
Үс сахландаа баригдсан үрчгэр хар нүүртэй өвгөн гал нь бөхсөн нойрмог нүдээр өөдөөс нь муухай харахад эвгүйрхсэн Чимэгмаа хойш нэг алхаад: ~Уучлаарай ахаа. Юм асуух гэсэн юм…гэхэд өвгөн сайхан
нойрноос нь сэрээсэнд дургүй байгаа нь илт цааш харан: ~Бас л хорооноос явна уу? За асуу, асуу хэмээн төвөгшөөнгүй хэлээд том ангайн эвшээснээ хиртэй толгойгоо хүр хүрхийтэл маажлаа.
Чимэгмаагийн сэжиг хүрэн ярвайж энэ муухай гэрээс хурдхан шиг гармаар санагдсан ч биеэ барин тэвчиж хойшоогоо дахин нэг алхаад: ~Энд Анхбат гэж хүн амьдардаг уу? гэхэд өвгөн сортосхийн эргэж харснаа: ~Тиймээ. Миний хүү яасан юм? Чи юун хүн бэ? хэмээн
сандрангуй асуухад “Миний хүү” гэх үгийг сонссон Чимэгмаа цочирдсондоо хэлэх үггүй гацаж орхив. “Миний хайрт ийм гэрт амьдардаг гэж үү дээ…бас аав нь…архичин бололтой. Тэгээд л надад ар
гэрийнхнээ ярьдаггүй байж л дээ. Аан…яагаад надаас зугтаад байгааг нь ойлголоо. Ийм амьдралтай болохоор л тэр!” хэмээн хоромхон зуурт бодож амжлаа. Өвгөн бүр өндийж ирснээ: ~Хүүе хүүхээ чи дуугараач!

Миний хүүгээр яах гэсэн юм бэ? ~Аа…нөгөө…юу л даа… Би Анхбатын үерхдэг охин байгаа юмаа. Сайн байна уу та… ~Айн? Үерхдэг охин ий? ~Тиймээ. Намайг Чимэгмаа гэдэг. Тантай уулзсандаа баяртай байна. ~…Үгүй ээ энэ чинь…Хүүгийн минь найз охин ирж байхад миний байж байгаа царайг дээ. Охин минь дээшээ суу гээд өндийв. Чимэгмаа суучих сандал нүдээрээ хайтал олдсонгүй, цэвэрхэн хураасан баруун талын орыг хараад “Анхаа энэ орон дээр унтдаг байхдаа” гэж бодоод шууд очин суучихлаа. Өвгөн босч халуун тогоон дээр цай үйгээд эргэнэг дотроосоо тавагтай талх гарган намхан ширээн дээрээ тавиад санаа зовсон байртай охин руу харав. Өмссөн зүүснийг нь харваас
чинээлэг айлын хүүхэд гэдэг нь илт тул “Миний муу хүүг яаж тоосон юм бол доо. Одоо ингээд гэр орныг нь харчихаад голоод хаячих вий дээ” гэж бодсноо дахиад л дотроо өөрийгөө зүхлээ. Хайртай залуудаа хаягдах нь гэж айн сэтгэлээр унаж байсан Чимэгмаа харин ч дотор нь уужирч “Энэ амьдралаасаа болоод л намайг түлхээд байсан юм байна ш дээ. Би чамайгаа юу гэж ядуу тарчиг гээд орхих вэ дээ” хэмээн бодож суув. Цай буцлах зуур мань хоёр Анхаагийн тухай хэд гурван үг сольж амжлаа. Анхааг ажил хийж байгаа, орой тарна гэдгийг сонссон Чимэгмаа орой болтол хүлээхээр шийдснээ гэнэт нэг сайхан санаа толгойд нь орж ирэв. ~Та битгий буруугаар ойлгоорой. Хоёулаа хамт гадуур гарч хоолонд орж болох уу? Би бас тантай анх уулзаж байгаа болохоор бэлэг авч өгмөөр байна…гэхэд өвгөн сандарч буй нь илт
ноорхой хувцас руугаа харлаа. Чимэгмаа: ~Зүгээр дээ, санаа зоволтгүй. Хоёулаа эхлээд дэлгүүр орж танд шинэ хувцас авъя гээд хөөрхөн инээмсэглэв. …Цэцэгмаа ном уншин буйдан дээр хэвтэж байгаад түр зуур зүүрмэглэчихэв. Дахиад л Анхбат Чимэгмаа хоёр ганцааранг нь харанхуй дунд хаяаад явж байна гэж зүүдлэн тэлчилсээр сэртэл хаалга тогших сонстлоо. Чимэгмааг ирж байна гэж бодон “Онгорхой ш дээ хонгороо” хэмээн хашхиртал хаалга нээгдэн Анхбат ороод ирэх нь тэр. Цэцэгмаа сая хашхирсандаа ичин хацар нь улайж харцаа буруулаад: ~Өө чи байсан юмуу. Чимэгмаа хот руу явчихсан ш дээ…гэхэд Анхаа ч бас биеэ барьсан шинжтэй үүдэнд зогссон хэвээрээ: ~Аан тиймүү…гэж сулхан хэлээд яахаа мэдэхгүй дэмий тааз ширтэн зогсов.
Өрөөнд нам гүм ноёлон нисэж буй ялаа ч сонстохоор чимээгүй байдал хэсэг үргэлжиллээ. Анхбат модон өмд өмссөн аятай зогссоор л байсанд Цэцэгмаа санаа зовнин: ~Наашаа суу л даа гээд өөрөө босч гал тогоо руу явлаа. Анхбат буйдан дээр очиж суугаад сандралаа дарахыг хичээвч догдолсон зүрх нь түүнд захирагдахгүй цээжний цаанаас гараад ирэхнүү гэлтэй хүчтэй цохилсоор… Охин ч мөн адил гал тогоо руу ормогцоо хана налан зогсоод цээжин дээрээ гараа тавин урт амьсгаа аваад нүдээ анилаа. Ойрд хараагүй болоод ч тэр үү Анхаа бүр ч хөөрхөн болчихсон юм шиг санагдаж түүнийг ингээд ч болов харсандаа тун ч их баяртай байв. Цэцэгмаа гал тогоонд ороод бараг арван минут таг чиг болчих хойгуур Анхаа их юм бодож амжжээ.
Өнөөдөр Чимэгмаатай уулзаад сална гэдгээ эвтэйхэн ойлгуулъя гэж тэрээр шийдлээ. Цэцэгмаа хэзээ ч өөрт нь зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй, түүний дэргэд найзтай нь хамт байна гэдэг үнэхээр хэцүү санагдсан тул ийм шийдэлд хүрчээ. Ямартай ч өнөөдөр ингээд хайртай охиноо харсан нь түүнийг хэсэгтээ л жаргалд умбуулан догдолсон зүрхнийхээ халуун цохилтонд амьсгаа дээрдэн байх нь таатай байв. …Цэцэгмаа сая нэг гал тогооноос хоёр гартаа кофе барьсаар гарч ирээд нэгийг нь Анхаад өгөөд өөрөө буйдангийн өнцөг дээр шахуу суулаа. Дахиад л нам гүм…тэр хоёр кофегоо ууж дуусгаад нэгэн рүүгээ эгцэлж харахгүй хэвээр зэрэгцэн сууж байтал Анхаа зориглон ам нээж: ~Чимэгмаа өнөөдөр ирэх юм болов уу? ~Ирэх
байхаа. Гэрээсээ юм авахаар явж байна гэсэн… ~Аан…Би тэгвэл хүлээж л байхаас… ~Тэг тэг. ~Та хоёр ойрд юу хийв дээ? ~Хичээлээ хийгээд л… Чи ажил хийж байгаа гэлүү? ~Аанхан. Чи ямар сургуульд орох бодолтой байгаа вэ? ~Муисд л орох санаатай…Чи…их сургуульд орохгүй юм уу? ~Орохгүй ээ… ~Ммм….. Дахиад л анир чимээгүй хэдэн минут өнгөрлөө. Цэцэгмаа арга ядахдаа телевизээ асаагаад хоёул кино үзэн байдал арай дээрдэв. Хэн хэнд нь ингээд л зүгээр хоёулхнаа хамт байгаа нь сайхан мэдрэмж төрүүлнэ… Хотын төвийн тохилог үсчин, гоо сайхны газрын хаалга нээгдэн залуухан дэгжин охин, навсайж нооройсон хувцастай өвгөн хоёр орж ирэхэд тэнд байсан хүн бүрийн харц тэр хоёр дээр тусав. Өвгөн хулмалзан шил толь шиг шалан дээр дахиж алхвал халтираад уначих юм шиг санагдан зогстол Чимэгмаа
өөриймсгөөр гараас нь хөтлөөд үсчний сул сандал руу очин өвгөнийг суулгалаа. Сандалын эзэн үсчин бололтой үсээ эрээн мяраанаар будсан махлаг хүүхэн цаанаас гарч ирснээ өвгөнийг олж харангуут нүд нь томрон: ~Хүүе юун аймшгийн, сэжгийн амьтан сандал дээр суучихсан юм бэ? Алив бос бос бос! Наад сандал балиартуулчихлаа! хэмээн хашхирч урт урт хумстай пагдгар гараа савчсаар ойртов. Өвгөн ч санаа зовон шалавхан бостол Чимэгмаа нөгөө хүүхэн рүү зэвүүцэнгүй харан: ~Та ямар муухай ялгавар үзэлтэй хүн бэ? Таны ааваас ялгаагүй настай хүнийг яаж ингэж хэлж чаддаг байнаа! Танай энэ газар чинь хүнийг гоё сайхан болгох ёстой юм байгаа биз дээ! хэмээн ууртай хэлж орхив. Махлаг хүүхэн өвгөнийг түлхэх шахам сандлаас холдуулангаа хамраа гараараа дарж: ~Паа пээ энэ үнэр танарыг нь ээ. Эхлээд усанд орж хувцсаа сольчихоод ийм газраар үйлчлүүл гуйрамчдаа! Одоо гарч үз хэмээн хөөлөө. Бусад үсчид ч
санаа нийлж буй бололтой чимээгүй ажлаа хийнгээ тэр гурвыг ажиглана. Чимэгмаа өвгөнийг хөтөлсөөр гарах хаалга руу явтал “Хээе байж байгаарай” гэх хоолой сонстов. Дөнгөж хорь гарч байгаа болов уу гэмээр царайлаг цэвэрхэн залуу тэр хоёр дээр инээмсэглэн ирээд: ~Дургүйцэхгүй бол би таны үсийг засаад өгье гээд хамгийн цаад мухарт байрлах өөрийн толь, сандал руу урьлаа… Үсчин залуу өвгөний ширэлдэж даахирсан үсийг хэд дахин угаагаад засч байхдаа Чимэгмаа руу байн байн харц шидэн ам хуурайгүй чалчина. Өөрийг нь Тайванбат гэдэг, коллеж төгссөн, үсчин болоод нэг жил болж байгаа, ганц бие залуу гэнэ. Чимэгмаа харин өөрийнхөө нэрийг, сургууль төгсөж байгаагаа л хэлснээс өөр юм хэлсэнгүй. Өвгөний үс

сахлыг цэмбийтэл засч дуусахад Чимэгмаа мөнгөө сарвайтал Тайвнаа: ~Мөнгө авахгүй ээ. Миний бэлэг гээд бодчих. Харин чи утасны дугаараа өгвөл би маш их баярлана…гээд инээв. Чимэгмаа ичингүйрэн нь улайж толгой сэгсрээд өвгөнийг дагуулан гарч одлоо… Чимэгмаа ирэхгүй л байлаа… Гэвч үнэндээ байшинд буй хоёрын аль аль нь Чимэгмааг удаж ирээсэй хэмээн нууцхан бодож байсныг нуух юун. Гурван ч кино үзэж дуусгаад Цэцэгмаа бэлэн бууз жигнэж хоёул чимээгүй хооллоод дөрөв дэх кино эхэллээ. Энэ удаа хайр дурлалын тухай кино гарч киноны гол дүрийн хос залуус тэврэлдэн үнсэлцэхэд Цэцэгмаа ичсэндээ доош харчихав. Гэнэт өөрийг нь хайрласан харц хажуунаас нь ширтэхийг мэдэрч сандарсандаа нүүр нь час улайн өндийтөл Анхаа гарнаас нь атгаад: ~Цэцэгмаа…Би чамд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна…