


“Тавантолгой түлш” ХХК-ийн Хяналтын ажилтнууд хүүхдийн амь нас аварлаа” гэх мэдээлэл үдээс хойш цахим орчинд түгэв. Мэдээллийн дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хяналтын ажилтан Г.Энхтуултай холбогдож болсон явдлын талаар тодрууллаа. Тэрээр, “Өнөөдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн III хорооны 33-р гудамжинд картын бүртгэл хийж яваад 02-07 насны гурван хүүхдийн амь насыг аварсан юм. Картын бүртгэл хийх гээд Хяналтын ажилтан Ц.Отгонтунгалаг, Б.Цэндмаа, Т.Оюунцэцэг нарын хамт тухайн айлын хаалгыг нүдсэн. Хаалгаа тайлж өгөхгүй нэлээд удсан. Гэтэл 6-7 насны гэмээр охин цонхны цаанаас гараа даллаад байсан. Хаалгаа тайлж өгөх байх гээд хаалгыг нь тогшоод зогсож байтал “Эгчээ манай хоёр дүүг авраарай” гэж охин хашгирсан. Ингээд бид хажуу айлын залууг дуудаж тухайн айлын цонхны торыг эвдүүлж, цонхоор нь гурван хүүхдийг утаан дундаас гаргаж авсан. Том охиноос ээж, аавынх нь дугаар авч залгаж хэлтэл “0 зогсолт болж магадгүй гэж бодоод хүнс цуглуулахаар явсан байна” гэж хэлсэн. Би ч тухайн үеийнхээ эмоцоор “Яагаад гурван нялх хүүхдийг цоожилж явж байгаа юм. Цоожлоогүй байсан бол ядаж өөрсдөө гараад ирэх байлаа” гээд л загнасан. Ээж нь хүүхдүүдээ тэврээд л уйлаад байсан. Аав нь хүүхдүүдэдээ сүү өгч, жаахан тайвшруулсан. Гурван хүүхдээ гэртээ цоожилчихоод, галаа шахмал түлшээр өрдчихөөд явсан байсан. Зуух, пийшин нь улайсчихсан, зуухан дээр хоолтой байсан гэмээр тогоо түлэгдээд гэрээр дүүрэн утаа түгсэн байсан л даа. Хэрэв бид тэр айлын хаалгыг тогшиж таараагүй бол, хаалгаа тайлж өгөхгүй байна гээд явалгүй удаагүй бол тэр гурван хүүхэд утаанд хордох байсан байх. Цаашлаад гал гарахыг ч үгүйсгэхгүй байсан. Болсон явдлыг өөрсдийнхөө ажил тайлагнадаг фэйсбүүк группт бичтэл тэр цаашаа түгсээр олны анхааралд хүрсэн байна. Хорооны албан ёсны группт ч бичигдсэн байна лээ. Хорооны Засаг дарга маргааш ирээч гэж хэлүүлсэн байна. Ийм л юм боллоо. Гурван нялх хүүхдийг эрсдэлээс аварч, хамгаалж чадсандаа л баярлаж байна” гэсэн юм. Эрдэнэт хүмүүний алтан амийг аварсан Хяналтын ажилтнууддаа Тавантолгой түлш ХХК-ийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.
Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар
хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,
халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.