Home Өгүүллэг “Зулцэцэг” өгүүллэг “1-р хэсэг”

“Зулцэцэг” өгүүллэг “1-р хэсэг”

2 second read
0
2
2,643

Өвлийн жихүүн үдэш 1-р эмнэлэгийн төрөх тасгийн үүдэнд том биетэй нэгэн эр сандарсан байртай малгайгаа чанга чанга базлан үе үе хаалганы завсраар харж хоёр хөлөө дэвслэх шахуу зогсоно.

Насаараа ууланд мод бэлтгэх ажил хийсэн Төмөрчулуун гэх энэ эр ууланд хамаг амьдралаа өнгөрөөж нас нилээн явсан ч эхнэр байтугай найз бүсгүй ч байхгүй гон бие, гозон толгой гэх нэр зүүсээр удаж.

Өтгөн хар хөмсөг, давхраатай алаг нүд, тэгш өндөр хамартай хэн ч харсан сайхан залуу боловч угийн бүрэг даруу болохоор хүүхэн шуухан эргүүлдэж чадахгүй, дээр нь эцэг эхгүй өнчин өрөөсөн өссөн,

ах дүү ч гээд байх юмгүй тул эхнэр ав гэж шахаж шаардах хүнгүй, хорвоогийн шар нар, бор хоногуудыг элээсээр явтал 37 насыг зооглох жилээ Өлзиймаа гэх оёдолчин бүсгүйтэй санамсаргүй танилцаж, бие

биедээ ухаангүй дурлан нэг гэрт оржээ. Нас явсан хойноо ханилсан болоод ч тэрүү бие биедээ халамжтай, хэрүүл уруул гарах өчүүхэн ч шалтаггүй жаргалдаа мансуурсан 2 жил өнгөрч нэг л өдөр Өлзиймаа

жирэмсэн болсноо мэдэж нөхөртөө хэлтэл Төмөрчулуун магнайгаа хагартал баярлан нулимс унагаж эхнэрээ нүүр нүдгүй үнэсэн инээлдэж байсан нь саяхан. Аз жаргалтай хүлээлт дүүрэн 9 сар өнгөрч шинэ хүн мэндлэх өдөр ирлээ. Өлзиймаагийн анхны төрөлт дээрээс нь хожуу төрөлт учраас нилээн хүндрэлтэй, эх үр хоёр эндэж болзошгүй гэсэн түгшүүрт мэдээг эмчээс сонссон Төмөрчулуун ийнхүү байж ядан зогсож буй нь энэ. Төрөх өрөөн дотор эх үр хоерийг эсэн мэнд авч үлдэх гэсэн ширүүн тэмцэл явж байлаа. Хамаг хөлс нь цувж улаан хүрэн царайлсан Өлзиймаа доод уруулаа цус гартал зууж эмчийн заавраар дүлсээр, салтаа нь задарч байнуудаа гэмээр аймшигтай өвдөж байснаа гэнэт л доошоо нэг их шингэн палхийтэл асгарч биенээс нь нэг хэсэг тасраад унах шиг болон ямар ч тамиргүй ухаан санаа нь манаран жингүйдэлд оров. Эхийн хэвлийгээс унан эмчийн гар дээр очсон жижигхээн цэлдэн хөх хүүхэд хорвоод ирснээ зарлан

уйлах байтал чив чимээгүй ямар ч хөдөлгөөнгүй гулдайн байхыг харсан дадлагын оюутан охины дотор муухай оргин гарч гүйлээ. Төмөрчулуун орох байх газраа олж ядан зогстол гэнэт хаалга онгойж, нэгэн халаадтай охин амаа дарсаар гарч гүйхэд нь араас нь ухасхийн татаж “хүүе миний дүү, манай эхнэр төрсөн боловуу?” гэж асуутал өнөөх охин гараа савчин “хүүхэд нь хөдлөхгүй, хүүхэд нь хөдлөхгүй байна” гэж бувтнаснаа хий огин цааш гүйхэд Төмөрчулууны тархиар нь татаад авах шиг болж ухаан нь балартан зүрхээ дарсаар харуулдан ойчив. Яг энэ мөчид төрөх тасаг дотор эмчийн алтан гарны буянаар амь аврагдсан цэлдэн хөх охин часхийтэл орилон сарвалзаж эхэллээ… Охиноо өлгийдөн авахын зэрэгцээ хайрт нөхрөө зүрх нь хаагдсаныг сонссон Өлзиймаа ухаан солио болжээ. Ухаан нь орж гаран дэн дунтай нөхрөө хөдөөллүүлээд 49 хоног дээр нь охиндоо Чулуунмаа нэр хайрлажээ. Эцгийгээ өвчсөн мэт дуурайсан охиноо хааяа харахаар үгээр хэлшгүй хайраар бялхан үнсэж үлгэн миний эрдэнэ хэмээн үглэвч, ухаан нь самуурсан үедээ эцгийнхээ толгойг залгисан муу чөтгөр гэж хараан үзэн ядна. Чулуунмаа охин ухаан орсон цагаас эхийнхээ энэ хоёр нүүр гаргахыг эхэндээ гайхаж айн уйлдаг байсан ч

сүүлдээ дасаж самуурч солиорсон үед нь холхон байхаа мэддэг болжээ. Өлзиймаа гэнэт л их сүсэг бишрэлтэй болж Христийн сүмд явдаг болов. Охиноо ч бас сүмрүү дагуулан очиж хүчээр наманчилуулан эцгийнхээ амийг авсан нүглээ ариусга гэж үглэх нь Чулуунмаад төвөгтэй санагдана. Эх нь захиалгаар дээл хувцас оёхын хажуугаар библийн номоо шагайх, ертөнцийн эзэнд залбирах гээд охиноо ер тоохгүй тул Чулуунмаа хичээл номондоо тун муу, яаж ийгээд үлгэн салган анги дэвшсээр 8-р ангид орлоо. Аавыгаа дуурайсан царайлаг, нуруулаг, гоолиг биетэй Чулуунмааг хөвгүүд их л шохоорхон эргүүлдэх боловч бүрэг ичимхий Чулуунмаа нэгэнд нь ч нүүр өгөхгүй зугтаан одно. Үеийн хүүхдүүд гоё гоё гар утас барин пэйсбүүк, инста гэх мэтээр сошиал ертөнцөд амьдарч харин Чулуунмаад хаанаас тийм гоё утас олдхов, хуучин муу нокиа утсаараа тоглохоос хэтрэхгүй, мессэж бичье гэсэн ч ээж нь нэгж авах мөнгө хялайлгахгүй. Санаа нийлж гадуур зугаалж, тоглож наадах дотно найз ч байхгүй. Нэг сайхан юм нь гэртээ ганцаархнаа кино үзэх л байлаа. Кинон дээрх сайхан хүүхнүүдийн оронд өөрийгөө орлуулж төсөөлөн үзэхдээ тэр

хамгаас жаргалтай байж орчлон ертөнцөөс тасран мөрөөдлийн ертөнцдөө амьдарна. Сургуулиа төгсөөд кино жүжигчин л болоё гэж тэр шийджээ. Харин ээждээ энэ тухай хэлтэл “Юу хуцаад донгосоод байгаа юм, чи бид хоёр шиг дорд гаралтай хүмүүс тийм юм мөрөөдөөд ч хэрэггүй” гэж зад загнав. Чулуунмаа дэмий л хувь заяагаа зүхэн шөнөжин дэрээ нэвтэртэл уйлаад маргааш өглөө нь босохдоо тавилантайгаа эвлэрч жүжигчин болох мөрөөдлөө мартахаар шийдсэн байлаа. 8-р анги төгссөн зун хичээлийн сүүлчийн өдөр Чулуунмаагийн ангийн ганган охидын нэг Сарангуагийн төрсөн өдөр болж ангийнхнаа бүгдийг нь гэртээ урив. Сарангуагийнх нүхтийн аманд 2 давхар тансаг хаустай, хашаандаа усан бассейн, цэцэрлэгтэй Чулуунмаагийн хэзээ ч төсөөлж чадахааргүй дэндүү гоё айл байлаа. Ийм баян айл байж яагаад охин нь улсын сургуульд явдаг юм болоо гэж Чулуунмаа гайхна. Хүүхдүүд идэж уун тоглоцгоож байтал гаднаас нэг хөвгүүн орж ирсэн нь Сарангуагийн ах Санчир. Өндөр, цав цагаан арьстай, нүд хөмсөг зурсан аятай хөөрхөн тэр хөвгүүнийг хараад Чулуунмаагийн зүрх гэнэт булгилан толгой нь цусаар дүүрчихвүү гэлтэй маналзах нь анхны дурлал ирсний дохио байлаа. Санчир хүүхдүүдтэй мэндлээд дээшээ өрөөлүүгээ явчихав. Охидууд шуугилдан Сарангуаг тойрч ахынх нь тухай шалгааж гарлаа. 10-р ангиа төгсөж

байгаа, улсын сургуульд сурдаг, найз охингүй гэнэ. Чулуунмаа чих тавин сонсож хоёр хацар нь үлмэдэгхэг ягаарч догдлон суулаа. Гадаа янзын сайхан халуун байна, гарж бассейнд шумбая гэж Сарангуаг уриалхад бүгдээрээ дэмжин гарцгаалаа. Охидууд гоё гоё лээвчиг цээчивчнүүдээ гайхуулан хувцсаа тайчиж усруу үсрэн орцгооход хөвгүүд шохоорхож сонжин харцгааж жиг жуг хийн инээлдэнэ. Чулуунмаа ээжийнхээ оёж өгсөн загвар муутай дотуур хувцаснаасаа ичиж хувцсаа тайлахгүй сүүдэр бараадан зогсоод 2 давхрын цонхруу үе үе хяламхийн зогсож байтал гэнэт ангийн хэдэн савсагнуур хөвгүүд гүйж ирэн юу юугүй даашинзыг нь мулталж орхиод охиныг дамжлан гүйсээр усруу шидэж орхив. Дөнгөж 14 настай ч хөх нь хөөрхөн томорсон гол шиг гоолиг биетэй Чулуунмаа ичсэндээ уснаас гарахаас санаа зовон бассейний булан луу сэлж очин зогсов. Зарим охид

атаархсандаа хялалзан хоорондоо шивнэлдэж зогсох нь инээдтэй. Гэнэт л хэвлийгээр нь хатгуулж базлан өвдсөнөө доошоо шээчих шиг оргиход Чулуунмаа сандран хартал тэр хавийн ус нь улаан туяатай болоод ирэв. Яанаа биений юм ирчлээ, одоо яанаа, яаж гарах вэ хэмээн учраа олохгүй сандарч байтал хүүхдүүд захаасаа улаан туяатай усыг хараад орилолдон уснаас гарцгаав. Ямар балиар заваан амьтан бэ гэж охидууд орилолдон хөвгүүд инээлдэхээс нэг нь ч ирж гараа сунган тусалсангүй. Чулуунмаа ганцаардал ичингүйрлийн ёроолруу живж тэр чигтээ нүдээ анин чулуу болчихмоор санагдан цурхиртал уйллаа. “Хүүе та нар чинь нэгэндээ тусалдаггүй юмуу? Ямар муухай хүүхдүүд вэ?! Алив гараа” гэх танихгүй хоолой сонсогдоход Чулуунмаа нүдээ нээтэл Санчир дэргэд нь ирчихсэн гараа сунган зогсож байв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…