
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ПИ-АР БАГ ТББ БАЙГУУЛЖ, ЖҮЖИГ ДЭГЛЭВОн солигдохын өмнө Монголын нийгэмд нэгэн үзэгдэл болсон нь “Бүхнийг хүүхдийн төлөө” теле тоглолт байв. Тоглолт “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын дансанд хандив цуглуулах зорилготой хийгдсэн байдаг. Харин энэ ТББ нь тоглолт болохоос ердөө 13 хоногийн өмнө үүсэн байгуулагдсан талаар бид мэдээлж байлаа.

Тоглолтын хүрээнд дансанд 2 тэрбум төгрөг цугларсан, аман байдлаар өгнө гэсэн тоонууд 16 орчим тэрбум төгрөгт хүрсэн гэдэг албан бус мэдээлэл бий.
Социализмын үеийн “Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин сэргээлээ гэдэг мессежээр тоглолтыг битүү “нүдсэн” ч үнэн хэрэгтээ ийм нэртэй Засгийн газрын тусгай сан байгуулагдаагүй, хуулийн хүрээнд юу ч хийгдээгүй байсан нь хамгийн гол ньюанс юм. Харин Ерөнхийлөгчийн пи-ар багийнхан “Хүүхдийн төлөө фонд” гэдэг нэртэй ТББ байгуулж, түүнд нь найруулагч Б.Баатар, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр нар хувь эзэмшигчээр бүртгүүлж, хандив цуглуулсан байдаг. Ерөнхийлөгч талаас зохион байгуулагдсан гэдгийг батлах хэд, хэдэн зүйл бий. Тухайлбал, “Хүүхдийн төлөө фонд” байгуулах хэрэгцээ, шаардлагын судалгааг ЕТГ-аас хийж, тайлангаа бичиж өгсөн байдаг. Түүнчлэн 2020-2021 оныг Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхдийн төлөө жил” болгон зарласан бөгөөд хандив, тоглолт сэлтийг яг он дуусахаас өмнө амжиж хийсэн мэт дүр зурагтай. Түүнчлэн Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг хүмүүс зочдоор уригдаж, том том тоо бүхий хандив өгөхөөр амласан явдал зэрэг юм. -ХАРИН ЕРӨНХИЙ САЙД ШИДСЭН ЗАГАСЫГ НЬ ҮМХСЭНГҮЙХарин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Фондод зориулж 10 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж өглөө” гэсэн агуулга нийгэмд шидсэн нь тийм ч амархан “боорцог” байсангүй. Үнэхээр “Хүүхдийн төлөө фонд”-ыг агуулгаар нь дахин сэргээж байгаа бол ийм нэртэй Засгийн газрын тусгай сан байгуулагдах учиртай юм. Тийм ч учраас Ерөнхий сайд эхлээд тусгай сангаа байгуулна, дараа нь тийш 10 тэрбум төгрөгөө шилжүүлнэ гэдэг замаар ажилласан. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайдЧ.Хүрэлбаатар нар Ерөнхийлөгч талын байгуулсан ТББ руу зүгээр ч нэг 10 тэрбум төгрөг шидэж, гэнэдэхгүй гэдгээ харуулсан. Нөгөө талд Засгийн газрыг “Хүүхэд” гэсэн агуулгатай шоундаа оролцуулах далимдаа 10 тэрбум төгрөгийг нь өөрсдийн ТББ-даа татах гэсэн пи-ар багийнхны төлөвлөгөө таг нурсан гэсэн үг. Цаашлаад олон нийтийн уур амьсгал “Хүүхдийн төлөө фонд”-руу сөргөөр хуйларсан тул одоо хуулийн дагуу тусгай сан байгуулагдтал ТББ-ын дансанд цугларсан хандиваа ч захиран зарцуулах эрхгүй болж орхисон юм. Найруулагч Б.Баатар хэвлэлд өгсөн тодруулгадаа “Хуулийн дагуу сан байгуулаад явъя гэхээр хугацаа байхгүй байсан. Тоглолт хийх хугацаа тулчих гээд. Иймд түр ТББ байгуулж, дансанд нь хөрөнгө босгоё гэж шийдсэн. Он гараад энэ ТББ байхгүй болж, оронд нь Засгийн газрын тусгай сан ажиллаж эхэлнэ. Тэр хүртэл цугларсан мөнгийг хэн ч үрэхгүй. Энэ бол хандив ч биш юм” гэсэн агуулга ярьсан. Эцсийн дүндээ жүжигчин Г.Ундармаагийн Гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн “Хүүхдийн төлөө фонд” гэх ТББ үйл ажиллагаа явуулах ч гарцгүй болж, Засгийн газар тусгай сан байгуулахыг бүх процесс хүлээж байна.