Нүүр Uncategorized Зүрх үү? Тархи уу? “4-р хэсэг”

Зүрх үү? Тархи уу? “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
247

Цэцэгмаа улсын сургуулиас хувийн сургууль руу шилжин орж хэдхэн хоног сурахад л гайхмаар их ялгаа ажиглагджээ. Үнэхээр мундаг боловсролтой ч ихэмсэг нь дэндсэн хүйтэн хөндий хэсэг хүүхдүүд байхад, эцэг эхийнхээ хөрөнгөн дээр сагасан хоосон толгойнууд ч бас

нилээн их байв. Цэцэгмаа урд өмнө нь хэзээ ч ингэж их ганцаардаж байсангүй. Ижилдэн дассан ангийнхаа найзуудыг, багш нарыгаа, ялангуяа Чимэгмааг хором мөч бүр үгүйлэнэ. Түүнгүй өнгөрүүлсэн энэ

хэдхэн хоног бараг л хэдэн сар жил шиг удаан өнгөрч, тэсгэл алдсандаа бүгдийг мартаад найз дээрээ гүйж очмоор…өөрөө буруугүй ч уучлалт гуйгаад эвлэрмээр санагдавч гомдол тунирхал нь түүнийг

барьж байлаа. …Харин нөгөө талд Чимэгмаа найзыгаа огт санаагүй юу гэвэл бас үгүй ээ. Анхбаттай өдөр бүр уулзах сайхан байсан ч сэтгэлийнх нь мухарт сайн найзыгаа гомдоож орхисондоо харуусах

гэмшил оршсоор байв. Гэвч Анхбатын ганцхан инээмсэглэл тэр бүх харуусал гэмшлийг ор тас мартуулж “Чи зөв юм хийсэн” хэмээн өөртөө хэлэх зоригийг хайрладаг билээ. Анхбат хэд хэдэн удаа

санаатай ч юмуу, санамсаргүй ч юмуу Цэцэгмаагийн талаар асуусан нь Чимэгмаад харын сэтгэл төрүүлж найзаасаа уучлалт гуйх бодлоо орхиход хүргэжээ… Хаврын хавсарга нүүр нүдгүй балбасан зэврүүн өдрүүд үргэлжилсээр. Анхбат юу ч юм бодон коридорын цонхоор гөлөрч зогсоно. Өнөөдөр багш нь түүнтэй ганцаарчлан уулзаж мөрөөдөл, зорилго, ирээдүйд хэн болох талаар нь ярилцжээ. Анхаа үнэндээ энэ тухай өмнө нь огт бодож байсангүй… “Нээрээ би цаашид

яаж амьдрах вэ? Их сургуулийн төлбөр…мэргэжил…орон гэр…” хэмээн анх удаа толгой гашилгасан бодлууд хөврөнө. Гэнэт хүчтэй хуй салхи дэгдэн энд тэндхийн хамаг хог новшийг тоос шороотой нийлүүлэн хуйларч дээш өгссөөр цонхны цаана бараг юу ч харагдахааргүй болов. Яг Анхбатын нүүрний харалдаах цонхны шилэн дээр нэг халтар гялгар уут ирж наалдаад тэндээсээ салж ядах мэт далбалзсаар. “Миний амьдрал яг л энэ новшийн шороон шуурга шиг юм…” гэж бодсноо цонхонд наалдсан гялгар уутыг өөрийгөө хэмээн зүйрлэн бодоод ганцаараа тэнэг юм шиг инээлээ. Хүчтэй салхинд өнөөх гялгар уут

тэссэнгүй цонхноос салан цааш хөөрөхөд Анхаа нүд салгахгүй ширтэнгээ “Залуу минь нисээд байгаарай, доошилж л болдоггүй юм шүү” гэж амандаа үглэх нь инээдтэй ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Өнөөх нь нилээн дээш хөөрч бараг л харагдахаа болисноо гэнэт доош навсайн унаж яваа харагдахад Анхаа учиргүй гонсойн “Хнн тэгж л таарна, шавхайтай хутгалдаад байж байхдаа таарсан амьтан” гэж тэр уутанд ч юмуу, өөртөө ч юмуу хандан хэлэв. Уут доошилсоор газар шүргэхийн даваан дээр буцан хөөрснөө саяхнаас ногоорон ургаж буй залуухан модны мөчиртэй орооцолдчихлоо. “Үгүй яахав дээ бас, наанаасаа л сайн зууралдаад байдаг юм ш дээ залуу минь” гэж өөртэйгээ ярин маасайж зогстол “Хайраа” гэх Чимэгмаагийн дуу ард

нь сонстов. Гадаа хэдий муухай байсан ч Чимэгмаагийн сэтгэл санаа үнэхээр сайхан цэлмэг байлаа. Анхбат харин яагаад ч юм нэг л урвагар байгаад байхаар нь сэтгэлийг нь сэргээх санаатай кино үзэхийг санал болгож нөгөөх нь ч дуртай дургүй толгой дохив. Чимэгмаа ээж рүүгээ залган өөрийнх нь дансанд мөнгө хийхийг сануулаад хайртыгаа сугадсаар сэтгэл тэнэгэр алхлаа. Хосууд кино театрт очиж билетээ захиалчихаад ундаа авахаар явж байтал өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг Цэцэгмаатай улаан халз тулчихав. Нэгэн үе хамгаас дотно байсан найзууд бие биенийгээ харан хэсэг гацаж

орхиод хэн нь ч дуугарсангүй. Анхбат харин сарын өмнө зааланд тэр охиныг хараад догдолсон мэдрэмжээ дахин мэдэрч өөрийгөө гайхав. Чимэгмаа түрүүлж сэхээ орон Анхбатыг чирэх шахуу хажуугаар нь зөрөн одоход Цэцэгмаа хөдөлж ч чадахгүй зогссоор үлдлээ. Охиныхоо сэтгэлийг сэргээхээр болзоонд урьсан аав нь цаана ундаа, попкорн барьчихсан “Цэцгээ! Миний охин яагаад таг зогсчихвоо? Киноны цаг болчихлоо. Наашир” гэж орилоход сая нэг шокноосоо гарч аав руугаа гүйн очив. Киноны турш Анхбат хөмсгөө зангидан юу ч дуугарсангүй, ундаа ч уусангүй. Чимэгмаа дэмий л бүлтгэнэн хайрт руугаа байн байн харахдаа “Арай Цэцэгмааг харчихаад…” гэсэн харын бодол төрж суув. Түүний бодол ч нэг их хол зөрсөнгүй. Анхбат Цэцэгмааг бодохоо

больё гэсэн ч больж чадахгүй дотор хүнтэйгээ хэрэлдэж байлаа. Анх удаа тэр л охиныг хараад зүрх нь хүчтэй догдлохыг мэдэрч уйгагүй араас нь гүйсэн ч амжилт олоогүй. Түүндээ шаралхаж найзтай нь үерхчихээд үе үе Цэцэгмааг санахаараа өөрийн мэдэлгүй асууж сурагладаг байсан ч нэг их юм бодоогүй л явсан билээ. Харин саяны тэр догдлол…тэр мэдрэмж… гайхмаар… Кино дуусахад Анхаа ч тэр, Чимгээ ч тэр ямар кино үзснээ ойлголгүй гарав. Салхи намжиж намуухан сайхан орой байх тул тэд чимээгүй хэсэг алхлаа. Анхбат энэ өдрийнх шиг ийм их бодол эргэцүүлэлд автаж байсангүй. Найз залуу нь юу ч дуугарахгүй байх тул Чимэгмаа яаж ч чадахгүй царайчлан сугадаж алхсаар гэрийнхээ гадаа ирж орцны үүдэнд түр саатав. Анхбат сая л нэг ам нээж Хоёулаа…гээд эхэлтэл Чимэгмаа өрсөн: ~Хайраа хоёулаа дараа долоо хоногоос манайд хамт амьдрах уу? Аав ээж хоёр гадагшаа аялалд явж байгаа. Зунжин ирэхгүй… ~Ммм юу…би

сайн мэдэхгүй л байна. Хамт амьдрах нь ч хаашаа юм… ~Зунжингаа хамт байвал гоё ш дээ хайраа. Эсвэл манай лагер дээр байсан ч болно. Тэнд бүүр гоё… ~Аав ээж чинь тэгээд чамайг ганцааранг чинь үлдээнэ гэж үү? ~Намайг авч явна гээд…би тас зөрсөөр байгаад үлдэхээр болсон хихи ~Аан зөзө…би бодож үзье. За баая явлаа. ~За болгоомжтой яваарай хайраа үнсье мммма… Анхбат дахиад л орооцолдсон их бодолдоо автан гэрийн зүг алхав. Орон сууцны цэвэрхэн зам дуусч гэр хорооллын шавар шавхай дүүрэн энхэл донхолтой зам үргэлжилнэ. “Энэ лалрын газраас зайлах юмсан…” гэж бодсноо хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл шиг санагдаж санаа алдав.

Гунигтай бодлыг нь үргээх гэсэн аятай үүлний цаана нуугдаж байсан саран мэлтийтэл гарч ирэн урдах замыг нь гэрэлтүүллээ… “Цэцэгмаа…Чимэгмаа…Яаж яваад энэ хоёр охинтой орооцолдчихвоо…Цэцэгмааг харахаар, бодохоор яагаад ингэж хямраад догдлоод байгаа юм бол? Ядаж байхад энэ Чимэгмааг одоо яах вэ? Сая уг нь салъя гэж хэлэх гэж байсан юмсан… Анхнаасаа шал дэмий гуйлаа…” ийн элдвийг бодсоор нэг мэдэхэд гэрийнхээ гадаа иржээ. Нурж унах шахсан яайжгар гэрийн дотор нилээн олон хүн байгаа бололтой дуу шуутай байв. Анхбатын царай хувьсхийн бухимдангуй янзтай хаалгаа хүчтэй татан орвол түүний орж ирэхийг тоож байгаа ч хүн алга. Энэ хавийн хамаг архичид энд цугласан юмуу гэлтэй, жижигхэн дөрвөн ханатын

хойморт хөл гишгэх зайгүй долоо найман эрчүүд шамбааран сууж “Найрка” гэх архи тойруулангаа цэц булаалдан чанга чанга ярина. Анхбатын аав тэр дунд нилээн дуу нь чангарчихсан гар нь гозолзон хэн нэгэнтэй хэрэлдээд байгаа, хэлэлцээд байгаа нь мэдэгдэхгүй сууж байлаа. Өөрийнх нь орон дээр нэг архичин хир даарь, шээс ялгадас болсон гутал хувцастайгаа тасарсан бололтой дуржигнатал хурхирч хэвтэхийг харсан Анхбат дүрсхийн уурлаж “Хөөш зайлцгаа лалруудаа” хэмээн ууртай орилов. Согтуу эрчүүд сая л түүнийг анзаарч харсан ч хүн байна гэж тоосон шинжгүй цааш харцгаан найрлаж эхлэхэд Анхбат яаж ч чадсангүй гараа зангидан хэсэг зогссоноо гарч одлоо…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *