Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “1-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
547

~Би өлсөөд байна багшаа гэх охины дуугаар амтат нойрноосоо сэрсэн хүүхдийн асрамжийн газрын багш бүсгүй их л ууртай эргэн хараад “Харанхуй шөнө юугаа солиороод яваад байдаг новш вэ чи! Дандаа

өлсөж байдаг яасан бузрын амьтан бэ? Явж унт! Өглөө хоол өгнө!” хэмээн хахирган хоолойгоор зандчив. Охин толгойгоо унжуулан чимээгүй алхсаар багшийн өрөөнөөс гарлаа. Уг нь тэр өөрөө өлсөөгүй

юмсанж. Шээс үнэртсэн яайжгар төмөр орон дээр хүлээж хэвтээ бяцхан дүү нь л өлсөөд байна гээд унтаж чадахгүй уйлагнаад байсан тул зориг гарган багш дээрээ очсон нь энэ. Охин юмыг яаж мэдэхэв

гээд гал тогоо руу очсон ч хаалгыг нь дангинатал цоожилсон байх тул урамгүй эргэн өрөө лүүгээ зүглэлээ. Асрамжийн газрын бүүдгэр гэрэлтэй хонгилоор хоол хайн сүүтэгнэж яваа энэхүү охиныг Энхжин гэдэг бөгөөд дүү Мөнхжинтэйгээ хамт жилийн өмнө энд иржээ. Тэр

үед хоёр охин дөнгөж 4, 2 настай байсан тул яагаад энд ирснээ, аав ээж нь яасныг ч мэдээгүй билээ. Хүүхдүүд л болсон хойно хэсэгтээ л уйлж унжин аав ээжийгээ нэхсэн ч хатуу багш нарт зад загнуулан

томоожиж том хүмүүсийн ая тал харан үгэнд нь орж байж аяга хоол олж идэх ёстой гэдгийг Энхжин охин бяцхан ухаандаа ойлгосон аж. Дүү Мөнхжин л харин нилээн эрх тул хоол ундаа голон есөн шид болж өдөр бүр ааштай багшид хонгон дээрээ алгадуулсаар сүүлдээ өлсөхийн эрхэнд өгсөн хоол бүрийг иддэг болсон ч түүндээ цадахгүй эгчийнхээ хоолноос нэмж идсээр муу зан суржээ. Энхжин өнөөдөр оройн хоол гэх амтгүй зутангаас талыг нь идээд, хоолондоо цадаагүй ховдог дүүдээ талыг нь өгсөн ч хүүхэд л хойно хэдхэн минут үсэрч харайж гүйгээд л өнөөх жаахан идсэн юм нь шингэчихэлгүй хаачихав, шөнөжин хоол нэхэж уйлагнан янцгалсаар арайхийж унтлаа… Идэж уух, өмсөж зүүхээр хомсхон ч гэсэн үеийн олон хүүхдүүдтэй бужигнан тоглож өдөр хоногийг уйдах завгүй өнгөрүүлсээр дахин хоёр жил

өнгөрч байтал азтай ч гэхүү, гунигтай ч гэхүү нэгэн үйл явдал болов. Гадаадын нэгэн гэр бүл Монголоос хүүхэд үрчилж авахаар шийдэн асрамжийн газарт ирээд хүүхдүүдтэй танилцан ажиглалт хийж Энхжин охин тун их таалагдсан тул өргөж авахаар болжээ. Аав ээжтэй болоод энэ газраас явж сайхан орчинд амьдран сургууль соёлд сурна гэдэг Энхжин охинд үнэхээр сайхан байсан ч бяцхан дүүгээсээ салах л тун хэцүү байлаа. Ядаж байхад тэр гэр бүл нь ганцхан охин л өргөж авна гэсэн тул дүүтэйгээ хамт явж болох уу гэж эрхлэгчид хэлээд зад загнуулжээ. Уг нь Энхжинг өргөж авахаар болсон гадаадын энэ гэр бүл асрамжын газарт багагүй хандив өргөнө гэсэн тул эрхлэгч авгай аль болохоор хүслийг нь биелүүлчих санаатай Энхжинг загнаж, аргадаж бөөн л юм болсны эцэст охин “жаахан бодоодхоё” гэсэн хариу өгчээ. Долоохон настай ч аль хэдийн хэрсүүжсэн ухаалаг охин хэсэг бодон суугаад эргэж буцалтгүйгээр шийдэж ховдог жаахан дүүгээ удаан

тэврэн үнсээд “Миний дүү эгчийгээ хүлээгээд онц байж байгаарай за юу. Эгч нь удахгүй ирж дүүгээ авна, хэн нэг хүн чамайг үрчилж авья гэвэл битгий зөвшөөрөөрэй, эндээ л эгчийгээ хүлээж байгаарай мэдэв үү! Эгч нь дүүдээ зөндөө их хайртай шүү” гэж нулимстай өгүүлээд эрхлэгчийн өрөө лүү зүглэв. “Миний дүүд ахиухан идэх юм өгч, загнаж зодохгүй. Бас хэн нэгэнд үрчлүүлэхгүй асарч байна гэвэл би тэр хүмүүстэй явья. Би удахгүй ирж дүүгээ авна” гэсэн охины үгийг сонсоод эрхлэгч дотроо хөх инээд нь хүрсэн ч гаднаа төв царайлан хэлснийг нь биелүүлэхээ амлаж охиныг дагуулаад шинэ эцэг эх рүү нь явлаа… Үргэлж нөмөр нөөлөг болдог байсан эгчээсээ хагацсанаас хойш Мөнхжин охин шөнө бүр уйлж хонодог болов. Эрхлэгч авгай эгчид нь амласнаа мартаж орхисон тул ховдог охин хоолондоо ч цадахгүй үргэлж өлсгөлөн нүдлэн явах бөгөөд сав л хийвэл гал тогооноос идчихмээр юм юу л байна хулгайлж хэд хэдэн удаа баригдан гөвшүүлжээ. Орондоо шээхээ овоо больж байснаа эгчийгээ явснаас хойш байнга шээчихдэг болсон тул багш, цэвэрлэгч, тогооч гээд бүгд л Мөнхжинг нүд үзүүрлэх нь хөөрхийлөлтэй. Харь улсын

тансаг шилтгээнд очсон Энхжин охин гоё сайхныг нь бахдан бишрэхийн сацуу амттай хоол унд зооглохдоо “дүү минь энд байсансан бол…” гэх харуусал төрөн гуниглана. Түүнд зориулан гаргасан өрөө нь яг л үлгэрийн мэт гайхамшигтай. Таазнаас доош унжсан торон гивлүүрэн дундах хөвсгөр зөөлөн орон дээр хэвтэх бүртээ дүүгээ бодон уйлсаар унтдаг байлаа. Цаг хугацаа, гэр бүлийн халамж хайр түүнийг эмчлэн сарын дараанаас шинэ амьдралдаа дасч дүүгээ санан уйлж унжих нь ч багасав. Энхжин угын сэргэлэн ухаалаг тул жилийн дотор англи хэлийг төгс эзэмшиж, төгөлдөр хуур ч тоглож сурчээ. Шинэхэн ээж нь түүнд хайртай гэж жигтэйхэн, аль л гоё сайхан гэсэн бүхнийг авч өгөн эрхлүүлэх ч Монгол руу явья гэсэн хүсэлтийг нь л зөвшөөрдөггүй байлаа. *** *** *** Өөрийн гэсэн үр хүүхэдгүй, төрөл садан ч үгүй Долзод гэх яхир авгай насны бөгсөнд тулж түших хүнгүй болсон доо их л гутрах болжээ. Цагийн сайханд хайртай залуутайгаа ханилан ажил төрөлтэй, сайхан байртай хүнээс дутахгүй амьдарч байсан ч үр хүүхэд заяахгүй найман жилийн нүүр үзээд нөхрийнх нь сэтгэл урваж өөр бүсгүйтэй дэр нэгтгэн Долзодыг

сувай сударганаар нь дуудаж гэрээсээ хөөсөн билээ. Чемодантай хувцаснаас өөр зүйлгүй гэрээсээ хөөгдсөн Долзод хамаатан садныхаа айлуудаар ч очих нүүр байсангүй. Учир юу вэ хэмээвээс эцэг, эхийгээ нас барснаас хойш төрөл садангуудтайгаа холбоо тасарч, ганц нэг ойрын садангууд нь мөнгө төгрөг гуйгаад лай болдог тул Долзод нүүр өгөхгүй хэрэлдэн тангараг тасарсан билээ. Баян залуутай суугаад чинээлэг амьдралд жаргаж явахдаа хэтэрхий омголон бардам явсан нь эргээд хар толгойд нь бууж ирэх юм гэж яахин санах вэ. Шазруун зантай бүсгүй амьдралд бууж өгөн хүний гар царайчлахыг ч хүссэнгүй, өөрийн гэсэн ажилтай байхад болгоно доо гэж зүтгэсээр ямартай ч жижигхэн хашаа, дөрвөн ханат гэртэй болж чаджээ. Дахин хүн хартай ханилж сууя гэсэн бодол ч түүнд байсангүй, наашаа гэснийг цаашаа түлхсээр өдийг хүрж, ганцаараа явсаар улам л хажиг, ёдор нэгэн болов. Сургуульд багшилдаг тул ажилтай байх үедээ ч нэг их уйдаад байх завгүй байсан, харин энэ жил тэтгэвэрт гараад гэрт суух болсноос хойш яалт ч үгүй ганцаардлыг мэдрэн хэн нэгнийг үгүйлэх нь ихэсчээ. “Нэг л өглөө орондоо нүд аньчихвал хэн ч мэдэхгүй байсаар бие минь өмхийрч өтсөн хойно олох байх даа” гэж бодон хэвтсэн Долзод гэнэт нэгийг санан маргааш өглөө л яг тийшээ явья гэж шийдлээ. Асрамжийн газрын эрхлэгч тарган шар авгай кофе

уунгаа сэтгүүл эргүүлсэн шиг суутал хаалга тогшив. Авгай сэтгүүлээ залхуутайяа эвхэн ширээний нүд рүү хийгээд “за ор, ор” гэхэд хаалга онгойн Долзод орж ирлээ. Хүүгийнх нь анги даасан багш байсан авгай гэнэт ингээд ороод ирсэнд гайхсан эрхлэгч худлаа инээн сүйд болж угтав. Долзод багш өөрийнх нь гуйлтаар хэд хэдэн удаа хүүгийнх нь дүнг ахиулан бичиж тусалсан удаатай тул эрхлэгч ийнхүү тал засах нь ч ойлгомжтой бизээ. “Ганц охин хүүхэд үрчилж авах гэсэн юм. Чи л туслаж үз” гэсэн Долзодын гуйлтыг эрхлэгч авгай яахаа мэдэхгүй хэсэг тээнэглэзэв. Уг нь хууль дүрмэндээ ганц бие хүн болон өндөр настанд хүүхэд үрчлүүлдэггүй журамтай билээ. Яажшуухан үүнийг ойлгуулж эвтэйхэн татгалзахаа бодон суутал гэнэт нэг аятайхан санаа ороод ирэв. “Мөнхжин! Тэр нэг хулгайч, ховдог яршигтай амьтныг л өгчихье.” Ийн бодоод эрхлэгч авгай хоолойгоо засан төв царайлж: ~Долзод багшаа, хуулиндаа бол танд хүүхэд үрчлүүлэх хориотой байдаг юм. Гэхдээ яахав би таныг гэж бодоод аргалъя. Нэг хөөрхөн охин байгаа, гол нь бичиг баримт энээ тэрээг янзлах, цааш нь ганц хоёр хүн аргалахад хэдэн төгрөг л хэрэг болох байх даа… ~Хмм тиймүү. Тэр нь тэгээд хэдий хэрийн юм болох юм бол доо? Тэтгэврийн маньд их мөнгө байхгүйг чи мэдэж байгаа байлгүй… ~Өө тэр гайгүй ээ. Сая

таван зуун мянга л… ~Пээх тийм их болдог золиг уу, заза би хэдэн хадгалсан юмаа л өгье дөө. ~Заза тэгвэл маргааш гэхэд би бүгдийг нь жин тан болгочихоод охиныг чинь бэлдээд байж байя. Та маргааш өглөө арван цагт хүрээд ирээрэй ~Мөнгөө маргааш авчирах уу? ~Би танд дансаа бичээд өгье. Та замаараа банк ороод хийчих. ~Заза тэгье хүүхээ… Эрхлэгч авгай нэг сумаар хоёр туулай буудсандаа их л додигор царайтай маасалзан инээж Долзод багшийг гаргаж өгөөд цааш эргэн Мөнхжин хаана байна, миний өрөөнд оруулаад ир гэж тушаав. Айлд өргүүлэхээр болсноо сонссон Мөнхжин эхэндээ илт дургүйцэн эрхлэгч авгай руу зоригтой эгцлэн хараад: ~Аниа намайг эндээс хаашаа ч явж болохгүй гэсэн. Би явахгүй ээ ~Битгий дэмий донгос. Чиний тэр эгч чинь гадаад яваад чамайг аль хэдийн мартсан. Дуугай л сайхан боломж олдсон дээр нь яв чи! ~Битгий худлаа ярь. Миний эгч намайг хэзээ ч мартахгүй. Удахгүй намайг ирж авна за юу ~Хаха чамайг авахаар байсан бол анхнаасаа л дагуулаад явах байсан юм. Эгчийг чинь анх үрчлүүлэхэд тэр хүмүүс нь дүүтэйгээ хамт явах уу гэж асуусан юм ш дээ. Эгч чинь даанч чамтай цуг явахыг хүсээгүй. Ийм ховдог, хулгайч дүүтэй байхыг хүсэхгүй байна гэсэн болохоор л тэр гадаад хүмүүс ганцааранг нь авч явсан юм за юу! ~…Би…Битгий худлаа ярь…Аниа намайг хүлээж байгаарай гэсэн… Та худалч ~Би чамд худлаа ярьж яах юм. Мөнхжөөн! Чамайг бодсондоо л би харин ч тэр олон хүүхдүүдээс чамайг сонгож үрчлүүлж байна ш дээ. Ээжтэй болох боломж тэр болгон олдохгүй шүү! Эгч чинь угаасаа ирэхгүй ээ. Би утсаар чамтай яриулъя гэж бодоод залгасан чинь чамтай

яримааргүй байна гэж байна лээ… ~…ий ий ий…муухай өөдгүй аниа…намайг онц хүлээж байгаарай гэчихээд…ий ий ий ~Заа миний охин битгий уйл. Тэр муухай худалч аниаг март за юу. Маргаашнаас гоё ээжтэй болоод өөрийн гэр оронтой гоё амьдрах нь байна ш дээ. Бас шинэ ээж чинь зөндөө их амттай юм авч өгнө гэсэн. Гоё байгаа биз дээ? ~…хнг хнг… ~Миний охин маргааш гоё цэвэрхэн хувцсаа өмсөөд шинэ ээжтэйгээ явна шүү за юу ~…За… Мөнхжин эхэр татсаар өрөөнөөс гарахад эрхлэгч авгай эх хүн гэсэндээ жаахан өрөвдөх сэтгэл төрсөн ч удахгүй дансанд нь орж ирэх мөнгөө бодоод сэтгэл нь сэргээд ирлээ… Энхжин харь улсад очсоноос хойш хоёр жилийн дараа эцэг эхийгээ ятгасаар Монгол руу явж охин дүүг нь авчрахыг зөвшөөрүүлж чаджээ. Уг нь тэднийх өмнөд Африк улсын асрамжын газраас эрэгтэй хүүхэд үрчилж авахаар төлөвлөж байсан ч Энхжин дүүгээ санаад байна гэж байнга гуйхын сацуу ээж нь ч түүнд хэтэрхий их хайртай болсон тул гуйлтыг нь зөвшөөрөхөөр шийдсэн билээ. Хоног өдрийг

тоолон догдолсоор хүсэн хүлээсэн өдөр ирж гадаад аав, ээжтэйгээ эх нутагтаа ирсэн Энхжин охин онгоцноос буугаад л шууд асрамжийн газар луу явахыг гуйсан тул тэд такси барин асрамжийн газар луу явлаа. “Мөнхжин гэдэг охин хоёр жилийн өмнө Турк улсын гэр бүлд үрчлэгдэн явсан байна” гэх танихгүй шинэ эрхлэгчийн үгийг сонсоод Энхжин охин гайхаж цөхөрсөндөө “үгүй ээ, миний дүү намайг хүлээж байх ёстой шүү дээ, эрхлэгч надад амласан шүү дээ” хэмээн хашгирч асгартал уйлсаар… Ээж, аав нь Энхжинг аргадан тэвэрч тайтгаруулахыг оролдсоор арайхийн авч гарав. Мөнгөн цагаан онгоцны цонхоор торолзон хоцорч буй эх нутгаа ширтэн нүдэндээ нулимстай суух Энхжин охин тэртээх гэр хорооллын жижигхэн хашаан доторх модон амбаарын дээвэр дээр хайртай дүү Мөнхжин нь өөрийнх нь сууж яваа онгоцыг хараад гунигтайхан сууж буйг яахин мэдэх билээ…

Зохиолч:Б. Наранзул

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *