Нүүр Сонин хачин Б.Ууганцэцэг: Уурласан үедээ хүүхдээ загнах нь хамгийн буруу

Б.Ууганцэцэг: Уурласан үедээ хүүхдээ загнах нь хамгийн буруу

13 секунд уншина
0
0
80

Гэр бүл, эцэг эх, хүүхдэд сэтгэл зүй, хүүхдийн эрхийн тухай мэдээлэл олгох “Айл гэр” подкастыг нийслэлийн ГБЗХГ, “Амгалан дэлхий” ТББ, “Васт” пост продакшн хамтран бэлтгэж байна. Энэ удаа Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцаж, хөл хорионы үед хүүхэд, эцэг эхчүүд сэтгэл зүйн тогтвортой байдлаа хэрхэн хангах тухайн хөндлөө.

Ярилцлагыг бүрэн эхээр нь сонсох:

https://www.facebook.com/watch/?v=317312482891441

-Хөл хорионы үед хүүхдийнхээ болон өөрийнхөө сэтгэл зүйг тогтвортой байлгахын тулд юуг анхаарах вэ?

-Хөл хорионы үед аав, ээжүүдэд өдөр тутмынхаа амьдралын хэвшлээ алдахгүй байх нь хамгийн чухал.

Тухайлбал ажлын өдрүүдэд сургуульд явдаг цагтаа босох, шүдээ угаах, гар нүүрээ угаах, өөрийгөө хичээлдээ бэлтгэх, ширээгээ цэгцлэх гээд сургуульд явдаг шигээ хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь чухал. Ингэхгүй хэт назгайрах юм бол яваандаа хүүхдийн сэтгэл зүйн тогтворгүй байдалд энэ нөлөөлдөг. Тийм учраас эцэг эхчүүд, хүүхдүүд хөл хорионд орчихлоо гэж назгайрах биш, өмнөх дадал хэвшлээ хэвийн үргэлжлүүлэхэд анхаараарай.

-Яг бодит байдал дээр шөнө дунд унтлаа, үд дунд сэрлээ, нойр солигдлоо, хичээл ном ч хийхээ байлаа гэсэн олон жишээг бид цахим сүлжээнээс харж байна. Энэ байдал яаж нөлөөлөх бол?

-Тухайн цаг үедээ шууд мэдэгдэхгүй. Гэтэл нэг, хоёр сарын дараа тухайн хүний нойрны хэм, хооллох хэвшлүүд алдагдчихсан, өөртөө тавих анхаарал халамж нь нэг бол хэт их, эсвэл бүр байхгүй болчихсон байдаг. Тодорхой цаг хугацааны дараа сэтгэл зүйн хямралууд гарах эрсдэлтэй. Магадгүй залуу аав, ээжүүд их оройн цагаар кино үзэх, зурагтаа унтраахгүй байх, эсвэл утсаа ухах зэрэг нь эргээд хүүхдүүд унтахгүй байхад гол нөлөө үзүүлдэг. Гэтэл цэцэрлэг, сургуулийн бага насныхан 22:00 цаг гэхэд орондоо орсон байх ёстой.

Оройтож унтаад амьдралын хэвшил нь өөрчлөгдөөд байхаар хүүхдүүдийн дархлаа унах, сульдаатай болох, уур уцаартай байх, уйлагнах эсвэл хичээлдээ төвлөрч чадахгүй байх нөхцөл бүрддэг. Улирлын амралт эхэлсэн, теле хичээл байхгүй үед ч амьдралын хэвийн хэвшилтэй байх хэрэгтэй.
Энэ үед ч мөн хэт назгайрахгүй, өдрийг бүтээлч өнгөрүүлэх нь чухал. Өдрийг үдээс өмнө, үдээс хойш гэж хоёр хуваагаад хэзээ нь юу хийх вэ, ямар зорилттой байх вэ гэдэг дээр өөртөө ч тэр, хүүхдүүддээ ч тэр шаардлага тавиад хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Амьдралын хэвшлээ алдаж болохгүй гэлээ. Гэтэл үүнийг түр амралт гэж тайвширч болох юм.

-Хүмүүжлийн эерэг аргачлал гээд маш олон аргачлал байдаг. Үүн дээр хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ хамгийн түрүүн асуудаг. Ээж аавууд шударга, хариуцлагатай, хийсэн ажилдаа эзэн болдог, нийгэмдээ өөрийгөө зөв илэрхийлж чаддаг болж төлөвшөөсэй гэж хамгийн сайн сайхан зүйлийг хэлдэг. Тэгвэл хүүхдийнхээ ирээдүйг ийм гоё байгаасай гэж хүсэж байгаа зорилго нь таны өдөр тутмын хийж байгаа үйлдлээс хамаардаг юм шүү.

-Энэ хөл хорионы үед хүүхдүүд хөдөлгөөн нь хоригдоод гэртээ байхаар уйдна, гармаар санагдана, тэрнээсээ болоод уйлна, уурлана. Энэ тохиолдолд ээж аавууд яаж харилцах ёстой вэ?

-Хүүхдүүд ер нь стресстэй байгаагаа уйлагнах, ээж ааваасаа зууралдах гээд маш олон янзаар гаргадаг. Хөл хорионы үед хүүхдүүд цэцэрлэг, сургуулиа нэхнэ, гадаа гармаар байна гэж байна. Тэгвэл хүүхдүүддээ яагаад гэртээ байх ёстой талаараа маш сайн ярьж тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Ингэхдээ өвчин гарсан, вирустэй байна гэхчлэн айлгаж, айдастай байдлаар хүргэж болохгүй. Хөл хорио нь ямар учиртай, яавал энэ халдвараас хамгаалж чадах вэ зэргээр мэдээллийг маш зөв тайлбарлаж, ярилцвал хүүхэд ойлгодог.

-Хөл хорионы үед гэр бүлээрээ цагийг бүтээлчээр ашиглах ямар ч гэр бүлд бий. Яаж гэдэг дээр аргаа олоход бэрхшээлтэй байж болох юм?

-Ямар нэг үйл ажиллагаанд ороод системтэй, төлөвлөгөөтэй байхын тулд эхлээд заавал зорилго хэрэгтэй. Тэгэхээр энэ хөл хорионы дараа та болон таны хүүхэд юу сурсан байх вэ, ямар зорилгыг хамтдаа бүтээж, ямар дурсамжийг хамтдаа үлдээсэн байх вэ гэдэг зорилгоо эхлээд тодорхойлох хэрэгтэй.

Миний хувьд гарын эв дүйтэй болно, манай хүүхэд аав ээжтэйгээ илүү нээлттэй харилцаатай, хүүхэддээ амттай хоол хийж сургана гэх зэргээр зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ гэрээ цэвэрлэ, хоолоо хий, хувцсаа эвх гээд шууд зааварчилж, тушаахын оронд нэгд нэгэнгүй сайн тайлбарлаж өгөөд, биеэрээ үзүүлж, ярилцах хэрэгтэй. Ингэвэл хүүхэд сайн хүлээж авч хэрэгжүүлнэ.

-Ээж аавуудад хүүхдээ өндөр дуугаар загнах, зандрах үе гардаг. Хүн юм тайлбарлаад байхад ойлгохгүй, юундаа уйлаад байгаа юм, дуугүй бол гэх зэргээр санаатай, санаандгүй үг үйлдэл гаргах нь элбэг. Энэ нөхцөлд та ямар зөвөлгөө өгөх вэ?

-Хүмүүжлийн хамгийн буруу арга барил уурнаас үүсэлтэй байдаг. Энэ асуудал дээр ээж аавууд уураа зохицуулж, уурын менежмент хийж сурах хэрэгтэй.

Зөвлөгөө авах гэж ирж байгаа ээж аавуудтай ярилцахад уурласан үедээ хүүхдэдээ хандсан байдаг. Энэ нь хамгийн буруу. Хүн сэтгэл тайван үедээ хүмүүжлийн буруу арга хэрэглэдэггүй. Харин сэтгэл нь сөрөг байгаа, өөрөө бухимдалтай, ууртай, түгшүүртэй, ажлын ачаалал ихтэй байгаа үедээ уур бухимдлаа хүүхдэдээ гаргачихдаг. Гэхдээ яг үүнийхээ дараа ээж аавууд маш их харамсдаг. Тэгэхээр харамсахгүйн тулд ээж аавууд өөрсдөө “би ер нь яг яагаад байна, ямар үедээ хүүхэдтэйгээ яг яаж харилцаад байна вэ” гэдгээ анзаарч, сэтгэл зүйн тогтвортой байдлаа зохицуулж сурах хэрэгтэй.

-Танд баярлалаа.

эх сурвалж:ikon Сэтгүүлч Ц.Мөнхзул

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *