
Зуны бүгчим орой цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр Зулцэцэг хэнийг ч юм хүлээн байн байн цагаа харсаар сууна. Нүүрээ цэвэрхэн будаж, үсээ буржийлган, тод улаан өнгийн хээнцэр даашинз өмссөн
нь их л чухал хүнтэй уулзах гэж байгааг илтгэнэ. Гэнэт араас нь эрэгтэй хүний том хоёр гар нүдийг нь дараад, хэн бээ таагаарай гэж хоолойгоо өөрчилөн алиалав. Зулцэцэг хөгжилтэй жингэнэн инээснээ
залуугийн том гарыг жижигхэн булбарай гараараа тэмтрээд “ийм гоё гартай хүн энэ хорвоо дээр ганц л байдаг даа” гэхэд Цэнгэл гараа сулруулан дээрээс нь тонгойж нүдэн дээр нь зөөлхөн үнсэв. Зулцэцэг
гоолиг хүзүүгээ сунган хойш гэдийж нүдээ анин жаргалтай гэгч нь инээмсэглэлээ… Чулуунмаагийн тухай бүх үнэнийг Сарангуагаас сонссон Санчир баярлах, уурлах, харамсах зэрэгцэн нэг хэсэгтээ л
шоконд оржээ. Хайртай бүсгүйг нь зовоож, хэлмэгдүүлж, зовлонд унагасан дүүдээ уур нь хүрсэн ч зориг гарган бүхнийг үнэнээр нь хэлсэнд нь талархаж байлаа. Харин Анхилыг үзэн ядах сэтгэл нь улам

нэмэгдэж, тэр хорт могойг нэгэн цагт хайрлан энхрийлж, өрөвдөж байснаа, болчимгүй түргэн уураар бүхнийг шийдэж Чулуунмааг орхисон өөрийгөө зэмлэн, тэр хэцүү үед Чулуунмаа минь яаж ганцаардаж шаналсан болоо гэж бодохоос бачуурч байлаа. Гэлээ гээд өнгөрснийг хэн ч өөрчлөх боломжгүй тул яалтай билээ. Зүрх сэтгэлийнх нь мухарт нурам болж унтарсан хайрын гал ахин дүрэлзэж, Чулуунмааг хайж олохсон, өмнө нь сөхөрч өлмийд нь мөргөн уучлалт эрэхсэн, одоо болтол хайртайгаа, хэзээ ч мартаагүй гэдгээ хэлэхсэн гэж хүсэхийн сацуу хэн нэгний гэргий болоод намайг мартсан байх вий гэхээс айж байсныг нуух юун. Юутай ч итгэлийн гал бөхөхгүй Чулуунмааг хайж хэдэн сар өнгөрлөө. Гэвч Чулуунмаа усанд
хаясан чулуу мэт алга болжээ. Муу муухай бүхэн тархаж дамжихдаа хурдан хэтэрхий жаахан мэт санагдах Улаанбаатар хот, үнэн хайраасаа төөрсөн дурлалт хосыг учрал салган зөрөлцөхөд дэндүү том ажгуу… Тэнгэрт халиад жил болсон эхнэрийнхээ булшин дээр ирээд Хүдэр хэсэг бодлогоширон суув. Өнгөрсөн 30 жил юуны төлөө яах гэж улайран зүтгэж цаг наргүй ажилласан юм бэ? Хүн болж төрөөд хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадлуу? гэж бодоход хариулт үл олдоно. Өөрөө ч хайргүй, өөртөө ч хайргүй хүнтэй амьдрал холбож, хэн хэнийгээ улам эвдэн хүн биш болцгоосон гэдгээ Хүдэр одоо л ойлгох шиг. Хэдий тийм ч хоёр үрийг минь төрүүлж өгсөн Сэлэнгийн сэтгэл, миний төмөр шиг хатуу, мөс шиг хүйтэн сэтгэлээс хавь илүү зөөлөн байж дээ, би л жаахан хичээж, жаахан цаг зав гаргаж, жаахан
халамжилсан бол бүхэл бүтэн 30 жилийг ямар ч дурсамжгүй өнгөрүүлэхгүй байсан ч юм билүү хэн мэдлээ гэж өөрийгөө зэмлэн, хэзээ ч өрөвдөж байгаагүй эхнэрээ шороонд булуулсан хойно өрөвдөн уярч зогслоо. Хүн гэдэг алдсан хойноо л ухаардаг нь юутай гачлантай… Санчир эцгийнхээ ажил албыг өвлөн авч компаниа удирдах болов. Сэмэрч бутарсан сэтгэл нь ажилд сатааран овоо дээрдэж байлаа. Дүү Сарангуа гэрээс гарахгүй хэдэн сар болоод одоо л нэг хүн төрхөндөө орж гадуур дотуур гаран сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлж эхэлжээ. Хүнд жаахан ч гэсэн итгэл, сэтгэл байвал яаж өөрчлөгдөж болохыг Сарангуа энэ биеэрээ харуулж буй билээ. Хангалттай их наргиж цэнгэн, өнгө мөнгөнд бялуурч шунаж, эдийг ч эрийг ч сольж хольж, амьдралын далайд хөл алдан архи гэгч аймшигт мангасын аманд зуулгаад мултарч чадсан, жинхэнэ хор нь гарсан гэдэг шиг юм юм үзсэн Сарангуад одоо энгийн тайван амьдрал, эр нөхөртэй болж үр хүүхдийг нь гаргаад, элэг бүтэн аз жаргалтай амьдрахаас өөр шунал хүсэл үгүй болжээ… Өнгөт арьстай хүү тэврэн ирсэн эрх жаахан охиноо аав ээж нь яая гээд ч яаж чадсангүй, хар ч
гэсэн өөрсдийнх нь мах цусны тасархай тул хайрлахаас өөр яах билээ. Анхил Санчирыг алдсандаа харамсахаас илүү түүний тэр их итгэл, сэтгэлийг алдсандаа гутарч байв. ” Би Санчирын хүүхдийг төрүүлсэн байсан ч Санчир Чулуунмааг хайрладаг шигээ намайг хайрлах байсан боловуу? Гэсэн асуултандаа тэр өөрөө Үгүй гэж хариулж байлаа. Болохгүй юм яагаад ч болохгүй, болох ёстой зүйл болдгоороо л болох жамтай, хувь тавилан гэдэг ийм л үнэн байдаг буюу… Цэлмэг, Зулцэцэг хоёр хөтлөлцөн цэцэрлэгт хүрээлэн дундуур алхлана. Хэн ч харсан ямар сайхан хос вэ гэж уулга алдмаар. Гэнэт Цэнгэлийн утас дуугарч гялс утсаа гаргаж ирэн салгах товчийг дарлаа. Зогсоод, зогсоод! Цэнгэлээ, наад утас мутсаа унтраагаач дээ! Гэх найруулагчийн ууртай хашхирах сонстов. Энэ завсар нүүр будагчид гүйж ирэн Зулцэцэгийн будгийг сэргээнэ. ” За дахиад эхэлье, энэ хэсгийн зургийг аваад тарцгаая, шатаж үхэх нь” гэж найруулагч бухимдуу хэлэв. МОТООР… Намар болж энд тэндгүй навчис хөглөрөнө.
Санчир ажлаас гарвал гадаа нар зөөлөн ээж, намуухан салхилаад нэг л сайхан байх тул алхмаар санагдаж жолоочоо гэртээ эртхэн харь гэж явуулаад энэ тэрийг харан аажуухан алхлав. Нүдний буланд нэг л танил дотно царай харагдах шиг болоход лавлан харвал яах аргагүй Чулуунмаа! Замын хажуугийн рекламны том самбар дээр томоос том хэвлэн тавьсан Чулуунмаагийн зурагтай киноны постер байх нь тэр. Санчир нүдэндээ итгэсэнгүй гайхаж, баярлаж бараг л хашгирсангүй. 2 дахин лавлан уншвал гол дүрд Зулцэцэг гэсэн байх бөгөөд Чулуунмаа гэх нэр огт байхгүй байсанд гайхаж дахин зургийг нь харахад яалтчгүй л өдрийн бодол, шөнийн зүүдэнд байнга үзэгддэг тэр царай мөнөөсөө мөөн. Тэрхэн мөчид Чулуунмааг нэрээ сольсон байж магадгүй гэж огт санаанд нь буусангүй. Дэмий л постерийг гөлөрч баахан зогссоноо гэнэт сэхээ орж гараа даллан такси зогсоогоод Тэнгис кино театр гэж хашхирах шахам хэлэн суув. Кино дуусахад Санчир уйлсандаа нүд нь улайж бага зэрэг хавдсан байв. Нэр нь өөр ч гэсэн түүний хайртай энхрий жаахан Чулуунмаа нь дүрээрээ мөн байсанд
Санчир нэрээ сольсон байж магадгүй гэж сая л ойлгожээ. Хариад ийш тийш таньдаг мэддэг хамаг л жүжигчин, найруулагч луу ярьж Зулцэцэгийн талаар асуухад олигтой мэдэх хүн олдсонгүй, Англид сургууль төгсөж ирээд удаагүй, өмнө нь хоёр ч кинонд туслах дүрд тоглосон, энэ дүр анхны гол дүр нь, өсөх ирээдүйтэй залуу жүжигчин гэх мэтээс өөр өмнөх амьдрал, ар гэрийнхнийг нь мэдэх хүн байсангүй. Шөнөжин догдолж хоносон Санчир өглөө хар эрт ажил дээрээ ирээд маркетингийн менежерээ дуудуулаад сэтгэл нь тогтож ядан босон суун байв. Зулцэцэг өглөөний цайгаа уунгаа саяхан нээсэн киноныхоо тухай хүмүүсийн сэтгэгдлийг уншин утсаа маажиж суутал дуудлага ирэв. – Сайн байна уу? Зулцэцэг мөн үү? – Сайн сайн байна уу? Тиймээ, мөн байна. – Аан за, та завтай байвал нэг ажил хэргийн санал ярих гэсэн юмаа… Компани сурталчлуулах рекламанд тоглох саналыг Зулцэцэг уриалгахан хүлээн авч уулзах цаг, газраа тохиров. Ажил хэргийн уулзалтыг ресторанд оройн цагаар товлосонд жаахан гайхаж байсан ч онц юм бодсонгүй, ажлын санал ингээд л цуврах байхдаа гэж баярлан бодоод усанд орохоор ванны өрөө зүглэлээ…

Санчир өдөржин догдолж сандарч, хувцсаа хэд хэд сольж үзэн, үсчин орж үс сахлаа засуулаад, цэцгийн дэлгүүр орж хамгийн сайхан гэсэн цэцэгсийн баглааг бэлдүүлэв. Болзсон газраа 2 цагийн өмнө ирээд хийх байхаа олж ядан, Зулцэцэгийг ирэхэд юу гэж ярихаа дахин дахин төлөвлөж сууснаа гэнэт нэг санаа олов. Зулцэцэг яагаад ч юм өнөөдөр кинонд өмссөн улаан даашинзаа өмсмөөр санагдаж өмсөөд үсчин орж үсээ ороолгож янзлуулаад болзсон газар луугаа явлаа. Ресторанд иртэл угтагч бүсгүй инээмсэглэн ирж дагуулан яваад ширээнд нь суулгав. Ширээн дээр сайхан үнэртэй өнгө алагласан цэцэгс тавьжээ. Зулцэцэг цагаа үе үе харан сууна. Гэнэт араас нь эрэгтэй хүний том гар нүдийг нь зөөлхөн дараад, хэн бээ таагаарай гэх догдолсондоо үл ялиг чичирхийлсэн хоолой сонстов. Зулцэцэг чихэндээ итгэсэнгүй, энэ танил хоолой юу билээ? Арай биш байлгүй дээ? гэж бодон яагаад ч юм зүрх нь хурдан хурдан цохилж гараа аажуухан явуулсаар залуугийн гарийг тэмтэрснээ ” Би, би мэдэхгүй байна” гэж шивнэх шахам хэлэв. Санчир гараа аваад аажуухан тонгойн Зулцэцгийн аниастай нүдэн дээр зөөлхөн үнслээ…