Нүүр Сонин хачин Индонезийн 62 хүнтэй Boeing 737 нисэх онгоц далайд унажээ

Индонезийн 62 хүнтэй Boeing 737 нисэх онгоц далайд унажээ

10 секунд уншина
0
0
143

Бямба гарагт Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн дотоодын нислэгийн Boeing 737 онгоц далайд унаж осолджээ.

Онгоцонд 62 хүн явсны 12 нь нислэгийн багийн гишүүд байсныг Индонезийн зам тээврийн сайд мэдээлсэн байна. Зорчигчид бүгд Индонезийн иргэд байжээ.

Жакартагийн нисэх буудлаас 20 км зайтай Лаки арлын орчимд онгоц унасныг тогтоосон байна. Ослын газарт аврагчдыг илгээсэн бөгөөд хүн амьд гарсан эсэх нь тодорхойгүй байна.

Осолдсон Boeing 737-500 загварын нисэх онгоц нь 27 жил ашиглагдаж байгаа хуучин онгоц гэнэ.

Онгоцыг эзэмшигч Сривижаяа Айр компани нь 2003 онд байгуулагдсан, Индонезийн дотоод чиглэлүүдэд ихэвчлэн нислэг үйлддэг байна. Тус компани өмнө нь осол эндэгдэл гаргаж байсан түүхгүйг Aviation Safety Network олон улсын нислэгийн аюулгүй байдлын мэдээллийн сан харуулж байгаа юм.

Boeing 737-500 загвар нь саяхан программын доголдлын улмаас нисэхийг нь хориглож байсан 737 MAX загвараас хоёр үеийн өмнөх хуучин онгоц. 2018 онд Индонезийн Lion Air компанийн 189 хүнтэй 737 MAX загварын онгоц осолдсон нь дээрх доголдлоос болсон гэж үздэг юм.

Иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг 25 жил нисгээд ашиглалтаас гаргадаг. Хэдийгээр энэ үед онгоцыг ашиглах техникийн боломжтой байдаг ч засвар үйлчилгээний зардал нь шинэ нисэх онгоц авснаас өндөр болдог тул эдийн засгийн учир шалтгааны улмаас зогсооход хүрдэг байна.

Индонезийн агаарын тээвэрлэгчид олон улсын нислэгийн аюулгүй байдлын стандартыг хангаж чаддаггүйгээрээ алдартай.

1990-ээд оны сүүлээр гарсан олон удаагийн ослын дараа 2007 онд Европын Холбоо Индонезийн компаниудын бүх нислэгийг хориглосноо дөнгөж 2018 онд цуцалсан юм. 2007-аас 2016 онд АНУ-ын засаг захиргаа Индонез улсын нислэгийн аюулгүй байдлын зэрэглэлийг хоёрдугаар категорт бууруулж байжээ.

Эх сурвалж: Reuters

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *