Нүүр Сонин хачин Талийгаач Д.ДҮҮРЭНГИЙН ар гэр: Цогцостой машины дэргэдүүр олон хүн зорчиж, хажууханд нь ТҮЦ хүртэл байсан

Талийгаач Д.ДҮҮРЭНГИЙН ар гэр: Цогцостой машины дэргэдүүр олон хүн зорчиж, хажууханд нь ТҮЦ хүртэл байсан

16 секунд уншина
0
1
3,111

Цогцос нэлээн удчихсан болохоор хөлдсөн байжээ- 83 настай өндөр настан Д.Дүүрэн Цайз дахь гэрээсээ гараад 18 хоног сураггүй байсны эцэст цогцос нь I хорооллоос олдов. Хэдийгээр хөл хориотой байсан ч монголчууд талийгаач Д.Дүүрэн гуайг олоход хамаг хүчээрээ зүтгэсэн гэхэд хилсдэхгүй. Гэвч харамсалтай нь, түүний цогцос автомашин дотроос олдсон талаар талийгаачийн ар гэрийнхэн нь нэгдүгээр сарын 2-ны орой цахим сүлжээнд мэдээлсэн. Талийгаач гэрээсээ гарахдаа өмсөж явсан хувцастайгаа олдсон гэх. Тэр бүү хэл өөрийг нь илтгэх бичиг баримт нь хүртэл биед нь байжээ. Талийгаач яаж яваад огт танихгүй хүний автомашин дотор орсон нь олон хүнд хардлага төрүүлж байгаа юм. Ингэхдээ бүр хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы машинаас олдсон нь олны анхаарлын төвд ороод байна. Бид энэ хэрэгтэй холбоотой эх сурвалжуудтай холбогдон, дараах мэдээллийг бэлтгэлээ.

Ж.Дэлгэрсайханы ар гэр: Бид өөрсдөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн Талийгаач Д-гийн цогцос жүжигчин Д.Дэлгэрсайханы машинаас олдсонтой холбоотойгоор бид түүний гар утас руу залгаж, мэдээлэл авав. Ингэхэд түүний гар утсыг нэгэн эмэгтэй авч “Цагдаагийн байгууллагаас “Дүгнэлт гарахаас өмнө хэвлэлийн байгууллага болон иргэдэд ямар ч мэдээлэл өгч болохгүй” гэж хэлсэн. Энэ хэргийн талаар бид тодорхой мэдээлэлгүй байна. Цогцос олдсон тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад бид өөрсдөө өгсөн. Ж.Дэлгэрсайханы гэр Хан-Уул дүүрэгт байдаг” гээд, өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Б.Баатархүү: Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газар шалгаж байгаа Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Автомашинд цогцос байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нэгдүгээр сарын 2-нд ирсэн. Дуудлагын дагуу шалгаж үзэхэд алга болсон гэх 83 настай, эрэгтэй Д-гийн цогцос болох нь тогтоогдсон. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээн, шалгаж байна” гэв.

Талийгаачийг хайх фэйсбүүк групп хүртэл нээгдэж, эрлийн багт 5000 гаруй хүн гар бие оролцсон аж. Хэдийгээр олон хүний бүрэлдэхүүнтэй эрэл үргэлжилсэн ч үр дүнд хүрэхгүй байсаар өдийг хүрсэн юм.

Талийгаач Д-ийн хүргэн Н.Төмөрбаатар: Биед ил харагдах шарх, сорви байгаагүй гэсэн Хэргийн талаар талийгаачийн хүргэн Н.Төмөрбаатартай холбогдож, тодруулсан юм.

-Талийгаачийг жүжигчин Ж.Дэлгэрсайханы машинаас олсон гэсэн. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бид жүжигчний машин гэдгийг нь одоогийн байдлаар (өчигдрийн 17:00 цаг) мэдээгүй байна. Ямар ч гэсэн “Toyota Kluger” автомашин дотроос олдсон” гэж цагдаа нар хэлсэн. Машинаа Сонгинохайрхан дүүрэг, I хорооллын XI байрны хойд талд байр руу харуулаад тавьчихсан байсан юм билээ. Уг машин нь олон хоног хөдлөөгүй бололтой, цасанд дарагдсан байсан гэсэн. Манай хүү эмээтэйгээ цуг цагдаагийн байгууллагад очиж, цогцсыг үзэхэд машины эзэн гээд нэг залуу байсан гэж хэлсэн. Тэрнээс жүжигчин Ж.Дэлгэрсайхан байсан гэж хэлээгүй. Бид яг таг сайн мэдээлэлгүй болохоор гайхаад л сууж байна. Бидэн рүү цагдаагийн байгууллагаас өчигдөр (уржигдар) 20:30 цагийн үед залгаж8 энэ тухай мэдээлсэн. Цагдаагаас залгах үеэр бид эрлийн ажиллагааг Улаанчулуут хогийн цэг дээр үргэлжлүүлж байлаа.

-Камерын бичлэгээр талийгаач хамгийн сүүлд хаана, хэдний өдөр явж байсан бэ?

-Арванхоёрдугаар сарын 17-нд Х хорооллын ойролцоо гарцаар зам гарч байгаа бичлэг байсан. Тэр л хамгийн гол нотолгоотой баримт. Бусад мэдээллийн тухайд дандаа аман хэлбэрээр буюу баталгаатай биш.

-Талийгаачийн өмсөж явсан хувцас нь бүрэн бүтэн байсан уу. Мөн ил харагдах шарх, сорви байсан уу?

-Өмсөж явсан хувцас нь бүрэн бүтэн байсан. Мөн биед нь бичиг баримт нь хүртэл байсан. Биед ил харагдах шарх, сорви байгаагүй гэсэн. Шүүх эмнэлгээс шинжилгээ авах учраас цогцсыг одоогоор бидэнд хүлээлгэж өгөөгүй байна. Дүгнэлтээр хэзээ нас барсан, тэр машинд хэр удсан гэдэг нь тодорхой болох учраас бид хүлээлтийн байдалтай байна. Цогцос нэлээн удчихсан бололтой, хөлдчихсөн байна лээ.

-Цогцос олдсон байрны ойролцоох камерыг та бүхэн шүүж үзсэн үү?

-Хаанаас очоод, тэнд байсан машинд орсон гэдгийг нь цагдаагийн байгууллагаас шүүж, тогтооно. Ямар нэгэн газрын камерыг ар гэрийнхэнд нь шүүж өгдөггүй юм билээ. Цагдаагийн бичиг, мөрдөгчийн зөвшөөрөлтэйгөөр камер шүүх боломжтой. Энэ бүгдийг өнгөрсөн хэд хоногт мэдлээ.

-Танай гэр бүлийн хүмүүс дунд “Toyota Kluger” автомашинтай адилхан загварын машинтай хүн байдаг уу?

-Манай гэр бүлийн хэмжээнд гурван машин бий. Гэхдээ цогцос олдсон машинтай адилхан загвартай суудлын тэрэг байхгүй. Яаж яваад тэнд байсан онгорхой машинд орчихсон юм бол гээд бид гайхаад л сууж байна. Огт танихгүй хүний машины хаалгыг онгойлгоод, ороод сууж байна гэхээр санаанд багтахгүй юм. Машины хажуугаар олон хүн зорчиж, ТҮЦ хүртэл хажуухан талд нь байсан юм билээ. Бид хэдийгээр эрлийн ажиллагааг олон хүний тусламжтайгаар өргөн хүрээнд үргэлжлүүлсэн хэдий ч аавыгаа олох боломжгүй байжээ. Танихгүй хүний машинд орчихсон байна гэж хэн ч санахгүй шүү дээ. Хэнийг ч машинаа цоожгүй орхичихсон байна гэж бодохгүй. Эд хөрөнгөө цоожлохгүй орхидог хүн байдаг л юм байна. Цагдаа хэлэхдээ “Машин нь эвдрээд түгжигдэхгүй байсан гэнэ” гэж хэлсэн. Үүнээс өөрөөр мэдээлэл одоохондоо бидэнд алга. Мөн бидэнтэй хамт аавыг минь хайсан бүх хүнд талархлаа. Монголчууд нэгдэж чаддаг ард түмэн гэдгийг өнгөрсөн хэд хоногийн хугацаанд мэдэрлээ.

Талийгаач Д.ДҮҮРЭНГИЙН ар гэр: Цогцостой машины дэргэдүүр олон хүн зорчиж, хажууханд нь ТҮЦ хүртэл байсан

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *