Home Өгүүллэг АГУУ ХАЙР 11-р хэсэг

АГУУ ХАЙР 11-р хэсэг

2 second read
0
0
645

Тэр явдлаас хойш 3 сар өнгөрчээ.Их ч зүйл өөрчлөгдөжээ. Саруул Бат ахынхаа хэлснээр Сэргэлэнгийхээс нүүж тусдаа нэг жижигхэн нийтийн байр түрээслэх болов. Харин Должин эмгэн аргагүйн эрхэнд хүүхдүүд дээрээ үлджээ. Должин Саруулыг хичнээн явуулах дургүй байсан ч Саруул өөрийхөөрөө шийдсэн нь энэ.

Тэглээч Сэргэлэнгийхээс хол биш тул Должин зөвшөөрчээ. Шүрээ хүүтэйгээ ахындаа амьдрах болжээ . Угаасаа ч жижиг гэр тул Саруул ийн шийдсэн юмсанж . Саруул ажил,хичээл гэж явсаар одоо л нэг элсэлтийн шалгалтныхаа өмнө тулж ирэв. Уянга ч Саруултай хамтдаа шалгалтандаа бэлдсээр… Уянгад Саруул хэдий найртай ханддаггүй ч Уянга түүнд сэтгэлийнхээ гүнээс дурласан нь илхэн.Гэтэл Саруулын сэтгэлд ганцхан Нандиа л бодогдоно.

Тэр уулзсан өдрөөс хойш дахиж уулзаагүй, яриач үгүй. Бас гэр нь нүүсэн тул Саруул утас дуугарч нэг л өдөр Нандиа , Долгор эгч хоёрын нэг нь ярина гэдэгт бат итгэлтэй хүлээсээр л . Саруул хичээл дээрээ ирэн дэвтэр номоо гарган суухад түүн дээр ирж хичээлээ асуугсад олон болжээ. Шалгалт дөхсөн учир шинээр хүүхдүүд нэмэгдсээр байлаа.

Тэдний дунд өөртэй нь чацуу, дуу багатай даруухан залуу нүдэнд тусна. Яагаад ч юм Саруулд ихэд дотно санагдах бөгөөд түүнтэй танилцахаар Саруул гээд гараа өгтөл нөгөө залуу Цэнгэл гэж инээгээд: — Чи бас хэдэн жил өнжжихөө юу ? Намайг бодвол чи хүссэн сургуульдаа орох байх аа. Би ч яахав гээд “Хичээлийн дараа тухтай уулзъя” гэв. Саруул хотод ирсээр Уянга болон Төмөрөөс өөр дотны найзгүй билээ. Уянга хажуунаас нь дугтран.

Наад Цэнгэл чинь дуугүй байж байгаад үл бүтэх этгээд шиг байна лээ. Та хол байсан нь дээр байх. Манай ангийн Сарааг танилцъя гээд хоргоогоод байсан гэсэн. Ангидаа бол дуугүй хэрнээ гэж уурлангуй хэлээд дэвтрээ нээв. Саруул юу ч хэлсэнгүй тэхдээ нутаг нэг гэж сонссон болохоор ямар ч хүн байсан нутгаасаа хол яваа хүнд дотно санагдах нь зүйн хэрэг, ингээд хичээл тарж Саруул , Уянга хоёр ангид хичээл хийн суудгаараа сууна.

Уянга энэ үед л хамгийн аз жаргалтай хүн болсон мэт Саруулыг харан инээмсэглэнэ. Саруул Уянгыг өөрт нь сайн гэж мэдэх хэдий ч түүнийг хичээлээ сайн хийж гадаадад сураад ирвэл чамтай энэ талаар ярилцъя. Ерөнхийдөө Уянгыг хүлээж авна гээд хэлчихсэн юмсанж. Аз жаргалтай байгаа шалтгаан энэ. Бүх хүүхдүүд ангиас гарсны дараа Цэнгэл ангид орж ирээд Саруулын хажууд суугаад энэ бие хамгаалагчаа гаргачих уу? гэхэд Уянга толгой сэгсрэн: — Үгүй шүү. Харин чи өөрөө гарчих уу? Хичээлээ хийж байна харж байна уу? гээд уурлав.

Цэнгэл инээн: — За тийм байдаг байж. Саруулаа орой завтай юу, гадуур жаахан явъяа л даа. Чи манай нутаг юм байна лээ. Би ч багадаа нутгаасаа гарсан хүн. Очоогүй их уджээ. За за гарлаа, Энэ миний дугаар, харин наад хажууд суугаа шувуухай чинь гэснээ за за юу ч бишээ хэмээгээд инээмсэглэн гарч явав. Саруул их л гайхан “ Хичээл дээр бодолд орсон дуугүй даруухан залуу. Орой гарах уу гээд л. Бас учиргүй жуумалзан Уянгыг өдөж өдөж гарсан нь ердөө ч таалагдсангүй . Гэхдээ тэр түүнтэй өөрөө эхэлж танилцъя гэсэн тул уулзах нь зөв” гэж бодлоо. Уянга Саруулыг хориглон: — Та битгий яваач. Энэ залуугаас хол байгаарай, надад бүр таалагдахгүй байна гэхэд нь Саруул: — За уулзахгүй ээ гэсээр гарч явав. Улмаар Саруул ажил дээрээ ирэхэд Төмөрөө нэг бүсгүйд загнуулсан янзтай зогсож байв. Саруул очоод: — Уучлаарай. Энд юу болоод байна гэхэд бүсгүй: — Чамд ямар хамаатай юм.

Дүүгээ загнаж байгаа эгч нь байна, цаашаа явж үз гэв. Бүсгүй нилээн ууртай байлаа. Саруул: — Би ажлынх нь хүн байна аа Дүү чинь надад энд хамаатай гэхэд бүсгүй: –Өө за за, ашгүй чамайг хайж байлаа. Чи нөгөө Саруул уу алдарт ачтан нь юм биз дээ. Хайртай дүү чинь гэртээ ирэхгүй хонохгүй гадуур яваад байна даа, бас нөгөө хичээл сургалтаа хаясан ш дээ, Чамд яаж хэлэхэв гэнэ. Төмөрөө доош харан зогссоор байв. Саруул Бат хоёр Төмөрөөг нэгэн сургуульд оруулсан юмсанж. Төмөр яагаад ч юм сургуульд орсон өдрийн маргаашнаас гарах болих талаар хэд хэд цухуйлгаж байж. Саруул: — За тайвшир. Уул нь Төмөрөө хичээлдээ сайн хүүхэд. Жаахан хичээвэл дээд сургуульд төвөггүй орно. Таныг хэн гэдэг билээ тантай уулзах гээд Төмөр уулзуулахгүй шалтаг хэлээд явсан юм. Ашгүй, та ирлээ. Хоёулаа ийшээ сууя гээд дагуулан явав. Төмөр ажилдаа орж Саруул эгчтэй нь ярилцаж сууна. Саруул руу уурлаж байсан өнөөх эмэгтэй тайвширсан харцаар харан санаа алдаад: — Намайг Хонгорзул гэдэг. Анагаахын оюутан 4- р курс, шалгалт дөхсөн болохоор би дандаа шөнө гэртээ орох юм. Төмөрөө ПС тоглоод хонууд өнжүүдээр дандаа алга болчихдог.

Танай ажилд орсноос хойш гэртээ ирэх нь ховор боллоо. Бэлэн мөнгөтэй хүн яаж ирхэв дээ. Чамайг л хааяа ярьдаг юм. Тэгээд чамтай уулзъя гээд ирлээ. Миний дүүг харж хандаж байгаад баярлалаа. Гэхдээ сүүлийн үед үг авахгүй урдаас хэдэрлэдэг болсон. Чи нэг хэлж өгөөч, чамайг ойрхон байдаг болохоор ойлгох байх. Бид хоёр хоёулхнаа, шөнө ирээд байхгүй байхаар нь санаа зовоод муу л юм бодогдох юм хэмээн чин сэтгэлээсээ цөхөрсөн санаа зовнисон царайг нүд дүүрэн нулимстай гаргахад Саруул ээждээ уурлаж хэдэрлэж байснаа санаад яг л энэ царай ээжийнх нь тэр үед гаргадаг царай, хаалга саваад гарахад хэр их уйлдаг байсан бол гэж бодохоор Саруулын нүднээс нулимс дусахгүй байж чадсангүй. Саруул Хонгорт хандан: — Санаа зоволтгүй дээ, би хэлье анхааръя, харин чи дугаараа үлдээчих. Би яръя, холбоотой байя гэхэд Хонгорзул сая нэг инээмсэглэн: — За тэгэлгүй яахав баярлалаа дараа уулзъя. Тантай танилцсандаа баяртай байна, одоо хичээлтэй гэсээр явав. Саруул Төмөр дээр очин: — Чи сайн эгчтэй юм. Хайрлаж явах хүн чинь байна даа. Би чамд харин атаархаж байна шүү. Зүгээр дээ, би чамайг ойлгож байна үглээд ядаргаатай байгаа биз. Ядаргаатай гэж бодож байвал буруу даа хэмээн санаа алдаад би харин одоо дуртай загнуулмаар байна даанч боломжгүй гэсээр нулимстай нүдээр Төмөрөөг харчхаад эргэн алхав. Төмөрөө Саруулыг ийм байхыг огт хараагүй тул гайхан эгч одоо юу гээд хэлчихсэн юм бол доо хүн гомдоогоод гэж бодно. Өнөөдөр ажил эрт дуусч Бат Саруулыг дуудан: — Хэд хоногоос манайд ирээрэй. Заяа эгч нь чамайг урьсныг мартаагүй биз дээ.

Чи нөгөө байрандаа хэр төвхнөж байна даа. Машинд будаа агшаагч мөн жаахан хүнс байгаа түүнийг ав. Хараад байхад найз нөхөд гэж чамд байна уу? Үргэлж ганцаараа явах юм. Зожгирчхов доо гээд инээмсэглэн май энэ гээд: — Түрээсний мөнгөө өгнө биз дээ хоёулангийнх нь тооцоо дуусаагүй ч мөнгө хэрэгтэй бол санаа зоволтгүй хэлж бай. Чиний бие бялдар чинь шал өөр болоод байгаа шүү. Ажил хүнийг хүмүүжүүлдэг бас сайхан өв тэгш бялдартай болгодог юм ш дээ гэсээр Саруулд жаал жуул юм өгөөд явав. Саруул Төмөрийг дуудан хоёулаа манайд очно оо. Энэ юмнуудыг аваачихад тусал. Тэгээд ч чамтай ярих юм бий . Тэр хоёр автобусанд суун Должингийн байгаа газраас даруй 3 буудлын наана буугаад “За жаахан дээшээ алхана даа” гэсээр нилээн явж 2 давхар улаан тоосгон байшинд ирээд за орцгооё манайх 2 давхарт гээд шатаар өгсөв. Шатаар гараад коридор байх бөгөөд тоолвол 10аад өрөө байна . Саруул хамгийн цаад талын хаалганд очоод энэ дээ гээд түлхүүр гаргаж ирэн онгойлгов. Орвол нэг сандал,гудас дэвссэн байх ба мөлхөө ширээ, халуун тогоо, кассет хийдэг хөгжим харагдана. Өрөө жижигхэн боловч их тохилог шалан дээр дэвссэн хулдаас нь шинэ байлаа. Саруул авчирсан юмаа эмхлэн цай чанах зуур Төмөрөө рүү харан: — Чи ингэхэд жаахан буруу хүүхдүүдтэй нийлээд байна даа. Хичээл ном сурлага байхгүй, аав ээжээсээ дүрвэсэн тоглоомын газраар хоноглосон зах замбараагүй хүүхдүүдтэй.

Чи чинь яачхаад байгаа юм бэ? Чамтай ирдэг чиний тэр найз хэн билээ өндөр банди, их тогтворгүй. Манай хуучин ачигч нартай архи ууж байсан. Чи арай архи дарс уугаад явна уу? гэхэд Төмөр царай нь улалзан: — Үгүй дээ яалаа гэж, би уул нь хамт явах дургүй. Намайг хүчээр дагуулж явдаг. Сүрдүүлээд байдаг юмаа. Тэр хүүхэд чинь бид нарын толгойлогч, нэг ёсондоо атаман гэхэд Саруул уурлан хүчээр архи уу гэвэл уух нь л дээ чи, бас юун атаман бэ? Та нарт тийм юм байна аа. Дараа нэг уулзана аа тэр сүрдүүлэгчтэй чинь. Харин өнөөдөр чи заавал гэртээ хононо шүү. Хоноогүй байвал би тэр сүрдүүлэгчээс чинь ч ууртай хүн шүү гээд Төмөрөөг харвал За гэж дохиод: — Уучлаарай, одоо гэртээ байна аа ах аа гэнэ. Саруул цай аягалан боорцог тавганд хийгээд: — Манайхаар ирж бай. Чи энэ утсыг ав. Миний хуучин утас дугаар аваад над руу залгаарай. Эгчтэйгээ байнга ярьж бай, их л санаа нь зовдог юм байна. Чи ч тэгж байгаад хөдөлгөөнтэй хүн байна шүү.

Миний энэ өрөө жаахан зай муутай тэхдээ чамайг бол шингээчихнэ хэмээн инээмсэглэн: — Ах нь шалгалт ойртсон. Ажлын бус цагаар гэртээ байнга байдаг юм шүү гээд цаг руу хараад “За гарна аа өнөөдөр нэг хүнтэй уулзана” гээд гар нүүрээ угаан хувцсаа солив. Төмөр жуумалзан: –Та чинь танигдахгүй ганган болох чинь хайчихна вэ? Эмэгтэй хүнтэй уулзах нь уу? Уул нь санаагаар болдог бол эгчтэйгээ таныг найзлуулах юмсан гээд инээхэд Саруул: — Өө, за бас жаахан хүүхэд байж охидыг харж явдаг байх нь. Би чиний насан дээр л лав . . . . за за дэмий донгосох яахав. Эгчийгээ гэнэ шүү мангар хог вэ? гээд хоёул гарав. Саруул автобусанд суунгаа Цэнгэл рүү залгаад Саруул байна аа ? чи . . . . . өө ашгүй дээ . Чи Цамбагарав дээр хүрээд ир. Би ирчихсэн байна. Ирэхээр чинь жаахан сууж юм яръя гэнэ. Саруул ч удалгүй буудал дээр буугаад Төмөрөөг заавал харь гэж дохино. Автобусны буудал дээр Цэнгэл ангийнх нь охин Сараатай тамхи татан зогсож байв. Саруул ирэн мэндлээд: — Сараа байгаа гэж хэлэхгүй яасан юм. Би хоёулхнаа л уулзана гэж бодлоо . Цэнгэл инээн: — Сараа чамтай уулзана гэсэн чинь дагаад байхаар нь л гэхэд Сараа: — Үгүй ээ юу гэж дээ . Чи нээрээ их даруухан харагддаг. Хотын шөнийн амьдралыг харуулах гээд л чамд сонирхолтой санагдах байлгүй. За за энд зогсохоор өөр газар оръё гээд PUB гэсэн бичигтэй нэгэн газар орж тухлав. Цэнгэл шууд л пиво захиалаад Саруулд хандан: — Арай уухгүй гэх юм биш биздээ танилцсаных би даая. Нэг пиво уучих гээд 2 ийг гэж зөөгч рүү дохино. Сараа ундаа захиалаад: — Манайх энүүхэн ойрхон. Чамайг энүүгээр явж байхыг хэд хэд харсан гэв. Саруул: — Аан, Би энэ ойрхон ажилтай юмаа тэгээ л тэр. Цэнгэл ээ танайх хаана вэ ? Чи анги дээр их даруухан байдаг байж гадуур бол тийм биш байх нь ээ гэхэд Тэрээр инээн: — Би нутгаасаа гараад 7 сар орчим болох гэж байна.

Ирээд л энэ сургалтын газар хичээллэсэн. Энэ жил шалгалт өгөөд тэнцэхгүй бол нутаг буцна аа гэв. Саруул, Цэнгэлийн ятгалганд ороод 2 ч пиво уучихсанд толгой манараад ирэв. Саруул: — Дахиж уухгүй ээ, Би согтоод байна гээд 00 – ын өрөө орохоор явав. 00 –д орж нүүрээ усаар шавшаад “Хөдөө бүр архи ууж байсан удаатай хүн чинь пиво уугаад согтох гэж сонин юм даа. Одоо нэмбэл бүр согтох нь” хэмаан өөрийгөө цэнэв. Цэнгэл , Саруулыг ширээнд ирмэгц: — За гарцгаая одоо жинхэнэ нөгөө газар руугаа орно ш дээ . Чи уухгүй байж болно. Би чамд өгөхгүй гээд дагуулан гарав. Олон гэрэл анивчсан “Disko bar” – ны хажууд ирээд: — За ийшээ орно оо, нэг их удахгүй . Чамд л хотын шөнийг харуулж явна ш дээ, таалагдахгүй бол гараад ирье гэв. Сараа , Саруулыг сугадан оръёо цаг болоод л буцаад гаръя гэсээр орцгоов. Саруул автобусны цонхоор л харж байсан гэрэл анивчсан газраа ороход нэг их цааргалсангүй дагав. Хаалгаар ороход л хөгжим нүргэлнэ. Цааш алхсаар орвол бүжгийн талбай тойроод суусан залуус, ширээ, буйдан, чамин тансаг гэрэл гээд бүх зүйл сонин содон байна. Тэр 3 явсаар нэгэн ширээний ард тухлаад авав. Цэнгэл 1 пиво 2 ундаа захиалаад: — За одоо бүжиглэнэ ш дээ, энэ охидыг хар л даа. Саруулаа чи чинь арай гомо биш биз дээ. Хааяа стресээ тайлж бай. Заавал ууж идэх албагүй. Сарааг байхгүй байсан бол бүр гоё юм үзүүлэх байлаа за за дараа болъёо гэх нь нилээн халсныг илтгэнэ.. Сараа аль хэдийн бүжгийн талбай дээр бүжиж байх нь тэр. Саруул лавшруулан бүжгийн талбайг харвал олон охид, бүсгүйчүүд мөн согтуу залуучууд бүжиглэнэ. Охидоо хоргоож татаж чангаах эрэгтэйчүүд ч мэр сэр харагдана. Удалгүй Цэнгэл Сараагийн хажууд оччихсон Саруулыг дуудан бүжиглэнэ. Саруул: — Үгүй ээ, Би бүжиглэхгүй, юун бүжиглэх. Харин энэ хотын залуус чинь ямар ч ганган, ямар ч гоё бүжиглэдэг юм дээ гэх юм бодоод ийм газар орж нүдээрээ харж чихээрээ сонссоноо хөдөө үлдсэн багын хоёр найздаа ярих юмтай боллоо хэмээн бодно. Ингэж бодлогошрон бас эргэн тойрноо ажиглана. Саруул хамт яваа хоёроо харвал ирэх шинжгүй бүжиглэсээр … Саруул их чимээнд сүүлдээ ядрах шиг ер нь гаръя гээд үүдэнд зогсов. Үүдэнд зогсож байтал цаана хэдэн залуус маргалдан хоорондоо зодолдоно. Саруул ажиглана. Төд удалгүй хэдэн охин гарч ирэн салгах гэж оролдоно. Саруул эргэн тойрон оо ажиглавал салгахыг хүссэн хүн байхгүй бүгд харж зогсоно.

Саруул тэсэлгүй очин: — Хөөе больцгоо залуусаа. Наад охиноо тавь гэсээр гүйн очив. Тэгтэл нэгэн гар орж ирэн нүд рүү нь улаа бутартал бузгай гэгч дэлсээд авав. Саруул доош тонгойн хэсэг зогсоод эргэж босон: — Чи чинь яаж байна аа гээд дайрна.Алиных нь талд орж байгааг үл мэдэн тааралдсанаа барьж авч унаган ноцолдоно. Гэтэл цагдаагийн машины дохио дуугархад тэд бүгд бутран ийш тийш харайлган хэдэн хүн хэвтэж үлдэв. Саруулын ардаас нэг хүн чангааж: — Наашаа ийшээ зугтаая гэсээр дагуулан гүйв. Нөгөө хүнээ эргэн харвал Цэнгэл байлаа . Тэрээр: — Ийм юмнаас зугтааж бай. Би чамайг ингэж зодоон хийнэ ч гэж төсөөлсөнгүй шүү . Чамтай зүгээр л дотно сайхан танилцъя гэж бодсон юмсан. Чи жаахан уураа дарж бай, нилээн ууртай нөхөр байна шүү. Цагдаа ирээгүй бол нэг залуу хүнд төмрөөр цохих гэж байсан. Харин чи барилддаг юм шиг санагдлаа. Дараа нэг үзнэ ээ хоёулаа гээд инээн Сараа гэртээ харьсан. Одоо гайгүй биз явцгаая гээд хоёул алхах зуураа юм ярилцсаар нилээн дотно найзууд болж буй нь илхэн. Саруулд Цэнгэл наанаа ийм сул үг яриатай этгээд хүн боловч цаанаа шал өөр хүн гэдэг нь мэдрэгдэж, түүнд хамаг юмаа ярин сая л нэг дотор нь онгойн хоёр найз илүү их бие биенээ мэдэцгээсэн өдөр байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…