Нүүр Лайфстайл ГОЁ МЭДЭЭ : Эгчийнхээ гурван хүүхдийг өсгөж буй “БАЯН ААВ”

ГОЁ МЭДЭЭ : Эгчийнхээ гурван хүүхдийг өсгөж буй “БАЯН ААВ”

10 секунд уншина
0
0
292

Хэдий гадаа бүрэнхий ч айлуудын яндангаас савсаж буй шингэхэн саарал утаа тодхон харагдаж байв. Гэр хорооллын гудам өөдөө өгсөж яваа бидэнд ноход харанхуйн гүнээс чимээ өгөн хуцаж, шинэхэн танилын зүг хөтөлнө.

Хөдөө суурингийн амьдралыг санагдуулам нам гүмхэн энэ газар Ц.Чулуун-Эрдэнэ, эгчийнхээ гурван хүүхэдтэй амьдардаг. Том нь хүү 11 настай, зургадугаар ангид сурдаг бол охин найман настай, гуравдугаар ангийн сурагч.

Харин бага хүү таван настай. Хүүхдүүд бүгд л түүнийг аав аа, гэж дуудна. Ц.ЧулуунЭрдэнэ ч ам нээх бүрийдээ, миний хүүхдүүд, хүүхдүүд маань хэмээнэ. Түүний хувьд цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байгаа чадварлаг албан хаагч юм. Ажилдаа ихэвчлэн 08:30 цагт очиж, оройны 18 цагт буудаг байна. Харин заримдаа оройны ээлжид ажилладаг байна.

Арванхоёрдугаар сарын 04-ний өдөр тэрбээр оройны ээлжид ажиллажээ. Тухайн өдөр гэрээсээ 13 цагийн үед гарч, орой 23 цагийн үед тарсан байна. Аавыгаа ажлаас иртэл хүүхдүүд хажуу хашаанд үеэл эгчийндээ байдаг тул Чулуун-Эрдэнэ эгчийндээ орж хүүхдүүдээ авчээ. Тэд гэртээ орохоор хаалгаа таттал урдаас нь хар утаа суунаглан, удалгүй улаан гал маналзажээ.

Галын машин ирээд шуурхай унтараасан ч доторх эд хогшил бүгд шатжээ. Гал гарсан шөнө тэд үеэл эгчийндээ хоносон бөгөөд өглөөний 06 цаг хүртэл хэнийх нь ч нойр хүрээгүй гэнэ. Бүрэн унтарсан байгаа хэмээн сэтгэл зовнин хэд хэдэн удаа гарч харцгаажээ.

Харин арванхоёрдугаар сарын 22-нд халуун амьдралынх нь бүлээн илч шингэсэн орон гэрээ галд алдаж, хамаатныдаа толгой хоргодож байсан Ц.Чулуун-Эрдэнэд мэргэжил нэгт нөхөд, болон сайхан сэтгэлт ард түмэн иж бүрэн тавилгатай, хоёр өрөө байр бэлэглэжээ. Бид түүнийг байртай болохоос нэг хоногийн өмнө уулзаж, ярилцсан юм. Ц.Чулуун-Эрдэнэд Биокамбинатад төрж, өссөн хотын унаган хүүхэд аж. Түүний аав, эгч нь малын эмч, ээж нь цэцэрлэгийн багш байжээ. Харин одоо хоёр ах нь Ховд аймагтаа ажиллаж, амьдарч буй гэнэ. Тэрбээр 2005 оноос хойш тасралтгүй цагдаагийн байгууллагад ажиллаж буй бөгөөд таван жил нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилласан байна.

Энэ тухай тэрбээр “Суманд ажиллах сайхан байсан. Гэхдээ хашаа, байшиндаа их санаа зовдог байсан. Хажуу хашаанд байдаг ах, эгч хоёртоо захиад явсан ч хүмүүс цонхыг нь хагалж ороод архи ууна. Ах, эгч хоёрын битүүлсэн цонхыг ахиад л эвдээд орчихно. Уг нь энэ байшинг аав, ээж минь энэ байшинг өөрсдөө барьж тохижуулсан юм. Бид 1992 оноос хойш амьдарч байгаа. Харин одоо шатчихсан чинь минийх гэж хамаатуулах дурсамжууд үгүй болчихсон юм санагдаад, сэтгэл тухгүй байна” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн эгчийнхээ тухай ярьж эхэллээ. “2019 онд эгч Ханбогд суманд хүүхдүүдтэйгээ ирсэн юм. Удаагүй гуравдугаар сард гэнэтхэн л зүрх нь хаагдчихсан. Түүнээс хойш гурван хүүхэд нь надтай хамт байгаа. Бүгд л намайг аав аа гэж дууддаг.

Ухаан орсон цагаасаа л тэгж дуудаж байгаа. Анх их сонин санагддаг байсан. Харин одоо бол дасчихсаан. Одоохондоо надад гэр бүл зохиоё гэж төлөвлөсөн юм алга. Би чинь гурван хүүхэдтэй хүн. Санаа нийлэх хүн таарах уу гэдэг асуудал” хэмээв. Ц.Чулуун-Эрдэнэ эгчийнхээ гурван хүүхдийг өсгөж, аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж яваа ч хүүхдүүд одоо аавынхаа нэр дээр байгаа аж. Хүүхдүүдийн аав тэднийг байшингаа галд алдсаныг сонсоод ирж уулзсан байна. Гэсэн ч хүүхдүүдээ өсгөх хүсэлгүй байгаа гэнэ. -Гурван хүүхэд одоо хаана байгаа вэ? -Их Наранд байдаг үеэлийнх рүү хоёр том маань явсан. Харин бага хүү Ховд аймагт ахынд байгаа. -Бага хүү хэзээ хөдөө явсан бэ.

Утсаар ярьж байгаа юу? -Ах маань бага хүүг хөдөө явуулчих гэсэн юм. Гал гарсны дараахан явсан. Хүүтэйгээ ярилгүй яахав. Хөдөө байгаа болохоор заримдаа сүлжээ унаад ярьж чаддаггүй. Гэхдээ хөдөө хонь ямаатай хөөцөлдөж тоглоод завгүй л байгаа бололтой. Намайг ер нь тоохгүй л байх шиг байна шдэ/инээв/. -Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээр хот руу ирэх үү, эсвэл тэндээ цэцэрлэгт явах уу? -Нааш нь өгч явуулах эсэхийг сайн мэдэхгүй л байна. Болохгүй бол бид хоёр өсгөж өгье гэж ч магадгүй л юм. -Коронавирусийн үеэр амрахгүй ажиллах шиг боллоо. Амарч байгаа өдрөө хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ? -Амарч байгаа өдрөө гэрээ цэвэрлэж, угаалга хийдэг.

Хүү маань усанд явж өгдөг. Орой нь хүүхдүүдтэйгээ хөзөр тоглоно. Хамаатантайгаа айл саахалт болохоор бүр ч сайхан. Орой хамтдаа бужигналдана. Ойр байж, нэгнийдээ орж, гардаг болохоор ажлаа ч сэтгэл тайван хийдэг. Үеэл эгч маань ч хүүхдүүдийн онлайн хичээлийг хийлгэчихнэ. Их тус дэмтэй. Өвлийн хүйтэнд амьдрах орон гэрээ галд алдсан ч тэр гурван хүүхэдтэй баян аав. Мөн ард түмэн гурил будаа, түлээ, нүүрс, хүнсний тусламжийн цуваа тасрахгүй илгээсээр буй аж. Тэрбээр хандив, тусламж илгээж, сайн үйлсийн аян эхлүүлсэн хүмүүст хандан “Хандивын аян эхлүүлсэн цагдаагийн байгууллагынхандаа болон хандив өгч байгаа бүх хүнд маш их баярлаж байгаа.

Та бүхний маань өгч буй хандив, тусламж биднийг ирэх өдрүүд дааруулахгүй байх аа” хэмээн ярьж байсан юм. Гэтэл дараа өдөр нь монголчуудын илгээсэн сайхан сэтгэл “хоёр өрөө байр” болжээ. Хөл хорио тогтоосон тул бид түүнтэй утсаар холбогдон шинэ байранд орсон сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Одоо ажил дээрээ байна. Намайг арванхоёрдугаар сарын 22-нд “Цагдаагийн нэг өдөр” нэвтрүүлгээс шинэ байр руу шууд л дагуулаад оччихсон. Маш сайхан байна. Ард түмэндээ болон байгууллагынхаа дарга нарт баярлалаа. Гэртээ хамгийн түрүүнд юу авахаа одоохондоо бодоогүй л байна” гэсэн юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *