Home Өгүүллэг “ЗҮРХ ҮҮ ТАРХИ УУ” өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

“ЗҮРХ ҮҮ ТАРХИ УУ” өгүүллэг “13-Р ХЭСЭГ”

0 second read
0
0
915

Цэцэгмаа удаан бодсны эцэст шийдвэрээ гарган босч толинд хараад “Тиймээ, ингэсэн нь л зөв” гэж өөртөө хэлэн зоригжоод гарлаа. Гэрэл унтраастай ч цонхоор тусах сарны гэрэлд буйдан дээр толгойгоо барин суух Анхаа тодхон харагдана. Цэцэгмаа чимээгүй зөөлхөн

алхсаар хажууд нь очиж суухад Анхаа түүнрүү эргэн царайг нь харвал зөндөө их уйлсан бололтой хөөрхөн алаг нүд нь бүлцийсэн байхыг ажаад “Энэ хөөрхөн охиныг ингэж их зовоодог би ч адгын новш юм

даа” гэсэн бодол зурсхийгээд өнгөрөв. Цэцэгмаа түүн рүү гуниг харуусал дүүрэн харцаар ширтэн хэсэг сууснаа ямар нэг зүйл хэлэх гээд учраа олохгүй байгаа мэт уруулаа хазлан доош ширтэв. Бүтэн сарны бүүдгэр туяанд Цэцэгмаагийн цагаахан царай дагина шиг л

үзэсгэлэнтэй бөгөөд доош буулгасан урт хархан сормуус нь булбарай хацар дээр нь сүүдэрлэн дэндүү сэтгэл татмаар харагдана. Анхаа бие сэтгэлээ барьж тэвчсэнгүй охиныг үнсэхээр ойрттол Цэцэгмаа түүнийг

цааш түлхээд жишүү харан сууснаа чичирхийлсэн зөөлөн хоолойгоор: ~Намайг уучлаарай… Би чамд татагддаг байсан үе бий. Гэхдээ одоо тийм сэтгэл надад үлдээгүй бололтой. Миний найз чамд дэндүү их

хайртайг чи мэднэ биз дээ? Өөртөө хайртай хүнийг л сонгосон нь дээр шүү дээ… Би чиний сэтгэлээр тогломооргүй байна гэж хэлэхдээ золтой л уйлчихсангүй нулимсаа тэвчин дотогш залгилаа. Анхаагийн зүрх хоёр хэсэгт хуваагдчих шиг л болж… Гэвч тэр хуваагдсан зүрхний мухарт “Чимэгмаагаас болоод тэр чамайг түлхэж байна шүү дээ. Түүний харцыг хар л даа! Чамд хайртай гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ” хэмээн хэн нэгэн шивнэх шиг. Цэцэгмаа цааш харсан хэвээр: ~Тийм болохоор дахиж ийм юм битгий яриарай. Харин найзыг минь энэ хүртэл явуулчихаад гомдоовол би чамайг уучлахгүй шүү гэж шийдэмгий хэлчихээд босов. Анхаа гараа чанга гэгч атган нүдээ аньснаа Цэцэгмаагийн араас босч очингуутаа гарнаас нь татан өөр лүүгээ эргүүлээд хоёр гараараа хацрыг нь хавчин шууд уруул дээр нь

үнсэж орхилоо. Цэцэгмаа харин эсэргүүцэл үзүүлсэнгүй… Энэ үнсэлт…Энэ уруул… Энэ мэдрэмжийг яаж эсэргүүцэх билээ дээ… Зүүд нойрондоо л очдог мөрөөдлийн диваажинд зөвхөн түүнтэйгээ хөвөн эргэлдэх мэт тийм л нандин мэдрэмж… Цэцэгмаа саяны хэлсэн бүх зүйлээ үгүйсгэж орхиод Анхааг хөтлөн эндээс зугтмаар санагдталаа эргэлзэж орхив. Гэвч энэ сайхан мөчийг таслан хармаан дах утас нь жингэнэн дуугарлаа. Цэцэгмаа гэнэт ухаан орж Анхааг өөрөөсөө түлхэн холдуулаад: ~Энэ үнсэлт эхний бөгөөд эцсийнх байг! Одоо эндээс явж үз гээд хариу сонсолгүй цааш эргэн утсаа автал Чимэгмаагийн хоолой гарч: ~Найз нь очиж явна шүү. Ганцаараа айсан уу? гэх сонстов. Цэцэгмаа аль болох тайван хоолойгоор дуугарахыг хичээн: ~Гайгүй ээ. Анхаа саяхан ирээд чамайг хүлээж байна гэнгүүт гэрлээ асаагаад Анхаа руу харвал өнөөх нь нулимс дүүрэн нүдээр ширтэн зогсч байлаа. ~Өөөө тиймүү ашгүй дээ. Тийм

байхаа, би цаадахыг чинь гэрт нь очиж хүлээгээд л байсан, зөрчихөж л дээ гээд баясгалантай инээх дуулдсанаа утас тасрав. Цэцэгмаа шууд дээш гарахаар шат руу алхтал Анхаа гүйн ирж замыг нь хаагаад: ~Чи надад яагаад ийм хатуу хандаад байгаа юм бэ? Би яах ёстой юм? Чимэгмаад би хайргүйг чи ч мэдэж байгаа. Анхнаасаа чи надад зөвшөөрсөн бол ийм юм болохгүй л байсан…гэтэл Цэцэгмаа түүний яриаг таслан: ~Чи яаж ингэж ярьж чадаж байнаа! Хэдхэн хоног араас гүйчихээд хувирдаг сэтгэлээр чинь би яах юм? Тэгээд очиж очиж найзтай минь шүү! Өөртөө л гомд. Одоо чамайг хармааргүй байна! гэж ширүүхэн хэлээд шатаар дээш өгслөө. Анхаа цөхрөлд автан нулимстай нүдээр охины хойноос ширтэн зогссоноо байж ядан бачимдаж шатны хажуугийн ханыг цөмөртөл цохьчихоод гадагш гаран алхлав. Хар нялхаараа ээждээ хаягдахдаа ч, аав нь согтуу ирж агсам тавихад ч, хоёр ах нь орхиод явахад ч ингэж их шаналж бачимдаж үзсэнгүй. Хаашаа яваагаа ч мэдэхгүй том том алхаж байтал өөдөөс нь машины гэрэл тусан ирж хажуугаар нь зөрснөө зогсох

сонстов. “Анхаа” гэж хашхирах Чимэгмаагийн хоолой… Эргэж харсан ч үгүй, сонсоогүй мэт алхаж байтал араас нь хэн нэгэн гүйн ирэх сонстсоноо эмэгтэй хүний нарийхан хуруунууд гараас нь шүүрэн татлаа. Чимэгмаа гайхсан өнгөөр: ~Хайраа дуудаад байхад сонсоогүй юм уу? Хаачих гэж байгаа юм бэ? Намайг зөндөө хүлээсэн үү? Анхаа түүн рүү хов хоосон нүдээр уйтгартай ширтэн зогссоноо: ~Хоёулаа салъя хэмээн палхийтэл хэлж орхив. Чимэгмаа чихэндээ итгэсэнгүй, нүдээ дүрлийлгэн Анхаа руу хараад: ~Юу…юу яриад байгаа юм бэ? Яагаад? Яагаад гэнэт…салъя гэж? ~Би чамд хайргүй ээ. Болсон бүх зүйлд намайг уучлаарай. Дахиад үргэлжлүүлэх хүсэл надад үнэндээ алга. ~…Чи…Чи ямар муухай юм… Би чамд хайртай ш дээ Анхаа! Миний юу болохгүй байгаа юм бэ? Айн? Чи эсвэл гэр орноосоо болоод ингээд байгаа юм уу? Надад чиний баян ядуу байх, аав чинь ямар байх огт хамаагүй…Би зүгээр л чамд хайртай. Би чиний төлөө бүхнийг хийе тэгэх үү? Ганцхан намайг битгий орхи л доо тэгэх үү? ~Чи юугаа яриад байгаа юм бээ? Миний аав энэнд ямар ч хамаагүй! Би зүгээр л чамд хайргүй болохоор чамтай цаашид хамт байхыг хүсэхгүй байна

ойлгов уу? Өөртөө хайртай хүнээ олж түүнийгээ хайрла. Чи надтай байвал хэзээ ч жаргахгүй. Баяртай! гээд цааш эргэн алхтал Чимэгмаа араас нь гүйж ирэн тас тэврээд асгартал уйлангаа: ~Намайг битгий орхи л доо… Би чамд хайртай ш дээ… Чиний юу хүссэнийг би хийе… хүссэнээр чинь байя тэгэх үү? Намайг битгий орхиоч дээ чамаас гуйя тэгэх үү л дээ Анхаа! Чиний өмнөөс хутгалуулсныг минь бодоод намайг ядаж өрөвд л дөө! Анхаа эргэж харан түүний гарыг тавиулаад өндөр дуугаар хашгичиж гарлаа. ~Чи чинь тэнэг юм уу хаашаа юм бэ? Би тэгээд чамайг өрөвдөөд насаараа чамтай байх ёстой юу! Зүгээр миний амьдралаас зайлаад өгөөч! Чамтай уулзсан хаврын тэр оройг хараал идэг! Чамайг харахаар нүд минь хорсоод байна! Чимэгмаа айсан, гомдсондоо доош сулбайн унаад цурхиран уйлж, Анхбат эргэж ч харалгүй алхсаар харанхуйд шингэн ууслаа… Цэцэгмаа унтлагын өрөөнд оронгуут нүүрээ дэрэнд наагаад мэгшиж эхлэв. Анхаа араас нь ороод ирэхвий, тэгээд янз бүрийн юм ярьж байх үед нь Чимэгмаа ирж таарахвий гэж эмээвч зүрх нь харин Анхаа яг одоо орж ирээд тэвэрч аван энгэртээ наагаасай хэмээн хүснэ… …Доор юм хугарах бүгтхэн чимээ гарснаа хаалга хүчтэй хаагдах сонстов… “Ингээд л чи анхны

хайраа үүрд алдчихлаа” гэж зүрх нь гаслан байхад “Чи зөв юм хийлээ. Ингэсэн нь л дээр” хэмээн тархи нь тайтгаруулна… …Таксины жолооч ах ухарч ирэн Чимэгмаагийн хажууд зогсоод газар тулан уйлж суух охиныг өрөвдсөн бололтой бууж ирээд түшин босгож машинд суулгаад хөдөллөө. Чимэгмаа байшинд оронгуутаа буйдан луу очиж салдархийн унаад гараа дэрлэн хий гөлөрч хэвтэв. Нулимс нь шанаа даган урсах ч нүдээ цавчихгүй гөлөрсөөр л… “Тэр зөвхөн чинийх байх ёстой, чамайг л хайрлах ёстой! Анхаагүй амьдрах ямар ч утгагүй шүү дээ. Ямар ч аргаар хамаагүй түүний сэтгэлийг эргүүл, чадахгүй бол үхсэн нь дээр” гэж зүрх нь ятгасаар байхад тархи нь харин чив чимээгүй нойрсож байлаа… Амьдрал ямар ч утгагүй болчихсон мэт Анхаад санагдана. Дээр мэлтийн зам гэрэлтүүлэх тэргэл саран хүртэл түүнийг шоолон инээж, шунгинан үлээх бүлээн салхи “Хохинээ” гэж чихэнд нь шивнэх шиг. Анх удаа энэ новшийн амьдралыг, хувь заяагаа, өөрийгөө үзэн ядаж цааш явах тэнхэлгүй болсон мэт зүлгэн дээр тэрий хадан унаад хашхирч гарлаа. Ойр хавийн айлуудын ноход дуу дуугаа аван хуцалдах нь бүгд түүнийг хараан доромжилж энэ орчлонгоос зайлаач хэмээн хөөх шиг санагдана. Баахан хашхираад тэнхэл тасран амьсгаадаж хэвтэхдээ “Яагаад зүрх ингэж их өвдөөд байгаа юм бэ? Яагаад сэтгэл ингэж хоосроод байгаа юм бэ? Яагаад тэр охин намайг ингэж их өөртөө дурлуулаад байгаа юм бэ? Түүнийг хэдхэн удаа харсан байж яагаад үүрд хамт байсан юм шиг санаад байгаа юм бэ? Яагаад… Яагаад… Яагаад?” хэмээн хэнээс ч юм асуулаа. Даанч хариулаад өгөх хэн ч байсангүй… Түнэр харанхуй тэнгэрт түг

түмэн одод анивчин “Яагаад гэвэл хайр ийм хүчтэй, хайр ийм хэцүү, хайр яг л бидэн шиг хажууханд харагдах ч хэзээ ч хүрч чадахааргүй тийм хол” гэх шиг гялалзан гялтганана. Анхаа арайхийн босоод согтуу хүн шиг гуйвж дайван алхсаар хар зам дээр иртэл ямар ч машин байсангүй. Хармаанаасаа тамхи гарган асаагаад цог нь улалзан шажигнатал угсруулан хэд сорсноо дээш өлийн утааг нь гаргалаа. Түрүүхэн уйлаад хоцорсон Чимэгмааг гэнэт өрөвдөх сэтгэл төрөв. “Түүнд яг надад төрж байгаа шиг аймшигтай, гунигтай, утгагүй мэдрэмж төрж байгаа байхдаа…” Сэтгэл нь хов хоосон оргиж юу ч бодохгүйг хичээн зам дагуу алхлаа. Цэцэгмаагийн гуниг, хайр сүлэлдсэн тэр л харц, Чимэгмаагийн өрөвдөлтэй, аргаа барсан харцтай ээлжлэн нүдэнд үзэгдэнэ. Гэнэт уур нь хүрч тамхиа шидэн дээр нь дэвсээд “Новш гэж! Хоёулаа чөтгөр лүүгээ тонилог” хэмээн амандаа үглээд алхаагаа хурдасгав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…