Нүүр Өгүүллэг “Зулцэцэг” өгүүллэг “3-р хэсэг”

“Зулцэцэг” өгүүллэг “3-р хэсэг”

1 секунд уншина
0
0
947

Санчирын аав Хүдэр бол шулуун шударга зантай, эд хөрөнгөөрөө баярхаж сайрхдаггүй, зүгээр сууж чаддаггүй ажилсаг нэгэн. Гадаад дотоодоор их явдаг ажилтай тул гэртээ үзэгдэх нь тун ховор. Эхнэр Сэлэнгэ харин баян айлын ганц эрх охин байсан тул баахан дураараа,

үрэлгэн зантайн дээр их л зиндаархаж хавь ойрын баячуудын авгай нараас дор орохгүйг хичээнэ. 2 хүүхдээ үнэтэй хувийн сургуульд оруулах гэтэл эцэг нь зөрсөөр яалтчгүй нөхөртөө дийлдэж улсын сургуульд явуулжээ. Санчир аавынхаа сайн сайхныг дуурайж зөв

сэтгэлтэй хүү болон өсч байхад Сарангуа эхийнхээ муу муухайг дуурайсан эдийн шуналтай, атаач нэгэн болсоор. Аав нь ихэнхдээ эзгүй байх тул 2 хүүхэд ээжийн үгнээс гарахгүй. Санчир ээжийнхээ хэт баярхуу, өнгө мөнгөнд шунамхай занд дургүй ч тэрнээсээ илүү ээжийгээ хайрлаж хүндэлдэг учраас нэг ч удаа эхийн өмнөөс ам

муруйж байсангүй билээ. Сүүлийн үед Чулуунмаатай уулзах болсноо харин ээжээсээ ихэд нууцалж байсан ч, адтай дүү нь аль хэдийн олж мэдээд ээждээ алтан хошуу өргөж, Чулуунмааг аль байж болох муу

муухайгаар ойлгуулж амжжээ. Чулуунмааг муулсан муулаагүй гэр хороололд амьдардаг, ээж нь жоохон сэтгэцийн юмтай гэдгийг сонссон Сэлэнгэ аймшигтай цочирдон, нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн өв залгамжлах ганц хүүгээ тийм ядуу тарчиг айлын хүргэн

болгоно гэж төсөөлөхөөс ой нь гутаж, уур нь хүрч байлаа. Гэвч Санчирт шууд хэлж загнаад дэмий гэдгийг эхийн зөнгөөр мэдэрч дурлалт хосыг яаж эвтэйхэн салгах вэ гэдгээ бодож тунгаан шалтаг хайсаар байв. Сарангуагын сайн найзуудын нэг Анхил хэмээх ганган хээнцэр, чамгүй хөрөнгөтэй сэхээтэн айлын охин Санчирт дурлаад 2 жилийн нүүр үзжээ. Сарангуатай найзласан нь ч тэр Санчирыг харж, ойр байхын тулд л билээ. Уг нь хэн ч харсан хөөрхөн, дэгжин охин боловч Чулуунмаад дурласан Санчир түүнийг тоож ч харахгүйд шаналан, дэмий л Чулуунмаад хорсон атаархана. Энэ их атаа жөтөө, хорон санаануудыг дурлалт 2 маань өчүүхэн ч анзааралгүй аз жаргалдаа бялууран нууцаар уулзалдаж, сайхан ирээдүйг мөрөөдөн ярилцаж явсаар Чулуунмаа ахлах сургуулиа төгслөө. Санчир эцгийнхээ ажлыг үргэлжлүүлэх ганц хүү нь тул Муис-н эдийн засгийн ангид суралцаж байгаа билээ. Чулуунмаа ээждээ ч хэлэлгүй Суис-д шалгалт өгч тэнцэв. Энэ баярт мэдээгээ ээждээ яаж хэлж ойлгуулахаа мэдэхгүй санаашран явсаар гэртээ иртэл ээж нь библийн номоо

цээжин дээрээ дэлгэн тавиад нүдээ хараатай чигээр тэнгэрт хальсан байлаа… Орчлон дээр орь ганцаараа үлдсэн Чулуунмаа хэд хоног л дэн дун ухаантай байлаа. Ээжийнх нь хамаатны ганц 2 хүн ирж талийгчийг хөдөөлүүлж буяны ажлыг хийхэд туслав. Харин энэ үеэр Сэлэнгэ танил талаа хөөцөлдсөөр Санчирыг гадагш сургуульд явуулах ажил жин тан бүтжээ. Хүүгийнхээ ирээдүйг бодсон Хүдэр ч эхнэртэйгээ санал нийлж зөвшөөрчээ. Хайртай бүсгүй нь эхийгээ алдаад удаагүй хүнд хэцүү нөхцөлд байхад гэнэт л гадагшаа сургуульд явах болсноо мэдээд Санчир шоконд оров. Эцэг эхийнхээ үгнээс зөрж чадахгүй тул яах ч аргагүй явахаар боллоо. Чулуунмаа дээрээ очиж 2уул оройжин ярилцаж, байнга холбоо барьж байхаа амлан, Чулуунмаа ч хайртыгаа үнэнчээр хүлээнэ гэдгээ хэлж хагацлын гашуун нулимс унагахгүйг хичээн сууна. Тэр шөнө Санчир анх удаа гэртээ очиж хоносонгүй, Чулуунмаагийнд хонож анхны хайраа өгсөн бүсгүй нь ариун нандин бүхнээ харамгүй өгч үүр цайтал хайрын баланд согтууран цэнгэв ээ. Эхээсээ хагацаад удалгүй хайрт залуугаа

алсад үдсэн Чулуунмаа нэг хэсэгтээ л уйтгар гунигт живэн уруу царайлж явах болов. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийн аль болох завгүй байхыг эрмэлзэнэ. Сургуулийн залуучууд өдөж хоргоон цэцэг, бэлэг сэлт барин урдуур хойгуур нь гүйвч сэтгэлдээ нандигнах хүнтэй Чулуунмаа нүүр үл өгнө. Цалингаасаа гайгүй гар утас авч пэйсбүүк нээн Санчиртайгаа холбоо барьдаг болов. Цагийн зөрүү ихтэй тул байнга ярьж чадахгүй өдөрт ямартай ч нэг удаа царайгаа харалцан видео колл хийж сэтгэлээ дэвтээсээр… Намрын нэг дулаахан орой ажлаа тараад гарч явтал утас нь дуугарав. Санчир байх хэмээн баярласаар хартал танихгүй дугаар. – Байна уу? – Байна, байна. Сайн уу? Чулуунмаа юу? – Тийм байна. Өөрөө хэн бэ? – Сарангуа байнаа. Таньж байна уу? – Өө танилгүй яахав ээ. Ямар сонин хүн бэ? – Хүүе Чулуунмаа нэг уулзалдяаа, манай ангийн Анхилын төрсөн өдөр маргааш шдээ. Чи ирхийн байгааздээ? Ирэхгүй бол гомдоно шүү гэж дуржигнуулав. – Өө тиймүү. Уг нь очмоор л байна, даанч найз нь

ажилтай даа. Хэдээс юм болоо? – Заа ганц удаа аргалал даа. Маргааш орой 6 цагт Саанни караокед хүрээд ирээрэй гэснээ утас тасарч дийд дийд… Чулуунмаа яагаад ч юм очмооргүй байсан ч хайртай залуугынхаа дүүг гомдоомооргүй санагдаад очихоор шийдэв. Маргааш нь Чулуунмаа даруухан цэнхэр даашинз өмсөөд 5:30 гэхэд ажлаасаа чөлөө аван гарч Саанни караоке руу алхав. Замаараа цэцгийн дэлгүүр орж аятайхан баглаа цэцэг боолгож авлаа. Яг 6 цагт болзсон газраа очоод өчигдрийн дугаар луу залгавал Сарангуа утсаа авч тас тас инээн ” Өө ашгүй миний найз ирчихсэн үү? 5 номерийн өрөө рүү ороод ир” гэв. Гэнэт л сүрхий найз майз гэж сүжирсэнд Чулуунмаа дотроо гайхширч байсан ч хайртынхаа дүүтэй нээрэнгээсээ найз болчихвол ямар гоё вэ гэж баярласаар дотогш оров. Хээ угалз болсон чамин буйдан, сандал ширээтэй нэлээн том өрөөнд Сарангуа, Анхил тэргүүтэй зургаан хүн байлаа. Ширээ дүүрэн үнэтэй архи дарс, чихэр жимс, бялуу зэргийг өржээ. Анхилын найзууд гэх 3 залуу Чулуунмаад

хөл алдан сүйд болж гадуур хувцсыг нь нэг нь тайлж өлгөн, нэг нь сандал дөхүүлж өгөв. Сарангуа ” Манай Чулуунмаа ч аргагүй л залуусыг сандаргахаар сайхан хүүхэн шүү” гээд тас тасхийтэл хөхрөн аальгүйтэж худлаа инээсээр Чулуунмаад мэлтэлзтэл дүүргэсэн хундагатай архи өгөхөд Чулуунмаа уруул хүргээд буцаах гэтэл Анхил тэндээс ” Хүүе Чука найзаа, найзынхаа төрсөн өдрийн юмыг голоод байгаа юмуу даа? Монголын ёс гээд 3 тогтооно шүү” гэсээр хажууд нь ирж элдэв янзаар шахсаар 3 хундага уулгаж орхив. Огт ууж үзээгүй Чулуунмаа яах ийхийн зуургүй халамцан гэнэт л сэтгэлээ онгойтол уйлмаар, дуулмаар санагдана. Сарангуа, Анхил 2 ч худал инээн Чулуунмаагийн 2 талд сууж тэврэлдэн дуулалдаж, инээж хөхрөлдөн ” Сайхан найзуудын төлөө, нөхөрлөлийн төлөө” гэх мэтээр архи дарс бага багаар шахсаар суув. Өмнө нь ингэж найз нөхөдтэй наргиж цэнгэж үзээгүй Чулуунмаад үнэхээр сайхан санагдан нээрээ л сайн найзууд болчихлоо гэж итгэн хөөрч өгсөн бүхнийг нь уусаар нэг мэдэхэд тасарч орхив…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *