
Шинэ газар, шинэ хүмүүс, шинэ амьдрал Зулцэцэгт үнэхээр сайнаар нөлөөлж, урьд болж өнгөрсөн муу муухай бүхнийг мартан үргэлж инээмсэглэн явах болов. Зулцэцэг гэдэг нэрэндээ эхлээд дасахгүй, хэд
хэд дуудуулж байж гэнэт ” Өө нээрээ би чинь Зулцэцэг шүү дээ” гэж дотроо өөрийгөө шоолно. Сумьяагаас мөнгө авсаны дараачаас нэрээ солихоор хөөцөлдөж, хажуугаар нь гадагшаа суралцах боломж хайн
ашгүй бурхан одоо л нүүр өгч байнуу гэлтэй хамаг ажил нь дорхноо бүтсэнсэн. Гадагш явах бэлтгэл, сургалт гэж гүйсээр 3 сар нисэх мэт хурдан өнгөрч нэг л өдөр саарал хот, хар бараан дурсамжуудаа орхин
ниссэн билээ. Чулуу шиг хатуу байж өчнөөн зовлонг даван тууллаа, одоо хангалттай гээд Чулуунмаа нэрээ сольж энхэр ялдам цэцэг шиг байхсан гэсэндээ Зулцэцэг нэрийг сонгожээ… Хэлний бэлтгэлдээ
суучихаад дотуур байрлуугаа алхаж явтал нэг ангид сурдаг Солонгос оюутан Ким гэх залуу араас нь гүйн ирээд хамт алхав. Ким Зулцэцэгт дурласан боловч хэл сайн нэвтрэлцэхгүй тул олигтой ч үг солилгүй

явсаар 2 сар болсон билээ. Харин сүүлийн үед хэлний бэлтгэлдээ суугаад англиар овоо ярьцгаадаг болсон тул юм л бол Зулцэцэгийг дагаж гүйн яриа өдөх болжээ. Зулцэцэг харин эрэгтэй хүнтэй ойртож дотносох ямар ч хүсэлгүй байлаа. Хоолонд орох уу?, Кино үзэх үү? Гэх зэрэг Кимийн урилгаас эвтэйхэнээр бултаж явсаар. Тэр 2 зэрэгцэн ойр зуурын мэддэг хэдэн үгээ ярьж явтал бороо дусалж эхэлснээ юу юугүй ширүүслээ. Хамгийн ойрхон кафе руу гүйж ороод яалтчгүй бороо зогстол хамт кофе ууж суух болчихов. Ким дотроо бороо орсонд баярлан хөөрч байхад Зулцэцэг Санчиртай хамт бороонд цохиулан гүйсээр кафед орж бороо зогстол хүлээнгээ ирээдүйгээ мөрөөдөн ярилцаж байсан дурсамж нь бодогдож тэр гэхийн аргагүй Санчирыг үгүйлж суув. Ким Зулцэцэгийн хөөрхнийг бишрэн нүд салгалгүй ширтэж, юуг ч юм ам хуурайгүй ярисаар, Зулцэцэг яриаг нь ойлгосон ч үгүй утсаа нээн пэйсбүүк орж хайлт хэсэг дээр Х. Санчир гэж бичээд дарах эсэхээ бодон санаашрав. Сошиалаар өөрийнх нь аймшигтай
зураг пост тарснаас хойш хаягаа устган пэйсбүүк орохыг ч хүсэхгүй явсаар саяхан л нэг шинэ хаяг нээсэн билээ. Санчирыг харах хүсэл нь дийлж хайлт хэсэг дээр дарж орхив. Үргэлж түүн лүү хайр дүүрэн хардаг байсан тэр харц, зөөлхөн үнсдэг байсан тэр уруул, үүрд харах юм шиг бодож явсан ч үүлс шиг нүүгээд явчихсан зүүдэнд нь л айлчилдаг тэр сайхан царай огтхон ч өөрчлөгдөөгүй байлаа. Өөрийн эрхгүй инээмсэглэн суусан Зулцэцэгийн царай гэнэт хувхай цайж, хөмхийгөө хөхөртөл зууснаа ганцхан дусал нулимс хөөрхөн алаг нүднээс нь бөнжигнөн бөмбөрсөөр завьж руу нь орж гашуу оргин шингэв. Ким сандарч яахаа мэдэхгүй, “би буруу юм яричихвуу, намайг уучлаарай” гээд алчуур сарвайхад Зулцэцэг авсангүй босоод цааш эргэн гарч одов. Хувингаар асгах мэт ширүүн бороонд шалба норон алхах бүсгүйг уйлж явааг анзаарч харах хүн байсангүй. Сүүлийн хэдэн сар уйлаагүйгээрээ уйлав. Хайрт Санчир нь хүний хүн болжээ. Очиж очиж Анхил шүү! Холбоо барихаа больж сураггүй алга болоход нь өөр хүнтэй болж дээ гэж бодсон ч үгүй байлгүй дээ гэж үргэлж тэр
бодлоо няцаадаг байсансан. Одоо ингээд жинхнээсээ Санчирыгаа үүрд алдлаа… Хотын захын буйдхан уушийн газар булангийн ширээнд Санчир ганцаар ууж сууна. Архи дарс нэг их уугаад байдаггүй ч өнөөдөр Анхилтай хэрэлдээд хаалга саван гарахдаа яагаад ч юм нэвширтэл, ухаанаа алдталаа уумаар санагджээ. 2 сарын өмнө Анхил зулбаж тэд хүнд цохилтонд орсон билээ. 4 сартай жирэмсэн байж найзуудтайгаа шоудаж яваад согтуурхан шатан дээрээс хөл алдаж зулбасан Анхилд хэлэх үг Санчирт олдоогүй. Тэрнээс хойш Анхилын шоу цэнгээн хэрээс хэтрэв. Анх Санчиртай үерхэхдээ даруу төлөв гэж хэлэхэд багадмаар охин байсансан. Нүүрэндээ баг наасан байсныг нь Санчир яаж мэдэх билээ. Энэ охиныг би л жирэмсэн болгосон, үрээ алдаад зовлонгоо мартах гэж зугаа цэнгэл хөөгөө байлгүй дээ гэж бодсондоо л тэр салчихалгүй тэвчиж байв. Өчигдөр бас л шоудаад шөнө дунд гэртээ ирэхэд нь юм хэлсэнгүй. Өглөө хичээлдээ явчихаад тарж ирээд ярилцах гэтэл Анхил хашгичин уурласаар хэрүүл болгож орхив. Чулуунмааг хүртэл сөхөн ярьж элдвээр хэлэхэд тэссэнгүй хаалгаа саван гарч ирсэн нь энэ. Уусан шарз толгойд гарч манарган бодлын мананд тэнүүчлэн суухдаа Анхилаас илүү Чулуунмааг л бодоод байгаа даа гайхна. Ай хөөрхий, анхны хайрын минь эзэн
алдрай жаахан тэр минь хаана юу хийж яваа болдоо. Жаргаж л яваасай гэж бодоод гунигтайгаар шүүрс алдав… Санчирийг ийнхүү ганцаар гуниглаж суухад хотын нөгөө захад хүн пиг дүүрэн диско клубд өндөр хар арьстай эрийн өвөр дээр суугаад аальгүйтэн инээж хундага тулган суух Анхил нэгэн цагт хамаг бүхнээ зориулахаас буцахгүй хайрлан дурлаж явсан залуугаа огтхон ч дурссан шинжгүй согтуурхан цэнгэж авай… Ким уйгагүй гүйсний эцэст Зулцэцэг нүүр үзүүлж хэд хэдэн удаа болзоонд явав. Хэлний бэлтгэл нь дуусаж үндсэн хичээл нь эхэлжээ. Жүжигчин, найруулагчийн ангид сурах болсон Зулцэцэг мөрөөдлийнхөө төлөө шамдан зүтгэсээр. Хааяа мөрөөдөн суухдаа Зулцэцэг монголдоо очоод кинонд тоглоод алдартай жүжигчин болсноор төсөөлөвч ахиад л Сумьяа мэтийн аймшигтай араатнууд гарч ирэхвий гэдгээс айна. Эсвэл Кимийн эхнэр болоод Солонгост очиж амьдраад Монгол хүн гэдгээ бүр ор тас мартдаг ч юм билүү гэж бодсоноо дэмий юм бодсон өөртөө инээд нь хүрнэ. Ямартай ч, хаана ч хэнтэй ч амьдарсан ямар ч хамаагүй кинонд дүрээ үлдээнэ гэдгээ л тэр баттай мэдэж байлаа. Кимтэй хэдэн удаа гадуур гарсан боловч бүр их дотносох сонирхол түүнд байсангүй. Уг нь Ким царайлаг, нуруулаг, соёлтой, сайхан сэтгэлтэй хэн ч татагдахаар залуу.
Даанч Зулцэцэгийн зүрхэнд түүнийг хайрлах зай байхгүй нь харамсалтай… Санчир амралтаараа Монгол явж ижийдээ очив. Ээжийгээ хараад бараг таньсангүй, ямар хурдан хөгширөө вэ гэж өрөвдлөө. Аав ээж хоёр нь салсныг мэдээд нэг их гайхсангүй, угаас бие биедээ хайргүйг нь мэддэг байсан билээ. Хоёр өрөө умгар байранд ганцаар суух ижийгээ өрөвдөвч баян тансаг хаусд амьдарч өнгө мөнгөний шуналд автсан байсан ээж нь харин ч ингээд эгэл даруу амьдрах болсон нь аятайхан ч юм шиг санагдав. Дүүгээ ямар хүн болсныг мэдээд хамгийн ихээр цочирдож, хайсаар олж уулзаад гэр лүүгээ явья гэж чирээд хүчирсэнгүй хамт уудаг архичидад нь зодуулж гараа хугалуулан хэсэг эмнэлгээр явжээ. Амьдрал нь орвонгоороо эргэсэн мэт санагдана. Яагаад бүх юм ийм болчихвоо? Анхнаасаа л би Америк луу яваагүй байсан бол ийм дээрээ тулах байсан болов уу? гэж харамсахын хажуугаар Чулуунмаатай таарахгүй юм байхдаа гэж горидон хуучин гэрийнх нь ойр хавиар эргэлдэвч аз таарсангүй. Амралт нь ч дуусч Анхил нэг их сүрхий санаж үгүйлсэнээ гайхсан хүн байнга залгасаар, ээж нь ч хурдан явж зорилгоо биелүүл гэж шавдуулсаар Америк луугаа буцав. Сар гаруй хол байсан болоод тэрүү
Санчир, Анхил хоёр овоо эвтэй найртай байсаар. Анхил шоудах нь багассан ч үе үе гарч оройтдог хэвээр л. Санчирын сэтгэл яваандаа улам хөрч салмаар санагдан, яаж хэлэхээ мэдэхгүй явсаар байтал зул сарын баяраар Анхил дахин жирэмсэн болсноо хэлж сюрприз барин салж сарних бодлоо толгойноосоо авч хаяв. Хүдэр эхнэрээ хааяа нэг эргэж очсон хэвээр. Ааштай, ганган эхнэрээс нь юу ч үлдсэнгүй, нүдний цог нь унтарч, хэлгүй юмуу гэмээр дуугүй, атигар эмгэн болжээ. Хүдэрийг очиход Сэлэнгэ юу ч ярихгүй, дэмий л биесээ харж хэсэг сууна. Анхнаасаа л ямар ч хайр дурлалгүй, эцэг эхийн хүслээр гэрлэсэн тэд одоо нэгнийгээ харахаар огт танихгүй хүн мэт санагдах болж. Салахдаа овоо хөрөнгө тасдаж өгсөн боловч ажил хийдэггүй, үрэлгэн Сэлэнгэ 3 жилийн дотор юу ч үгүй хоосорсон ч бардам зангийн хэлтэрхий үлдсэн тул Хүдэрээс мөнгө нэхдэггүй байв. Хүдэр эргэж очих бүртээ овоо хэдэн төгрөг үүдний тавиур дээр үлдээнэ, Сэлэнгэ хараагүй мэт байж байгаад гарсан хойно нь очиж аваад тоолно. Охин нь өлсөж цангах, архины мөнгөгүй болох үедээ ирж хаалга балбахад Сэлэнгэ ч нэг хэсэг өгдөг байснаа сүүлдээ хаалгаа ч тайлж өгөхөө больжээ. Хүдэр гадагшаа ажлаар яваад сар гаран болж

Монголдоо ирээд Сэлэнгийг эргэхээр очив. Хаалгаа тайлж өгөхгүй байсанд гайхан утас руу нь залгавал дуудаад авсангүй. Өмнө нь Хүдэрийг залгахад заавал утсаа авдаг байсан тул санаа нь зовж бүргэд хаалга онгойлгодог хүн дуудав. Санчир, Зулцэцэг хоёр нэгэн адил өдөр хоёр өөр улсад төгсөлтийн баяраа тэмдэглэж дипломоо гардан авлаа. Зулцэцэг чилийсэн 4 жилийг завгүй гүйсээр ардаа орхиж, мөрөөдлийнхөө төлөө нэг шат ахисандаа итгэж чадахгүй баярын нулимс дуслуулан зогсоно. Ким Зулцэцэгтэй хамт зургаа татуулаад хэзээ ч өөрийнх нь болохгүй сайхан монгол бүсгүйн хацар дээр сүүлийн удаа үнсэв. Санчир ч бас баяраа тэмдэглэн гэдэс нь нилээн томорсон жирэмсэн эхнэртэйгээ тэврэлдэн зургаа авхуулж байтал утас нь дугарч аав нь ярив. “Ээж чинь бурхан болчихлоо, миний хүү хөдөөлүүлэхээс нь өмнө амжиж ирэхийг бодоорой…” гэх эцгийнхээ сандруу хоолойг сонсоод саяхан буцалж байсан хөөр баяр нь нисэн одож “ээжэээ” хэмээн хашхираад сөхрөн уналаа…