
Сэтгэл санаа нь тавгүйтсэн Анхбат тэр өдөржингөө дуу шуу муутай байсаар оройхон харихаар шийдэж Чимэгмаагийн гуйлтыг ч тоолгүй гарлаа. Хэрвээ Цэцэгмаа түүн рүү ганц удаа эгцэлж хараад үлдээч гэж гуйсансан бол… Ард нь хоцрох энэ тансаг байшинд тэр тусмаа энэ
байшингийн эзэнд сэтгэл нь хоргодовч хайртай охиныхоо нүдэн дээр найзад нь тэврүүлж суух үнэндээ л тааламжгүй байсан тул хөдлөх дургүй байгаа хоёр хөлөө хүчлэн зөөж толгой гудайлган яваа нь энэ.
Омголон шазруун зандаа эрдэн Чимэгмаагийн гадаа очиж үерхэхийг гуйсан тэр өдрийг бодохоор л өөрийгөө зүхэвч нэгэнт болоод өнгөрсөн явдлыг яалтай билээ. Ямартай ч хэд хоног дахин наашаа ирэхгүй гэж
өөртөө сануулсаар автобусны буудал руу алхав. Нар уулын цаагуур алгуурхан шингэж улбар шар туяа нь цэнхэр тэнгэр, ногоон талтай хослон гайхмаар үзэсгэлэнтэй харагдана. “Энэ сайхан мөчийг чи минь харж суугаа боловуу…” Найз залуу нь өмнөхөөсөө нэг л хөндий болоод,
хамт үлдээч гэж гуйхыг нь ч тоолгүй явчихсанд гайхах, гомдох зэрэгцсэн Чимэгмаа гунигтай нүдээр араас нь ширтэн хаалга түшиж зогссоор үлдэв. Энэ үед хоёр давхрын цонхоор түүнээс ч илүү гунигтай харц залууг үдэж өгч байлаа. Гурвын гурван зүрх уйтгар гунигаар

үерлэн цалгилж зүгээ олохгүй төөрсөн бяцхан шувууд адил бүтэлгүй дурлалын мананд элин халин ниссээр… …Хоёр найз хуучин шигээ дотно сайхан байж чадахгүй л байлаа. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байгаа тул хоёул хамт өдөржин хичээлээ хийн Цэцэгмаа найзынхаа шархыг цэвэрлэн боож асарсаар… Анхаа ирэлгүй долоо хонов. Чимэгмаагийн дуудлагыг ч авахгүй, зурвасанд хариу бичихгүй байснаа “Ажилд орсон болохоор зав муутай байна” гэсэн богинохон зурвас явуулаад л ахиад долоо хоног таг болчихлоо. Ингээд л хаягдчихаж байгаа юм шиг санагдаж гутарсан Чимэгмаа шөнөжин уйлж хоноод өглөө нь бүлцийсэн нүдтэй сэрж, өдөржин дуугаа хураан дүнсийнэ. Биеийн шарх нь бүрэн аньж эдгэрсэн ч түүнээс илүү шаналгаатай сэтгэлийн шарх нэмэгдэн хэдхэн хоногийн дотор царай алджээ. Цэцэгмаа харин найзыгаа яаж аргадах учраа олохгүй дэмий л
хоол цай хийн гүйх ч нөгөөх нь бараг л юм идэж уухаа болив. Чимэгмаагийн аав ээж хоёр Европ руу ниссэн бөгөөд Цэцэгмаагийн аав ээж хоёр охидыг эргэн хоёр ч удаа эргэж ирээд буцсан билээ. Өнөө орой ч бас Чимэгмаад хоол идүүлэх гээд хүчрээгүй Цэцэгмаа орондоо орж баахан хөрвөөснөө утсаа аван Анхбат руу зурвас бичээд хариу ирэхийг хүлээж байгаад нам унтаж орхив. …Царай нь харагдахгүй нэгэн залуутай хөтлөлцөн гүйж байх юм. Нартай бороо зөөлөн шиврээд, эргэн тойронд хэн ч байхгүй, зөвхөн тэр хоёрын инээд сонстоно. Залуугийн гар үүрд атгаад л баймаар дулаахан, зөөлхөн мэдрэгдэж улам чанга атгах гэтэл хий самардаж өнөөх залуу алга болчихов. Гэнэт тэнгэр бүрхэн харанхуйлж түрүүхэн зөөлөн шивэрч байсан бороо ширүүсч хувингаар цутгах мэт асгарч эхэллээ. Ганцаархнаа даарч чичирсээр гүйж байтал өнөөх залуу шүхэр барьчихсан цааш хараад алхаж байснаа түүн рүү эргэж хараад инээмсэглэхэд зүрх нь хүчтэй цохилон сандрав. Учир нь тэр Анхбат
байлаа. Охин инээмсэглэн түүн рүү алхтал хаанаас ч юм Чимэгмаа гарч ирээд Анхаа дээр очин хөтлөлцөөд цааш алхлаа. Араас нь гүйе гэтэл хөл нь даахын аргагүй хүндэрч, хашхирах гэтэл хоолой нь гарсангүй. Хүйтэн бороо дээрээс асгарч даарсан айсандаа цурхиртал уйллаа… Анхааа хэмээн хашхирах гэж хичээн амаа ангалзуулсаар сэртэл нар аль хэдийн дээр хөөрчээ. Доош буутал Чимэгмаа байсангүй, гайхан утас руу нь залгатал “Гэртээ харьж юм авах гээд явж байна” гэхэд нь санаа амарлаа. …Анхаа их сургуульд орохгүй ажил хийхээр шийдэж барилга дээр туслах хийх болжээ. Өдөржин завгүй ажиллах нь хайр дурлалын орооцолдооныг нь мартагнуулавч Цэцэгмааг харахгүй удах тусам улам их санаж, хайрлах нь нэмэгдэж байгаа нь мэдрэгдэнэ. Ядаж байхад Чимэгмаа өдөр бүр залгаж мессеж бичээд сэтгэл тавгүйтуулчихыг яана. Гэвч шууд л “салъя” гээд биччихэж
чадахгүй, ингээд хөндийрчихвөл намайг мартчих байх гэж найдан хариу бичихгүй л байлаа. Цэцэгмааг санахаар л лагер луу нисээд очмоор санагдавч Чимэгмаа тэнд байгаа гэхээр л яаж ч чадахгүй сэтгэлээ барьсаар… Өдөржин ажиллаад ядарч унах шахсан амьтан гэртээ харьтал аав нь эзгүй байв. Эргэнэг дотор цуйван хийж үлдээснийг нь идчихээд орондоо орон дэрэн дээр толгой тавив уу үгүй юу хурхирч эхэллээ. Аав нь халамцуухан шөнө ирэхдээ согтуу ч гэсэн хүүгээ сэрээчихгүй санаатай гэтэн явсаар орондоо оров. Сүүлийн үед хүүгээ ажил хийн ядарч байгааг хараад өрөвдөн гэртээ хүн амьтан цуглуулж архидахаа больж хоол хийн тавих болжээ. Анхаа утсаа унтарсныг мэдэхгүй нам унтаж орхисон тул өглөө сэрүүлэг нь дуугарахгүй ажлаасаа хоцорч сэрэв. Юутай ч ажлын хүн рүүгээ залгаж
хэлье гэж бодон утсаа цэнэглээд асаатал Цэцэгмаагийн дугаараас мессэж ирсэн байхыг хараад нь зүрхний цохилт нь түргэслээ. “Сайн уу? Чи яагаад ойрд ирэхгүй байгаа юм бэ? Чимэгмаа хоол унд идэхгүй уруу царайлаад байх юм. Маргааш ирээд уулзвал сайн байна.” Анхбат урамгүйхэн утсаа тавиад орон дээрээ лагхийн суув. Угаасаа л дэмий юм горьдсон өөрийгөө бодохоор инээд ч хүрэх шиг… Гэхдээ л Цэцэгмаа түүн рүү өөрөө мессеж бичиж ирээч гэсэн байна шүү дээ… Анхаа гэнэт ухасхийн босч ус халаан толгойгоо угаагаад цэвэрхэн хувцаслан гадагш гарлаа. Чимэгмаа энэ үеэр Анхбатын гэрийг мэдэж магадгүй гэсэн хүмүүсийн дугаарыг хайн явж байлаа. Өнөөдөр л түүнийг олж уулзахгүй бол яг галзуурах юм шиг санагдана. Ашгүй Анхаатай найзалдаг гэх залуугийн дугаарыг олж яриад гэрийг нь заалгаж авав. Гэрт нь очиж сахиж сууж байгаад ч болов уулзаж царайг нь харахаар такси барин хөдөллөө. Такси гэр хорооллын энхэл донхолтой шороон замаар явсаар дотроо ганц жижигхэн гэртэй хашааны гадаа ирж зогсов. Чимэгмаа жолоочид мөнгөө өгчихөөд хашааны хаалган дээр
орох эсэхдээ эргэлзэн хэсэг эргэлзэж орхилоо. Анхаа түүнд ар гэрийнхээ тухай огт ярьж байгаагүй аж. Гэрт орохоор хэн ч байгаа юм билээ, аав ээж нь байвал юу гэж хэлэх үү хэмээн бодохоор түрүүний их зориг нь хаашаа ч юм нисэн одчих шиг. Гэхдээ үүнээс өөр Анхаатай уулзах боломж байхгүй шүү дээ… гэж бодон өөрийгөө зоригжуулж гүнзгий амьсгаа аваад хаалгыг татан орлоо. Чимэгмаа амьдралдаа ийм айлд орж үзээгүй тул үнэхээр гайхан Анхаагийнх мөн гэдэгт эргэлзэн үүдэнд хэсэг зогсов. Зүүн талын орон дээр эрэгтэй хүн цааш

харан хурхирна. Чимэгмаа яахаа мэдэхгүй зогссоор л… Энэ айлд телевизор, хөргөгч, угаалгын машин, компьютер гээд ер нь л ямар ч цахилгаан бараа алга. Хоёр талдаа нэг нэг ор, хойморт ганц авдар, түүний урд намхан модон ширээ. Зүүн талын орны доор яайжгар эргэнэг, усны сав байрлаж, баруун орны доор хувцас хийдэг бололтой элэгдэж муудсан шүүгээ тавьжээ. “Анхаа арай ч ийм гэрт…үгүй байлгүй дээ. Тэр ямар цэвэрхэн, ганган билээ дээ. Би айл андуурсан байх” гэж бодон эргэтэл хувцасны шүүгээний хажууд хадааснаас өлгөсөн содон цамц нүдэнд нь өртөв. Анхаагийн байнга өмсдөг цамц мөн болохыг таньсан охин юутай ч унтаж буй хүнээс асуухаар шийдэн хажууд нь очоод мөрнөөс нь зөөлөн татлаа.