найз өнөөдөр хоёул хайртай хүнтэйгээ учирч тэр бүү хэл нэг айлын бэр болон орохоо мэдэж аз жаргалтайгаар инээлдэн тэврэлдээд хэвтэж байгаа нь энэ билээ. Хорвоо хатуурхаж хоёулангийнх нь хайрт ээжийг булаасан ч насан турш жаргал зовлонгоо хуваалцах үүрдийн үнэнч найзаар шагнасан нь ямар их аз завшаан бээ… Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй гүнж юм шүү. Хэзээ ч бүү гуниглаарай, хэзээ ч бүү хэн нэг залууг гуйж царай алдан гүйгээрэй. Өөртөө л итгэ хонгорууд минь… 😙😙😙 Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *