Нүүр Өгүүллэг АГУУ ХАЙР 5-р хэсэг

АГУУ ХАЙР 5-р хэсэг

0 секунд уншина
0
0
466

Нандиа дөхөж ирээд: — Саруулаа сайн байна уу? Чи чинь энд хэзээ ирсэн юм бэ? гээд гараа өгөв . Саруул ч яаран гарыг нь атган: — Би ирээд удаж байна аа, бараг 3 сар болох гэж байна. Энд сургалтанд сууж байгаа.

Должин эгчтэй гээд сандарч догдолсондоо ч тэр үү түгдэрсээр….. Нандиа инээмсэглэн: — Сэмжид эгч ирсэн юмуу гэж асуухад Саруулын догдлол нүүрнээс үгүй болж чухал царай гарган асуултыг сонсоогүй юм шиг: — Чамайг ч танилгүй өнгөрөөх шахлаа шүү. Чи их өөрчлөгджээ гэж хэлэхэд. Нандиа инээх зуураа: — Чамтай энд тааралдана гэж бодсонгүй шүү.

Хэнтэй яваа юм бэ? гэхэд Саруул сургалтанд хамт сурдаг дүүтэйгээ яваагаа хэлээд утасны дугаарыг нь асуухаа мартсангүй. Ийн багын найзууд ярилцаж байх зуур Нандиатай хамт явж буй залуу цаанаас ирэх бөгөөд Нандиад хандан кино эхэллээ хонгор минь гэхэд Нандиа инээмсэглэн: — Энэ миний багын найз Саруул гэж танилцуулаад “За би явлаа” гэснээ: — Өө нээрээ, чи дугаараа өгчих, дараа тухтай уулзъя. Чамаар нутгийн сонин сайхан яриулна аа.

Чамайг харах сайхан байна шүү хэмээн утасны дугаарыг нь аваад залуу хосууд их л жаргалтай хөтлөлцөн эргэн явав. Уянга ч ирлээ. Тэрээр: — Та сая энд хэнтэй яриад байсан бэ? гэхэд Саруул: — Хэн ч бишээ. Таньдаг хүн л байна. За явцгаая баярлалаа чамд , үнэхээр гоё юмаа кино ингэж үзэх чинь. Чи дараа намайг хувцас авахад туслаач. Би ямар хот мэдэх биш гэхэд: — Уянга тэгэлгүй яахав дээ. Тантай бол хотоор зугаалсан ч болно ш дээ хэмээн инээмсэглээд гэрийн зүг явцгаав.

Саруул гэртээ ирлээ. Гэрт орвол Должин эмгэн нулимс дуслуулан суух агаад Саруулд хандан: — За хүү минь бидний эднийд байх хугацаа дуусч байх шиг байна. Би ч энэ архинд толгойгоо мэдүүлсэн хүргэнтэй таарч чадахгүй бололтой. Хүүгээ барааддаг юм уу даа гээд Саруулыг дотночилон хараад чи ч мэдэж байгаа. Шүрээгээ зовоогоод яахав маргааш хоёулаа явцгаана шүү гээд нулимсаа арчив. Саруул үг дуугүй толгой дохиод хоол идэлгүй ороо засан хэвтэв. Шөнө дүл болж байх үед гэрийн эзэн 3 орж ирэн гэрлээ асаав.

Баатар өнөө л сархдаа үнэртүүлж бас л үг өдөн элдвийн зүйл бувтнана. Саруул ч дуугүй хэвтэх бөгөөд бас ч гүй өндөр нуруутай өв тэгш бие галибартай хар ажилд дадаад бяр суусан тул энэ мууг болохгүй бол алганы амт үзүүлсэн ч яадгийн. Даанч Шүрээг минь зовооно байхдаа гэж тэвчин өглөөг хүлээнэ. Өглөө Должин Саруул хоёр хувцас хунараа баглаад: – За бид явъяа даа. Ахынд чинь очиж өвөлжихөөс, миний охин ирж байгаарай. гэж Должин хөгшин хэлэхэд Шүрээгийн нулимс цийлэгнэн толгой дохихоос өөр зүйл хэлж эс чадна. Баатараа нүдээ анин хэвтсээр л байв. Ингээд салах ёс хийж Итгэлийг тэврэн үнсээд.

Ах нь чамайг их санах байхдаа залуу минь гээд Шүрээгийн нүд рүү өрөвдсөн харцаар харах бөгөөд баяртай хэмээн зөөлөн хэлээд Саруул Должин хоёр Сэргэлэнгийн гэрийн зүг хөдлөвэй. Автобусаар хэсэг явсны эцэст Зүүн салааны эцсийн буудал дээр буугаад Сэргэлэнгийн утас руу Саруул залгав. Сэргэлэн эргэж тойрч хэд хэд ирсэн бөгөөд Саруулд ч чамгүй сайн ханддаг төдийгүй дотно ярилцсан ч удаатай билээ. Утасны цаанаас: — За та хоёр минь ирчихсэн үү? Наанаа хүлээж байгаарай. Би одоо гарлаа гээд утас тасрав. Төд удалгүй.

Сэргэлэн хэмээх намхавтар нуруутай, бор царайтай, махлаг, шаламгай байрын залуу ирж ээждээ тэврэн үнсүүлээд Саруулын мөрөнд алгадан “За явцгааяа даа” гээд ачаа гэх хувцас хунарыг бариад гэрийн зүг алхав . Ийн алхахдаа: — Баатраа анхнаасаа л надад таалагдаагүй. Шүрээ л араас нь гүйгээд хүний үг аваагүй юм ш дээ. За яахав ээ, Тэгж л байг, чамайг нэг . . . . . хэмээн занахад Должин хөгшин: — За, Сэргэлэн минь элдэв юм дуулгаж сэтгэл зовоов доо. Шүрээтэй дараа би тухтай ярилцамз чи дуугүй л байгаарай гэж уцаарлангуй хэлэв . Ингээд ногоон өнгөтэй хаалган дээр ирж ороход том цэлийсэн хашаанд 3 гэр байх агаад баруун талын гэр лүү чиглэн орвол 5 настай хүү Энэрэл ,2 настай охин Тэргэл болоод хөрслөг царайтай , улаан хацартай Бадамаа гэх бүсгүй угтаж аван: — Өө ээж гэсээр Должин эмгэнд үнсүүлэн Саруултай гар барьж мэндлээд “Манайх гэдэг айл нэг иймэрхүү дээ” хэмээгээд бэлдсэн хоол цай аягалан ширээн дээр тавина.Саруул эргэн тойрноо нүд гүйлгэн харвал шинэ гэхээр эд хогшил харагдаагүй агаад амьжаргааны хувьд зүдрүү гэдэг нь илт байлаа .

Должин хөгшин ач нараа үнсэн эрхлүүлэхүйд нүүрэндэх гунигийг нь ач нар нь үргээсэн нь ойлгомжтой. Хоол идэж дуусаад ачаа бараагаа янзлаад сууж байтал Саруулын утас дугарах бөгөөд утсаа харвал Уянга байлаа. Байна уу? гэхэд: — Та чинь хааччихваа, зөндөө хүлээлээ, хичээл тарсан, маргааш шалгалттай шүү, эрт ирээрэй , нээрээ Батаа ах таныг яриарай гээд байна лээ, яаралтай л юм шиг байна гээд за за би ажилтай болчихлоо. Орой ярья гээд утас тасрав.Саруул ч Бат руу залгаж яриад за гээд утсаа таслаад, Должин эмгэнд хандан: — Ажлаас дуудаад байна. Өнөөдөр оройтох байхаа гээд гарч одов. Ийнхүү Саруул тушаал авсан цэрэг шиг л ажлын зүг яаран явав. Саруулыг гарсны дараа Должин эмгэн санаа алдаад: — Энэ муу хүү л их зовж байгаа байхдаа хөөрхий, харж хандах хүнгүй намайг түшиж байхад миний байж байгаа царай ч дээ гээд бодлогошироход Сэргэлэн: –Ээж минь дээ том болсон эр хүн одоо алзахгүй ээ. Би лав Саруулыгаа цаашаа гэж хэлж чадахгүй шүү.

Сэмжид эгч ямар сайн хүн байлаа даа. Намайг ч таны зодуураас хэд хэдэн удаа аварсан шүү гэж инээмсэглэхэд Должин: — Чи л их болохгүй юм хийдэг байгаа биз .Сэмжид уян зөөлөн хүн хүүхдээ зандарлаа гэж надад дургүйлхдэг байсансан хөөрхий минь гээд нулимс цэлийнэ. Тэргэлийг өвөр дээрээ суулгаад “Харин ач нарыгаа бол эрхлүүлнэ шүү” гэнэ. Саруул ажил дээрээ ирэхэд Бат баярласан царай гаргаад: — За ашгүй гэж 2 воган цемент буулгах гээд хэдэн хүүхэд оруулсан чинь бүтдэггүй ээ. Нөгөө Анар чинь ирдэггүй, чи л ерөнхийдөө зааж зааварлаад гялс машинуудад ачих хэрэгтэй байна, өнөөдөр их ажилтай байна. Ах нь гадуур явах хэрэг гараад чамд найдлаа шүү гээд ухаангүй гүйхээрээ машиндаа суун алга болов. Саруул воганд орон залууст яаж ачих буулгах, өрах ёстойг зааварлан хэлээд өөрөө ч сурмаг нь аргагүй шаламгайлан гүйж хүнд хүнд ачааг нэг их түүртэлгүй зөөх нь ажилдаа гаршсаныг илтгэж байлаа. Гэвч үе үе нуруу нь өвдөх болсон ч шүдээ зуун хичээнэ.

Бүрэнхий болжээ. Сүүлийн воганыг буулгаад дуусах үед Саруулын нуруу,мөр өвдөхийн зэрэгцээ гар нь атгаж болохгүй сарвайна. Тэгсэн ч тэрээр Батын анх удаа хариуцуулсан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд чармайсаар байлаа. Харанхуй ч нөмрөв. Вагон ч буулгаж дуусав. Их ядарчээ.Саруул болоод өнөөдөр дайчлагдсан залуус Батыг хүлээн суух агаад тэдний дундаас хамгийн бага хүү нүдэнд тусах бөгөөд Саруул түүнийг дуудан хүзүү хоолой мөрийг нь хараад: — Жигтэйхэн хорсож байна уу? Тэгнэ дээ. Чи хэдтэй юм гэхэд 15 тай гэв.Саруул халаасаа уудлан шилтэй тос гаргаж ирээд усанд ороод үүнийг түрхээрэй гээд өгөв . Удалгүй Бат яаран ирээд боодолтой мөнгө гарган: — За баярлалаа залуучууд. Дараа ирээрэй гээд цалинг нь олгоод Саруулыг дуудан.

Сайн байна миний дүү гээд 80 мянган төгрөг өгөөд чамайг шагнах нь зүйн ёсны хэрэг биз дээ. Нөгөөдөр зав гаргаарай манай гэр бүл салхинд гарна ийшээ тийшээ явж үзээгүй байгаа биз дээ. Тэрэлж гээд хотынхон очиж амардаг сайхан газар бий хэмээн инээмсэглээд машиндаа суун яваад өгөв. Саруул ч их ядарсан тул хурдан Сэргэлэнгийнд очиж хэвтэхийг л бодно . Энэ үед Саруулын утас дуугарах бөгөөд авч яривал: — Нандиа байна аа, чи хаана байна зав байна уу ? гэхэд Саруул: — Өө завтай завтай, би Саппоро дээр байна гэхэд: — За за би очлоо удахгүй гэв. Саруул яаран хувцсаа солиод гар нүүрээ угаан цэвэрлээд Нандиаг хүлээн зогсоно. Утас дуугаран Нандиа автобусны буудал дээр зогсож буйгаа хэлэв . Саруул яаран очиход Нандиа түүнийг нулимс мэлтэлзүүлэн харах агаад тэвэрч аван: — Уучлаарай. Би мэдсэнгүй ээжийн чинь тухай. Чамд ямар байгаа бол гэж бодохоор гээд нулимсаа арчаад “Хоёулаа жаахан алхъя” гээд багын явдал болоод нутаг усныхан , ангийн найзуудын тухай яриа өрнүүлэн явах зуур Саруул энэ үед ядарч байснаа ч умартан зүрхнийхээ гүнээс инээмсэглэн Нандиаг өнөө л хайрын харцаар ширтэн хязгааргүй их баяр жаргалд умбаж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *