
Би яагаад энэ зурвасыг уншаад нулимс дуслуулаад байгаагаа огт ойлгосонгүй. Зүгээр л нэг юм уншаад л болох байтал юунд ингэж их сэтгэл эмтэрнэ вэ?”Оюунгэрэл! яг одоо боль !!! чи иймхэн юманд өөрийгөө зовоох өчүүхэн эмэгтэй биш шүү дээ” гэж хичнээн удаа өөрийгөө хүчилсэн ч би чадсангүй. Эмэгтэй хүн гэдэг хүчирхэг, шийдвэр гаргахдаа үргэлж гаргууд байдаг боловч би энэ удаа юунд ч юм бэ уяагдаж, зүрхний гүн дэх нэгэн өрөөнд өөрийгөө түгжиж орхижээ.Эдгээр зурвасын мөр бүрт өмнөх амьдралын минь хуудсууд дэлгэгдэж нүдний минь өмнө эрээнтэй бараантай харагдана.Харанхуй зочид буудлын өрөөнд яг яахаа ч үл мэдэн дэмий л нулимсаа арчина. Хэрвээ юм бүр эхэлсэн шиг ээ сайхан үргэлжилдэг байсан бол өнөөдөр би энд ингэж гунихарч суух нь юу л бол. Хэн ч намайг тоодоггүй. Би үргэлж ганцаараа л байсан…Сэтгэл минь гандаж байна. Үхье гэсэн хүсэл хичнээн удаа бодогдох болов ч зориг хүрэлгүй бяцхан зүрх тэмтчинэ.Юунд итгээд байгаа гэдгээ ч би мэдэхгүй байнаХэрвээ энэ сэтгэлийн дутуу зайг зүгээр л зах дээр очоод мөнгөөр худалдаж авч болдог бол…Болдог бол шүү дээ…Түүнийг нь авах юмсан.

Энэ бүх нулимс болон өнчин зүрхний адал явдлыг ярих нь зүйтэй.Гэхдээ гуниг харуусал дүүрнээр…Намайг бага сургуульд байхад аав минь дунд бизнес эрхэлдэг байв. Тиймдээ ч би хүмүүсийн яридгаар идэж уух, өмсөж зүүхээр дуталгүй элбэг хангалуун амьдардаг байлаа. Миний хийх ёстой зүйл бол ердөө л хичээлээ сайн хийж, аавынхаа үгэнд ороход л хангалттай.Тэр намайг бага байхаас л аль болох хатуужилтай охин болгохыг зорьж аливаа зүйлийг илэн далангүй ойлгуулж чаддаг нэгэн байсан юм.Тийм ээ…Аавын маань хэлдэгээр ээж минь бид хоёрыг бага байхад л орхиод явсан гэдэг. Алс холын улс руу…Би бага багаар өсөн том болж 2004 оны сүүлээр дунд сургуульд ороод байлаа.
Аль болох бүгдийг мөнгөөр шийдчихье гэсэн бодол үргэлж миний тархинд зуршил болсон зүйл байсан юм.”Хичээлээ сайн хийхэд юу хэрэгтэй байна ? хувийн багш уу? Болно доо охин минь, гэрийн жижиг асуудалд санаа зовохгүй байхад юу хэрэгтэй байна ? гэрийн үйлчлэгч үү? Болно доо охин минь, Ямарваа нэг сургуулийн үйл ажиллагаа, шинэ жил ,хонхны баяраараа бусдаас дор харагдчих гээд байна уу? мөнгө л байхад болно биз, болно доо охин минь, бүгд болно, юунд ч бүү санаа зов” гэх эцгийн минь үгс яг л намайг хаант улсын эрхэмсэг гүнж шиг санагдуулдаг байв.Гэхдээ хичээл сургуульдаа анхаарал тавихаасаа илүүтэйгээр чөлөөт цагаараа ангийн найз охидуудтайгаа хамт кино үзэж, дэлгүүр хэсэх нь миний сонирхолыг хамгийн их татдаг байлаа.”Оюунгэрэлтэй л үерхээд амжсан хүн нь ёстой нэг жаргах биз” гэж сургуулийн зарим нэг хөвгүүд хоорондоо ярилцдаг нь нууц биш.
Ганц чинээлэг ч гэлтгүй ямар ч хөвгүүний шороорхолыг төрүүлмээр дажгүй зүс царайтай охин байсан сан.Харамсалтай нь энэ бүх аз жаргал тийм удаан үргэлжилсэнгүй. Намайг ахлах сургуулиа төгсөх жил эцгийн минь хөрөнгийг хууль бус хэмээн шүүхээс тогтоол гарав.Энэ мэдээ надад үнэхээр хүнд туссан ч надаас илүү зовж шаналж байсан хүн бол аав. Би түүнийг буруу замаар мөнгө олдог байсныг мэдсэн ч огтоос буруутгаагүй.Түүнд 2 жил 4 сарын ял оноов. Харин ч сайн өмгөөлөгчийн ачаар хангалттай багассан байдал нь энэ ажээ.Бүх хөрөнгийг маань ганц ч зоос үлдээлгүй хураагаад зогсохгүй ааваасаа хол байх болсон болохоор миний хувьд хар дарсан зүүд эхлэлээ тавив.Аав маань олон жилийн өмнө хүргэн ахтайгаа нэг ширээнд найрлаж явсан найзууд байсан учир намайг түр тэр айлд амьдрахыг захиж үлдээлээ.Татгалзаад би яах ч билээ. Хүргэн Наранбаатар ахтай цагаан сараар л нэг золгодог байсан болохоор тийм ч дотно биш. Түүний эхнэр буюу манай аавын төрсөн эгч миний санааг зовоох боллоо. Яагаад гэвэл тэр эмэгтэй маш муухай зан араншинтай. “Энэ зангаас нь болж аавтай одоо болтол дотно байдаггүй юм байна” гэсэн дүгнэлтийг гаргаад амжив.Миний мэдэхийн л хүүхдүүдээ загнаж зоддог.

Тэгээд надад сайхан ааш гаргах нь хэтэрхий эргэлзээтэй бөгөөд энэ нь нөгөө талаараа тэвчээр сорьсон явдал байв.Тэнд амьдарч эхэлсэн цагаас эхлэн намайг үргэлж л үглэж загнана…”Шал угаа, хоол хий, энийг цэвэрлэ, тэрийг арч” гэх мэт.Түүний өөдөөс аль байдаг чадлаараа хашгиран дургүйцлээ илэрхийлмээр байв ч аавыгаа бодоод тэвчдэг байлаа.Ямар ч шүүх хурал ,ямар ч битүүмжлэл, ямар ч шорон байгаагүй бол аавын төлөвлөгөө намайг гадаад руу явуулах эсвэл монголдоо хамгийн сайн их сургуульд бүртгүүлэх бодолтой байсан.Гэхдээ үүнийг дурсаж ярихад хэтэрхий оройтсон ба Наранбаатар ахын хүүхдүүдийн хиртэй хөлстэй хувцсыг хэрхэн угаах вэ гэдэг л асуудал болж байсан билээ.Тэр надад муугүй ханддаг бөгөөд хааяа нэг халаасны мөнгө өгнө.
Нэг өдөр гэрт хэн ч байхгүй зөвхөн зурагтаар мэдээ гарахаас өөр чимээ аниргүй байлаа. Хүүхдүүд болон ааштай эгч цөмөөрөө наадмын баяр үзэхээр явсан нь тэр юм.Өдөржингөө их цэвэрлэгээ хийгээд ядарсан ч зурагтын удирдлага бариад ямар ч жаахан хүүхдүүдийн орилох чимээ болон үглэж янших эмэгтэйн дууг сонсолгүй буйдан дээр тухлана гэдэг цаанаа л нэг жаргал гэмээр.Тэгтэл гаднаас хүргэн ах ороод ирлээ. Миний хийх ёстой зүйл бол шуудхан л цай аягалж өгөөд хоолыг нь халаах юм.-Сайн уу Оюунаа ахын дүү?-Сайн сайн.Та ирсэнгүй хоёр хоног боллоо шүү-Харин тиймээ. Баяраа ч тэмдэглэж чадахгүй юм. Албаны ажлаа гэж…хэмээн санаа алдлаа.Түүний гэрийн хувцасыг дөхүүлж өгөөд хоол халаав. Наранбаатар ах зурагтын удирдлага шүүрэн аваад суваг сольж байв”Өндөг шаръя” гэж бодоод доод талын шүүгээнээс хайруулын таваг гаргаж авахаар тонгойлоо.Тэрхэн үед би гэнэт цочиж бүх биеэр минь цахилгаан гүйх шиг мэдрэмжийг авах нь тэр. Учир нь гэвэл хэн нэгний хатуу шөрмөслөг гар өгзөгнөөс минь базаад авлаа.Орон сууцны агаар хэт бүгчим, давчуу байдаг тул энгийн үедээ нимгэн тирко өмсдөг байв. Тэр ч утгаараа тэр гар маш тод мэдрэгдсэн гэхэд болно. Хурдан өндийгөөд эргээд хартал хүргэн ах байлаа.-Та чинь яах нь энэ вэ?
