
Найзынх нь нүд гунигаар дүүрэхийг хараад Чимэгмаа ч бас санаа алдчихав. Өөрт нь хэзээ ч зохихгүй өрөөлийн хувцсыг булааж аваад урчихсан мэт түүнд санагдана. Саяхан л инээж явсан хоёр найз дор
дороо дуугаа хураан хэсэг алхлаа. “Найз минь санаа алдан гуниглахыг бодоход одоо ч түүнд хайртай хэвээрээ л юм байна даа…” гэж Цэцэгмаа бодож байхад “Би л дурлалд сохорч тэнэглээгүй бол найз минь өдийд ингэж гуниглахгүй байсансан…” хэмээн Чимэгмаа харуусаж явав.
Бодлыг нь таслан утсанд нь мессеж ирлээ. “Миний дугаар шүү тэмдэглээд аваарай, болгоомжтой яваарай, Тайвнаа” гэсэн мессежийг уншаад саяны гунигт бодлоо ор тас мартан инээмсэглэж орхив.
Цэцэгмаа түүн рүү гайхан харснаа утас руу нь өнгийж үзээд: ~Аая юун ч шуурхай юм бэ дээ. Бас халамжтай юм гээч гээд инээв. Охид үргэлжлүүлэн Тайвнааг ярьж Цэцэгмаа найзыгаа цаашлуулж инээлдсээр гэртээ ирлээ. Цэцэгмаа хэдий нүүрэн дээрээ инээж баясан
хөгжилтэй байх ч Анхааг бодохоо больж чадсангүй. “Ядаж ганц үг дуугараад жаахан ч болтугай юм яриад явахгүй, надтай таарсандаа баярлаагүй юм байхдаа…гэтэл би энд ингээд хормын төдий учралдаа догдлоод л…хнн угаасаа надад хайртай гэдэг нь худлаа байсан юм

байна” гэсэн гомдол төрж өөртэйгээ ярьсаар л байв. Чимэгмаа гурил зуурангаа юу ч юм ам хамхилгүй ярьж байснаа яриаг нь огт сонсоогүй шинжтэй гөлрөн суух найз руугаа хараад инээд нь хүрэн: ~Хүүе хонгороо дурласан хүн шиг яагаад бодолд автчихав аа гэтэл өнөөх нь бас л үгийг нь чихний хажуугаар өнгөрөөв бололтой суусаар… Чимэгмаа зуурч байсан гурилаа орхин найзынхаа урд очиж суугаад гарнаас нь атгахад Цэцэгмаа сая ухаан орж нүдээ дүрлийлгэн харав. Чимэгмаа найзынхаа хиргүй тунгалаг хархан нүд рүү эгцлэн харж байгаад: ~Миний найз Анхааг бодоод байгаа юмуу? гэж палхийтал асууж орхив. Цэцэгмаа хэрэг хийсэн хүн шиг сандарч түгдрэн: ~Юу…яасан…юу гэж дээ…үгүй ээ үгүй гэснээ бантсандаа гурилын илдүүр аван татсан мах руугаа дүрж орхилоо. Чимэгмаа найзыгаа өхөөрдөн инээмсэглээд: ~Надаас санаа зовох хэрэггүй дээ. Одоо сэтгэлээ нууж өөрийгөө битгий зовоо л доо. Найз нь одоо тэр залууг ор тас мартсан.
Анхаа ч чамд хайртай хэвээрээ… Түүнтэй зүгээр л уулз…гэхэд Цэцэгмаа юу хэлэхээ мэдэхгүй цааш харан илдүүрээ угаах зуураа “Найз минь өөрөө хайртай ч намайг бодсондоо л худлаа хэлж байна. Би Анхаатай уулзаад эхэлвэл энэ хоёрыг үерхэж байхад надад ямар хэцүү байсан, яг түүн шиг л найзад минь хэцүү байх болно” хэмээн бодож амжаад: ~Найз нь чамд өмнө нь хоёр ч удаа хэлсэн дээ. Энэ залууг мартаад хоёулаа нөхөрлөлөө авч үлдье гэж. Надад Анхааг гэх сэтгэл үлдээгүй ээ. Зүгээр л бие жаахан өвдөөд урвагар царайлчихлаа… Чимэгмаа найзынхаа занг мэдэх учраас одоо дахиж юу ч хэлээд нэмэргүйг ойлгон ярианы сэдвийг өөрчилж хоёул хуушуураа хийх ажилдаа оров. Энэ үед найзуудтайгаа уулзан уушийн газарт сууж байсан Анхаа ч бас сэтгэл санаа нь шал өөр газарт хөврөн найзуудынхаа яриаг чихний хажуугаар өнгөрөөж суув. Уртаас урт уйтгартай өдрүүдэд Цэцэгмаагийн фэйсбүүк хаяг руу өдрийн хэд орж зургийг нь харан сэтгэлээ зогоож явсаар байсан учир өнөөдөр таарсан гэнэтийн учрал нь дэндүү амттай санагдана. Дахиад л хаяг руу нь ортол Чимэгмаатай хамт өнөөдөр авхуулсан зургаа саяхан тавьжээ. Аз жаргалтай нүүр дүүрэн инээмсэглэсэн зургийг хараад “Намайг одоо аль хэдийн мартчихсан байхдаа… хамгийн сүүлд байрных нь гадаа
уулзахад харцанд нь дүүрэн мэлтэлзэж байсан гуниг алга болчихож. Чи минь жаргалтай инээж байвал болоо доо. Ядаж ингээд инээсэн зургийг чинь харж зүрхээ баярлуулж явъя” хэмээн бодоод хөнгөхөн гуниглав. Найзууд нь пиво нилээн ууцгаан халамцаж яриа нь олширч эхэлсэн байхад Анхаа утсаа оролдон бодолд автаад бараг уусангүй. Орой ч болж халамцуу залуус үргэлжлүүлэн шөнийн клуб орохоор болцгооход Анхаад яагаад ч юм хүсэл төрсөнгүй, худал хэлэн байж арайхийн мултраад гэртээ харьжээ. Өнөөдөр уг нь ганц амарч байгаа дээрээ найзуудтайгаа уулзаж зад шоудахаар шийдсэн байсан боловч Цэцэгмаатай таарснаас болоод ууж идэх ямар ч хүсэлгүй болсон нь энэ билээ. …Чимэгмаа Тайвнаад дугаараа өгсөн тэр өдрөөс хойш тэр хоёр бараг сар мессеж, чатаар харьцсан ч болзохгүй л байлаа. Чимэгмаа өмнө нь дурлалд сохорч алдаж үзсэн болохоор их л хаширлаж Тайвнаагийн болзооны урилгуудыг буцаасаар… Цэцэгмаа англи хэл, япон хэлний сургалтанд суун завгүй гүйсээр. Чимэгмаа хэд хэдэн удаа Анхаагийн тухай найзтайгаа ярилцах гэж оролдсон боловч Цэцэгмаа огт халгаасангүй. Чимэгмаа найзыгаа хайрттай нь яаж
нийлүүлэхээ бодох ч яах учраа олохгүй явсаар намрын улирал хаяанд ирлээ. Цэцэгмааг сургалтанд явсан хойгуур уйдсан Чимэгмаа олон ангит кино үзэн хэвтэж байснаа нүд нь сэргэн босоод ирэв. Цэцэгмаагийн үнэн сэтгэлийг Анхаад яаж илчлүүлэх аргаа киноны үзэгдлээс олоод авчих шиг болж төлөвлөгөөгөө боловсруулж эхэллээ. Ганцаар нүдээ эргэлдүүлэн уруулаа хазлаж, үе үе инээд алдан суухыг нь хажуунаас хүн харвал галзуурчихаж гэж бодмоор. Чимэгмаа нэг шийдэлд хүрсэн бололтой толгой дохин сууснаа утсаа авч Тайвнаа руу залгав. Ганц дуудав уу үгүй юу утасны цаана Тайвнаагийн баярласан, догдолсон хоолой сонстлоо… Цэцэгмаа сургалтаа тараад гэрээрээ орчихоод Чимэгмаагийнд иртэл найз нь байсангүй. Түлхүүр байхгүй тул утас руу нь залгатал Чимэгмаа утсаа авангуутаа нэг газар хурдан ирэхийг зарлигдав. …Сарнайн дэлбээгээр зам татсан өрөө рүү алхахдаа
Цэцэгмаа яагаад ч юм догдолж “Арай Анхаа энд…” гэсэн битүүхэн горьдлого тээсээр орлоо. Дүүрэн лаа, сарнайн дэлбээ хөглөрсөн өрөөн дэх романтик ширээний ард Чимэгмаа, Тайвнаа хоёр их л баяр хөөртэй сууж байв. Цэцэгмаа өөрийн эрхгүй хэн нэгнийг нүдээрээ хайсан ч тэр хоёроос өөр хүн байсангүй. Чимэгмаа найзыгаа тосч ирэн тэврээд “Тайвнаа найзыг нь гуйгаад…Найз нь зөвшөөрчихлөө… Би яг одоо үнэхээр жаргалтай байна. Энэ сайхан мөчийг чамтайгаа бас хуваалцахыг хүслээ.” гэснээ хөтлөн ширээ рүү аваачиж суулгав. Яг үнэндээ Анхааг энд хүлээж байх юм шиг санасан Цэцэгмаа жаахан гонсойсон ч найзынхаа өмнөөс баярлаж байлаа. Нөгөө хоёр тэр оройжин л дурлалдаа мансуурсан амьтад Цэцэгмаагийн хажууд эрхлэлдэв. Гэртээ харих болж Цэцэгмааг түрүүлээд гарахад Чимэгмаа Тайвнаад хандан: ~Хоёулаа ёстой яг жинхэнэ юм шиг жүжиглэлээ тэ хихи Чамд үнэхээр баярлалаа. Дахиад хэд хоног яг миний хэлснээр хийнэ шүү за гээд инээмсэглэв. Тайвнаа ч инээмсэглэн толгой дохиод “Найзыгаа хайртай нь учруулах гэж ингэж их хичээж байдаг. Үнэхээр сайхан сэтгэлтэй охин юм гээч” гэж бодон Чимэгмаад бүр ч их татагдаж байлаа. Цэцэгмаа гэртээ хариад орондоо орсон хойноо
фэйсбүүкийнхээ мэдэгдлүүдийг шалгаж байтал Анхаа зурган дээр нь зүрх дарсан байхыг хараад тэр шөнөжингөө догдолж бараг л унтсангүй. Үүнээс хойш хэд хоног л утсаа байн байн шалгавч Анхаагаас дахин зүрх ирсэнгүй. Чимэгмаа, Тайвнаа хоёр өдөр бүр болзож Цэцэгмааг атаархтал цагийг сайхан өнгөрүүлсээр… Энэ бүхэн Цэцэгмаад зориулсан жүжиг хэдий ч өдөр ирэх тусам тэр хоёр үнэнгээсээ бие биедээ дурлаж байлаа. Яг арван дөрвөн хоногийн дараа Анхаа дахин нэг зурган дээр нь зүрх дарж Цэцэгмаа бөөн баяр. Тэр өдөржингөө дуу аялан гэгэлзэж, шалтгаангүй инээмсэглэх найзыгаа битүүхэн ажин суусан Чимэгмаа төлөвлөгөө нь бүтэж байгаад сэтгэл хангалуун мишээв. Зуны адаг сарын бороо шивэрсэн өдөр Цэцэгмааг гэртээ байхад нь үл таних дугаараас дуудлага ирж “Анхбат гэдэг хүн осолд ороод бие нь тун муу байна. Утсан дээр нь ганц таны дугаар хадгалаастай байсан болохоор залгалаа. Та …… гэсэн хувийн эмнэлэг дээр яаралтай ирнэ үү!” гэсэн аймшигт мэдээг дуулгав. Цэцэгмаа гэрийн хувцсаа ч солилгүй гарч эмнэлэг рүү ухаан жолоогүй гүйлээ. …Анхаа эмнэлгийн цагаан орон дээр нүд нь аниастай хэвтэнэ. Хүчилтөрөгчийн аппарат аманд нь зүүжээ. Шалба норсон Цэцэгмаа өрөөнд оронгуут залуухан эмч бүсгүй араас нь даган орж ирээд: ~Та гэр бүлийн хүн нь үү? гэхэд Цэцэгмаа Анхаагаас нүд салгалгүй толгой дохив. Эмч хоолойгоо засаад: ~За тэгэхээр өвчтөн маш хүнд гэмтэл
авсан. Бараг л найдваргүй гэхэд болно. Одоо хүний ярьсныг сонсож байж магадгүй, хариу үйлдэл харин үзүүлж чадахгүй. Бид чадах бүхнээ дайчлах болноо гээд гарлаа. Үүдэнд нуугдан зогсож байсан Чимэгмаа, Тайвнаа хоёрыг эмч харснаа нүдээ ирмэн жуумалзаад цааш алхав. Цэцэгмаа асгартал уйлан Анхаагийн дэргэд очиж суугаад гарыг нь атган: ~Битгий намайг орхи л доо… Энэ бүхэн худлаа гээд хэлээд өгөөч дээ Анхаа… Би чамдаа эртхэн л хэлдэг байж, аль эрт хэлдэг байж… Би чамд хайртай шүү дээ… Нүдээ нээгээд надад хайртай гэж хэлээч дээ, тэгвэл ахиж би чамаас зугтахгүй, чамайг өөрөөсөө түлхэхгүй… хайраа гуйж байна ш дээ… хэмээн эхэр татсаар байв. Гэнэт Анхаа нүдээ нээснээ аппаратыг амнаасаа аваад: ~Би ч гэсэн чамд хайртай гэх нь тэр. Нус нулимстайгаа холилдон байсан Цэцэгмаа гайхаж шоконд орох зуур Чимэгмаа, Тайвнаа хоёр инээлдсээр орж ирлээ. Цэцэгмаа бүр юу ч ойлгохоо больсон ч уйлсаар байв. Анхаа өндийн босч түүнийг тэврээд “Би ч гэсэн чамдаа хайртай, саяны хэлсэн үгэндээ хүрч надаас зугатахгүй биз дээ” гээд инээлээ. Чимэгмаа ч хажууд нь ирж суун нулимсыг нь арчаад “Ийм хатуу тоглосонд найзыгаа уучлаарай. Гэхдээ ингэж байж л чи Анхаад хайртайгаа илчилж байгаа биз дээ” гэхэд сая л учрыг ойлгосон Цэцэгмаа “Та нар ямар муухай юм, ингэж аймар тоглоод байхдаа яадаг юм” гээд бүр чанга уйлж эхлэв. Нөгөө гурав нирхийтэл инээн Анхаа хайртыгаа энгэртээ наан тэвэрч аргадлаа… …Таван жилийн дараа… Саяхан амаржсан Чимэгмааг Анхаа, Цэцэгмаа хоёр эргэж ирэн тэр хэд

өдөржин дуу шуу, хоол унд болцгоов. Анхаа, Цэцэгмаа хоёр нэг гэрт ороод гурван жил болсон ч дөнгөж үерхэж эхэлсэн залуухан хос шиг л эрхлэлдэн бие бие рүүгээ хайрын харц чулуудахыг харж суусан Чимэгмаа найзынхаа өмнөөс жаргаж суулаа. Цэцэгмаа дипломоо хамгаалчихаад хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөөтэй тул тэр хоёр хараахан бүл нэмээгүй байгаа билээ. Өлгийндөө үнэгчлэн унтах сахиусан тэнгэрийг хайрын харцаар ширтэн суусан Цэцэгмаа “Ямар хөөрхөн юм бэ, хурдан л хүүхэдтэй болмоор санагдчихлаа” гээд инээхэд Анхаа гялс өлгөж аван “Хүсэлтийг хүлээж авлаа. Өнөө оройдоо биелүүлэхээ амлая” гэхэд бөөн инээд болцгоов. Анхаа, Цэцэгмаа хоёрыг үдэж гаргачихаад Тайвнаа аяга тавгаа угаан Чимэгмаа охиноо үнсэн эрхлүүлж жаргалтайяа хэвтэж байхдаа “Надад ийм сайхан хань, үр заяадаг нь ямар их аз вэ… Тэр үед л би буруу сонголт хийж зүрхээ дагасан бол… жинхэнэ хайртайгаа учрахгүй ч байсан юм билүү… Найз минь гэрэл цацартал инээн суухгүй ч байсан юм билүү… Амьдралд заримдаа тархиа сонсох хэрэгтэй юм байна шүү…” хэмээн бодож инээмсэглэлээ… Хэрвээ та хэзээ нэгэн цагт одоо байгаа бүхнээ золиослохоос ч буцахгүй тийм хүчтэй хайртай учирвал Зүрхээ дагах уу? Тархиа дагах уу? Төгсөв.