Нүүр Сонин хачин Үзмэрч засалч Л.Нямаа: Коронавирус ойрын хоёр жилдээ намжихгүй

Үзмэрч засалч Л.Нямаа: Коронавирус ойрын хоёр жилдээ намжихгүй

10 секунд уншина
0
0
175

Өглөөний сонин”-ы өнөөдрийн зочноор үзмэрч, засалч Л.Нямаа уригдлаа.

–Сайн байна уу. Ярилцлагаа таны уг гарвалаас эхэлье…

-Сайн байна уу, та бүгдийн амар мэндийг эрэе. Уг гарвал маань эцэг, эхээ дагавал Архангай аймаг, би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Багаасаа Герман, Солонгост сурч амьдарч байсан. Эцэг эхээс арвуулаа. Найман ах. нэг эгчтэй айлын отгон охин.

–Өөрийгөө зөн совинтой, онгод сахиус тээгээд явах эрдэм чадалтай гэдгээ хэзээнээс мэдсэн бэ?

-Бага байхад манайх “Эрдэнэ бадрах” гэдэг хийдтэй байсан. Олон сайхан лам хуврагууд ном хурдаг байлаа. Ийм орчинд өсөж торнисон болохоор ч тэрүү, өөрийгөө зөн совинтой энгийн биш гэдгээ багаасаа мэдэрдэг байсан.

–Таныг жаахнаас чинь “Адтай шулам” гэж ойр тойрныхон чинь дууддаг байсан гэж сонссон. Багийн л бусдаас онцгой байсан болохоор тэгэж “хочилдог” байсан юм болов уу?

-Намайг хүүхэд байхаас л настай хүмүүс “Адтай шулам” гэж хэлэхэд ээж маань хүүхэд шулам гэлээ гэж их дургүйцдэг байсан. Айлын отгон болохоороо адтай сэргэлэн хөдөлгөөнтэй ганган охин байсан шүү.

–Та хэлгүй, хөлгүйн зовлонг туулсан гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байсан. Яагаад ийм байдалд орж байсан юм бэ?

-Тухайн үед дутуу дулимаг лусыг аргадсанаас болсон хэрэг. Хөх лусыг аргадаж хөлгүй болж хар, цагаан лусыг аргадаж хэлгүй болж байсан. Бие махбодиороо ингэж мэдэрсэн нь надад их зүйлийг ухааруулсан. Үнэхээрийн лус савдаг гэж үнэн бодит зүйл байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Алдаа оноогоо засаж залруулж бодитоор практикаар удган хүний эрдэмд суралцсан даа.

–Лус савдгаа тахин аргадаж явахад ид шидийн гэмээр зүйлтэй таарч байв уу?

-Нэлээн олон удаа лус савдгийн тахилга хийж, хангайн сайхан хайрхадыг аргадаж явахад Хайрхан /Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан уул/-ы эзэн савдаг могойн дүрээр гарч ирсэн. Тухайн зан үйлийг яаж хийх юу хийж яахыг маань зааварчилж өгдөг лус савдаг бол үгээр хэлэхийн аргагүй үнэн бодит гайхамшигтай зүйл юм. Газар орны эзэд лус савдаг тэргүүтэн нь хүний энэ насны эрүүл мэнд, ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тул лусыг тахин шүтдэг учиртай. -Бөө, удган байна гэдэг амаргүй байх. Орчин цагт олон бөө “төрж” байна. Таны хэмжүүрээр бөө хүн ямар байх ёстой вэ? -Би тэр бүхнийг шүүх боломжгүй ээ цаг хугацаа бүхнийг шүүнэ. Хийсэн үйлээсээ бас хамаарна. Энгийн хүний нүдэнд үл үзэгдэгч их эрчим хүчийг эзэмшиж, түүнтэй харьцах ур чадвар авьяас билэгтэй хүнийг бөө хүн гэдэг. Хардаг хамгаалдаг өндөр дээд өвөг дээдэстэй бид их азтай хүмүүс. Өндөр дээд өвгөдийн хайр хишиг буян заяаг авч чадахгүй арга ухаанаа ч олж чадахгүй яваа өч төчнөөн хүмүүс ч байгаа. Бөө нар бөө болохоосоо өмнө мөн чанарыг таних ёстой. Ингэж танихгүйгээсээ болоод хөл алдаж байгаа өчнөөн бөө байна. Аливаа зүйлийнхээ мөн чанарыг олох хэрэгтэй. Бөө хүн онгод тэнгэртээ бүх зүйлийг даатгаж болохгүй ээ улаач өөрөө цаг тутам боловсорч, суралцаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Бөө хүн бол өвөг дээдэс онгодынхоо хүчээр үр удам, ард олноо авран хамгаалах байгаль дэлхийгээ аргадаж засч залруулах хүн юм. Мунхагийн харанхуй буюу зөв бурууг мэдэхгүйн учраас өөрийн хийсэн үйл, үйлийг үүсгэгч муу сэтгэл орчлонд төрөл бүрийн зовлонг эдэлдэг. Эдгээрийг үүсгэгч нь хүсэл шунал, уур хилэн, мунхаг бодол сэтгэл юм. Орчин цагт бөө мөргөлийг хүндлэх хүмүүсийн тоо олширч бас шүүмжлэх буруутгах ч хүмүүс их байна. Мөнгөнд захирагдах бус мөнгийг бид захирч байх ёстой

–Таныг зорьж очдог олон шавь нар бий. Тэд лус савдгаа аргадаж тахин шүтэх зан үйлийг их сайхан зохион байгуулдаг гэж таныг магтдаг юм билээ. Хүмүүс бид лусыг хэрхэн тахин шүтэх ёстой вэ?

-Шавь гэдэг нь зорьж ирдэг сүсэгтэн олон түмэн маань “багшаа” гэж хүндэтгэдгээс үүсэлтэй . Засал номыг үйлдэж хийхдээ тухайн байгаа газар ус орчинг анхаарч ажиглан хийх байршилыг зөв сонгоно. Хийхдээ няхуур нямбай цэвэрхэн дэг жаягтай зан үйлийг үйлдэх хэрэгтэй. Лус буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу удмын генээр нь дамжиж олж хорлодог тиймээс лусын хорлол удам дамжих аюултайгаас гадна тухайн хүнийг өөрийг нь биш юмаа гэхэд үр хүүхэд эцэг эх аль нэгийг нь шийтгэдэг. Хэдэн үеэрээ хорлогдсон хараал жатга дарахад амь насанд халтай заслууд ч их байдаг. Бид бүгдийн хүрээлэн байгаа газар дэлхий бүх уул ус гол мөрөн ургамал цэцэг, ой мод, хүн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь лус буюу байгаль дэлхийн бурхан гэсэн үг юм. Тухайн уул хайрхан гол усны эзэн нь лус савдаг гэж ойлгох нь зүйтэй. Дэлхий ертөнц үүссэн цагаас лусыг шүтэж ирсэн. Та бидний идээний дээж өргөдөг савдаг хэмээгч нь газарт, лус хэмээгч нь усанд оршдог. Лусын эзэн олон аюул бүгдээс гэтэлж өөрийн эрхийн амгаланг олж газрын гүний байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Лусыг урин залж идээ будаа өргөн баясгаад муу биш сайн сайхан санаа өвөрлөж ирэхийн ерөөл тавьдаг. Хангай дэлхийн лус савдагтаа мөргөн гуйж бэлдсэн өргөл барьцаа өргөж, идээ ундаагаа буурал дээдсүүддээ, байгаль дэлхийн эздүүддээ хандан “Тийм жилтэй тэр би идээ цайныхаа дээжийг өргөж байна: Гал голомт үр хүүхэд, үр удмыг маань ивээлдээ авч хайрлана уу” гэж өргөнө. Нэр жилээ айлдахгүйгээр өргөл өргөвөл завсрын сүнснүүдийг эрчимжүүлж сохор өргөл болох тохиолдол бий.

–Мэдээж хүн бүхэн эрүүл энх, эд хөрөнгөтэй байхыг хүсдэг. Таныг зорьж ирэгсдийн дунд мөнгөний үүдээ нээлгэхийг хүссэн хүмүүс олон байдаг байх. Тэр хүмүүст та ямар арга, зөвлөгөө өгдөг вэ?

-Мөнгөнд захирагдах бус мөнгийг бид захирч байх ёстой. Олж байгаа мөнгө биш үлдэж байгаа мөнгө нь хүнийг баяжуулдаг. Ямарваа нэгэн орлого олсон бол түүнээсээ дээжийг нь авч үлдээд, шаардлагатай үед өглөг болгон өгч буян үйлдэж байхгүй бол зориулалтын бус гарлага гардаг. Баяжина гэдэг нь дан ганц мөнгө хөрөнгө биш юмаа. Эрүүл мэнд, бат бөх гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд элгэн садан юм билээ. Бүх төрлийн хорлол хар цагаан хэл ам хэрүүл тэмцэл атаа жөтөөнөөс болоод мөнгөний үүд хаагддаг. Мөнгөнд хүний нүдний хор маш их ордог.

–Хувь тавилан гэж байдаг уу?

-Хувь тавилан гэж байдаг. Хувь тавилан гэдэг бол урд насандаа үйлдсэн үйлийн үрийн үргэлжлэл юм. Өвөг дээдэс нь сайн зан үйл үйлдэж олон түмэнд буян болсон үйл нь одоо цагийн үр удам дээр буян нь дэлгэрч ирдэг. Тэгэхлээр одоо цаг дээр сайн үйл үйлдвэл дараах хойч үеийн үр удамд нь үлдэнэ. Хичнээн хичээгээд ч ажил үйлс нь бүтэхгүй эд таваар тогтохгүй байхад ямарваа нэгэн шид домын хүчээр зан үйл засал номыг хийлгэж зам мөрийг нь засаж өгдөг. Энэ бол удмын засалтай холбоотой юм.

–Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүнийг асууж байгаа юм шүү. Корона вирусийг монголчууд дотооддоо алдчихлаа. Бид энэ өвчнийг ямар хор хохиролтойгоор даван туулах бол. Хэзээ энэ байдал засрах бол. Та бидэнтэй бодлоо хуваалцаач…

-Ковид 19 цар тахал 2020, 2021, 2022 ондоо бүрэн гүйцэд арилахгүй. Ойрын хоёр жилдээ гэсэн үг. Хөл хориогоо чанд баримталж, сахилга баттай байхгүй бол энэ өвчнийг тогтоож чадахгүй. Монгол Улсын иргэн бүр энэ цар тахалд ухамсартай, сахилга баттай хандах хэрэгтэй. Ингэж чадвал цар тахлыг тогтоон барих боломжтой. Энэ өвчнийг барьж тогтоож чадах хүмүүс бол ард иргэд юм. Нэг алдвал энэ өвчин асар их гарлага гаргаж, давж гарах болно.

–Ярилцлагынхаа төгсгөлд таны хувийн амьдралын талаар сонирхмоор байна. Та урлагт их сэтгэлтэй хүн шиг харагддаг?

-Бага байхдаа “Одод болох хүслэн” тэмцээнд оролцдог реп бүжгийн хамтлагтай байсан. Урлаг уран сайханд хайртай. Гэр бүл маань ер нь урлагийн хүмүүсээр дүүрэн. Нөхөр маань “Эрх чөлөө” хамтлагийн реппэр Баяраа, хүү маань “Монгол Контент” ХХК-н хөтлөгч, жүжигчин “Маамуу” нэвтрүүлгийн Таамий буюу Тамираа. Гэр бүлийнхээ хүнтэй хамтраад анхны уран бүтээл болох “Бөөгийн удам” дуугаа клипжүүлж 2018 онд гаргасан. Бүх цаг үеийн бөө нар болон бөө шүтлэг, мөргөлтэй олон түмэндээ зориулж бүтээсэн. Цаашдаа реп, хип хоп, трап клаб стилээр уран бүтээлээ удахгүй та бүхэндээ хүргэнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *