Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу?14~р хэсэг

Зүрх үү? Тархи уу?14~р хэсэг

0 секунд уншина
0
0
120

“Миний хүү сэрээрэй, ажлын чинь цаг болчихлоо” гэх дуунаар арайхийн нойрноосоо сэрж нүдээ нээтэл нэг л танихгүй царай… Гайхан нүдээ нухлаад дахин харвал төрсөн эцэг нь төрөл

арилжчихсан зогсож байв. Цэмбийтэл зассан халимаг үс, цэвэрхэн шинэ хувцас… Аав нь арван жилийн өмнө архи уудаггүй байхдаа л ийм харагддаг байсансан. Урд шөнө ирэхэд аав нь унтаж байсан

болохоор ингэж өөрчлөгдсөнийг нь хараагүй болохоор гайхах нь ч аргагүй бизээ. Анхаагийн нойр хормын дотор хулжин одож өндийн босоод: ~Хооо аав та яаж? Юу болоо вэ? гээд аавыгаа анх харж байгаа аятай дээрээс нь доош нүд салгалгүй ширтсээр. Батхуяг хүд хүд

инээснээ: ~Миний хүүгийн л буян шүү дээ. Өчигдөр найз охин чинь гээд нэг их хөөрхөн зантай охин ирээд.. Аавыг нь дагуулж өдөржин л явлаа. Бүр гэртээ аваачиж ус цасанд оруулсан гээд л бод. Үгүй ээ тэр

гэр орон нь ямар ч гоё юм базарваань. Миний хүү ч тэгж байгаад азтай аавын хүү юмаа ха ха ха… Анхаа таг дуугүй гацаж орхилоо. Аав нь цааш үргэлжлүүлэн авдар ухангаа: ~Энэ хар. Ийм их хувцас аавд

нь бэлэг гээд авч өгсөн. Ёстой нэг буян нь дэлгэрсэн сайн охин байна лээ дээ. Бас болоогүй хүнсний юм гээд зөндөө юм авчирсан ш дээ… гэснээ сая л нэг хүү рүүгээ харж: ~Ингэхэд чи өчигдөр хааччихав? Хөөрхий амьтан шөнө дүл болтол чамайг хүлээж байгаад л явсан. Утас шөрмөс рүү нь ярь хөөе! Тийм сайхан охиныг гомдоогоод үзээрэй чи! хэмээн үглэнэ. “Чиний баян ядуу байх, аав чинь ямар байх огт хамаагүй” гэх Чимэгмаагийн хоолой чихэнд сонстох шиг л болов. Анхаа дуугүйхэн босч хувцсаа өмсөөд гар нүүрээ угаангаа “Чимэгмаа яагаад ингээд байгаа юм болоо. Ямар хэцүү юм бэ? Би өчигдөр түүнд ямар муухай хандлаа даа. Гэтэл тэр… би яг яах ёстой юм бэ?” хэмээн

өөрөөсөө асуусаар байлаа. Аав нь энэ хооронд хоёр аягандаа сүүтэй цай аягалж талх, варень, килька гээд баахан юм өрчихсөн тэр хоёртоо л ойрд харагдаж үзэгдээгүй тансаг ширээ бэлэн болжээ. Анхаагийн хоолойгоор идэж уух зүйлс үнэндээ л давсангүй. Аав нь харин амтархан идэнгээ: ~Аав нь өчигдөр их юм бодлоо. Одоо энэ хар усыг ёстой нэг больё. Ажил төрөл олж хийе. Хүү минь юу юугүй хүнтэй суухдаа тулчихаад байхад арай ч ингээд байж болохгүй ээ. Наад юмнаасаа идээч алив. Хоёулаа сайхан цайлчихаад хамт гаръя… Өнөөдөр яаж ганц шил архи олж уух вэ гэж л толгойгоо гашилгадаг байсан аав нь гэнэт л ийм зүйл яриад унасанд Анхаагийн баяр ч хүрэх шиг, итгэж ядсан харцаар харан суув. Цэвэрхэн хувцасласан аавтайгаа мөр зэрэгцэн алхаж явах нэн таатай. Хамгийн сүүлд хэзээ ингэж явснаа ч мартаж орхиж… Тэр хоёр автобусны буудлаас хоёр тийш

салан аав нь ойрхон байх компани руу манаачийн ажил сураглахаар алхан одоход Анхаа дотроо “Орой гэхэд л тасартлаа уучихсан, шороотой хутгалдаад ирэх байх даа” гэж бодон гунигтай ширтэн зогслоо. …Өглөөний нар хөшигний завсраар тусан гялбуулахад нойргүй шахам хоносон Цэцэгмаа нүдээ залхуутайяа нээсэн ч босохыг хүссэнгүй. Өчигдрийн болсон явдал киноны кадр шиг нүднийх нь өмнүүр жирэлзсээр, Анхаагийн хэлсэн үгсийг дахин дахин нэхэн санах гэж хичээн хэвтэж байтал хаалга онгойн Чимэгмаа орж ирэв. Хоёр найз хоёулаа бүлцийж хавдсан нүдээр бие биенийгээ ширтээд хэн хэн нь юу болсныг гадарлалаа. Чимэгмаа урд шөнөжин бодсон зүйлээ бататгахаар: ~Анхаа та хоёр өчигдөр юу ярьсан бэ? Тэр чамд одоо ч хайртай хэвээрээ гэдгээ хэлсэн үү? ~…Чи…гэнэт юу яриад унав аа? Бид хоёр юу ч яриагүй… ~Чи худлаа ярихаараа хацар чинь улайдгаа мэдэх үү? Эртээд эмчид худал хэлэхдээ хацар чинь час улаан болчихож билээ… ~…Чи надаас юу сонсох гээд байгаа юм бэ? Надад Анхаа та хоёр хамаагүй. Би одоо түүнийг хайрлахаа больсоныг чи мэднэ биз дээ? ~Тэгээд? Тэгээд яагаад нүдээ бүлцийтэл уйлчихав?

Яагаад надад худлаа хэлээд байгаа юм?Надаар тоглох сайхан байна уу чамд? Цэцэгмаад хэлэх үг олдсонгүй доош харахад Чимэгмаа улам ч омогшин дуу нь чангарч: ~Дуугараач дээ чи? Надаас хариугаа аваад байгаа юмуу айн? хэмээн хашгирахад Цэцэгмаагийн тэвчээр алдран: ~Тиймээ Анхаа надад хайртай гэсэн. Надгүй байж чадахгүй гэсэн. Би ч гэсэн түүнд хайртай… гэхдээ би чамайг шархлуулахыг хүсээгүй юм ойлгов уу тэнэг минь! Энийгээ ч би өчигдөр Анхаад хэлсэн! Би хайрыг биш нөхөрлөлийг сонгосон юм за юу! гэж хэлэхдээ хоолой нь цахиртан нүдийг нь нулимс бүрхээд ирэв. Чимэгмаа ийм үг сонсоно гэж бодоогүй байсан бололтой царай нь хувьсхийн барайснаа хаалга саван гарч одлоо. Чимэгмааг хувцас хунараа цүнхэндээ чихэж аваад гадагш гаран алхахыг цонхоор харсан Цэцэгмаа “Найз минь дээ,

дурлал чамайг минь ийм мунхаг болгочихоо юу… Би юуг буруу хийсэн юм бэ?” гэж шивнэн зогсов. Түүнд одоо энд байх шалтгаан үлдээгүй тул харихаар шийдэн аав руугаа залгалаа. …Батхуяг өөртөө ч, хүүдээ ч амласандаа хүрч архи амсахаа байснаар барахгүй банкинд харуулын ажилтнаар орж аав, хүү хоёр өглөө бүр хамт гэрээс гараад орой уралдсаар ирж хоол цайгаа хийдэг болжээ. Аав нь Чимэгмаагийн талаар өдөр бүр асуудаг байсан ч Анхаа юу ч хэлэхгүй тул тэгсгээд асууж шалгаахаа ч болив. Хүү нь анхны цалингаа аваад гэртээ жижигхэн телевиз, угаалгын машин авч тавьснаас хойш аав нь оройд үзэж харах юмтай, хүү нь хувцас хунараа гараар угаана гэж зовохгүй ёстой нэг амар болжээ. Батхуяг архи уухгүй болохоор царай зүс ч орж, хамт олондоо нэр хүндтэй болохыг хичээн ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь бахархмаар. Хүн амьдралд хөл алдаж болно, гол нь хэн

нэгэн түүнд жаахан сэтгэлийн дэм, итгэл найдвар өгөхөд л ямар ч хүн засарч болдогын тод жишээ энэ буюу. Архи тамхины үнэр нэвт ханхалж, хараалын муухай үгс л сонсогддог байсан тэр айл одоо үгүй болж аав, хүүгийн хөгжөөнтэй инээд хангинасан, амтат хоол цайны ааг үнэртсэн айл шиг айл болжээ… Анхаа Чимэгмаад сэтгэлийн гүнд талархаад ханашгүй байсан ч түүн дээр очихыг хүссэнгүй. Хэрвээ тэгэх л юм бол тэр охинд хоосон итгэл найдвар төрүүлж дахиад л зүрхийг нь шархлуулахаа мэдэж байв. Харин Цэцэгмааг аль болох бодохгүйг хичээвч ажил хийсэн ч, кино үзсэн ч, орондоо хэвтсэн ч бодлоос нь салахгүй зууралдсаар л… Ганцхан удаа санаандгүй таараад ч болов царайг нь харахсан гэх хүсэл дотроос нь хатгана. Гэвч хүсэхэд хясал гэгчээр ганц ч удаа таарсангүй, зүүдэндээ л уулзан зүрхээ

амрааж байлаа. Чимэгмаа найзынхаа лагерын байшингаас ууртай гэгч нь гарч явснаас хойш бүтэн сар өнгөрөв. Ахиухан хүнс базааж аваад дөрвөн өрөө байрандаа ганцаархнаа бүгэн хамраа ч цухуйлгасангүй. Өдөржин үхсэн юм шиг унтаж шөнө нь баахан чихэр шоколад урдаа өрж аваад олон ангит кино үзнэ. Хаа нэг аав, ээж нь залган ямар хотод аялж яваагаа, гоё сайхныг нь шагшин ярихад худал инээн ярьж дуусчихаад л нөгөө хөлдүү, уйтгартай байдалдаа ордог байлаа. Цэцэгмаа түүн рүү хоёр ч удаа мессеж бичсэн бөгөөд сүүлийн мессежийг уншаад баахан уйлж хариу бичихийг хүссэн ч чадсангүй… Чимэгмаа ганцаархнаа энэ олон хоног байхдаа өнгөрсөн бүхнийг

эргэцүүлэн бодож олон ч зүйлийг ухаарав. Яг үнэндээ Анхаа түүнийг Цэцэгмаа шиг хэзээ ч чин сэтгэлээсээ тэвэрч, түүнд санаа тавьж, хайрлаж, халамжилж байгаагүйг сая л ойлголоо. Тэр үнэхээр дурлалдаа сохорсон байж…тэгээд хамгаас үнэтэй хүнээ гомдоож орхиж… Яг одоо л тэр маш их ганцаардаж байлаа. Найзтайгаа хамт гадуур зугаалахыг, дэлгүүр хэсэхийг, үүр цайтал юм ярьчихаад тас тэврэлдэн унтахыг хүснэ… Ганцхан мессеж бичихэд л Цэцэгмаа өөр дээр нь гүйгээд ирнэ гэдгийг мэдэж байсан ч…даанч тийм зориг байсангүй… Өнөөдөр бас л үд хэвийж байхад өлссөндөө нойрноос сэрж орноосоо өндийн гал тогоо руу зүглэтэл хаалга тогших сонстов. Хэн гэдгийг нь дурангаар харахыг ч хүссэнгүй, шал нойрмог амьтан хаалгаа нээтэл…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *