
Сүрэнгийн эхнэр сайхан зантай махлаг шар авгай хаалга онгойлгож ” Өө та хоёр хүрээд ирэв үү, за орцгоо орцгоо, цаад ах чинь та хоёрыг хүлээгээд байж ядсан л хүн сууж байна” гэж инээд алдан хэлэхэд муу
юм бодож дотор нь бэлбэгнэнхэн байсан хоёр маань бага ч атугай тайвширч дотогш оров. Сүрэн нүдний шилээ зүүн цаасан дээрх бичгийг дахин дахин уншиж сууснаа Самдан, Солонго хоёрыг
хармагцаа инээмсэглэн босч ирээд ” Ахын хоёр хөөрхөн дүү ашгүй хүрээд ирэв үү, та хоёрт хэлэх сайхан мэдээтэй дээ, за ийшээ суу” гэж буйдан луу заалаа. Сүрэнгийн хэлэхийг дуулмагц мань хоёрын
түгшүүр нь арилаагүй л байсан царайнд инээмсэглэл тодорч дотор нь нэгмөсөн уужран зөөлөн буйдан дээр тухалцгаав. ” Ах нь ганц хайртай хүүгээ алдаад нэг хэсэг л цээж хоосон, амьдрах урам зориггүй явдаг
байлаа. Харин Самдантай уулзсан тэр өдөр л хүүгээ дахин олох шиг санагдаж, хүүдээ зориулж чадаагүй бүхнээ энэ хүүд зориулж, энэ хүүгийн төлөө л зүтгэх ёстой юм шиг бодол төрж байж билээ. Та хоёр

минь л сайн сайхан явбал ахынх нь хүсэл биелэх нь тэр шүү дээ” гэж намуухан өгүүлэв. Самдангийн нүдэнд уярлын, талархлын нулимс цийлэгнэн байлаа. Сүрэн зангирсан хоолойгоо засаад цааш үргэлжлүүлэн ” Ах нь та хоёрыг гадагшаа гаргах талаар нилээн дээрээс хөөцөлдсөн юм, ашгүй өнөөдөр тэр маань бүтэж, та хоёрт дуулгах гээд хичнээн догдолвоо” гэхэд Самдан, Солонго хоёр чихэндээ итгэхгүй гайхан баярлаж бие бие рүүгээ харснаа Сүрэн лүү харж “нээрээ юу ахаа” хэмээн зэрэг шахуу хэлэв. Сүрэн гайхаж нүд нь бүлтийсэн хоёрыг харан инээгээд “Ах нь юу гэж та хоёрт худлаа хэлэх вэ, сарын дараа Өмнөд Солонгос улсруу нисэх нь байна шдээ, одооноос юм хумаа цэгцлээрэй, ах нь бичиг баримтуудыг чинь хөөцөлдөнө” гэлээ. Бөөн баяр хөөр болсон хосууд тэврэлдэн уйлалдаж, ахыгаа бас тэврэн уйлж, тэдний баярлаж уйлалдахыг харж сэтгэл нь хөдөлсөн Сүрэнгийн гэргий ч уйлж, хүн бүрийн нүд баярын нулимсанд норсон сайхан үдэш өнгөрөв. Бүгд ширээ тойрон сууж амттай сайхан хоол идэцгээнгээ хос залуусын гэрэлт ирээдүйн тухай ярилцан оройжин суугаад од түгсэн хойно өндөрлөж Самдан, Солонго хоёр сэтгэл тэнүүн, хөөр баяраар дүүрэн харьцгаав. Төрсөн эцгийн өгөөгүй хайр халамж, энэрлийг төөрч учирсан Сүрэн ахаасаа амссан Самдан хүү олон жилийн цөхрөл, үзэн ядалт, гуниг харуусал бүхнээ зүрхнээсээ хөөн зайлуулж цоо шинэ нэгэн болсныг хоёр нүднийх нь хиргүй тунгалаг
харц илтгэнхэн байлаа… Асрамжын газрын амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр. Урангоо, Хүслэн хоёр зүү орох зайгүй нөхөрлөсөн хэвээр, хичээл номондоо сайн ч гэж жигтэйхэн, царайлаг хөөрхөн болж байгаа ч гэж тоймгүй. Хэдэн жил нөхөрлөхдөө хичээл номон дээр л санал зөрж маргалдах юм гарч ирэхээс бусдаар ганц ч удаа ам муруйсан удаагүй. Хоёул шөнөжингөө ээжийгээ зүүдэлж сэрээд, өдөр нь бие биедээ зүүдээ ярьж инээхдээ инээн, уйлахдаа уйлж сэтгэлээ онгойлгодог байлаа. Харгис хорвоо ээж нарыг нь булаан авсан ч гэлээ хоёр өнчин зүрхийг энд учруулсан нь ямар их аз билээ… Хүслэн дээр ах нь эргэлтээр ирж уулзахдаа гадагшаа явах гэж байгаа баярт мэдээгээ дуулгав. Угийн хэрсүү Хүслэн өчнөөн олон насаар дүү ч эгч шиг нь л баахан захиас хэлж, сургамж айлдахыг өхөөрдөн харж суусан Самданд яг л ижий нь юм шиг санагдаж нулимсаа тэвчиж ядан дотогш залгиж байлаа. Ээжийнхээ өнгөрснийг дүүдээ хэлээгүй ч, Хүслэн зөнгөөрөө аль хэдийн ойлгосон байжээ. “Ээж тэнгэрээс та бид хоёрыг харж байгаа, миний зүүдэнд дандаа ирдэг ш дээ, хоёулаа зөв сайн хүн болж, сайхан амьдарч ээжийгээ баярлуулна шүү ахаа” гэж Хүслэнг дуржигнуулахад Самдан юу ч дуугарч чадсангүй, дэмий л толгой дохин суув. “Ах нь гадаадад ажиллаж их мөнгө хураагаад, баян
хүн болчихоод дүүгээ ирж авнаа, миний дүү хичээлээ сайн хийгээд, биеэ бодож явдаг юм шүү” гэж хэлээд дүүгээ тэврэн үнсэхдээ хамар нь шархирч түрүүнээс хойш тэвчсэн нулимс аргагүй урсахад, Хүслэн ч бас өөрийн эрхгүй уйлж орхилоо. Хатуу бэрх тавиланг бяцхан зүрхээрээ сөрж тэмцэж яваа ах, дүү хоёрын салах ёсыг хажуунаас харсан хэнбугай ч өрөвдөн хайрлаж, сэтгэл уярмаар ажгуу… Самдан, Солонго хоёрын явах өдөр ойртсоор. Тэр хоёрт нэг их цэгцэлж бэлдээд байх ч зүйл байсангүй. Солонгийн аав архи амсахаа байж мужааны ажлаа хийн, хөөрхий муу ээж нь сэтгэл санаа амар байх болсондоо ч тэрүү бие хаа нь овоо дээрдэж нөхөртөө хоол цай зөөн, гал нь бөхсөн юмуу даа гэмээр болсон байсан нүд нь гэрэлтэн гялалзах болжээ. Солонгийн санаа ч амарч, ар гэртээ санаа зоволтгүй явахад бэлдэн сэтгэл шулууджээ. Аав нь архинаас гарснаас хойш тэдний гэрт үргэлж инээд бялхаж, хоёр дүү нь ч цовоо цолгиун гүйж харайна. Айл гэрийн ноён нуруу эцэг хүн нэг л хазгай гишгэхэд ард нь буй үр хүүхэд, хань ижил сөхөрч унадаг, аа харин аав гэдэг хүн алдсан ч гэсэн алдаагаа ухаарч зөв явбал ар гэр нь дагаад л сэргээд ирдэг билээ… Хоёр хуурай дүүгээ гадагшаа явуулах гээд Сүрэн байцаагч тун завгүй энэ тэрүүгээр гүйн бичиг баримт хөөцөлдсөөр Гөлгөө гэдэг босоо ороолон нууж
хадгалсан мөнгө, танил талаараа аргалж шоронгоос гарч байгааг мэдсэнгүй. Долоохон хоногийн дараа явах гэж байгаа Самдан ч хөөр баяр дүүрэн, хөл нь газар хүрэхгүй шахам явсаар, өөрийг нь занасан өшт дайсан өлийн даваан дээр хүлээж буйг гадарлах ч үгүй байлаа… Жил гаруй шоронд дэглүүлсэн Гөлгөөгийн хүйтэн царай улам ч зэвүү хүрмээр муухай болсны дээр, хоёр жартгар ногоон нүд нь үзэн ядалт, өш хонзонгоор дүүрэн гялалзах нь харсан хүн байтугай амьтан ч айж зарсхиймээр. Хямдхан дэн буудлын орон дээр хямдхан биеэ үнэлэгч эдлэн хагсаагаа гаргачихаад тамхи сорон хэвтэхдээ Самдан, Солонго хоёроос яаж өшөө авахаа бодох Гөлгөө дурлалт хос залуусыг хэдхэн хоногийн дараа холын хол нисэх гэж байгааг нь мэдэхгүй байгаа нь юутай сайн хэрэг билээ… Гөлгөө гурав, дөрвөн хоног баар саваар хэсч, танидаг мэддэг хулгайчуудаас Самданг асуувал мэдэх хүн байсангүй. Солонгыг таних биеэ үнэлэгч нар ч олигтой юм хэлсэнгүй, мухардалд орсон Гөлгөө боож үхэх шахан гадуур өдөржин хэсч сураг ажиг тавин, ийш тийш өлөв долив хийн явна. Маргааш үүрээр онгоцондоо суух юм чинь өнөөдөр хайр нь гялс үсээ будуулчихая гээд Солонго гарахаар хувцаслана. “Тэг тэг, хайр нь Сүрэн ахтай уулзчихаад байгаа газар чинь яваад очьё, мессеж бичээрэй” гээд Самдан ч мөн босов. Нийтийн байрны эзэнд маргааш өрөөгөө суллана гэдгээ хэлчихээд Солонго цааш явж автобусанд суун хотын төв ороод гайгүй гэсэн үсчин хайж баахан явж байгаад нэг аятайхан газар олж орлоо. Гөлгөө хийх юмгүй гудам метрлэн хэсэг явж байгаад гэдэс нь хонхолзонгуут хоол идэх санаатай гуанз хайн өлбөлзөж яваад Солонгыг олж харав. Улам хөөрхөн болсоныг нь хараад аазгай нь хөдлөн, арааны шүлс нь
ялгарч, тэр нэг өдөр ухаан алдуулан хүчирхийлснээ эргэн дурсангуут сэрэл нь хөдлөн байж ядан хавчигнана. Солонго хэнтэй ч юм утсаар ярин автобус буудал руу алхахад Гөлгөө зайдуухан дагасаар, Солонго утсаа таслаад автобусанд гүйн ороход араас нь харайн ороод нүүрээ буруулан зогсов. Аймшигт чоно араас нь мөрдөж байгааг анзаараагүй бүсгүй их л баяртай утсаар ярина. “Маргааш үүрээр 5 цагт ниснэ, аанхан, за гаргаж өгөх гээд яах вэ” гэх зэргээр ярихыг сонссон Гөлгөө нүд нь гялалзан, шүдээ зуун инээв. Солонгыг буунгуут Гөлгөө ч гялс үсрэн буугаад, “араас нь дагаж байгаад хүнгүй гудамж таарвал чамайг дээ, бас маргааш явах санаатай юм бий, өөр газар луу явуулаад өгнөө” гэж занан явтал тээр гудамны үзүүрээр Самдан гарч ирж Солонгоо хэмээн гараа даллав. “Аанхан та хоёр намайг шоронд хийчихээд 2уулаа жаргаж байгаа юм бий вий, за яах вэ” гэж амандаа шивнээд аажуухан алхсаар тэр хоёрын хашаа руугаа орохыг харангуут цааш эргэв. Шавар нь энд тэндээсээ нурсан өнгө муутай 3 давхар нийтийн

байрнаас Самдан, Солонго хоёр дуу шуутай гарч ирэв. Үүр цайх арай л болоогүй, гадаа гудамны бүүдгэр гэрэл л орчин тойрныг арай ядан гэрэлтүүлэх аядна. Сүрэн уг нь машинтайгаа манай хоёрыг авахаар ирж байгаа боловч залуу хос маань явах гэж догдолсондоо хүлээж тэссэнгүй, зам руу дөхөж тосохоор гарч ирсэн нь энэ. Өчигдөр гэрийг нь мэдэж аваад буцан хутга, олс бэлдээд шөнө дунд ирж сахин суугаа Гөлгөө, амраг хосын инээлдэн ярилцсаар дөхөх чимээг амьсгаа даран сонсонгоо шөнөжин ирдэгсэн хутгаа гаргаж бэлдэв. Тавь жархан алхмын цаана ямар гээч аймшиг хүлээж буйг төсөөлөөчгүй хос залуус хөтлөлцөн алхсаар л…