Home Өгүүллэг “ЗҮРХ ҮҮ ТАРХИ УУ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

“ЗҮРХ ҮҮ ТАРХИ УУ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

0 second read
0
0
944

Маргааш өглөө нь Анхаа гэгээ оров уу үгүй юу босч охидыг сэрээлгүй гарч явлаа. Ангийн охид нь ирнэ гэсэн учраас тэдэнтэй таарахыг хүссэнгүй. Чимэгмаа өвчин намдаах эм уусан тул нам унтаад Цэцэгмааг өглөөний цай бэлдэж дуусахад сэржээ. Анхааг явчихсан

гэдгийг мэдээд л гонсойж “Маргааш ирнэ биз дээ хайраа” хэмээн зурвас бичээд хариуг нь догдлон хүлээв. “Очноо” гэсэн хариу ирж нүүрэнд нь инээмсэглэл тодрон мишээсээр бослоо. Удалгүй гурав

дөрвөн охид ирж бүгд хоол хийж идэцгээн хол ойрын хов жив ярьж их л зугаатай байцгаав. Чимэгмаа тэдэнд сарын тэмдэг ирээд бие жаахан тааруу байна хэмээн худал хэлж буйдан дээрээс бараг л өндийсөнгүй.

Оройхон хирд Чимэгмаагийн аав, ээж хоёр охидод зориулан баахан чихэр жимс авчирч охинтойгоо уулзаад нэг их удалгүй буцлаа. Чимэгмаа нөгөө л сарын тэмдэг гэсэн худал үгээ хэлж, өвдөлттэй ирдгийг нь ээж нь мэддэг болохоор итгэжээ. Охидын санаа амарч

оройжин хөзөр тоглоцгоон инээлдэж хөхрөлдсөөр нэгэн сайхан үдэш өнгөрлөө. Юм юмыг л ид сонирхдог насан дээрээ яваа охид дарс ууж үзэхээр шийдэн авчирснаа Цэцэгмаад хэлж чадахгүй оройг өнгөрөөгөөд бүр унтах цаг болсон хойно гаргаад ирэв. Цэцэгмааг

иймэрхүү зүйл дээр их хатуу байдаг болохоор бүгд л эмээцгээн дүлэгнэж байтал харин нөгөө айгаад байсан хүн нь босч явснаа гоёмсог шилэн хундаганууд аваад ирэхэд л сая бүгд дуу шуу оржээ. Анхны хайртайгаа учирч догдлол гэдэг зүйлийг мэдрэн дурлалдаа шатаж явсан ч хамгаас итгэлтэй хүндээ тэр хайраа булаалган шаналал гэдэг зүйлийг анх удаа амсахын зэрэгцээ нөхөрлөлөө давхар алдаж ганцаардлын далайд гансартлаа хөвсөн Цэцэгмаа хайртай найзтайгаа буцаж эвлэрсэн баяраа тэмдэглэхээс татгалзсангүй ээ. Охид ганц дарсаа хувааж уугаад хөөрхөн халамцаж ярианы сэдэв нь хайр дурлал руу шилжив. Бүгд л хайртай хөвгүүнээ ярин магтах нь

магтаж, гуниглах нь гуниглаж ганц нэг нулимс ч дуслуулаад амжлаа. Чимэгмаа Цэцэгмаа хоёр л хэн нэгний тухай ярьсангүй. ~Ингэхэд манай төөрсөн ихрүүд яагаад хайраа ярихгүй байнаа? Бүгд л нуулгүй ярьж байхад гомдмоор юм…гэсэн шахалтаар Чимэгмаа түрүүлж ам нээн Анхбатын талаар ярив. ~Анхааг зүгээр л харахаар зүрх хүчтэй цохилж ухаан санаа манараад л… Тэрний минь инээмсэглэл хамгийн хөөрхөн нь… хэмээн Чимэгмааг зөөлөн ярихад яг л өөрийнх нь мэдрэмжийг өөрийнх нь өмнөөс яриад байгаа юм шиг Цэцэгмаад санагдлаа. Дарсанд манарсан ухаан бодол нь шал өөр ертөнцөд

түүнийг аваачин анх түүнийгээ харсан тэр өдрөөр аялав. ~Хүүе Цэцгээ юу бодоод суучихваа? Хайртай залуугаа бодоод байгаа юмуу хихи. Тэрнийгээ бид нарт ярь л даа…гэхэд л сая бодит нөхцөл байдалдаа эргэн ирлээ. Чимэгмаа түүн рүү санаа зовсон байртай харснаа харц буруулан доош харав. Цэцэгмаа хэсэг түдгэлзэн сууснаа: ~Найз нь одоогоор хайр дурлалтай учраагүй л байна…тэгж байгаад цаг нь болохоор учрах байлгүй дээ…гэснээ ярианы сэдвийг өөрчлөн дүйвүүллээ… …Нэгширсэн архи, тамхины үнэр ханхалсан гэртээ ороод Анхаа золтой л бөөлжчихсөнгүй. Хаалгаа дэлгэн гэрийн бүслүүрээс уяж цэвэр агаар орууллаа. Ашгүй нөгөө архичид явчихсан, аав нь зүүн

талын орон дээр гутал хувцастайгаа унтаж байв. Ул нь салаад унах дөхсөн жайжгар гутал, хир дагандаа баригдсан ямар өнгөтэй нь ч мэдэгдэхгүй өмд, цамц…Аав нь энэ л хувцастайгаа хэдэн жил болсныг, өөр солих хувцас ч үгүй гэдгийг хүү нь сая л анзааран гуниглав. Аав нь хэдий архинд толгойгоо мэдүүлсэн ч гэлээ өөрийг нь гээд үлдсэн ганц хүүгээ өлсгөж байсан удаагүй. Хүний хийх дургүй аль л хэцүү, балиар заваан ажлыг хийж олсон хэдэн төгрөгнөөсөө хамгийн түрүүнд хүүдээ л ямар нэг юм авдаг болоод уджээ. Хүү нь ч аавыгаа зовоохгүй гэсэндээ нэг их юм нэхэж шалж эрхлэж үзсэнгүй өдийг хүрч, томрох тусам өөрийгөө болгоод явчихдаг болж… Аавыгаа харан хэсэг бодол болж суусан хүү нэг уртаар санаа алдаад босч гэрээ

цэвэрлэж эхэллээ. Том төмөр баннд орны даавуугаа угаан суухдаа “10ын В-гийн Анхбат бүх хувцсаа гараараа угаадаг гэвэл хүүхдүүд итгэхгүй дээ…” гэж бодон инээд алдав. Утсанд нь зурвас ирэх дуулдахад гараа арчаад авч уншвал Чимэгмаагаас байлаа. “Маргааш ирнэ биз дээ хайраа”… Анхаа зурвасны эзнийг биш тэнд хамт байгаа найзыг нь өөрийн эрхгүй бодно. Түүний царайг ганц удаа ч болов харахсан, дуу хоолойг нь сонсохсон… Нэг л мэдэхэд “очноо” гэж бичээд явуулах товчийг дарчихсан байлаа… Олуулаа хонож байгаа болохоор ор хүрэлцэхгүй, Цэцэгмаа Чимэгмаа хоёр өвөртөө унтахаар болж

орондоо орцгоолоо. Байшинд ч тэр, гадаа ч тэр анир чимээгүй ноёлон саргүй шөнийн түнэр харанхуй нөмөрчээ. Хоёр найз ч бас чив чимээгүй бодолдоо автан хэвтэнэ. Чимэгмаа яриа өдөх гээд юу гэж эхлэхээ мэдэхгүй хэсэг байж байснаа ам нээн: ~Намайг уучлаарай…гэж шивнэх шахам хэлэхэд Цэцэгмаа сонсоогүй бололтой таг дуугүй. Чимэгмаа дахиад арай чангахан хэлье гэж бодон амаа дөнгөж ангайтал найз нь цаашаа харсан чигтээ: ~Аль хэдийн уучилсан…гэх сонстов. Дахиад л нам гүм. Охидын зүрхний цохилт бараг сонсогдохоор анир чимээгүй. Чимэгмаа дахиад л зориглон: ~Чи одоо ч Анхаад хайртай хэвээрээ юу? хэмээн түрүүнийхээс арай чангаар асуулаа. Цэцэгмаа юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа мэт хэсэгтээ л

дуугарсангүй. “Хайртай юм байна л даа” гэж Чимэгмаа бодон зүрх нь түгших шиг болов. ~Хайргүй болсоон…болсон ч гэж дээ…угаасаа хайргүй байсан юм билээ…гээд Цэцэгмаа дахиад л худал ярьж буй өөрийгөө шоолох мэт инээмсэглэлээ. Нүднээс нь ганц дусал нулимс тасран бөнжигнөснөө шанхыг нь даган урсаад гэзгэнд нь шингэхийг харанхуйн дунд хэн ч олж харсангүй. Чимэгмаа харин санаа амарсануу, саяны үгэнд итгэсэнгүй юу шүүрс алдах нь сонстоно. Өөрийг нь бодсондоо худал хэлж буй найзыгаа өрөвдөж байсан ч Анхааг гэх сэтгэлийг нь давж гарч чадсангүй. “Би тэрнийг л хамгаалж хутгалуулсан шүү дээ. Тийм болохоор… Тэр минийх” хэмээн өөртөө шивнэлээ… Маргааш нь охид яваад удаагүй байхад Анхаа хүрч ирлээ. Түүнийг хараад хоёр зүрх догдолж байсан ч залуугийн зүрх нэгийг нь л харан догдолж байв. Гурвуул хамт хэсэг дүмбийн сууцгааж байгаад

Цэцэгмаа ном уншихаар дээш гарлаа. Хоёулхнаа үлдмэгц Чимэгмаа одоо л нэг боломж гарлаа гэсэн шиг Анхаагийн цээжинд наалдаад авав. Нөгөөх нь харин дээд давхар луу өгсөх хөлийн чимээг анхааралтай сонсоод өөрт нь эрхлэх гэж яарсан найз охиныгоо анзаарсангүй. Хүзүүн дээр нь ирвэгнүүлэн үнсэхэд сая л бодлоосоо салж Чимэгмаа руу нэг их сүрхий харснаа гараа эвтэйхэн гэгч нь сугалан аваад босч цонхон дээр очин зогсов. Хажуугийн байшингаас хосууд бололтой эр, эм хоёр хүн хөтлөлцөн гарч явснаа хөөцөлдөн тоглож эхэллээ. Анхбат өөрийн эрхгүй инээмсэглэн тэр хоёрыг шимтэн харсаар… Чимэгмаа найз залуу дээрээ очих санаатай өндийтөл гэдэснийх нь шарх хөндүүрлэн тэсэхийн аргагүй өвдсөн тул өвчин намдаах эмээ уухаар гал тогоо руу зөөлөн зөөлөн гишгилэн

удаанаар алхав. Анхбат эргэж харсан ч үгүй цонхны цаана тоглох хос хоёрыг ширтэн хөдөлгөөнгүй зогсоно. Эрэгтэй нь эмэгтэйгээ хөөж гүйсээр барьж авангуутаа хоёр гар дээрээ сэвхийтэл өргөснөө хажуугийн саравчинд орж хашлаган дээр нь суулгаад өөрөө зэрэгцэн суулаа. Гэнэт бороо шивэрч эхлэхэд Анхаагийн сэтгэл тэр гэх аргагүй хямран Цэцэгмааг бодов. Хэдхэн алхаад л яваад очихоор ийм ойрхон хирнээ хүрч чадахгүй мэт хол санагдах нь ямар хэцүү юм бээ… “Чи яг одоо энэ гунигын бороог ширтэн сууж байгаа болов уу?” Цэцэгмаа дээш гарангуутаа цэлгэр том цонхны тавцан дээр суугаад дуртай номоо дэлгэн нүд гүйлгэсэн ч толгойд нь юу ч үлдэхгүй огт өөр бодол эргэлдээд болсонгүй. Номоо дэлгээстэй нь барьсан чигтээ цонхоор гөлрөн сууж байтал бороо шивэрч эхлэв. Нартай бороо зөөлөн шиврээд л…хажууханд байх жижигхэн модон саравчин доор эрэгтэй,

эмэгтэй хоёр хүн суух харагдана. Эмэгтэй нь их л жаргалтай байгаа бололтой саравчны өндөр хашлага дээр суучихсан хоёр хөлөө гозогнуулан үе үе толгойгоо хойш болгон инээсээр… Гэнэт эрэгтэй нь босч эмэгтэйнхээ өөдөөс харан зогссноо бага багаар ойртсоор хоёр хөлийнх нь голоор орон зогсож туяхан бэлхүүсээр нь тэврээд авлаа. Тэр хоёрыг шимтэн ажиглаж байсан Цэцэгмаа яагаад ч юм ичсэндээ хацар нь ягаарсан ч нүдээ салгаж чадсангүй. Эмэгтэй нь залуугийнхаа хүзүүгээр ороон тэвэрч хойш гэдийгээд тас тас инээх нь сонсогдохгүй ч харагдаж байв. Цэцэгмаад гэнэт л хязгааргүй их гуниг мэдрэгдэн хамар нь шархираад ирлээ. Тайвшрах санаатай урт хар сормуусаа буулган нүдээ аниад юу ч бодохгүйг хичээн хөшөө мэт хөдөлгөөнгүй хэсэг суув. Юу ч бодохгүй байя гээд даанч чадсангүй… Анхбатын инээмсэглэсэн царай бодолтой нь салж өгөхгүй зууралдаад л байлаа. Уртаар санаа алдаад нүдээ нээнгүүтээ нөгөө хоёр луу өөрийн эрхгүй харвал тас тэврэлдээд үнсэлцэж авай… Нартай, зөөлөн борооноор халуухнаар тэврэлдэн үнсэлцэж буй хоёрт атаархах сэтгэл төрнө… “Энэ бороо…надад гуниг нэмээд байна…”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…