
Должин эмгэний сэтгэл онгойсон бололтой Саруул руу харан: – За миний хүү буцацгаая даа гээд хацар дагасан нулимсыг нь арчаад духан дээр нь үнсэн: – Эвий минь гээд машин зүг алхав. Ингээд бүгд машин мотоциклоо асаагаад хѳдѳлцгѳѳв.
Тэднийг эргэн явах замд тэнгэр цэлмэг хэдий ч хэсэг бѳѳгнѳрсѳн үүлнээс бороо шиврэв.Должин эрхээ эргүүлэн “Сэмжид минь бид хоёрыг харжээ. хѳѳрхий минь хүлээгээд байсан байж шүү дээ” гэв. Саруул машин жолоодон явах хэдий ч зѳѳлѳн гунигтай хэрнээ ээжтэйгээ уулзсандаа сэтгэл нь ѳег байлаа.
Ийнхүү гэрт ирвэл багын найз Багахүү ирчихсэн байв.Багахүү Саруулыг тэврэн ѳргѳѳд: – Миний найз ирэхгүй ямар их удав аа. Нилээн жин нэмжээ. Нэг барилдмаар санагдаад байх чинь.
Нэг үзчих үү гэвэл Саруул: – За боль доо чамайг яаж давах вэ? Чи чинь сумын цол авсан гээ биздээ хэмээн инээмсэглээд Баярлалаа найздаа муу байшин минь танигдахын аргагүй болжээ гэв. Багахүү зүгээр дээ. Харин ч бүр гоё болгох байсан юм.
Чи Нарааг мэднэ дээ залхуураад кино үзээд суучихдаг юм.Би бүр сүүлдээ бухан Ганаа , хар Эрдэнээтэй нийлж хийсэн гэв. Ингэж хоёр найз уулзан ярилцах зүйл мэдээж дуусашгүй . Сампил машинаа асаан хоёр хүүхэд суугаарай.
Хэдүүлээ Должин эгчийнхээ гэрийг авч ирье гээд хѳдлѳв. Удалгүй ч гэрээ ачаалсаар ирээд гэрээ барьцгаан Должин эмгэн галаа асаан цай чанав. Должин: – Яасан сайхан юм бэ? Наддаа бол орд харш л юмдаа гээд энэ Пунцагийнхаа ажлыг баахан алдуулчихлаа гээд харвал Пунцаг : -Зүгээр дээ. Ерѳѳлт эмч байгаа, харин ч гэрээ хурдан барилаа гэв. Сампил Саруул Багахүү хоёр руу харан: – Та хоёр Нараатайгаа уулзах гээд л шивнэлдээд байна уу? Миний машинтай яваарай, хашаанд байгаа хэдэн шургааг банзнуудыг ачаад яв. Би хоёр хоногоос очноо.
Хашаагаа томруулахгүй бол болохгүй нь гэвэл Багахүү Саруулын чихэнд: – Хонин сүрэг нь хотондоо багтахгүй , хашаандаа хашихаар хагас нь л орно тэгэхээс яахав гээд жуумалзвал Саруул: – За дэмий юм яриад бай. Чи бүр хүн шоолох гэж тѳрсѳн байхаа гээд инээмсэглэв. Цай ч болж бүгд цайлж дуусаад гарцгаав. Саруул Должин эмгэнд: – Би Нараа дээрээ очлоо, хэд хонох байх даа гэвэл Должин: – Тэг дээ. Миний хүү хамаагүй машин , морьтой давхив гэж захиад би алзахгүй ээ юунд нь санаа зовох вэ? маргаашнаас нутгийн найз нартайгаа уулзаад уйдахгүй би гээд инээмсэглэв.
Саруул Должин эмгэний инээмсэглэлийг их цѳѳхѳн хардаг хэдий ч нутагтаа ирснээс хойш харин байнга нүүрэндээ мишээлтэй байх болсонд баяртай байв. Саруул Багахүү хоёр хэлсэн бүгдийг ачиж дуусгаад хѳдлөхѳѳр болов. Сампил зам зааж ѳгѳѳд: – Аяар яваарай хүүхдүүд ээ гэв. Саруул жолоо барин Нараагийнх руу хѳдѳлцгѳѳв. Замдаа Багахүү ам хуурайгүй бүх сонин сайхнаа хамж ярина. Саруул ч сонирхолтой нь аргагүй яриулна.
Нилээн явсны эцэст сая нэг Нараагийн зуслангийн барааг харав. Саруул машинаа зогсоон гадагш гаран саравчлан харна. Бараа нь зэргэлээтэх танан цагаан гэрүүд Тэнгэрт мацах хѳх суунаг утаа Тал дүүрэн бэлчих таван эрдэнийн сүрэг Тэнгэрийн хаяа дэрлэх цэнхэр цэнхэр уулсаа харан ѳѳрийн эрхгүй самсаа шархирна.Багахүү: – Нараагийнх тэр хамгийн баруун талын хоёр гэр бас морь уячхаж ээ. Нараа түрүү жил сумаас нэг айраг аваад бѳѳн баяр.
Намайг дагуулж баахан явсан. Хэн мэдхэв морь нь сайн болоод л явсан байх. Нараагийн уях гэж би итгэдэггүйн гээд инээв. Саруул: – Чи нээрээ Нарааг цаашлуулдаг яг хэвээрээ шүү. Та хоёр хэзээний ийм хоёр доо. Нэгнээ муулаад ч байгаа юм шиг эсвэл нэг их сайн хүн болоод магтана гээд инээн За за явцгаая гээд хѳдлѳв. Явсаар Нараагийн гадаа ирэв. Нараа гэрээс гарч ирэн Саруулыг хараад: – Хүүе , Энэ чинь миний найз уу даа гээд түргэн түргэн алхан ирэээд Саруулыг тэврэв. Багахүү машинаас буун: – За сайн уу? Чи чинь юун баахан морь барьчхаав дээ бас. Олигтой уяарай даа.
Сүүлдэж онигоо болов гээд инээв. Нараа: – Сайн сайн Саруулаа , Энэ нэг сумын начин болсон ухаантай. Тэрнээс хойш их үг хэлдэг болчхоод байгаа юм. Ядаж аймгийн цол авсан бол яахав Тээ гээд инээв. Саруул: – Хоёр найзтайгаа уулзаад бүүр хѳѳрчихлѳѳ. Сайхан байна, Баярлалаа та хоёртоо гэв. Ийн гэрт орцгоон элдвийг ярилцан инээлдэнэ. Нараа: – Би ч аав ээж , тѳв хѳдѳѳгийн хооронд явдаг болсоон. Аав маань нэг унаж ойчоод бүр сандаргасан шүү гээд Би яахав тэгээд хэдэн малаа хараад л сууж байна даа гэвэл Багахүү цаанаас хараад: – Гэчихэж ээ , хажуу айл чинь энэний туслах малчин айл.
Хүн зараад л амар болсон наад чинь гэвэл Нараа: – За чи дут. Энэ бүүр дандаа үг ѳддѳг хэвээрээ. Хааяа мань хоёр барилцаад авчихдаг гэж байгаа гээд инээн: – Энэ айлын ахтай дээр адуунд явж байгаад танилцсан юм. Ядарч яваан хѳѳрхий. Сая би тав арван юм тасдаж ѳгсѳн. Хүүхдүүд нь ч сургуульд яваад бие биендээ дэмтэй л байгаа. Хонь л хариулдаг юм даа. Би яахав адуу үхрээ харчихна болоод байгаа гэв. Саруул Нарааг магтаад Багахүү рүү харан: – Битгий ингэж бай миний найз гэвэл Багахүү – За юу гэж дээ тоглоод л хэлж байхгүй юу даа . Үнэн голоосоо юу гэж ингэж бодох вэ дээ гэв. Саруул: – Нараа минь одоо эхнэр л авах болж дээ, хоол унд гээ л хэцүү биз гэнэ. Нараа: – За тэр яах вэ болно биз дээ .

Тѳѳргѳѳрѳѳ гэв . Саруул гаднаас цүнхээ оруулж ирэн уудлаад чихэр , боов гарган ширээн дээр тавиад Нараа руу харан: – Чамд авсан юм гээд хоёр нүдний дуран ѳгѳв. Нараа баярлан: – Өѳ, За чи ч том бэлэг ѳглѳѳ дѳѳ. Яаж хариу барина даа гэвэл Саруул: – Чамд харин баярласан шүү ѳвѳл идэш явуулсан байна лээ . Байшинг минь ч сайхан засчээ. Харин ч наад чинь багадна гэв. Нараа инээмсэглэн: – Энэ Багахүү уйллаа хараа гэвэл Саруул: – Үүнийг чамд гээд монгол гутал гарган ѳгѳѳд: – Чи ч барилдах хоббитой, ѳѳрѳѳ дуртай л даа. Тэгээд найз нь авсан юм.Харин барилдаж байгаа чинь сайн хэрэг гээд За яахав тэгж байгаад начинтай нэг үзнэ ээ гэв.
Багахүү мѳн л баярлан: – Энэ жил цол ахих юм шиг болоод цээжинд багтаад ирэх чинь вэ? гээд мишээнэ. Саруул цүнхний ёроолоос нэг шил виски авч ширээн дээр тавиад: – Хоёр найзтайгаа найрлана аа ѳнѳѳдѳр гэвэл Нараа , Багахүү хоёр: – Энэ одоо юу вэ ? Яасан сүртэй шилтэй юм бэ дээ. Бид хоёр хааяа найрлана аа, бүр хэд хоног найрлачихдаг хоёр доо гэв. Юм ярьсаар цаг ч орой болж мал ч хотлов. Нараа боов , чихэр аваад: – Хажуу айлдаа оруулж ѳгье дѳѳ. Би идэхгүй хатаачихна. Хайран юм, хүүхдүүдэд ѳгчхѳѳд ирье гээд гарав. Энэ хооронд өнѳѳх хатуу юмнаасаа бүгд хэд хэд татсан учир үг нь ч ивлээд ирлээ.
Нараа малчин ахыгаа дагуулан орж ирээд Саруулыг танилцуулан магтана. Ийн найзууд энэ шѳнѳ бие биендээ сэтгэлээ уудалж уйлахдаа уйлж дуулахдаа дуулж ѳнгѳрѳѳсѳн, санасан сэтгэл байлаа. Ийнхүү ѳдѳр хоног ѳнгѳрсѳѳр сумын наадам дѳхжээ. Саруул тѳв ,хѳдѳѳ хоёрын хооронд хүнс болон хэрэгтэй юмсыг зѳѳдѳг болж Нараад туслан завгүй ѳдрүүд ѳнгѳрсѳѳр… Саруул ѳглѳѳ эртлэн босч Нарааг сэрээнэ. Нараа нойроо харамлан Яасан бэ ? гэвэл Саруул: – Маргааш наадам эхлэх гэж байхад догдлохгүй байна уу? Өнѳѳдѳр морьдоосоо эрт хѳлс авна гэсэн яасан.
Чи ч нээрээ морь уях гэж амьтан зовоочих юмаа гэв. Нараа хѳнжилнѳѳсѳѳ цухуйн: – За за бослоо. Чамайг ирснээс хойш ѳглѳѳ ч унтаж чадахаа байлаа гээд ѳндийв. Хоёул цайлж дуусаад гарцгаав. Мѳн Нараагийн эгчийн хүү Амгалан цуг алхана.Нараа уяан дээр очин: – Үгүй чи хэзээ морьдоо барьчаав ? гэвэл Саруул чамайг унтаж байх хойгуур. Чи нээрээ уяач хүн мѳн үү. Багахүүгийн хэлдэг ортой л юм байна гэв. Нараа: – Та хоёр малаас хѳндий хүмүүс. Юугаа мэдхэв ? Харин энэ жил миний бага нас л давхина даа гэв. Саруул цавдир азаргаа нэмнээлж, эмээл тохоод ѳѳрѳѳ мордоод миний найдвар энэ дээ. Холын зайнд нэхдэг л адуу байна лээ гэвэл Нараа: – Чи л ѳѳрѳѳ мэд дээ гээд эргэн алхав. Саруул ташуур ѳгѳн хээр талаар цогиулан довтолгоно. Хэсэг хугацааны дараа эргэн ирж мориноосоо буун нэмнээгээ задлан хѳлсийг нь хусуураар хусан: – Нараа гараад ирээ. Чи нэг хар даа, яаж байна гэвэл Нараа гэрээс гарч ирэн дѳхѳж ирээд: – Өнѳѳдѳр хоолыг нь тааруулчихвал маргааш чиний аз байвал давхина даа гэв.
Саруул инээмсэглэн: – Амгалан минь сонсож байна уу? Чи л хамгийн чухал хүн ш дээ. Унаач хүүхдийн ухаан гэж бас бий шүү гэнэ. Ийн үд болохын алдад Сампил мөн Хишгээ ирэв. Сампил гэрт орон: – За хүүхдүүд Сайн байцгаана уу ? Морьдыг чинь харах гэж ирлээ дээ. Одоо тѳврүү хѳдлѳх гэж байна уу? гэвэл Нараа: – Тиймээ дѳхѳж хононо оо, Аав гэв. Сампил гэрээс гарч морьдын уяа руу очиж хэсэг харж харж байснаа эргээд ирэв. Сампил: – За Нараа минь их нас , шүдлэн хоёроо тавчихаа. Энэ жил уралдахгүй нь. Их нас чинь бүр болоогүй байна, хээр шүдлэн чинь ѳнгѳ ч засаагүй байна шүү гэв. /Сампил бол морь уях гэдэггүй ч моринд сүрхий гярхай хүн билээ/ Саруул инээмсэглэн: – Би хэлээ биз дээ сунгаанд яалаа гэтэл Нараа Саруул руу нүдээ ирмээд: – За ааваа гэв. Ийн мордоход бэлдээд гэрт орцгоон дээл хувцсаа ѳмсѳнѳ. Хишгээ баадантай зүйл задлан Саруул руу хандан: – Май үүнийг ѳмсѳѳд үз миний дүү.
Должин эгч бид хоёр хийсэн юм гээд цэнхэр ѳнгѳѳр ѳнгѳлсѳн тэрлэг ѳгѳѳд Нараагийн дээлнүүд амьтан хүнд нүдлэгдчихсэн яаж хүний юм ѳмсѳж болох вэ ? гэв . Саруул маш их баярлан ѳмсѳж үзээд: – Ямар гоё юм бэ? Баярлалаа эгч минь гэнэ. Нараа мѳн инээмсэглэн: – Миний найз ч гараад ѳглѳѳ дѳѳ. Найзынхаа энэ малгайг духдчих гэнгүүтээ “Аав ташуураа Саруулдаа бариулчаач” гэвэл Сампил инээмсэглэн мѳнгѳн тоногтой эмээл хазаараа зааж: – Тэр иж бүрнээрээ байхад ганц ташуураар яахав. Ах нь моринд мордож гоёхоо байгаад удаж байна. Миний дүү ирэхээрээ гоёж бай гээд Саруул руу харав. Нараа: – Өѳ, за за Саруул ч бүр гангарах юм байна л даа . Амгалан миний дүү ѳнѳѳдѳр аав ээжтэй тѳв орж сайхан амар.

Маргааш сэргэлэн цовоо босоод ир. Жилийн ажлыг минь чи л мэднэ шүү дээ гэвэл Хишгээ: – Хүүхэд загнаад ороолгосон сураг байсан сайхан мэдээрэй чи гэв. Нараа: – Хүүхэд байхад аавд тэр байтугай л ороолгуулж явлаа. Зүгээр хатуужилтай хүн болгож байгаа юм. Аав ээж нь эрхлүүлсэн нялцгай хүүхдийг нь харин ч би эр хүн болгож байна гэвэл Сампил хѳхрѳн: – Энэ надад гомддог юм байна л даа. Харин бага байхдаа хэн ээжийнхээ хормойн дор нуугддаг байсан бол доо гэнэ. Ийн хоол цай идэж дуусаад Нараа Саруул хоёр морьдоо хѳтлѳн сумын тѳврүү гэлдрэв. Орой ч болж хоёул тѳврүү ойртон морьдоо аргамжиж чѳдѳрлѳѳд богцоо задлан дэвсгэр дэвсэн эмээлээ дэрлэн дээлээ нѳмрѳн хэвтэцгээв .