Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 3-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 3-р хэсэг

2 секунд уншина
0
0
345

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 3-р хэсэг Монголчуудын хувьд бүгд бичиг баримттай, визтэй байсан болохоор сандрахгүй байж болох ч аль, аль нь ажиллах эрх аваагүй байсан болохоор бусдыг даган зугтахаас өөр гарцгүй санагдана. Тухайн үед визтэй ч ажиллах эрхгүй хүмүүсийг тэр дундаа оюутан, гурван сарын түр оршин суух визтэй иргэдийг ажил хийж яваад баригдвал доод тал нь нэг сая воноор торгох, эсвэл шууд нутаг буцаадагхуультай байв. Одоо ч энэ хууль мөрдөгдсөөр байгаа. Тиймээс бүсгүйчүүд бусдын адил арга чарга хайн зугтсан нь тэр байв. Үйлдвэрийн төв хаалган дээр шалгалтын хүмүүс ирсэн учраас бүгд эсрэг талын онгорхой цонхоор гарах санаатай гүйлдэж байлаа.

Цонхоор шахцалдан, сандралдан гарах тэдгээр хүмүүс тэндээс яаж үсэрч, урд хойно орж гүйж явсан нь тухайн үед аймшигтай, хэцүү байсан ч дараа нь санахад хөгжилтэй, инээдтэй ч гэж хэлж болохоор байв. Учир нь гүйж явах замдаа өрөөсөн шаахайгаа гээсэн хөл нүцгэн, бие биенээсээ өрсөж гарах гэж зууралдаж, зүтгэж байхдаа энгэрийнхээ товчоо хуутатуулсан энгэр задгай, зарим нь гар утсаа гээчихсэн гээд яарч сандарсан хүмүүс зам дагуу такси барихаар гар өргөн зогсоцгоож байлаа. Дөрвөн бүсгүй нэг таксинд хамт суув. Дараа дараагийн такси ирэхийг хүлээх боломж байсангүй юм. Айж түгших, инээж хөхрөлдсөн тэд сая л нэг амьсгаа авах шиг боллоо. Жолоочийн хажууд зэрэгцэн суусан бага зэрэг махлагдуу, нүүрэмгий байрын эмэгтэй өөрийгөөНавчаа гэж бусаддаа танилцуулаад, – Хэдүүлээ шалгалтаас амжилттай зугтаж чадлаа. Гэхдээ ямар аймаар юм бэ, гэнэт яагаад шалгалт хүрээд ирэв ээ. Хэн нэгэн Шингү (матаас) хийсэн юмболов уу. За ямар ч байсан зугтаж чадлаа. Үүнийгээ тэмдэглээд манайд очиж жаахан ярьж суух уу, би та нарт сайхан Монгол хоолоо хийж өгье. Хамтдаа ганц вино хувааж уун сэтгэл санаагаа тайвшруулцгааягэхэд нь бүгд дуртай зөвшөөрч тэднийх рүү явцгаасан билээ. Ингэж л тэдний хүний нутагт зовлон жаргалаа хуваалцах нөхөрлөл анх эхэлсэн түүхтэй…

Цагдаа нар яваад нэлээд удлаа. Бүсгүйчүүд ч элдвийг ярьж хөөрөлдсөөр нэлээн орой болжээ. Байгаль такси барин гэртээ харихаар шийдсэн бол бусад нь метро зогссон тул Навчаагийнд хонохоор болов.Навчаа найзуудаа ор засаж өгөөд бүгд амарлаа. Нөхөр нь ажлаар Монгол явсан тул тэрбээр Солонгоо болон найзуудаа ирэхэд гэртээ ганцаараа байж таарсан энэ. Өдөржин ажил хийж ядарсан Гэгээн хэвтсэндаруйдаа л унтаж орхив. Харин охиноо хөхүүлчихээд хажуугаар нь орж хэвтсэн Солонгоогийн нойр хүрсэнгүй. Цагдаа нартай ирж айлын гэр сүйтгээд явсан догшин зантай нөхрийнх нь дүр төрх сэтгэлийг нь хэмлэсээр л. Уг нь тэрбээр дунд сургуульд байх даа, сэргэлэн авьяастай хөөрхөн охидын тоонд ордог байсан. Өөрийнхөө хүсэлтээр худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд орж, бусдыгаа манлайлсан тэргүүны оюутан байлаа. Өнөөдрийнх шиг ингэж унжийж, сул дорой царайлж байсан удаа түүнд байхгүй. Тэрбээр анхнаасаа л гадны хүнтэй сууж буруу зам сонгоогүй бол юу гэж зовж явах билээ хэмээн харамсан бодно. Оюутан байхад дээд ангийнхан Золбоот байнга л эргүүлдэж гүйдэг байж билээ. Түүнтэй суусан бол ингэж хөөгдөж туугдан, ядаж л хүний нутагт учраа олохгүй бүлтгэнэж суухгүй байсан биз.

Гадаад хүнтэй суувал бололцооны амьдралтай, мөнгө төгрөгөөр гачигдахгүй юм шиг санаж ахархан бодолдоо хөтлөгдөж явсандаа өөрийгөө буруутгана. … БУРХАН МИНЬ МАРГААШ ХУРДАН Л НУТАГ БУЦАХ БИЛЕТ ЭЭ АВАХ МИНЬ…. Гэхдээ хүний нутагт өчнөөн жил болчхоод ямар ч мөнгө төгрөггүй, хүүхдээ тэврээд Монголдоо очно гэхэд бас л хүндхэн санагдаж байв. Тэтгэврээс өөр орлогогүй хөгшин эцэг, хэд гурван төгрөгийн цалинтай ч унаа тэрэг хоол унднаасаа илүү гарахгүй өр шир тавьж амьдардаг ганц эрэгтэй дүү нь л түүнийг угтана. Тэднийгээ асран тойлж, түшиг тулгуур нь болох учиртай би,.. ингэж ХҮНИЙ НУТГИЙН САЛХИН ДОР ЖИНДЭЖ Ч ЯВАХ …. гэж дээ хэмээн бодох зуур өөрийн эрхгүй нулимс нь хоёр шанааг нь даган урсаж дэр нэвтлэн шингэж байв. Охин нь ээжийнхээ зовлонг ойлгох мэт хааяа сэрвэлзсэн ч мөөмөө ганц хоёр хөхөөд л тайвшран үнэгчилнэ. Шөнө өдөргүй шаналсан сэтгэлийн зовлонгоо жаахан ч гэсэн нимгэлэг гэсэн шиг алсаас бараадан өндөлзөх цэнхэр саран цонхны цаанаас алгуурхан доошлоход сая л нэг цурам хийлээ.Навчис хаа сайгүй хөглөрсөн уйтай өдрүүдийн нэгэнд Солонгоо найз бүсгүйчүүдийнхээ тусламжтайгаар нутаг буцахаар болов. Охиноо тэврэн Инчон хотын нисэх онгоцны буудал дээр ачаа тээшээ өгч зогсоно.

Хэсэгхэн хугацаанд ч гэлээ хэрцгий догшин авиртай, танхай балмад нөхрийн дэргэд туулай шиг зүрхтэй болтлоо айж сандарч явсан тэрбээр онгоцны буудал дээр нөгөө гайтай “хүн чоно” нь хүрээд ирэх вий гэхээс зүрх нь айдаст автаж байв. Гэвч азаар тэр харагдсангүй. Байгалмаа албаны ажил төрөл ихтэй байсан болохоор Солонгоог явахад нь гаргаж өгч амжаагүй юм. Гэхдээ түүний онгоцны билетийг захиалж,хүүхдийнх нь бичиг баримтыг яаралтай хөөцөлдөн

Монголын Элчин Сайдын яамнаас авч өгч тус болсон. Солонгоог Навчаа, Гэгээн хоёр үдэж өглөө. Солонгоод найзуудынх нь авч өгсөн хүүхдийн живх, ойр зуурын хувцас хунар, хэдэн уут чихэр, жимснээс өөр ачаа тээш гээд байх зүйл байсангүй. Навчаа, – Миний найз очоод байнга холбоотой байдаг юм шүү, амьдрал чинь хэцүү хүнд санагдвал санаазоволтгүй бидэнд хэлээрэй. Нөхөр маань энэ хоёрын хооронд байнга ирж очиж байгаа болохоор хэрэгтэй зүйл байвал захиад эндээс авч байгаарай. Монголд эдийн засаг хямралтай, дээр нь засаг төр солигдоод хэцүү л байна гэх юм. Гэхдээ саяхан намайг очиход, хүн өөрөө нийгэмдээ эрэлт хэрэгцээтэй байгаа зүйлүүдийг олж харж мэдэрч, сэтгэж чадвал нутагтаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр сайхан амьдарч болох бололцоо боломж бий.

Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, Монголчууд өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ ямар ч улсаас дутахааргүй үйлдвэрлэдэг болсон байна лээ. Охиноо том болохоор миний найз мэргэжлийнхээ ажлаа хийхгүй юу даа. Найз нь чадах чинээгээр л тусална. Уг нь чи минь ч сэргэлэн дээ, бас дээр нь ямар ч аавын хүүгийн сэтгэлийг гижигдчих царай төрх, залуу нас байна. Нутагтаа оччихсон байхад алзахгүй байхаа. Нэгэнт л ингээд явж байгаа хойно дахиж энэ “мангар” залуутай битгий зууралдаарай. Бүүр болохгүй бол найзууд дээрээ хүрээд ирж болно шүү.

Найз нь ч бас өвлөөс Монголдоо очих байх, – Та нартаа маш их баярлалаа, надад чадах чинээгээрээ л тусаллаа шүү дээ. Үүнээс илүү яах вэ. Таньж мэдэхгүй хүний нутагт та нар байгаагүй бол нялх хүүхдээ тэврээд би хаашаа очих байсан юм бол гэж хэлэнгээ нүдэнд тороод ирсэн нулимсаа сэмээрхэн хуруугаараа дарж дотогшоо шингэв. Ашгүй харин муу муухай хүнээс эртхэн холдож чадсандаа сэтгэл жаахан ч гэсэн амарч байна. Юу гэж эргэж холбогдох вэ, ер нь тэнд удсан бол цаашид юу ч болох байсан юм билээ. Магадгүй явсан хойно танай хаягаар дахиж ирээд асуудал үүсгээд байвал шууд л цагдаад мэдэгдээрэй гэж санаа зовонгуй байдалтай хэлэхэд нь Навчаа, -Тийм зүйл болохгүй биз дээ.

Миний найз битгий санаа зов хэмээн найзыгаа тайвшруулах гэж оролдов. Гэгээн, – Би өвлийн амралтаараа охин дээрээ очно. Тэгээд энэ хөөрхөн гүнжтэй охиноо танилцуулнаа, найзууд болог… Жижигхэн Чеоныг сайн өсгөдөг юм шүү. Танай охиныг харахаар өөрийн эрхгүй хүүхдээ санаад байх юм гэж хэлэнгээ, Солонгоо руу дөхөжочин охиных нь духан дээр үнэрлээд түүнд зориулж авсан бэлгээ өгөв. – За, тэгвэл өвөл очихоор чинь уулзацгаая найзуудаа, онгоц нисэх цаг дөхөж байх шиг байна. Би ч ингэсгээд оръё доо гэхэд нь бүсгүйчүүд бүгд түүнийг тэврэн үнсэж үдэж өглөө. Солонгоо нэг гараараа охиноо тэвэрч, нөгөө гартаа цүнхээ үүрээд найзууд руугаа эргэн эргэн харсаар нүд дүүрэн цэлэлзэхнулимсаа тэвчиж ядан шингээсээр цааш явж одов.

Тэртээ доор үүлс хөврөхийг онгоцны цонхоор ажиглан харж явах зуураа Солонгоо “ингээд л бяцхан үрээ тэврээд нутгийн зүг хүлгийн жолоо залдагбайж дээ” хэмээн өөрөө өөртөө дуулдах төдийхөн шивнэхэд, сэтгэл санаа нь нэг үеэ бодвол тайван амгалан болсныг анзаарлаа. Нутаг усанд нь ээж охин хоёрыг ямархан хувь тавилан хүлээж байгаагмэдэхгүй ч, “Дассан газрын даавуу зөөлөн” гэгчээр эх орон, эцэг эх, элгэн саднаас нь илүү зүйл гэж хаа байх билээ дээ хэмээн бодогдоно. Тиймдээ ч бүх зүйл сайн сайхан болно гэдэгт Солонгоо итгэл дүүрэн байв. Ээжийнхээ энгэрт нь наалдан унтах бяцхан үрийнхээ амьсгалын зөөлнийг мэдэрч, охиноо ширтэн, хайрлан энхрийлж суух зуураа түүний тайвширч амарсан бие сэтгэл нь нарны гэрэлд цохигдон үүрэглэн нозоорсоор дуг хийж амжлаа.үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *