Нүүр Сонин хачин Байлдагчийн ээж Г.БАТЦЭНГЭЛ: Миний хүү цэргийн ангиасаа оргоогүй, төөрч ОХУ-ын хилийн зурваст очсон

Байлдагчийн ээж Г.БАТЦЭНГЭЛ: Миний хүү цэргийн ангиасаа оргоогүй, төөрч ОХУ-ын хилийн зурваст очсон

16 секунд уншина
0
0
103

Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангийн IV заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х.Оргилболд харуулын байрнаасаа оргож, улмаар ОХУ-ын хилийн алба хаагчдад баригдаад байгаа талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тодруулбал, арван хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 19-ний 03:00 цагийн үед тэрбээр манаанд гарч байсан цэгээсээ алга болж, ОХУ-ын талд баригдсан гэнэ. Тухайн үед юу болсон талаар оргосон гэх байлдагчийн ээж Г.Батцэнгэлээс тодрууллаа.

-Танай хүүг цэргийн албанаасаа оргож, ОХУ-ын талд баригдсан талаар мэдээлэл гараад байгаа. Мөн коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Монголын талд хүүг тань өгөхгүй байгаа гэсэн. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Миний хүүг Хүрэлбаатарын Оргилболд гэдэг. Өнгөрсөн аравдугаар сард Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангид цэргийн алба хаахаар очсон. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарч байна. Миний хүү цэргийн ангиасаа оргоогүй, төөрч ОХУ-ын хилийн зурвасын ойролцоо очсон юм билээ. Мөн ОХУ-ын талаас хүүг минь цэргийн ангийн удирдлагуудад тэр өдөрт нь хүлээлгэж өгсөн гэсэн. Коронавирустэй холбоотойгоор хүүг минь хорьж, Монголын талд өгөхгүй байгаа гэх мэдээлэл мөн худал. Ямар шалтгааны улмаас ийм зүйл бичсэнийг бид мэдэхгүй. Энэ бол миний хүүгийн нэр төрд халдаж байгаа хэрэг гэж үзэж байна. Хүү маань цэргийн албанаасаа оргох хүн биш. Өөрөө цэрэгт явна гэж дурлаж, зорьсон хүүхэд шүү дээ. Би цахим орчинд гарч байгаа мэдээлэлтэй холбоотойгоор хүүгийнхээ алба хааж байгаа цэргийн анги руу нь холбогдож мэдэгдсэн. “Залруулга гаргана” гэж байсан. Одоо миний хүү цэргийн ангидаа үүргээ гүйцэтгээд явж байгаа.

-Яаж байгаад төөрчихсөн юм бол. Энэ талаар танд дуулсан зүйл байна уу?

-Тэр өдөр таван цэрэг манаанд гарч байсан юм билээ. Миний хүүгийн нойр булчирхай нь их өвддөг учраас гэдэс нь хямраад, бие засахаар яваад төөрсөн гэсэн. ОХУ-ын хил манаанд гарч байгаа цэгээс нь холгүйхэн байдаг юм гэнэ лээ. Тэгээд манаанд гарч байгаад алга болчихоор нь “Оргочихлоо” гэж мэдэгдсэн юм шиг байсан. Гэтэл миний хүү шөнө бие засахаар явж байгаад ОХУ-ын хилийн зурваст дөхөж очоод цэргүүдэд баригдсан гэсэн. Ингэхдээ төөрсөн байдалтай олдож, цэргийн анги руу нь ОХУ-ын хилийн цэргийнхэн мэдэгдсэн юм шиг байна лээ. -Энэ талаарх мэдээллийг цэргийн ангиас тань руу залгаж хэлсэн юм уу?

-“Увс аймагт алба хааж байсан цэргийн алба хаагч оргож, ОХУ-д талд баригдсан” гэх мэдээлэл фэйсбүүкт гарсан байсныг манай охид уншиж, надад хэлсэн. Ингэхдээ миний хүүгийн нэрийг бичээд, зургийг нь тавьчихсан байсан. Нөхөр бид хоёр гайхаж, цэргийн анги руу нь залгасан юм.

Дарга нартай нь ярихад “Бүх зүйл хэвийн байгаа, санаа зоволтгүй” гэсэн. Мөн дараагаар нь хүүтэйгээ ярихад “Гэдэс нь өвдөөд төөрсөн” гэж ярьсан. Ингэж яриад арай гэж тайвширч, хүүдээ итгэсэн. Ер нь хүүгээ оргоод, ОХУ-ын талд баригдсан гэхээр санаанд багтахгүй байсан. “Газар мэдэхгүй, хил дээр байгаа хүүхэд хаашаа явна гэж шөнө дөлөөр явсан юм бол” гээд олон зүйл бодогдсон. Гэхдээ л хүүгээ тийм үйлдэл хийхгүй гэдэгт нь бүрэн итгэж байсан.

-Хүүгээ төөрөхөөс өмнө та хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ. Сэтгэл санааны хувьд ямар байсан бэ?

-Тангарагийн баяраар нь буюу арваннэгдүгээр сарын 29-нд хүүтэйгээ ярьсан. Тэр үед сэтгэл санаа нь хэвийн, сайн байгаа гэж байсан. Бусад аавын хүүтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа тухайгаа ярьсан.

-Хүүгийнхээ талаар та ярьж өгөхгүй юү?

-Манай хүү айлын дөрөв дэх хүүхэд. Одоо 22 настай. Төлөв, даруу зантай хүүхэд. Бусдын үгнээс гарахгүй, даруухан хүү бий. Хөвсгөл аймаг Ренчинлхүмбэ суманд төрсөн. Хүү маань албаа хаагаад, удахгүй ээж, аавдаа хүрээд ирнэ дээ. Одоогоор бид Хөвсгөл аймгийн Мөрөн хотдоо амьдарч байгаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *