
Төгсөөгийн дотор давчдан нүд нь харанхуйлав. Зүрх рүү нь хутгаар ширхийн хатгах шиг өвдөж, анх удаа эмэгтэй хүнээс болж ийм байдалд орсондоо гайхан балмагдсаар суулаа. Төгөлдөр орж ирүүтээ
утсыг нь гөлрөн гацсан ахыгаа хараад гайхаж “Яасан бэ ахаа, зүгээр үү” гээд нуруу руу нь зөөлөн цохиход Төгсөө сая л ухаан орж худал инээвхийх аядаад дүүгийнхээ утсыг тавьж хөлөрч салгалсан гараа
ширээн доогуур хийн өвдгөө базлав. Төгөлдөр ахынхаа зэвхий царайлахыг анзаарсангүй утсаа шүүрч аваад нүд нь гялалзан уруулаа мушийлгаж тачигнатал мессеж бичээд “Нээрээ ахаа миний сайн
охиныг харах уу” гээд хариу хүлээлгүй Хүслэнгийн пэйсбүүк хаяг руу орж зургуудыг нь Төгсөөгийн нүдний өмнө ээлжлэн эргүүллээ. Өөр бүсгүйтэй жаргаж байхдаа ч өөрийг нь орлуулан төсөөлдөг тэр
үзэсгэлэнт бүсгүйн даруухан инээмсэглэсэн хөөрхөн зурагнууд нүднийх нь өмнүүр хөвөрч, очиж очиж дүүтэй минь шүү гэж бодохоор л хоолой дээр нь нэг их том юм тээгэлчих шиг болно.

Төгөлдөр ахынхаа дал мөрөөр тэврэн “Танай сургууль гэсэн ш дээ ахаа, та таньж байна уу? Би таныг багш гэж хэлээгүй л байгаа, хэлчихвэл танаас санаа зовж ичээд байж магадгүй, Хүслэн маань их ичимхий ш дээ” гээд дэлгэцэн дээрх зургыг хайр дүүрэн харцаар ширтэхэд Төгсөө гаднаа их л тайван өнгөөр “аа байдаг л нэг охин байна, зөндөө иймэрхүү охид байдаг болохоор ах нь онцгойлж танихгүй байна өө” гэж хэлсэн ч дотроо бол далайд дунд завь нь хөмөрсөн загасчин шиг амь тэмцэн бачимдаж байлаа. Хоёр хүүгээ хайрласан нүдээр ажиглан суусан Долгор тэндээс ам нээж “манай Төгөлдөр ахаасаа түрүүлж эхнэр авах шинжтэй дэгээ” гээд инээхэд нөхөр нь хажуунаас нь өлгөн авч “эхнэр гэснээс Төгсөө миний хүү найз бүсгүйтэй болснуу? Ийм сайхан залуу арай ганц бие яваад байгаа юм биш биз дээ?” хэмээн асуув. Төгсөө Хүслэнгийн зурагнаас арайхийн харц салгаад ахиад л худал инээмсэглэл нүүрэндээ тодруулан “Ээж шигээ сайхан бүсгүй олж байж л амьдрал зохионо доо” гэж хэлэхдээ дотроо Хүслэнг бодон зүрх нь шимшрэв. Ээжээсээ өөр эмэгтэй хүнийг хайрлаж үзээгүй ихэмсэг залуу хүнд хайртай болчихсон гэдгээ ч ойлгоогүй шунал тачаалтайгаа эндүүрч явснаа сая л ухаарч бүтэлгүй дурлалын шаналалд бүтэн биеэрээ живэн, гуниг гансарлын манан зүрхэнд нь суунагласаар шинэ оныг угтлаа… Хичээл ороод удалгүй сургуулийн
цасны баяр болж Хүслэн, Урангоо хоёр ч ангийхантайгаа хамт явлаа. Цэнгэг агаарт цэвэрхэн цасан дээр гулган наадаж хүн бүр баяр хөөртэй дуу шуутай байхад ганцхан биеийн тамирын багш л дуу муутай харагдана. Хүслэн хоёр хүний чаргаар гулгахаар суугаад Урангоог дуудтал гэнэт нэг хүн араар нь сууснаа хаман тэвэрч жолоог нь бариад Хүслэнг юм хэлж ч амжаагүй хүүе гэхтэй зэрэгцэн хөдөлж чарга ч хурдаа аван доошиллоо. Ангийн банди нарын нэг нь л байх гэж бодсон Хүслэн Төгсөөг гэж огтхон ч төсөөлсөнгүй. Чарга доошлох тусам араас нь улам чанга тэврэн биедээ наах залууг Хүслэн яаж ч чадсангүй явсаар арай гэж уулын бэлд хүрэн чарга зогслоо. “Ёо ямар чанга тэвэрдэг юм бэ, тавиатах” гээд зүтгэсээр босч эргэн хартал Төгсөө байхыг хараад саяхан л амнаас нь гарах гэж яарч байсан үгнүүд бүгд алга болчихов. Хүслэн дуугай цааш алхтал Төгсөө араас нь гүйцэж очоод гараас нь татан эргүүлмэгцээ цээжиндээ наан тэвэрчихэд Хүслэн гайхан хэсэг хөшсөн ч тэд удалгүй “Намайг тавиатах” гэж уурсангуй хэлэн түлхэж тэврэлтээс нь мултрахыг оролдоно. Төгсөө чанга тэвэрсэн хэвээр чимээгүй зогсож байснаа ойр хавьд хүн байхгүй тул зориг орон “Би чамд хайртай” гэж чанга хэлж орхиод Хүслэнг тавьж хойш ухрав. Хүслэн юу гэхээ мэдсэнгүй байзнаснаа “Унтаж хэвтдэг бүх охиндоо та ингэж хэлдэг биз. Балиар шалиг заваан амьтан минь би наад үгэнд чинь хошгороод гүйж очоод өвөрт чинь орчихно гэж санаа юу? Одооноос Урангоо бид хоёроос холхон байгаарай. Би найз залуутай хүн шүү, дахиж намайг ингэж өдөж хоргоохоо боль” гэж хатуухан хэлээд цааш эргэж хурдан хурдан
алхсаар холдов. Хэлэх үггүй болтлоо загнуулсан Төгсөө цасан дээр хойш тэрийн унаад дотор нь бачимдан уйлмаар болоход хамаг чадлаараа хашхирлаа… Төгөлдөр, Хүслэн хоёр болж өгвөл өдөр бүр уулзсаар, хамт кино үзэх, хоолонд орох, тоглоомын газар тоглох, номын санд суух гэх мэтээр цагийг сайхан өнгөрүүлнэ. Хүслэн бүр олдохоо байсанд Урангоо хааяа ганцаардавч Хүслэнг аз жаргалаар дүүрэн явахыг хараад баярладаг байлаа. Төгөлдөр ахынхаа тухай Хүслэнд хэлэхийг яарсангүй, төрсөн өдрөөрөө танилцуулахаар шийджээ. Төгсөө багш ганцаарчилсан сургалтаа цуцалсан гэдгийг сонсоод бүртгүүлсэн байсан бүх охид сэтгэл нь гонсойлоо. Урангоо ч мөн адил сэтгэл дундуурхан сургуулийн коридороор алхалж явтал Төгсөө урдаас нь ирж явахыг хараад аль болох хөөрхөн инээмсэглэн “Сайн байна уу, багшаа” гэж мэндлэв. Төгсөө зогтусан Урангоог сүрхий гэгч нь ширтсэнээ “Чи орой завтай юу? Хамт хоол идэх үү?” гэж асуулаа. Урангоо чихэндээ ч итгэсэнгүй нүд нь бүлтийн Төгсөө рүү хараад “За…завтай” гэж арайхийн дуугарав. “За тэгвэл орой 7 цагт гадаа машиндаа хүлээж байя” гээд Төгсөө нүдээ ирмэн сэтгэл татам хөөрхөн инээмсэглээд явахад баярласан ичсэндээ хацар нь улайсан Урангоо хурдан хурдан цохилох зүрхээ дарсаар хоцорлоо. Хэд хоног шаналж хэвтсэн Төгсөө өчигдөр орой сэтгэлээ сэргээхээр ганцаараа гадуур алхаж яваад Хүслэн, Төгөлдөр хоёрыг олж харжээ. Цонхны цаана кофе уунгаа инээлдэн ярилцах хос залуусыг хараад Төгсөө атаархсандаа золтой л цонхыг хагалчихсангүй. Төгөлдөр лүү харах Хүслэнгийн харц, инээдийг ажиглан хэсэг зогсоод Хүслэнг хэзээ ч өөрийн болгож чадахгүйгээ сая л ухаарчээ. Хөндий хоосон цээжтэй болсон Төгсөө цааш алхсаар шууд бааранд орж ухаан алдталаа уугаад шөнө дунд баарны буйдан дээр сэргэмэр аядаад арайхийн гэртээ харьжээ. Өөрөө өчнөөн охины нулимсаар гараа угаасныхаа хариуд ийм шан хүртэж байгаагаа ойлгохгүй, зүрхийг нь шархлуулсан Хүслэнд л өширхөн “Тэр их хамгаалж хайрлаад байгаа найзыг нь шаналгаад өгөхөөр яахыг чинь харая л даа” гэж шүд зуун бодсоор алхаж явтал яг санаснаар Урангоо таарч болзоо тохирох нь энээ… Урангоо гэрлүүгээ яарч очоод хувцсаа сольж нүүр амаа янзлан будаад буцаж сургууль дээр ирэхэд аль хэдийн 7 цаг өнгөрч байлаа. Төгсөө машиндаа суун Урангоог хүлээнгээ цаг хараад “Юу юугүй далчигнаад гүйгээд ирэх байх гэж бодсымсан, бас хоцорч моцроод овоо доо” гэж

бодон мушийж суутал машины хаалга онгойж Урангоо орж ирэн суув. “Хөөх ямар хөөрхөн болчихоо вэ” гэж Төгсөө уулга алдахдаа үнэнгээсээ хөөрхөн охин байна шүү гэж дотроо боджээ. Цөөхөн хүнтэй тохилог ресторанд намуухан хөгжмийн аянд хайртай хүнтэйгээ өөд өөдөөсөө харан суугаад хооллох шиг жаргал хаа байх вэ. Урангоо үүлэн дээр хөвөх мэт л жингүйдэн суув. “Энэ чинь болзоо биз дээ, тиймээ би Төгсөө багштай болзож байна гэж үү дээ” гэж бодохоор л баяр нь хүрч, зургаа дараад бүх охидод гайхуулмаар санагдана. Сэтгэл нь хөөрсөндөө бас Төгсөөгийн шахалтаар хоёр гурван хундага дарс уусан Урангоо нилээн халамцаж, ресторанаар гарч явахдаа гуйвж дайван Төгсөөд түшүүлж явсаар машинд суув. “Манайд очиж жаахан юм ярьж суух уу?” гэсэн Төгсөөгийн урилгыг Урангоо дуртайяа хүлээн авч олон охидын охин биеэ гээсэн тэр л байранд хөл тавин орлоо…