Home Өгүүллэг “ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “17-р хэсэг”

“ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “17-р хэсэг”

0 second read
0
1
2,029

Гайхаж балмагдсан Хүслэнг ангайн зогсож байх хооронд ах дүү 2 тэврэлдэн мэндчилээд Төгсөө юу ч болоогүй мэт Хүслэнгийн гарыг ирж атган “Манай сургуульд сурдаг гэсэн, намайг бараг таньж байгаа

байлгүй дээ, гэхдээ би чамайг сайн мэдэхгүй болохоор танилцая Төгсөө” гэж хэлээд нээрээ л танихгүй байгаа юм шиг инээмсэглэв. Хэдхэн долоо хоногийн өмнө чанга тэврээд “Би чамд хайртай” гэж

байсан хүн одоо огт танихгүй хүнтэй уулзаж байгаа мэт жүжиглэхийг хараад Хүслэн ёстой шоконд ороод юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг гацаж орхиход Төгөлдөр хажуунаас нурууг нь илээд “Хайраа яасан бэ,

багш чинь ороод ирэхээр шоконд орчихвуу? Намайг хэлээгүйд уучлаарай, гэнэтийн бэлэг!” гээд инээлээ. Хүслэн ч тэрхэн зуур ухаан орж “Харин тиймээ, ёстой гайхлаа ш дээ, намайг Хүслэн гэдэг” гээд

инээмэр аядав. Гурвуул ширээндээ сууцгаан хоолоо идэнгээ Төгсөө жүжиглэсэн хэвээр Хүслэнг аль ангид сурдаг, хэддүгээр курс вэ, хаана хэнтэйгээ амьдардаг, ар гэр гээд асуултаар булахад Хүслэн ч аль болох

тайван эелдгээр хариулж суухдаа “ямар аймар жүжигчин бэ, намайг Төгөлдөртэй үерхэж байгааг мэдэж байсан юм байхдаа, тэгээд мэдсэн байтлаа дүүгийнхээ найз охинд хайр зарлаж гүймээргүй юм, саяхан л мэдэж дээ, ямар сонин тохиолдол вэ, ёстой баларсан юм” гэх зэргийг бодон суулаа. Хоёр талд суугаа хүмүүс дотроо юу бодож байгааг огтхон ч төсөөлөөгүй Төгөлдөр найз охиноо магтан ” Манай Хүслэн хөөрхөн байгаа биз дээ ахаа” гэхэд Төгсөө “тийм байна, ийм хөөрхөн охин манай сургуульд байхад би олж харахгүй явж байгаад дүүдээ алдчихдаг, тоогүй юм боллоо” гэж хошигнон инээхэд тоглоомоор хэлж байгаа ч цаанаа үнэний хувьтай үг тул Хүслэнгийн хувьд их л эвгүй санагдаж худал инээх гэж зовж суув. “Би нойлын өрөө орчихоод ирье” гээд Төгөлдөрийг босч явангуут Хүслэн Төгсөө рүү цоо ширтэн “Яагаад намайг таньдаг гэдгээ дүүдээ хэлээгүй юм бэ? Би өөрөөс чинь болж Төгөлдөрийн өмнө худал ярьж жүжиглэх хэцүү байна!” гэж хатуухан хэлж орхив. “Би чамд хайртай гэж зүгээр тоглож хэлсэн юмаа, чамайг түрхэн зуур шохоорхсон минь үнэн, гэхдээ дүүтэй минь үерхэж байгааг мэдээд больсон. Тийм болохоор урьдны явдлыг сөхөхгүй байсан нь хэн хэнд маань дээр. Миний дүү бол надаас тэс өөр хүн шүү, тэрний анхны хайрыг би сэвтээмээргүй байна, чи дүүд минь хайртай л бол энэ тухай хэлж сэтгэлийг нь битгий өвтгөөрэй” гэж Төгсөөг ярьж дуусахтай зэрэгцэн Төгөлдөр ирж суугаад “За манай хоёр овоо юм ярьж байх чинь, нүүр хагарч байна уу? Ах арай найз охинд маань дурлачихаагүй биз дээ?” гээд хөгжилтэй инээлээ. “Аз болж ах нь чамаас сонирхол өөр юм даа, үгүй бол ч дурлачихаар хөөрхөн охин

байна шүү” гэж Төгсөө бас тоглоом хийхэд Хүслэн дотроо Төгсөөгийн түрүүний хэлсэн үгийг бодоод сэтгэл санаа хоёрдон суусан тул тэр хоёрын яриаг анзаарсангүй. Найз бүсгүй нь бодолд орон нэг л тавгүй байгаад байхаар Төгөлдөр санаа нь зовж “Хайраа бие чинь тааруу байна уу? Ахыг багш болохоор биеэ бариад хэцүү байна уу?” гэхэд Хүслэн хүчлэн инээмсэглэж “Зүгээрээ хайраа, шалгалт шүүлэг бодоод хэсэг сонин царайлчихлаа, миний хайр санаа зоволтгүй, харин ч багш ахтай болчихлоо, ашгүй биеийн тамир дээр онц гарах нь” гээд Төгөлдөрийг үнсэхийг харж суусан Төгсөө сүүлийн үед Хүслэнг бодохоо больсон ч гэсэн зүрх сэтгэлтэй хүн юм болохоор дотроо дүүдээ атаархан сэмхэн шүүрс алдав. Хүслэн ч Төгөлдөрөөс өмнө нь болж өнгөрсөн бүхнийг нуухаар сэтгэл шулуудаж овоо дуу шуу орон инээж хөхөрч найз залуудаа эрхэлсэн шиг суулаа. Залуу хосыг харж суухдаа Төгсөө анх удаа атаархал төрж “Би ч гэсэн яагаад хэн нэгнийг хайрлаад үнэнчээр үерхэж амьдрал зохиож болохгүй гэж, одоо зугаацаж цэнгэж ханасан биш билүү” хэмээн боджээ… Хүслэнгийн найз залуугийн ах нь Төгсөө гэдгийг сонсоод Урангоо эхлээд итгэсэнгүй. Хүслэн цанын бааз дээр болсон явдлыг Урангоод хэлээгүй учир тэрнээс бусдыг нь ярьж, өмнө нь Төгсөөд сайн байсныг минь Төгөлдөрт хэрхэвч хэлж болохгүй шүү гэдгийг Урангоод сануулж амлалт авчээ. Урангоо ч битүүхэн дотроо Хүслэнг хайртай хүнтэйгээ үерхэж жаргалтай байгаад цагаахан атаархал төрж байвч, Хүслэн Төгсөөд сайн биш гэдэгт бүүр их баярлаж байлаа. Өмнө нь нэг хэсэг Төгсөөгөөс болж ганц найзыгаа үзэн ядах шахаж байснаа бодохоор өөрийгөө гайхмаар. Сүүлийн хэд хоног Төгсөөг харахгүй байх тусам

улам их санаж шаналсаар хэцүүхэн байсан ч гүйгээд очилтой биш яах билээ. Бас нэг талаар Төгсөөтэй ахин уулзаад хүслийг нь биелүүлж нэг шөнийн зугаа болон хаягдах вий гэхээс айж, хэзээ ч бүтэхгүй гэж бодохоор л зүрх нь өвдөж байлаа. Найзыгаа дурлалдаа шаналан царай алдсаныг анзаарсан Хүслэн яаж аргадахаа ч мэдэхгүй, гай болсон Төгсөөд л уур нь хүрнэ. Хайртай залуу нь Төгсөөгийн дүү байдаг, дээрээс нь хайртай найз нь Төгсөөд дурлачихсан байдаг, ямар гээчийн гайтай учралаар энэ сургуульд орчихвоо гэж хүртэл бодож билээ… Хичээл тараад Хүслэн Төгөлдөртэй уулзана гээд түрүүлээд явчихав. Урангоо дахиад л ганцаардан номын санд жаахан сууж байгаад гарч явтал сургуулийн гадаа Төгсөөтэй улаан нүүрээрээ тулчихав. Хэн хэн нь жаахан балмагдан хэсэг зогссоноо Төгсөө түрүүлж ам нээв. ~За сайн уу Урангоо, ойрд таарсангүй ямар сонин хүн бэ? Хичээлээ хүртэл таслаад алга болчих юмаа.. ~Сайн, сайн. Та сайн уу? Би харин бие өвдөөд тамирт орж чадсангүй.. ~Өө тиймүү, одоо тэгээд гайгүй биздээ? Хаачих гэж байгаан? ~Хаачих ч үгүй ээ. Харих гээд л.. ~Аан би бас тараад л… Юу.. Нөгөө.. Хамт хоолонд орох уу? ~Өө…. яах юм бэ, би эрт харих ёстой ~Тэгвэл би чамайг хүргээд өгье тэгэх үү? гээд хариу хүлээсэнгүй цааш эргэн машиныхаа хаалгыг онгойлгоод Урангоог суухыг хүлээн зогсов. Урангоо яахаа мэдэхгүй дотроо эргэлзэн тархи нь хэрэггүй гэсээр байсан ч хөл нь өөрийн эрхгүй алхсаар машинд очиж суулаа. Хэсэг чимээгүй явснаа Төгсөө хоолойгоо засаад “Эртээдийн болсон явдалд дахин уучлаарай, тэр явдлаас болоод чи хичээлээ таслаад надаас зугтаад байгааг чинь би мэднээ, одоо дахиж

надаас битгий зугт тэгэх үү? Би чамайг ахиж тиймэрхүү байдлаар оролдохгүй гэдгээ амлая!” гээд Урангоо руу царайчлангуй харлаа. Юу гэхээ мэдэхгүй тулгамдсан Урангоо дотроо баярлан байвч гаднаа төв царайлан толгой дохиод “намайг ч гэсэн уучлаарай” гэж сулхан дуугарав. ~За тэгвэл хоёулаа дахиж тэр муухай явдлыг дурсахгүй шүү, чи хүсвэл хааяа хамт хоолонд орж кино үзэж байя тэгэх үү? ~Мхан ~Яг үнэндээ би өмнө нь хэн нэгэнтэй сэтгэлээсээ уулзаж учирч яваагүй ээ. Яагаад ч юм чи бусдаас их онцгой санагдаад чамд өөрийн эрхгүй татагдаад байх юм. Намайг битгий буруугаар бодоорой за ~За гэж арайхийн хэлэхдээ Урангоо болж байгаа бүхэнд, Төгсөөгийн хэлсэн үгэнд итгэж ядан зүрх нь хурдан хурдан цохилж нүүр нь халуу оргиж байв. “Би тэр шөнө л Төгсөөгийн өвөрт орчихсон бол одоо ингээд байж байхгүй хаягдчихсан уйлж хэвтэх байсан биз, Хүслэнгийн байнга хэлдэг Өөртөө итгэ хонгор минь гэдэг үг ямар үнэн үг вэ.” гэж бодон суулаа. Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй үнэ цэнэтэй байх л хамгийн чухал юм байна гэдгийг сая л тэр ухаарчээ. Хоёр хацар нь улаа бутарчихсан, инээд алдан орж ирсэн Урангоог хараад Солонго юу болсныг асуух гэснээ больж өөрөө хэлэх үедээ хэлэг гэж бодон орхижээ. Солонго өнөө маргаашгүй төрөх болсон учир Самдан гэрээс ойрд гарсангүй, эхнэрээ сахин ажил төрлөө утсаар амжуулж байлаа. Сүрэн ч өдөрт нэг ирэхийн сацуу, байн байн утасдаж Солонгын биеийг асуун анхаарал тавина. Солонгын ээж аав хоёр ч анхны зээгээ төрөх өдрийг хүлээж ядан хоног тоолж суугаа билээ. Энэ айлд шинээр мэндлэх хүнийг хэн бүхэн хүсэн хүлээж буй нь аргагүй ээ… “Манай

хоёр охин ойрд их л жаргалтай амьтад, нүд нь гялалзаж хацар нь ягаараад л гүйх болж. Энэ хоёрыгоо харахаар залуу нас санаанд орох юм. Чамд анх дурлачихаад би бас ингээд л гүйж байсан даа” гэж ярин инээмсэглэх эхнэрээ хараад Самдан “Миний хоёр дүү чинь багаасаа зовлон үзэж ухаан суусан хүүхдүүд юм чинь чи бид хоёр шиг жинхэнэ хайраа олж жаргах цаг нь одоо болоо байлгүй дээ” гээд Солонгын цүндийсэн гэдсийг хайрлан илээд зөөлхөн үнсэв. “Хоёр дүүг минь сайн хүнтэй л учруулж өгөөсэй, бурхан минь” гэж хэн хэн нь дотроо залбирдаг билээ… Хүслэн Төгөлдөр хоёр хамт кино үзчихээд гадуур дэмий алхангаа энэ тэрийг ярин цагийг сайхан өнгөрүүлээд орой болсон тул аргагүй хагацах болж Хүслэнг хүргэж өгөн бас л амархан салж хагацаж чадахгүй орцонд нь баахан тэврэлдэж зогсоод арай гэж нэг юм Төгөлдөр явж Хүслэн гэртээ оров. Үерхээд удаагүй ч өдөр бүр уулзсаар нэгэндээ дэндүү их дасч бие биенээ илүү мэдэх тусам улам л хайртай болсоор байлаа. Аз жаргалтай царайлсан Хүслэн дуу аялан өрөөндөө ортол Урангоо чихэвчээр дуу сонсон нүдээ аниад хэвтэж байв. Хүслэнг орж ирэхийг мэдээгүй Урангоо сонсож буй хайрын дуугаа амандаа аялан жаргалтай бодолдоо автан инээмсэглэхийг

Хүслэн хараад ямар нэг сайхан зүйл болж гэдгийг ойлгон гэтэж очоод гэнэт суга руу нь гараа хийж гижигдэв. Тачигнатал инээн цааш зугтсан Урангоог чихэвчээ авмагц “За юу болсныг яриад байгаарай” гэхэд Урангоо хэлэх эсэхдээ эргэлзэн байснаа юутай ч одоохондоо хэлээд хэрэггүй байх, баттай болвол хэлье гэж бодоод “Юу, юу болсон гэж? Надад юу болдогын, чам шиг хайрандаа умбаж байгаа биш” хэмээн булзаарууллаа. “За чи битгий нуугаад байгаарай, би наад харцыг чинь хараад л ямар нэг юм болсныг мэдэж байна шүү” гэж Хүслэнг хэлэхтэй зэрэгцэн нөгөө өрөөнд Солонгын ёолох сонстож Самдан сандарсан янзтай тэр хоёрыг дуудлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…