Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 2-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 2-р хэсэг

2 секунд уншина
0
0
476

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 2-р хэсэг Юу юугүй охиноо тэврэн үүд рүү чиглэсэн Кангийг цагдаа нар зогсоолоо. – Гэрээс эд материал, мөнгө төгрөг алдагдсан гэж та бидэнд дуудлага өгсөн. Хүүхэд авч явна гэж ярилцаагүй . Тиймээс түр хүлээж байхгүй юу гэж түүнийг зогсоогоод, бүсгүйчүүдэд хандан бичиг баримтаа шалгуулахыг шаардлаа. Аз болж бүгд бичиг баримтаа бүрэн авч явж байсан тул асуудал гарсангүй. Цагдаа нар Кангийн гэрээс үнэт зүйл, мөнгө төгрөг алга болсон тул түүний эхнэр Солонгоогийн араас ирж ийнхүү шалгалт хийж байгаагаа тайлбарлалаа. Мөн тэдний гэрийг нэгжих зөвшөөрөл үзүүлж нэгжлэг хийв.

Юу ч олж, илрүүлж чадаагүй цагдаа нарт явахаас өөр зам байсангүй. Харин Канг Солонгоо руу хуруугаараа чичилснээ, – Энэ хүүхэн миний хүүхдийг аваад зугтсан. Тиймээс би охиноо аваад явах болно гэхэд, түрүүнээсхойш бусдадаа үүрэг өгч зогссон дэслэгч залуу Кангд хандан – Бид бичиг баримтыг нь шалгалаа. Энэ эмэгтэй хүүхдийн эх мөн байна. Тиймээс бидэнд болоод танд хүүхдийг эхээс нь салгаж авах эрх одоохондоо байхгүй. Тэгээд ч та бидэнд хүүхэд аваад зугтсан гэхээс илүү мөнгө төгрөг алга болсон хэмээн хүсэлт гаргасан . Тэгэхээр одоогоор таны энэ байдал чинь зүйд нийцэхгүй байна.

Та наад хүүхдээ эхэд нь өгөөд эндээс гарна уу гэв. Канг энэ бүгдийг сонсоод өмнөө зогсоо намхан нуруутай, зөөлөн харцтай ч шийдэмгий зантай дэслэгч залуу руу “за гайгүй чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ” гэсэн заналтай нүдээр ширвэж харснаа хүүхдийг орон дээр буцааж тавиад, Солонгоод хандан “чамтай би удахгүй тооцоо бодно оо” хэмээн сүрдүүлэх маягтай үг чулуудаад тэндээс гарч одлоо. Дэслэгч залуу болон хамт ирсэн цагдаа нар тэднээс уучлалт гуйн, мөн Солонгоог хэлтэс дээр ирж уулзахыг сануулаад гарч явав. Бүсгүйчүүд сая л нэг санаа амран бүтэн амьсгаа авахтайгаа болов. Гэгээн Солонгоо руу өрөвдсөн, санаа зовонгүй харцаар харж, – Яанаа ямар аймаар юм бэ, бүүр санаа зовчихлоо. Солонгоо минь,… би танай нөхрийг чинь гайгүй хүн гэж бодож байсан.

Эдний эрчүүд чинь хүүхэн шиг цаанаа л сул дорой юмнууд харагддаг. Ийм нүдэнд хүйтэн, зэвүүн эрийг анх удаа л харж байна. Ер нь яах гэж Солонгос хүнтэй суусан юм бэ! …Хэрэггүй дэмий шүү дээ гэж зөндөө л хэлсэндээ гэхэд нь, Байгаль түүний үгийг тасалж,- За, хүн болгон адилгүй шүү дээ, манай нөхөр гэхэд л амьдралын төлөө гэсэн хүн байдаг. Хүнээ олж ханилж чадаагүй болоод л тэр байхгүй юу даа. Одоо найз минь бушуухан нутаг руугаа буцсаннь дээр. Юун цагдаа энэ тэр болоод явчихав аа… Эднийхэн сонин хүмүүс шүү, хүний үгээр тэр холоос энэ хүртэл ирж шалгаж л байдаг. Ямар азаар бичиг баримтаа биедээ авч явсан юм гэсэнд Навчаа,- Харин тийм, гэхдээ зүгээр ч нэг шалгаагүй, хулгайд сэрдээд байгаа юм биш үү,…гэр орон бүүр самраад хаячихлаа.

Ямар юмны мөнгө төгрөг яриад байгаа юм бол, хэмээн гайхан хэлэхэд нь, одоохүртэл айж түгшсэн байдал нь арилаагүй хүүхдээ тэврэн учраа олохгүй суугаа Солонгоо, – Ямар юмных нь мөнгө төгрөг байх билээ дээ, мэдээж “эхнэр маань хүүхдээ аваад явчихлаа” гэвэл цагдаа нар хөдлөхгүй. Тэгэхээр худлаа л шалтаг зохиож хэлсэн байх. Худлаа хэлж явдал учруулвал хариуцлага хүлээлгэдэг л баймаар юм. Бусдыг сүрдүүлээд сурсан хүн тоодоггүй юм байлгүй дээ. Ашгүй гайгүй хүн таарлаа, тэрнээс охиныг минь авах гэвэл, эсвэл намайг хамт аваад явна гэсэн болно яанаа, зөндөө их айлаа. Бас та нарыгаа ч зовоочихлоо уучлаарай гэсэнд, Навчаа – Уучлал гуйх юу байх вэ, санаа зоволтгүй найз минь.

Хүний нутагт бид чинь янз бүрийн л зүйлтэй тулгарч явлаа гэв. Байгаль, Гэгээн хоёр ч нялх биетэй Солонгоог дахин янз бүрийн зүйл асууж зовоохгүйн тулд ярианы сэдвээ өөрчилцгөөлөө.Дундаа улаан дарс задлан тойрч суугаад зовлон жаргалаа дэлгэж суугаа эдгээр бүсгүйчүүд бол насаар бүгд ойролцоо бөгөөд гуч шүргэх насан дээрээ яваа. Хамгийн баруун захад суугаа бусдыгаа бодволнэлээн туранхай өндөр нуруутай, шаргал царайтай, давхраатай алаг нүдтэй царайлаг хүүхнийг Байгаль гэнэ. Түрүүнээс хойш Солонгоогийн энэ байдалд сэтгэл түгшин суугаа тэрбээр Солонгост ирээд барагтаван жил болж байгаа аж.

Тиймээс найзуудаа бодвол хүний нутагт нэлээн удаж байгаа нэгэн. Хичээлийнхээ хажуугаар Каннам дүүрэгт цагийн ажил хийж байгаад хамт ажилладаг залуутайгаа танилцан удалгүй гэр бүл болсон. Нэг хүүтэй. Хүүг нь Ку –Ёон гэх. Хүү нь цэцэрлэгт явдаг бөгөөд өөрөө сургуулиа төгсөөд ажилд оржээ. Хэдэн сарын өмнө нөхрийнхөө хамаатны дэмжлэгтэйгээр дүүргийнхээ гадаад иргэдийг дэмжих төвд мэргэжилтнээр орсон байна. Нөхөр нь өөрт таарсан боломжийн бизнес ч эрхэлж, амьдралдаа хангалттай хүрэлцэхүйц мөнгө төгрөг олдог болохоор амьдрал нь ерөнхийдөө төвшин амгалан байдаг байв. Тэгээд ч түүний сонгосон залуу бусдыг бодвол үг дуу цөөнтэй, төлөв даруу нэгэн байлаа.

Өө хэлсэн хүнд өөрөөс нь нэлээн хэдэн насаар ах. Гэсэн ч царай төрхөөр эхнэртэйгээ бараг л үе тэнгийн юм шиг харагдах овор багатай нэгэн. Гадаад хүмүүстэй суусан монгол бүсгүйчүүд тэр бүр аз жаргалтай амьдраад байдаггүй ч, хүнээ зөв сонгож чадсан цөөн тооны хэд нь хэнээс ч дутахгүй аз жаргалтай сайхан амьдрах нь бий. Тэдний нэг нь Байгаль гэж хэлж болох юм. Тэрбээр дуртай цагтаа Монгол руугаа ирж очин, ах дүү хамаатан садан, аав ээжийгээ байсхийгээд л урьж авчирдаг байв.

Хоёр ч дүүгээ нааш, цаашааирж очих визтэй болгож амьдралд нь тус дэм болсон байна. Сүүлийн үед ажил төрлөөсөө гадна Монголдоо байгаа бусдад туслах төрийн бус сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад гишүүнээр элсэж цаг зав, бололцоо боломжоороо үйл ажиллагаанд нь оролцох болжээ. Харин Гэгээний хувьд бол огт өөр. Царай төрх сайтай. Хэний ч хайрыг татахаар энхрий ялдам бүсгүй атал амьдралын ханиа зөв сонгоогүйгээс алдаж онож яваа нэгэн. Монголд 6 настай охин нь бий. Түүнийг Маралаа гэнэ. Хэдэн жилийн өмнөөс нөхөр нь архи дарсанд орж, авгай хүүхэн эргүүлэх болсон тул түүнээс салж, амьдралын хэцүү хатууг нуруун дээрээ үүрч хүүхдээ өөрөө өсгөж яваа. Охиноо мөр бүтэн, гэдэс цатгалан олигтой сургууль соёлын мөр хөөлгөхийн тулд гадагшаа явж ажил хийхээс өөр сонголт түүнд байгаагүй.

Тиймээс л хүний нутгийг зорьж иржээ. Тэрбээр дээд мэргэжилтэй уран зургийн чиглэлээр сургууль төгссөн ч хийж бүтээгээд авдаг нь бага, үнэлгээ дүгнэлт доогуур болохоор цалин нь хаанаа ч хүрдэггүй байв. Анх Инчоны онгоцны буудал дээр хөл тавьснаас хойш гурван жилийн нүүрийг үзжээ. Бяцхан охиноо ээж дээрээ орхиод ирэх хэчнээн хэцүү байсан ч өөр арга байсангүй. Салсан нөхөр нь архи дарсуудаг, ажил төрөл хийдэггүй хирнээ хэдий заваараа амжуулдаг юм гэмээр бас нэг хүүхэнтэй хамтран амьдрах болжээ. Тиймээс түүнд найдан хүүхдээ даатгаж орхих хэрэггүй байв. Ажил хийж мөнгө төгрөг ахиухан олох зорилготой ирсэн тэрбээр хэд хэдэн удаа «харлах» (харлах…визны хугацаа дуусан хүмүүсийг хэлнэ) шахаж байв. Гэсэн ч үр хүүхэд дээрээ ирж очих, түүнийгээ авчирчхад визтэй байх нь чухал хэмээн ирээдүйг нь бодсож сургуулиа амжилттай төгссөн нь дээр гэж шийджээ.

Өнгөрсөн жил хэлний бэлтгэлээ бүрэн дуусгаад гоо сайхны чиглэлээр магистрт орсон аж. Сурахынхаа хажуугаар ажиллаж тав арван төгрөг олдог болохоор ажил сургуулийг хослуулах нь хүндхэн байсан ч тэрбээр шантарсангүй. Ийнхүү тус тусын замаар яваа, өөр өөрийн хувь тавилантай дөрвөн бүсгүй нэг дор цуглаад байгаа ньэнэ ажээ. Тэдний анх танилцсан түүх хүнд хэцүү үе таарсан ч, сонирхолтой бас хөгжилтэй байв. Одоогоос яг гурван жилийн өмнө бороо тасралтгүй шивэрсэн уйтгарт өдөр. Хувь тохиолоор ч юм уу, эсвэл боломж нь тэгж таарсан уу, нэг үйлдвэрт цагийн ажил хамт хийж таарсан юм. Тэр дөрвөн монгол бүсгүйгээс гадна тухайн өдөр үйлдвэрт Вьетнам, Хятад ажилчид ч байлаа.

Ажил ид дундаа орж байсан үд дундын алдад хаалганы ойролцоо хувцас индүүдэж зогссон хятад залуугийн «ШАЛГАЛТ ….ЗУГТААРАЙ« гэх дуунаар ажил хийж байсан бүх гадаадын иргэд ямар нэгэн зүйлээс цочиж дэрхийн нисэх шувууд шиг л тал, тал тийш бутран гүйлдлээ. Монголчуудын хувьд бүгд бичиг баримттай, визтэй байсан болохоор сандрахгүй байж болох ч аль, аль нь ажиллах эрх аваагүй байсан болохоор бусдыг даган зугтахаас өөр гарцгүй санагдана. Тухайн үед визтэй ч ажиллах эрхгүй хүмүүсийг тэр дундаа оюутан, гурван сарын түр оршин суух визтэй иргэдийг ажил хийж яваад баригдвал доод тал нь нэг сая воноор торгох, эсвэл шууд нутаг буцаадаг хуультай байв. Одоо ч энэ хууль мөрдөгдсөөр байгаа. Тиймээс бүсгүйчүүд бусдын адил арга чарга хайн зугтсан нь тэр байв. Үйлдвэрийн төв хаалган дээр шалгалтын хүмүүс ирсэн учраас бүгд эсрэг талын онгорхой цонхоор гарах санаатай гүйлдэж байлаа.үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *